Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бид юунд дурлаж байна вэ? №19


Ub.life-ийн редакцийн хамт олон амьдралдаа шинэ содон юу хэрэгжүүлж, ямар кино, дуу хөгжмөөс юуг мэдэрч, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ уншигч Тантай хуваалцдаг билээ. "Бид юунд дурлаж байна вэ?" булангийн 19 дэх дугаарыг хүргэж байна.

Барлах урлаг – Х.Сүрэн, Дизайнер

Барлах урлаг нь орчин үеийн хэвлэлийн техникийн өвөг эцгийн нэг юм. Би өнгөрсөн хэд хоног модон бар болон хулдаасан бар урлан туршиж, эргэн дурлав. Миний үндсэн мэргэжил барлах урлаг буюу мэргэжлийн хэллэгээр зураасан зургийн ангийг би төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш дөрвөөд жил бар зургаа завсарласны эцэст энэ оны эхээр тэмцээнд зориулж эргэн зурсан юм.

Бүтээл маань "Мэдрэхүй" нэртэй 55х54 см хэмжээтэй, 2 хулдаасан, нэг модон 3 ширхэг хавтангаас бүтсэн. Тэвчээр шаардсан бүтээлээ би 3-4 долоо хоногийн хугацаанд урлаж дуусгалаа. Хулдаасан хавтанг маш зөөлөн ухах хэрэгтэй бол модон хавтанг ширхгийн дагуу ухахад амархан ч өөр чиглэлд ухаж дүрс үүсгэхэд нэлээд ур чадвар шаарддаг юм. Ур чадварыг минь шалгасан энэ мэдрэмжид урамшиж, бүтээлээ дуусгаж чадсан. Үндсэн мэргэжлээрээ бүтээл урлахад хамгийн сайхан мэдрэмжүүдээ эргэн мэдэрсэн нь дурлам байлаа.

Ном – Б.Саруул, Сэтгүүлч

Өнгөрсөн онд олон улсад шуугиан тарьсан бүтээлийн нэг бол яах аргагүй Тара Вестоверын "Educated" ном. Анх Unlock подкастаар номын ерөнхий агуулгыг сонсож дараа нь англиар бүрэн эхээр нь уншсан юм. Айдахо мужийн алслагдмал бүсэд амьдардаг Вестоверын долоон хүүхдийн бага болох Тара Вестоверын боловсролд тэмүүлсэн зоримог хийгээд цуцашгүй тэмцэл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн билээ. Энэ бол амтархан уншдаг, хөнгөхөн ном ерөөс биш. Номын зарим хэсгийг уншихад сэтгэлд тэсвэрлэхэд бэрх хүнд дараа мэдрэгддэг. Гэвч унших тусам хүний амьдралын утга учир, гэр бүлийн үнэ цэн, хувь хүний тууштай чанарын тухай гүнзгий эргэцүүлэл рүү хөтөлдөг. Би уг номыг хоёр ч удаа уншсан бөгөөд монгол хэлээр гарсан орчуулга тун сайн болсон байна лээ. Ойрдоо энэ мэт намтар номуудад л их дурлаж байна даа.

Оскар – О.Анхзаяа, Сэтгүүлч

Жил болгон хамгийн догдлол дүүрэн хүлээдэг зүйл минь цагаан сар ч биш, наадам ч биш, төрсөн өдөр бол бүр ч биш, харин Оскарын шагнал гардуулах ёслол байдаг. Энэ жил бүр онцгой байсан нь БНСУ-ын бүтээл нэр дэвшээд зогсохгүй миний хамгийн хайртай жүжигчин шилдэг жүжигчинд нэр дэвшсэн тохиолдол байсан юм. Азийн кино бүтээл ийм түүхэн амжилт гаргаж, хайртай жүжигчин минь эцэст нь өөрийн хүртэх эрхтэй шагналыг гардан авсан нь сэтгэл хөдөлгөсөн. Миний орилохыг сонссон хүмүүс их айж цочирдсон байх. Жил болгон л яг энэ даваа гарагийн 9 цагаас миний хувьд жилийн онцгой баяр эхэлдэг дээ. Ирэх жил бүр олон сэтгэл хөдлөм явдал тохионо, шинэ өвөрмөц бүтээлүүд үзнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Сэтгүүл – Э.Намуун, Редактор

Шинэ он гарсан даруйд хамт олон маань дараачийн том ажилдаа ханцуй шамлан орсон юм. Дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг Нью-Йорк Таймсын Монгол дахь хамтрагч “Гэрэг” сэтгүүлийнхэн маань “Turning Points-2020” тусгай дугаарыг эрхлэн гаргаж байна. Хэвлэлтэд шилжүүлчихээд догдлол дүүрэн хүлээж сууна. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн оюуны бүтээлээ гар дээрээ авч, хуудас бүрийг нь шимтэн эргүүлнэ гэхээс тэсэхгүй нь дээ, базарваань! “Turning Points-2020” дугаарыг заавал унших 10 шалтгааныг ЭНД дарж уншаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
Уржигдар
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
1 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
2
2 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
3
2 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.