Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бид юунд дурлаж байна вэ? №21


UB.Life-ийнхан нь уншигч Та бүхэндээ гуравдугаар сарын мэнд хүргэж, энэ сард төлөвлөсөн зүйлсээ заавал амжуулж бас шинэ, эерэг, сайхан "дурлалуудтай" болохыг хүсье   

Бид ойрд юунд дурлаж буйгаа хуваалцаж байна. 

Сорви мэт түүхүүд - У.Бямбаням, Ерөнхий редактор


“Найрагчийн мөрөөр” төслийнхөө баримтат нэвтрүүлгийг (кино) гаргахаар ажиллаж байна. Ингэж яваад Ардыг Гэгээрүүлэх Яамны сайд Эрдэнэбатхааны амьд сэрүүний дүрс, дуу хоолойг “Алмасын хавцал” киноноос олж үзлээ. Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж Ардыг Гэгээрүүлэх Яамны анхны сайдаар Онходын Жамъян гүн ажиллаж байж. Дараа нь Эрдэнэбатхаан Ардыг Гэгээрүүлэх Яамны сайдаар 1929 он хүртэл ажилласан байдаг. Буриадад төрж, өсөөд Оросын хаант засгийг эсэргүүцсэн хэргээр цөллөгт байхдаа Цэвээн Жамсрановтой танилцаж, Монголд ирж амьдрах тухай ятгалгын дагуу Улаанбаатарт ирж Судар бичгийн хүрээлэн, Ардыг Гэгээрүүлэх Яаманд ажиллаж, 1926 онд сайдын хувиар Герман, Францад сурах сурагчдыг хүргэж өгөхөөр явжээ. 1930 онд сурагчдыг эргэж татах хүртэл хэд хэдэн удаа эргэж, Германд Монгол Улсын газрын зургийг олшруулан хэвлүүлж байсан энэ хүний түүх адармаатай төгссөн юм. Орос, англи, герман хэлтэй, өндөр боловсролтой Эрдэнэбатхааныг Зөвлөлтөд сургах нэрээр дуудаж, баруунтан, панмонголист хэмээн буруутган яллаж 1937 оноос хойш байцааж байгаад 1942 онд Вяткийн хорих лагерт нас эцэслэсэн гэнэ лээ.

Тэрээр 1936 онд хоёр, 1937 онд нэг кинонд дүр бүтээснээс “Алмасын хавцал” киноны судалгааны экспедицийн ахлагч профессор Жамбоны дүр. “Найрагчийн мөрөөр” төсөл өрнөд сурагч илгээх ажлыг санаачилсан сэхээтнүүдийн тухай дараагийн цувралдаа хүргэнэ гэж төлөвлөж байгаа.

Жич: Трейлер дээрх бүрх малгай, бөөрөнхий шилтэй хүн бол АГЯ-ны сайд асан Эрдэнэбатхаан

Талархал - Ж.Мөнхзул, Сэтгүүлч

Өнөөдрийн байдлаар дэлхийн 60 оронд халдварлаж, 3000 гаруй хүний аминд хүрээд буй коронавирусийн тархалтаас сэргийлэх ажилд гар бие оролцон, иргэдээ хамгаалж, онцгой нөхцөл байдалд өдөр шөнөгүй ажиллаж буй Монголын бүх ажилчин, албан хаагчдад, тэднийг дэмжин, хариуцлагатай, ухамсартай аж төрж буй иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүдэд дурлаж буйгаа уламжилъя. Үүнд: Эрүүл мэндийн яам, Засгийн газар, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой комисс,  ДЭМБ, ТЕГ, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар хотын захиргаа, Нийслэлийн хот тохижилтын газар зэрэг байгууллагуудын бүх ажилчин, албан хаагчид багтана. 

Мөн баттай эх сурвалж бүхий, үнэн бодит мэдээллийг шуурхай дамжуулж, иргэдийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж буй, хариуцлагатай хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дурдах хэрэгтэй. Түргэн шуурхай шийдвэр гаргаж, бэлэн байдалд шилжин, халдварын тархалтаас бүх бололцоогоо дайчлан сэргийлж буй болон шийдвэрийн биелэлтийг зохион байгуулалтай хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгэж буй бүх хүмүүст баярлалаа.

Харин ариун цэврийг үл сахин, хариуцлагагүй аж төрж, аялж жуулчилж, тусгаарлалтанд эгдүүцэж, мөн худал мэдээлэл түгээх зэрэг үйлдэл гаргаж буй хүмүүст огтхон ч дурлахгүй буйгаа хэльюү.

Дээл - М.Тэргэл, Дадлагажигч оюутан

Жил бүрийн хавар дээл өмсөх гэж догдолдог юм. Өмсөөд л өөр элдэв зүйлс шаардлагагүй нэг цогц болчихдог хувцас ховор шүү. Дээлийг өмсөж, тайлахад амар, өмссөн хойно биед эвтэйхэн. Яг хэзээнээс дээлийг гоёлын өмсгөл гэж хүлээж авдаг болсныг мэдэхгүй ч дээл өмссөн хүн цаанаа л сайхан харагддаг. Дээлтэй холбоотой дурсамж ч их. Бага байхдаа эмээгийнхээ хүрэн тэрлэгийг нөмрөөд унтчихдаг байж билээ. Харин одоо харахаар жижигхээн, дөнгөж цээжийг минь хучиж хүрэх нь үү гэмээр. Эмээгийн минь үнэр нэвт шингэсэн тэр тэрлэг надад цаг хугацааны хүчийг мэдрүүлэх шиг болдог. Би том болчихжээ, яасан их өөрчлөгдөө вэ? Харин тэр дээл, үнэр, эмээ минь яг хэвэндээ, намайг хайрласаар. Цаг хугацааны өөрчилж хүчирдэггүй ганц зүйл нь хүмүүсийн нэгнээ гэсэн хайр байдаг аж. Дээл өмссөн хүн цаанаа л дотно, эмээгийн хайр шиг дулаан мэдрэмж төрүүлдэг.  

Спорт - О.Анхзаяа, Сэтгүүлч

Өнгөрөгч амралтын өдрүүдээр жинхэнэ утгаараа хөгжилдлөө. Спортыг үзнэ үү гэхээс оролддоггүй би гэрийнхэн, найз нөхөд, найз залуутайгаа ёстой л нэг цаг хугацааг мартан ширээний теннис тоглов. Сүүлдээ улам шатаж, нэг нэгнээ ялж, илүүгээ үзэх гэсэн хүсэлдээ шатаад шөнө болсон байхад ч тоглосоор байсан билээ. Ээж минь өсгийтэй гуталтай, би үсний боолтгүй, бүгд л бэлтгэлийн хувцасгүй хэрнээ гал гарсан өрсөлдөөн болж, сайхан тоглосон доо. Сэтгэл сэргэм сайхан байлаа. Одоо бас дахиж тоглохоо хүлээж л сууна даа. Багахан ч атугай спортоор өрсөлдөж, хичээллэж, зогсолтгүй эрч хүчтэй байх нь чухал юм байна.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
20 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
22 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.