Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Book review | “Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр”


Ч.Ганхуягт маш нээлттэй, хэтэрхий хаалттай хүн гэсэн тодорхойлолт аль аль нь тохирно. Түүний сошиал хуудсуудаар зочилбол энэ хүнд нэмж нээгээд байх юм байгаа юм уу гэмээр бүхнээ дэлгэж, үзэл бодлоо хайр найргүй, нууж хаалгүй хуваалцсан байх вий. Гэвч тэр бүхний цаана хав дарсан, тайлбаргүйгээр өнгөрүүлсэн, нээлгүй үлдээсэн олон хаалганыхаа түлхүүрийг гартаа атгасаар энд хүрч ирснийг Л.Золзаяагийн бичсэн “Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр” номыг уншаад мэдэв. 

“Хүн бүрийн сэтгэл рүү, зүрх рүү, ой ухаан руу нь нэвтэрч ордог түлхүүр байдаг гэж би боддог. Түүнийг нь тэмтэрч байгаад олох л хэрэгтэй...” хэмээн Ч.Ганхуяг хэлжээ. Тэгээд тэр түлхүүрүүд хоорондоо харилцан адилгүй байж болохыг ч дурдаж. Санал нэгдэж байна. Гэхдээ Ч.Ганхуяг шиг хүний хаалгыг нэг бол цөм өшиглөж, үгүй бол маш их ур дүй, уйгагүй тэвчээр, бас "тэнэг" зориг гаргаж байж түлхүүрдэх хэрэг гарна. Л.Золзаяа хоёр дахь аргаар нь үзжээ, түүнтэй. 

Тэр бол яалт ч үгүй энэ цаг үеийн сонирхолтой дүрүүдийн нэг. Хэрэв чи хөрөг ном бичихийг хүсдэг бичгийн хүн бол барьж аваад амттай, адармаатай ажиллахыг хүсэх сонголт гарцаагүй мөн. Алдаа оноо бүхнээ шударга хуваалцах, амьдралын замнал нь хэзээ ч нэгэн хэвээр яваагүй, “уйтгартай, нэгэн хэвийн” гэх үгийн яг эсрэгээр хорвоотой үзэлцэж яваа энэ хүнийг барьж авч, 100 хоног дагаж, 307 хуудастай ном болгож чадсанаар Л.Золзаяагаар бахархмаар санагдаж байна. 

Зохиогчийн өөрийнх нь бичсэнчлэн “Хас, чоно, талх, форум, салаавч, сайд, ард, биткойн гэх мэт сайн, саар элдэв хочийн аль нь түүнийг бүрэн илэрхийлж чадах бол?” гэх энэ бүх асуултын хариу энэ номд бий. Тэр халган, сүрдэн, зориглон, хичээн байж дээрх бүгдтэй холбоотой тайлбаруудыг өөрийнх нь зүгээс, нэгдүгээр автороор яриулж дөнгөв. Гэхдээ номыг уншсаны дараа та Ч.Ганхуяг гэх хүнийг эдгээр үгсийн аль нь ч дангаар төлөөлөх боломжгүйг ойлгох болов уу. Магадгүй тэр элдэв тодорхойлолтоос, хайрцаглах гэж оролдсон томъёоллоос хэтийдсэн ойлгомжгүй, хэт бадрангуй, туйлын адал явдал өрнүүн хүн болоод тэр биз. 

Гэхдээ Ч.Ганхуяг шиг хүний хаалгыг нэг бол цөм өшиглөж, үгүй бол маш их ур дүй, уйгагүй тэвчээр бас тэнэг зориг гаргаж байж түлхүүрдэх хэрэг гарна.

Зохиогч ном бичих тун сонирхолтой арга барилыг сонгожээ. Тэр нь “Ноён Ган”-г 100 хоног дагаж, бүхий л уулзалтад нь хамт сууж, хэдэн арван цаг ярилцаж, ойр тойрнын хүмүүстэй нь уулзаж, олон талаас нь нээхийг хичээж. Анх өөрийнх нь “Та миний ментор болооч?” гэж очсоноос энэ бүхэн эхэлснийг ч тэр өмнөтгөлдөө дурдсан байна. Энэ саналыг тавихаас өмнө зохиолч, залуу бизнесмен Л.Золзаяад “...нэг л өдөр ажилдаа явмааргүй, сүүлийн хэдэн жил амьдралын утга учир байсан компани дээрээ очмооргүй, хамаг эрч хүчээ алдчихсан мэт мэдрэмжтэй нүдээ нээх мөч...” иржээ. Тэр бол “Pro Motion Craft” студийн үүсгэн байгуулагч, “Өгсөх зам” номын зохиогч. Урам зориг, итгэл найдвар нь хугарсан, карьерийнхаа хүнд үед ментор хайж яваад “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай уулзсан аж. Монголын хамгийн амжилттай бизнесменүүдийн нэг, басхүү алдаж онож үзсэн туршлагаар дүүрэн түүнээс туршлага судлах, зөвлөгөө авах, ажил амьдралын хэв маягаас нь суралцах явцаа баримтжуулан ном болгох энэ санаа нь “зэвүүн”. Одоо энэ зэвүүн санаа хэдийн биелэлээ олжээ. 

