Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Бидний үерхэл хүсэж байсан шиг минь төгс биш: Хэрэв бид гэрлэвэл салалтаар төгсөх үү?


Би найз залуутайгаа үерхэж эхлээд таван жил болж байна. Би 20-иод насны сүүл дээрээ, тэр 30-аад насны эхлэл дээрээ яваа тийм нэг хос. Өмнөх найз залуугаасаа дөнгөж салаад удаагүй байхдаа түүнтэй танилцан дотносч, бид одоог хүртэл хамтдаа аз жаргалтай байна. 

Өнгөрсөн жил гадаад улсад амьдрахаар нүүсэн маань биднийг улам ойртуулж, хоёр биенээ илүү танихад нөлөөлж, хэн хэнээсээ юу хүсч явдгаа, маргалдсан ч хэрхэн үр дүнтэй маргалдахаа хүртэл мэдэж авсан. Хүний газар хамтдаа хөл хорионд орсон маань урд урдынхаасаа илүү хүчтэй харилцаа үүсгэхэд ч нөлөөлсөн болов уу гэж бодож байна. 

Улам илүү дотноссон энэ өдрүүддээ бид ирээдүйд гэрлэх эсэх, хамтдаа хүүхэдтэй болох эсэхээ нухацтай ярилцсан юм. Хэзээ хэзээнээсээ нээлттэй ярилцсан бид хоёулаа хамтын ирээдүйдээ итгэлгүй байгаагаа мэдлээ. Өөрсдийн харилцаагаа сайн сайхан, төгс гэж боддог байсан маань эндүүрэл байж. Бидэнд оргилуун их хүсэл шунал, бие биендээ тэмүүлэх тэр мэдрэмж байдаггүйг анзаарлаа. Бидний бэлгийн харилцаа харьцангуй хэвийн, гэвч тийм ч сэтгэл хөдлөм биш. Мөн бид хоёр өөрсдийгөө ирээдүйд заавал хамтдаа байх ёстойгоор мэдэрдэггүй, тус тусынхаа ирээдүйг төсөөлж чадаж буй маань ямар нэг зүйл буруу байгаагийн дохио юу?

Ер нь энэ бүхэн гэнэтийн, шинэ зүйлс биш л дээ. Бид энэ мэдрэмжийг хувь хувьдаа мэдрээд овоо хугацаа өнгөрч байна. Гагцхүү энэ тухайгаа өмнөхөөсөө илүү нээлттэй ярьж эхэлсэн нь л саяхан юм. Магадгүй ирээдүйгээ нухацтай бодож эхэлсэнтэй холбоотой байх. 

Одоогоор хүүхэдтэй болохыг тэгтлээ их хүсээгүй байгаа боловч миний бие физиологийн цаг явсаар буй бөгөөд таван жилийн дараа гэхэд энэ мэт асуудал ярьсан хэвээр сууж байвал хэтэрхий оройтсон байх болно шүү дээ.

Би өөрсдийн энэ сайхан үерхлээ алдмааргүй байна. Гэсэн хэдий ч бүх зүйл нь 100% биш, юунд ч юм сэтгэл дундуур гэрлэлтээр амьдралаа сүйдэлмээргүй байна. Эцэг эх маань яг л тийм сэтгэл дундуур гэрлэлтээс болж салж сарнин, одоо хоорондоо ямар ч холбоогүй байдаг. Би тэдний алдааг давтмааргүй байна. Бас одоо байгаагаас маань илүү төгөлдөр хайр дурлал, ирээдүйн амьдрал намайг хүлээж байвал яах вэ гэж эргэлзэн боддог. Ер нь би цаашид яасан нь дээр вэ?

Ийм нэгэн захидал Гардиан сайтын редакцид иржээ. Энэ захидалд хосын харилцааны сэтгэл судлаач, терапист Сара Калверт хариу илгээснийг дор хавсаргав. 

Амьдралын чухал асуудал, шийдвэрүүдээ ингэж нухацтай бодох нь сайн зүйл боловч бүх асуулт математикийн тэгшитгэл шиг тогтсон хариутай байдаггүйг энэ захианыхаа эхэнд дурдмаар байна. Заримдаа бид мэдэхгүй, баталгаа өгч чадахгүй зүйлсийг байгаагаар нь л зөвшөөрч, орхиж сурах нь дээр байдаг. Өөрийн чинь хариулт эрэлхийлж буй зүйлсийн дотор ярилцаж, тунгаах шаардлагатай хоёр ч асуудал байна гэж ойлгож байна. 

