Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Бид юунд дурлаж байна вэ? №23


Ойрын өдрүүдэд UB.Life-ийнхан нь юунд дурлаж, шимтэж байгаагаа хуваалцаж байна. Уншигч Та бүхэн ч гэсэн юунд дурлаж буйгаа сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай   

Шүдний дагина - Б.Энхцэцэг, Тоймч

Охины сүүн шүд унав. Түүнийгээ амны цаасанд боож, дэрэн доороо хийж унтлаа. Өглөө сэрэхэд шүдний дагина тэр шүдийг нь авч, зоос үлдээсэн байх ёстой аж. Охин энэ удаа унтах гэж их яарлаа. Нүдээ хүчлэн аниснаас сормуус нь чичирхийлэх юм. Догдлоод байгаа хүн яаж хурдан унтах вэ дээ. Нэг үлгэр, үг таах тоглоомын ард нойрсов.

Ээж нь өглөө нам унтчихаж. Охин намайг сэрээж, “Шүдний дагина ирээгүй байна” гэлээ. Би бас гайхлаа, бүр маш их. Тэгсэн охин намайг тайвшруулж “Короновирус гарсан болохоор шүдний дагина айл хэсэхгүй гээд шийдчихсэн байх. Бас зоос олдоогүй ч байж магад” гэв. Тэгэхээр нь би “тайвширлаа”.

Шүдний дагина короновирусээс айх хүн биш шүү дээ. Унтамхай ээжээс нь болоод л охины минь сүүн шүдийг авахаар тэр гайхамшигт хатагтай ирээгүй. Шүдний дагина бол хөл хорионы үед ч сүүн шүдээ үдэх зургаан настнуудад ид шид түгээсээр л байх болно. Шүдний дагина маргаашийн үүрээр манайхаар заавал зочилж, охины минь буржгар үсэн доороос усан гайхайн зурагтай нимгэхэн дэрийг сөхөн зоос үлдээгээд одсон байх вий.

Бяцхан "пикник" - О.Анхзаяа, Сэтгүүлч


Энэ амралтын өдрүүдээр миний хамаг эрч хүчийг цэнэглэж, намайг баярлуулсан зүйл нь хот доторх бяцхан аялал байлаа. Найз залуутайгаа цуг машинд нь том зайрмаг хоёр талаас нь халбагадан идэж, Майкл Жексоны дуунуудыг ар араас нь сонсон чангаар орилон дуулж, Зайсан толгой гарч агаар амьсгалангаа хотыг тольдоод, өдрийн турш кино үзэж, нойрмоглож өнгөрүүлсэн. Хаа хол аялах сайхан л даа. Гэхдээ гадаад орон, хөдөө гэлтгүй зүгээр л хэдхэн газраар хүртэл сэтгэл дүүрэн аялах боломжтой нь хамгийн сайхан.

Дорнын өгүүлэмж - У.Бямбаням, Ерөнхий редактор

Тайванийн хоёрдахь шинэ давлагааны гол төлөөлөгч Цай Мин Ляны бүтээлүүдийг үзэх дуртай. Анх 2012 онд “Ганцаар унтмааргүй байна” киног нь үзэж байлаа. Хэдэн жил орхисны эцэст саяханаас дахиж үзлээ. Сая Берлиний кино наадамд “Өдрүүд” киногоороо сонгогдсон байна билээ. Уран сайхны кинонуудыг нь мэдэх учраас “Чиний төрх” баримтат киног нь сая үзлээ.

Малайзад төрж, 20 гарсан хойноо Тайваньд очиж, тэндээ киноны сургууль дүүргэсэн, жинхэнэ “дорно төрхтэй” найруулагчдын нэг. Зүүн Өмнөд Азийн хүн зоны ааш араншин, ахуй амьдрал, сэтгэлгээ, мэдээж дорнын шинэ давалгааны уран бүтээлчдийн хийц, хэв маяг киноноос нь нэвт үнэртдэг. Цай Мин Ляны кинотой ойлголцоход амар байдаг учраас дуртай байх. Яг Хятадын Жиа Жианкагийн киног үзэхэд сайхан байдаг шиг.