“Одоогоос долоон жилийн өмнө зэрэг шахуу бизнесээ эхлүүлсэн хоорондоо хамааралгүй гурван хүнийг би мэднэ. Тэрний нэг нь би өөрөө. 1.9 сая төгрөгийн дүрмийн сантай эхлүүлсэн бизнес маань өнөөдөр хэр томорч, хэдэн төгрөгөөр үнэлэгдэж байгааг хэлэхээс ичмээр. Бусадтай харьцуулбал үнэхээр хангалттай биш, удаан санагдаж байна. Гэхдээ аажмаар ахиж л байгаа. Дараагийн хүн нь Та (Ч.Ганхуяг), 1.2 сая төгрөгийн дүрмийн сантай эхлүүлж байсан компанийн үнэлгээ энэ хугацаанд 60 тэрбум болтлоо өссөн байна, үнэхээр гайхамшигтай...”. Ярьсан бичсэн хоёрын ялгаа зөрүүг эндээс харж болмоор. Угтаа адилхан бизнес эрхэлж яваа хүмүүс шүү дээ. Гэвч ярилцлагч түүнээс “Яавал хурдан баян болох вэ?” гэсэн гэнэн асуулт асуухыг хүссэнгүй. Харин юу түүнийг бүтээв, яаж ус руу 13 удаа түлхүүлээд унаж цацахгүй босож ирээд байв, зорилго, тэмүүлэл, алсын хараа нь юу вэ, ажлын арга барилын онцлог нь, эмзэг цэг нь, эрэмгий чанар нь юу болохыг мэдэхийг хичээж. Түүнээ ч олж. Ханиа алдаж, дэрсхэн өссөн гурван хүүгээ хүний зэрэгт хүргэх гэж үзэхээс ихийг үзсэн ээж, амьд ахуйдаа хүүдээ машин авч өгөх аавынхаа мөрөөдлийг өөрөө өөртөө хожим биелүүлэн баярлаж суугаа хүү, 1998 оны наймдугаар сарын 10-нд Роберт Кэйтэр, Батаа нарын хамт Дорноговь аймгийн Хар-Айраг хүрэх галт тэргэнд сууснаар амьдрал, карьер нь орвонгоороо эргэсэн түүх, 24 настайдаа Монголын анхны хадгаламж зээлийн хоршоо “СИДАН”-ыг үүсгэн байгуулсан зориг, дэлхийн топ 100 бичил санхүүгийн байгууллагын жагсаалтад багтаж байсан “ХАС”-ыг босгож, яг л Стив Жобс шиг үүсгэн байгуулсан компаниасаа хөөгдсөн эргэлт, өмнө өмнөхөөсөө илүү эрч хүчтэй, амбицтайгаар “Ард”-ыг байгуулж босож ирсэн бахдам түүх, хувийн амьдралын эмзэг өөрчлөлтүүд, хайр дурлалын сонголтууд, хүүгийнхээ тухай, амьдралдаа гаргасан хүнд золиос, хамгийн хэцүү хуудсаа хүртэл нээнэ. Ингэж дотроо уудална гэдэг бол хэн хүнээс гарах зориг биш билээ. 

Нэг эхлүүлбэл нэг их удаан зууралдахгүйгээр ард нь гарах ном болжээ. Энэ нь бичигчийн сонирхолтой арга барилаас гадна Ч.Ганхуяг гэх эрхмийн адал явдал дүүрэн амьдралын баялаг түүхтэй шууд холбоотой. Гэхдээ энэ номын гол дүр нь гагц тэр биш. Хэдийгээр зохиогч, баатар хоёр эрс тэрс, онхи ондоо хүмүүс болох нь номын эхлэлээс мэдэгдэх хэдий ч амьдрал, ажил, карьер, бодол, эргэцүүлэл нь олон цэг дээр нэгдэж байхыг харав. Зохиогч хөндлөнгөөс анзаарч, хөтөлж асуусныхаа хариуг өөртэйгээ уяж, эргэцүүлж, тухай бүрд нь тэмдэглэж байсан нь энэ номыг ямар ч насны хүн уншихад ойр дотно болгосон санагдав. Номын эхэнд “Улам олон нийгмийн түүчээ хүмүүс ингэж өөрийн амжилт, алдааны түүхээ бусадтай нээлттэй хуваалцан, шинэ үедээ сургамж, туршлага, үнэ цэнэ, зорилгоо өвлүүлж байгаасай гэж хүсч байна. Энэ номыг ялангуяа манай 70, 80, 90, 2000 оныхон заавал авч уншаарай” хэмээн Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх Дэлхийн залуу манлайлагч, “Синдикат яриа” нэвтрүүлгийн хөтлөгч В.Ганзориг бичсэн нь гарцаагүй үнэн. 

            “Чи ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл бүхэл бүтэн ертөнц чамд туслахаар үгсэн хуйвалдах болно” 

            “Уулын орой дээр ер нь л ганцаардмал байдаг”. 

            “Би мөрөөдөж чаддаг, юм уншдаг учраас надад ирээдүй их тодорхой харагддаг” 

            “12 сарын 31 бол зүгээр л өвөл тохиодог, жирийн л нэг тэнэг өдөр”. 

Уншиж дууссаны дараа сэтгэлд торох эшлэл олны дотроос энэ мөрүүд их тод үлджээ. Тэр бүтээж чаддаг, онгирч чаддаг, унаж шархдаад босоод ирдэг, тэгэхдээ урьд урьдынхаасаа ч илүү хүчтэй байж чаддаг, дотогшоо нуугдаж, гадагшаа тэсэрч, хэлэхээ хэлж, хүссэндээ зориулж зүтгэж чаддаг хүн болохыг энэ ном танд харуулна. 

Тэр өөрт нь хэн, хэзээ тусалсныг хэзээ ч мартдаггүй. Тэр залуу насанд боломж олговол юу бүтээж, босгож чадахыг өөрөө үлгэрлэсэн хүн. Тийм учраас тэр залуу насанд итгэхээс айдаггүй. Энэ ном бүтэхэд нөлөөлсөн чанар нь ч тэр. Хүүхэд шиг гэнэн хэр нь хэрсүү, хатуу зогсож байдаг сонин хүн. Энэ номд яг тэр л хэвээрээ, үнэнээрээ байна билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
0