Хайх зүйлээ бичнэ үү

Энэ удаа бид мэдээллийн аюулгүй байдал, цахим орчин дахь хувь хүний нууцын асуудлаар “Авинекс Партнерс” хуулийн фирмийг үүсгэн байгуулагч, хуульч Б.Солонгоотой ярилцлаа. Тэрбээр Унгарт таван жилийн турш суралцан эрх зүйч мэргэжил эзэмшиж, Их Британийн Дандийгийн их сургууль, Харвардын их сургуульд тус тус магистрийн зэрэг хамгаалжээ. Б.Солонгоо нь олон улсын “Хоган Ловеллс” хуулийн фирмд ажиллаж байсан туршлагатай, Англи, Нью Йоркт хуулийн зөвлөгөө өгөх албан ёсны эрхтэй хуульч юм. 

Орчин цагт "Хянаж чадвал өөрчилж чадна" гэх философи бодитоор биелэлээ олж байна. 2018 онд Кэмбридж Аналитика компани Фэйсбүүкийн 83 сая хэрэглэгчийн мэдээллийг төөрөгдүүлэн авч, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Их Британи Европын холбооноос гарах эсэхийг шийдэх ард нийтийн санал асуулгын үеэр ашигласан гэх асуудал дэлхий даяар ихээхэн шуугиан тарьсан билээ. Энэ бол хувь хүний мэдээлэл орчин цагийн хамгийн үнэт баялаг болсныг гэрчилсэн томоохон үйл явдал юм. Харин бид мэдээллийн аюулгүй байдал, цахим орчин дахь хувь хүний нууцыг хэрхэн үнэлж байна вэ, Монголд хууль эрхзүйн орчин бүрэлдсэн үү, онлайн орчин дахь мэдээллээ хэрхэн хамгаалах вэ зэрэг асуудлыг хөндөн хуульч Б.Солонгоотой ярилцсаныг хүлээн авна уу. 


- Фэйсбүүк, Гүүгл компаниас олон сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ, iOS ухаалаг утасны үйлдлийн системд тулгуурласан 5400 аппликэйшн хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээд рүү дамжуулж байна гэх мэт мэдээллийн аюулгүй байдал, нууцлалтай холбоотой янз бүрийн мэдээллийг бид өдөр тутамдаа авч байна. Монголчуудын хувьд иймэрхүү үйл явдал амьдралаас хол мэт санагдаж, гэм хийгээгүй, хууль зөрчөөгүй байтал яагаад нууцлалтай холбоотой асуудалд анхаарал хандуулах ёстой юм бэ гэж бодож магадгүй. Ер нь хүмүүс яагаад онлайн аюулгүй байдал, нууцлалтай холбоотой асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй вэ?  

- Мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний мэдээллийн нууцлалтай холбогдох асуудлууд нь өнөөдрийн дижитал орчинд зайлшгүй чухал, анхаарал хандуулах ёстой асуудал болж байна. Барууны орнуудад хувь хүний мэдээлэлтэй холбоотой асуудлыг хувь хүний халдашгүй байдал гэсэн том ойлголтод хамааруулж, хувь хүн өөрийн талаар мэдээллээ нийтэд дэлгэх эсэхэд хяналт тавих эрхтэй гэсэн суурь зарчмыг баримталдаг. Дэлхийн олон орны үндсэн хуульд хувь хүний нууцлалтай холбоотой эрхийг хүний үндсэн эрх гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Манай улсын хувьд ч Үндсэн хуульд иргэн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, цаашлаад иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан.

Харин мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед хувь хүний халдашгүй байдлын тухай ойлголт бие махбод, орон байр, өмчийн халдашгүй байдлаар хязгаарлагдахаа больж байна.  Аливаа хувь хүн өөрийн талаар хувийн мэдээллийг нууцлах, олон нийтэд дэлгэхэд хяналт тавих, зөвшөөрөл олгосны үндсэн дээр бусдад задруулах зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатай боллоо. Жил орчмын өмнө мэдээлэл, дата нь аль ч түүхий эдээс илүү өндөр үнээр үнэлэгдэх болсон гэсэн мэдээллийг та бүхэн уншсан байж магадгүй. 

Монголд үүрэн телефоны оператор компаниуд хэрэглэгчийн гар утасны дугаар луу рекламын мессеж явуулах нь түгээмэл. Гэтэл би тэр сурталчилгааг хүлээн авах хүсэлгүй байвал яах вэ, надад тийм эрх байгаа юу, миний хэрэглээг судалж үзсэний үндсэн дээр надад зориулсан зорилтот маркетинг хийсэн тохиолдолд түүнийг зогсоох боломжтой эсэх зэрэг асуудалд хариулт өгөх шаардлагатай.

Бизнесийн байгууллагууд өөрсдийн хэрэглэгчдийн талаар нарийн мэдээлэлтэй болсны үндсэн дээр илүү зорилтот, үр ашигтай маркетинг, зар сурталчилгаа явуулах боломжтой болсон. Хамгийн гол нь, зорилтот маркетинг зөвхөн бизнесийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй сонгуулийн зар сурталчилгаанд ч ашиглагддаг. Тиймээс хувь хүний мэдээллийг зохих зорилгоор ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих хэрэгтэй.

