Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бид юунд дурлаж байна вэ? №24


Ub.Life-ийнхан сүүлийн үед ямар дуу хөгжим, кино, ном зохиол, амьдралын шинэ хэв маягт дурлаж байгаагаа уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.  

Видео - Х.Сүрэн, Дизайнер

Өдөр шөнөгүй л "Ковид-19" вирусийн талаарх мэдээллээр бөмбөгдүүлсэн өдрүүд үргэлжилсээр. Карантин эхэлснээс хойш уран бүтээлч миний хувьд өөртөө ажил оноох нь улам ихсэж, хуучин бичлэг, зургийн архиваа зөөврийн харднаас ухах болов. Аавын минь хуурцаг дээр бичсэн бичлэгээс эхлээд эмээ, өвөөгийн ярьсан зүйлсийг хадгалж авсан файл, их сургуулиа төгсөх үеийн зураг гэх мэт нандин зүйлсээ олж, дурсамж сэргэж байна. Эдгээрээс анхаарал татсан нэг бичлэг байсан нь их сургуулиа төгсөж ирдэг жил ээж минь надад гараа гарган хослол хийж өгч буй цуврал бичлэгүүд байлаа. Ээжийн хажууд сууж буй зээ дүү минь их жоохон байжээ. Дүү "Эмээ та дэрний уут оёж байгаа юм уу" гээд шалгааж байгаа нь ямар ч өхөөрдөм юм. Үзэх тусам хайр хүрэм арав гаруй бичлэгээ хураангуйлж, хоёр минутын бичлэг болгон өөрийн Youtube хуудастаа орууллаа.

Цуврал - У.Бямбаням, Ерөнхий редактор

Өнөөх л Фройд, гэхдээ шинэ

Австрийн сэтгэл судлаач Зигмунд Фройдын тухай шинэ цувралыг сонирхож байгаа. Уран зохиолын ангийн оюутан байхдаа Фройдын сэтгэл судлалын тайлбаруудыг сонирхож, орчуулга энэ тэрээ эргүүлж, “Онго шүтлэг ба хорио цээр” номыг нь чадан ядан уншиж, хэсэгчлэн авч судалгаандаа оруулж байлаа. Өнгөрсөн зун сэтгэл судлаач найз маань Фройдын бүтээлийг тайлбарласан ном гаргахад редактороор ажилласан юм. Тиймээс найман ангитай, анги тус бүр нь Фройдын гол судлагдахуун нэр томьёогоор нэрлэгдсэн тус цувралд шимтэж байгаа.

Фройд бол хүн төрөлхтний сэтгэлгээнд гэрэл тусгасан, үгүй дээ харанхуйд жингэнэтэл хонх цохисон хүн шүү. Түүний цохисон хонх их цочир байсан нь “Эдипийн комплекс” зэрэг онолуудаас нь мэдрэгдэнэ. Бас Достоевскийн “Карамазовынхан” романд бичсэн “Эцгийгээ хөнөөхүй” гэж эсээ бий. Бас цочмог.

Хоол - А.Энхжаргал - Оффис менежер

Карантины үед хаа сайгүй л төрөл бүрийн хоол хийсэн хүмүүс байна. Хүмүүсийн сториг үзээд гэртээ пицца, булгуги, шарсан тахианы мөч, кекс хийж үзлээ. Амжилттай шүү. Гэрийнхэн маань амтархан идсэн болохоор урам орж, янз бүрээр хоол хийж туршиж үзмээр санагдаж байгаа. 

Даалин - Э.Намуун, редактор

Бараг 2 жилийн өмнө эхлүүлсэн даалингаа дуусгалаа. Ажлынхаа хажуугаар сүүлийн хагас жил гаруй эрчимтэй сууж байж л ард нь гарсан. Анх амлалтаа биелүүлэхийн тулд оёж эхэлсэн ч эцэст нь хямарч, цөхөрсөн өдөр хоногуудад анхаарлаа төвлөрүүлж, илүү дутуу юм бодохгүй байх хамгийн шилдэг арга минь болж хувирсан. Энэ хээг л оёод дуусгачихъя, энэ утсыг л дуусгая гэж жижиг зорилгууд тавьж, үр дүнг нь харахыг хүссэн хүсэл минь наддаа л бясалгал болсон юм. Бүгдийг нь дуусгаад харах мөч хамгийн сайхан байсан ч энэ хүртэлх цаг хугацаа тийм ч хялбар байгаагүй. Нүд чилнэ, хуян хөөрнө, хамаг бие хөшинө, хурууны өндөг хүртэл хөндүүрлэнэ. Гэхдээ дуусгаж чадсан нь хамгийн чухал байлаа.

Хүнийг гэм нүгэлтэй нь цуг хайрла гэдэг шиг муруй сарий, алдаж онож хатгасан оёдол бүхнээ хайрлаж, дурламаар санагдаж байна. Зураг дээр алдаа мадаггүй, цэмбийсэн "юм" харагдах магадлалтай шүү.


Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
24 минутын өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
2 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
4 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.