Өнгөн талын асуудал нь найз залуу та хоёрын харилцааны асуудал, харин шийдвэрлэх шаардлагатай гол асуудал нь чиний сэтгэл дэх айдас болон түүнээс үүдэх төсөөлөл, хүлээлт байх шиг. Бидний хэн ч болов гэр бүл, өссөн орчноосоо тодорхой хэмжээгээр бүтээгддэг. Ээж аавын чинь харилцаа чамд хэрхэн нөлөөлөө бол гэж би гайхан бодож байна. Чиний найз залуутайгаа харилцах харилцаагаа илэрхийлж буй “100% биш” гэдэг ойлголт эцэг эхийнхээ салалтаас хүлээн авсан ойлголт, харьцуулалт мэт сэтгэгдэл төрж байна л даа. Чамд л гэж сануулахад маш олон гайхалтай харилцаа энгийн, уйтгартай байдлаар эхэлсэн байдаг бол зарим төгс төгөлдөр эхлэлтэй харилцаа маш таагүй дуусдаг нь ч бий. 

Чиний хайр дурлалын харилцаанд олон эерэг тал байна гэж би дүгнэж байна. Харин чи өөрөө өөртөө дарамт учруулаад буй юм биш биз? Мөнхийн төгс төгөлдөр харилцааг хүсэж, тийм харилцаанд л өөрийгөө бэлэн байлгах гэж хичээгээд байж магад юм. 

Хэрвээ хүн хэцүү таагүй харилцаа харж өссөн бол том болоод өөрийнхөө харилцаанд маш сонор сэрэмжтэй болж, ямар нэг өвдөлт мэдрэхээс зайлсхийх зуршилтай болдог нь үнэн. Гэхдээ энэ бол өнгөрсөнд болсон өвдөлтийн шарх болохоос одоогийн шарх биш гэдгийг үргэлж санаж байгаарай.

Чиний бодлоор харилцаанд чинь дутагдаж буй хамгийн чухал зүйл юу вэ? Найз залуугийн чинь бодол ч бас энд хэрэгтэй. Чиний бичсэнчлэн оргилуун хүсэл шунал, бие биендээ тэмүүлэх мэдрэмж дутаж байна уу? Энэ мэдрэмжийг асаан бадамлуулах ямар нэг зүйл хийх арга бий юу? Сексийн харилцааны зөвлөхөд хандаж ч болох шүү дээ. Ямартай ч миний зөвлөх зүйл гэвэл харилцаагаа хаана хүрэхийг, хэзээ төгсөхийг урьдчилан таамаглах нь яг одоо байгаа бүхнийг үгүй хийж байдаг бөгөөд ухамсаргүйгээр биеэ барьж, алив сайхан зүйлсээс татгалзаж эхэлснээр дур хүслийг улам бүр унтрааж байдаг сөрөг нөлөөтэй. Мөн сэтгэлдээ хэт төгс төгөлдөр хайр дурлалын харилцааг төсөөлөх тусам бодит амьдрал дээрх бүхэн санаанд нийцэхээ байж, юу ч үл таалагдана. 

Чиний одоогийн харилцаа хэрхэн төгсөхийг, тулгарч буй бэрхшээлүүд чинь салалтанд хөтлөх эсэхийг чи бидний хэн ч хэлж мэдэхгүй. Одоогоос дараагийн таван жил хүртэлх хугацаанд маш олон өдрүүд бий нь л үнэн юм. Хэрэв энэ харилцаа чинь одоохондоо хангалттай мэт санагдаж байвал ойрын ирээдүйдээ үүнийгээ тордож, таашааж байвал дээр биш үү? Өөрөөр хэлбэл салсан ч заавал яг одоо салах шаардлагатай байгаа биш шүү дээ.

Захидлынхаа төгсгөлд хэлэхэд, чи эцэг эхийгээ дуурайх, тэдний алдааг давтах ямар ч нөхцөл үүсээгүй. Чи тэднээс тусдаа, өөрийн сонголт, өөрийн ирээдүйтэй, огт өөр хүн. Мөн миний хувьд чи болон чиний найз залуу та хоёр өөрсдийгөө тусдаа байгаагаар төсөөлж чадаж байгаа нь, бие биедээ ямар нэг найдлага, хүлээлт тавилгүйгээр ирээдүйгээ харж чадаж байгаа нь маш эрүүл, бие даасан хоёр хүн болохыг л харуулж байна. 

эх сурвалж: Гардиан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
4 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.