Энгийн жишээ дурдахад, Монголд үүрэн телефоны оператор компаниуд хэрэглэгчийн гар утасны дугаар луу рекламын мессеж явуулдаг, маркетингийн зорилгоор ашиглах нь түгээмэл. Гэтэл би тэр сурталчилгааг хүлээн авах хүсэлгүй байвал яах вэ, надад тийм эрх байгаа юу, миний хэрэглээг судалж үзсэний үндсэн дээр надад зориулсан зорилтот маркетинг хийсэн тохиолдолд түүнийг зогсоох боломжтой эсэх зэрэг асуудалд хариулт өгөх шаардлагатай. 

Хувь хүний халдашгүй байдалтай холбогдуулж урган гарч буй өөр нэг асуудал бол хувь хүний “мартагдах эрх” юм. Сүүлийн үед, хувь хүн өөрөө хүсвэл түүнтэй холбогдох мэдээллийг нийгмийн платформуудаас бүрэн устгах шаардлагыг тавьдаг болсон. Тиймээс хувь хүний мэдээллийн нууцлалтай холбогдох асуудал улам төвөгтэй, нарийвчилсан зохицуулалт шаардаж байна.  

Хувь хүн өөрөө хүсвэл түүнтэй холбогдох мэдээллийг нийгмийн платформуудаас бүрэн устгах шаардлагыг тавьдаг болсон.

 - 1995 онд батлагдсан “Хувь хүний нууцын тухай хууль” тун товч бөгөөд дотроо ердөө таван төрлийн нууцыг тусгаж өгсөн. Гэтэл өнөөдөр хамгийн их яригдаж буй цахим аюулгүй байдал, онлайн орчин дахь нууцлалтай холбоотой ямар нэгэн эрх зүйн зохицуулалт манайд одоогоор алга байна. Таны бодлоор Монголд ямар зохицуулалт, жишиг дутагдаж байна вэ?

- Монгол Улсад Үндсэн хуулиас гадна 1995 онд батлагдсан “Хувь хүний нууцын тухай хууль”, “Байгууллагын нууцын тухай хууль”-аар хувь хүний болон байгууллагын мэдээллийн нууцлалтай холбоотой асуудлыг зохицуулдаг. Тухайн үеийн нийгэм, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж нууцын тухай ойлголтыг хязгаарлагдмал хүрээнд тодорхойлсон байдаг. Эдгээр хууль ардчилсан нийгмийн тогтолцоо руу шилжээд удаагүй байхад буюу 1995 онд батлагдсан учраас хувь хүнийг төрийн хараа хяналтаас хамгаалахад анхаарсан зохицуулалтууд түлхүү орсон байдаг. Мэдээллийн технологи хөгжсөн, мэдээлэл авах болон түгээх суваг төрөлжсөн өнөө үед энэ хуулийн зохицуулалт оновчтой юу гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй.

Тухайлбал, “Хувь хүний нууцын тухай хууль”-д “хувь хүн нууцаа өөрөө хамгаална” гэсэн заалт бий. Хувь хүн өөрийн хувийн мэдээллийг задруулах, хамгаалахад хяналт тавихтай холбогдсон асуудлыг шийдвэрлэх эрхтэй хэдий ч мэдээллийн технологи, нийгмийн сүлжээ өндөр хөгжсөн энэ цаг үед энэ заалт нь амьдралд хэрэгжихэд хүндрэлтэй. Жишээ нь, бид фэйсбүүк ашиглахдаа өөрсдийн хувийн мэдээллийг тодорхой хэмжээгээр өгдөг. Гэхдээ фэйсбүүк болон фэйсбүүк дээрх аппликэйшнүүд бидний талаар хэр их мэдээлэл цуглуулж байна вэ, бид үүнд хяналт тавих боломжтой юу, бидний хувийн мэдээллийг авсан зорилгодоо нийцүүлэн хадгалж, ашиглаж байна уу, мөн гуравдагч этгээдэд шилжүүлэх эсхүл худалдаж байна уу гэх мэт хувь хүнээс үл шалтгаалах олон асуудал гарч ирж байна. 

Тус тусдаа мэт боловч Фэйсбүүк, инстаграм зэрэг платформ дээр хувь хүний мэдээлэл нэгтгэсэн байдлаар хадгалагддаг нь шүүмжлэл дагуулж байна.

Фэйсбүүк компани фэйсбүүк, мессенжерээс гадна бидний өдөр тутам ашигладаг instagram, whatsapp гээд хэд хэдэн сошиал медиа платформыг эзэмшдэг. Тус тусдаа мэт боловч эдгээр платформ дээр хувь хүний мэдээлэл нэгтгэсэн байдлаар хадгалагддаг нь шүүмжлэл дагуулдаг. Тухайлбал, нэг хүн фэйсбүүк дээр тийм ч идэвхтэй биш, хувийн мэдээллээ бага оруулдаг атлаа инстаграмд цөөн тооны дагагчид дундаа идэвхтэй байж, хувийн мэдээллээ хуваалцдаг байлаа ч Фэйсбүүк компани тухайн хүний мэдээллийг нэгтгэсэн байдлаар хадгалдаг. Тиймээс аль сошиал медиа платформ ашигласнаас үл хамааран таны мэдээллийг Фэйсбүүкийн эзэмшлийн аппликэйшнүүд нэгдсэн байдлаар хадгалж, ашиглах боломжтой гэсэн үг. Үүнээс харахад, хувь хүн мэдээллийн аюулгүй байдалдаа хяналт тавихад хүндрэлтэй цаашлаад боломжгүй нөхцөл байдал үүснэ. 