Кино - Э.Намуун, Редактор

Энэ амралтын өдрөөр би Үндэсний олон нийтийн телевизээр “Шал” буюу “Өвгөн” хэмээх казах киног үзлээ. Найруулагч Ермек Турсуновын Эрнест Хэмингуэйн “Өвгөн тэнгис хоёр” зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус киноны гол дүрд Ерболат Тогузаков, Исбек Абильмажинов нар тогложээ. Хөлбөмбөгт ухаангүй дуртай өвгөн өдрийн турш антенн булааж, жирэлздэг зурагтаасаа холдох нь үгүй. Тэр ганц ач хүүгээ “Чөтгөрхөн” гэж дуудах бөгөөд хүү нь өвөөгөө зөнөг залгасан гэж бодон тоомжиргүйхэн ханддаг ч үйл явдал өрнөх тусам өвөөгөө гэсэн түүний хайр улам тодорно. Хахир хүйтэн өвлийн нэгэн өдөр өвгөн хонио хөршийнхөө хэдэн хоньтой нийлүүлэн замд гарснаар адал явдал эхэлнэ. Бүр болоогүй бүх хониндоо хөлбөмбөгчдийн нэрийг өгчихсөн гээд л бод. Нээх хөөрхөн. Гэвч байдал бишгүйдэж манан будан, шуурганд төөрсөн өвгөн сүрэг чонотой тааралдах бөгөөд хонин сүрэг болон өөрийгөө хамгаалж, амьд үлдэхийн тулд хэрхэн тэмцэж байгааг нэмэлт хачиргүйгээр бодитоор дүрсэлсэн нь амьдралд ихэд ойрхон буужээ. Энэ киног үзэхэд чоно араатан уу, хүн араатан уу? гэх асуулттай тулгарна. 

“Өвгөн” киног үзэхэд бага насны минь нэгэн дурсамж сэдэрсэн юм. Тээр жилийн Цагаан сар юм, би 9 настай байв. Тэр үед хөдөө “Ар гол”-д өвөө эмээгийндээ шинэлдэг байлаа. Шинийн гурван болж, аймгаас ах дүү, хамаатан садан өвөө эмээтэй золгохоор ирж, өвөлжөөнд хүмүүсийн хөл хөдөлгөөн ч гэж жигтэйхэн. Өдөр яах ийхийн зуургүй дуусч, бүрэнхий нөмрөх үед би санаачилга гарган 10 настай ахыгаа болон бусад хүүхдүүдийг дагуулан өвөлжөөнийхөө арын толгод руу гарч, цасан дээр өнхөрч тоглолоо. Хамгийн том нь ах бид хоёр, хамгийн бага нь 5 настай байсан санагдана. Тав, зургуулаа цасан дээр өнхөрч тоглосоор байгаад харанхуй нөмрөхөд гэрээсээ төөрсөн байж билээ. Хоёр толгод даваад цасан дээр өнхөрчихсөн байж. Хэдүүлээ хөтлөлцөөд алхаад л байв, алхаад л байв. Гэр шиг цайран харагдах газарт очихоор л хунгарласан цас...Замдаа чимээгүй явна гэж байхгүй. Чонотой тааралдвал өшиглөөд унагаана, урдаас нь хашхирна гэхчлэн хүүхдийн гэнэн сэтгэлээр их л зоригтой алхацгааж билээ. Үнэхээр чонотой тааралдсан бол хэдэн жаахан хүүхдүүд юу ч болох билээ дээ. Аз болоход ямар ч муу юм тохиолдсонгүй. Бид хэд гэрээсээ яг эсрэг чиглэлд гол чиглээд 11 км төөрсөн байж л дээ. Ууж идэж, тоглож байсан томчууд гэнэт хүүхдүүд алга болсныг мэдээд хөлийн мөрөөр хайж, УАЗ-469 билүү Фургон машинтай явсаар 2-3 цагийн дараа биднийг олсон доо. Айж сандарладсан хүмүүс биднийг олоод хамгийн том нь байсан болохоор ах, бид хоёрын нүүр лүү тас хийтэл алгадахад харанхуйд нүүрнээс оч үсэрч байсныг тод санадаг юм. Уйлаан майлаан болсоор гэртээ очиход эмээ намайг өмөөрсөндөө дахин баахан зодож, би ч уйлсан чигтээ унтсан даа, хөөрхий. Өмөөрсөндөө зодсоныг олон жилийн дараа эмээ минь өөрөө хэлж билээ. Чарга байсан ч биш дээ, цасан дээр өнхөрч тоглоход үнэхээр гоё байсан санагдана.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
Уржигдар
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
1 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
2
2 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
3
3 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.