Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бид юунд дурлаж байна вэ? №16


Ub.life-ийн редакцийн хамт олон юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өөр хоорондоо яриад зогсохгүй уншигч Тантай өнгөрсөн оноос хуваалцаж эхэлсэн билээ. Энэ онд ч бид юунд дурлаж, шимтэж байгаагаа уншигч тантай хуваалцах болно. Таалан болгооно уу.

Кино - Б.Энхцэцэг, Тоймч

Өнгөрсөн баасан гарагийн үдэш нээлтээ хийсэн “Буруу өрөг” Монголын уран сайхны киног үзлээ. Сүүлийн үед “JiiJ” продакшны найруулагч, гавьяат жүжигчин О.Бат-Өлзийн ажлууд анхаарал татаж, “Фантастик”-ын жүжигчдийн амилуулсан дүрүүд үзэгчдийг талцуулж дөнгөөд байгаа учраас энэ кинонд зорьж очсон хүмүүс олон байв. Кино шүүмжлэгчид удахгүй “Буруу өрөг”-ийн зохиол, найруулга, агуулга, дүр бүтээхүйд задлан шинжилгээ хийгээд “шатар нүүчих” байх аа. Мэргэжлийнхнийг зүгээр орхихооргүй кино болсныг жирийн үзэгч миний бие гадарлаад байгаа юм. Харин би энэ киноноос юунд дурлав аа?

Холливудын “Хурга майлахаа болино” киноноос хэрцгий гэмт хэрэгтэн, басхүү чадварлаг сэтгэлзүйч Ханибал хуулийн байгууллагын залуу ажилтан Клэристэй хөөрөлддөг хэсэгт үзэгчдийн анхаарал хэрхэн төвлөрдөг, харилцан яриа гэдэг зүйл жүжигчдийн ур чадвараар кинонд ямар чухал болохыг бид мэднэ. Тэгвэл “Буруу өрөг”-т бага насны охин хүчиндэж егүүтгэсэн байж болзошгүй сэжигтэн мөрдөгч болон өмгөөлөгчтэйгөө ярилцаж буй харилцан яриатай хэсгүүд кино сонирхогчийн хувьд дурлахгүй байхын аргагүй гайхалтай бүтээгджээ. Ялангуяа Олдохын дүрийг бүтээсэн Б.Барслхагва. “Гэм зэмтэн” гэж үзэн ядах харцыг бусдад бий болгож, эргүүлээд өөртөө тулгуулж тэр чадав.    

Итгэл - Б.Билгүүн, Дизайнер

Тэгш өнцөгт дэлгэцийнхээ өөдөөс, урьд шөнө хар дараад амарч чадаагүй хөхөрсөн хоёр нүд гөлийтлөө ширтэж сууна. Харин бодол маань “Би яг одоо юунд дурлаж байгаа билээ?” гэж өөр өөрөөсөө асууна. Гэтэл надад өчнөөн хариулт байх юм. Үүнийгээ ч азтай хэрэг шүү гэж бодлоо. Учир нь нэг л өдөр юунд ч тэгтэл гүн дурлахаа болиод зүгээр л хэт бодитоор хүлээж авдаг болчихвол яах вэ? Би үүнээс үхтлээ айдаг. Хэд хэдэн хүмүүсээс би яг ийм болчихлоо гэж байхыг сонсоод баяртай Билжүүнээ, би зомбид хазуулчихлаа намайг бушуухан бууд гэж байх шиг л сонсогддог. Хэн нэгний ертөнцөд бороо болж ороод бүх мэдрэмжийг нь тэмтрэх, хэсэгхэн холдохдоо ч санаж эргэж харсаар байх, үгүйлэх, үгүйлэхдээ үнэрийг нь сэтгэлдээ төсөөлөх, зурах сэдэв, бичих нийтлэл бүхэн зүрхнээс урсаж гарахыг мэдрэх хэчнээн сайхан. Юу ч үгүй гэлээ юм бүхнээс татгалзсан хангалуун сэтгэл хөдлөлтэй байх, зүгээр л хажууд байж байхыг нь мэдрэх, арьсанд нь хүрээд нам унтах гэдэг дэндүү тансаглал аа... Би одоогоор хэн нэгэнд дурлаагүй байгаа ч гэлээ хэзээ нэгэн цагт, хэн нэгэнд гал халуунаар дурлана гэдэгтээ итгэдэг. Энэ миний өнөөх айдас шиг, гүн итгэл маань билээ.

Ном - З.Энхмөнх, Арт директор

Остин Клеоны “Уран бүтээлч шиг хулгайл” ном нь өөрийгөө бүтээлч гэж үздэг, эсвэл уран бүтээлч болно гэж бодож байгаа, магадгүй салбарт нь ажилладаг атлаа өдгөө ч өөрийгөө ойлгоогүй яваа хэн хүнд зүг чиг болохуйц сонирхолтой бүтээл юмсанж. Бүтээлч салбарынхны дунд өөрийн номуудаараа нэрд гарсан түүний ярилцлагыг сонсож, номынх нь талаар дуулж байсан атлаа уншилгүй өнөөдрийг хүрсэндээ өөрийгөө гайхаж сууна.

Тус ном нь 10 бүлэгтэй ба бүлэг тус бүр богино, сонирхолтой иллюстрацтайгаас гадна уран бүтээлч хэн хүнд ойлгомжтой бичигдсэн нь бүр нэг загатнасан газрыг минь маажих адил аа. Жишээлбэл Нийл Янг “Замхарсны оронд шатаж үхсэн нь дээр” гэсэн бол Остин Клеон “Удаан шатаж үр ачаа үзсэн нь дээр” гэжээ.

Сэтгүүл - Ж.Мөнхзул, Сэтгүүлч

Өнгөрсөн сард, оны сүүлчийн өдрүүдтэй уралдан хэвлэгдсэн “Монголыг хөгжүүлэх 100 эмэгтэй” хэмээх сайхан сэтгүүлийг уншиж, дурлалаа. Цувралаар хэвлэгдэх тус сэтгүүлийн эхний дугаарт Монголын нийгэм, улс төр, соёл урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын манлайлал болсон 50 эмэгтэйг нэрлэн, тэдэнтэй ярилцаж, ерөөс монгол эмэгтэйчүүдийн хүчирхэг, ухаалаг, үзэсгэлэнтэй дүр төрхийг илэрхийлэн, танилцуулсныг уншихад таатай байлаа. Эрх чөлөөнд дуртай, тэгш байдлыг дээдэлдэг, ёс суртахуун, зарчимч чанарыг баримталдаг энэ сайхан эмэгтэйчүүд улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулж яваатай үнэнхүү санал нийлэхийн эрхэнд “Би юунд дурлаж байна вэ?” буландаа нэмэр болгон танилцууллаа шүү. Та бүхэн минь олж уншаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.