- Хөгжингүй орнууд цахим аюулгүй байдал, онлайн орчин дахь нууцлалыг хадгалахад ихээхэн ач холбогдол өгч, дэвшилтэт шийдвэрүүдийг гаргаж байгаа болов уу?

- Яг энэ асуудалтай холбогдуулж, Германы Шударга өрсөлдөөний газраас Фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээллийг дээрх байдлаар нэгтгэхийг хориглосон шийдвэрийг 2019 оны хоёрдугаар сард гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийн эсрэг Фэйсбүүк шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй боловч тухайн үед Германы Шударга өрсөлдөөний газрын энэ шийдвэрийг их дэвшилтэт, шийдэл эрэлхийлсэн шийдвэр гэж үнэлж байсан. Францад дижитал татвар авах талаар ч санал гарч байгаа. Ер нь сошиал медиа платформ ажиллуулдаг компаниуд хэрэглэгчдийн мэдээллийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хадгалж, ашиглаж байгаад хяналт тавихад төвөгтэй, зохицуулалтын хувьд олон хувилбар яригдаж байна.

Хувь хүний мэдээллийн нууцлалыг хамгаалах, мэдээлэл ашиглаж байгаад хяналт тавихтай холбогдуулж хамгийн дэвшилтэт гэж хэлж болох зохицуулалтыг Европын холбоо 2016 онд баталж, 2018 оноос мөрдөж эхэлсэн. Өгөгдлийг хамгаалах ерөнхий журамд хүмүүст мэдээллээ хянах, нууцлах, “мартагдах эрх”-ийг (хэрэглэгч хүсвэл тухайн компанид хадгалагдаж буй мэдээллийг бүрэн устгуулах) олгохыг зорьсон. Уг журамд тусгагдсан өөр нэг дэвшилтэт зохицуулалт нь хэрэглэгч өөрийнхөө талаар мэдээлэл өгөхдөө заавал зөвшөөрөл өгөх ёстой гэсэн заалт юм. Жишээ нь, ямар нэг сайт руу нэвтрэхэд Privacy Statement буюу нууцлалтай холбоотой мэдээллүүдийн сонголтыг урьдчилаад бөглөчихсөн хэрэглэгч зөвхөн “Зөвшөөрч байна” гэсэн товчийг дарах үүрэгтэй байдаг шүү дээ. Ихэнх хэрэглэгчид үүн дээр юу бичигдсэнийг нарийн уншилгүйгээр дараад явчихдаг. Харин дээрх журмаар хэрэглэгч эдгээр мэдээллийг бүрэн уншиж танилцсаны үндсэн дээр буюу өөрийнх нь талаар хэр их мэдээллийг, ямар зорилгоор авч байна вэ гэдгийг мэдсэний дараа тухайн сайтыг ашиглах ёстой гэж зааж өгсөн. Цаашлаад тухайн байгууллага хэрэглэгчийн мэдээллийг өөр зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулах бол заавал дахиж зөвшөөрөл авах шаардлагыг тавьсан. 

Европын холбооноос 2018 онд баталсан Өгөгдлийг хамгаалах ерөнхий журамд хүмүүст мэдээллээ хянах, нууцлах, “мартагдах эрх”-ийг олгохыг зорьсон.

Монгол Улсын хувьд дээр дурдсан Хувь хүний нууцын тухай хуулиас өөр зохицуулалт байхгүй бөгөөд Өгөгдлийг хамгаалах ерөнхий журамтай дүйцэхүйц нарийвчилсан зохицуулалт үгүйлэгдэж байна. Ер нь цаашид энэ талаар нарийвчилсан зохицуулалттай болох зайлшгүй шаардлагатай ургаж гарна гэж үзэж байна.

- Гэхдээ сошиал медиа компаниуд үнэгүй үйлчилгээ үзүүлдэг. Үнэгүй үйлчилгээг авахдаа бид тодорхой хэмжээгээр хувийн мэдээлэл, датагаа өгөх нь тийм ч буруу зүйл биш гэж нэг талаас бодож болохоор. Үүнтэй холбогдох зохицуулалт шаардлагатай юу?

- Бид ихэнх сошиал медиа платформыг үнэгүй ашигладаг. Гэхдээ ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд учраас мэдээж орлого чухал. Орлого олох чухал хэрэгсэл нь дээр дурдсан зорилтот маркетинг буюу бидний хувийн мэдээлэлд суурилсан зар сурталчилгаа юм. Өнгөрсөн жил Кэмбридж Аналитика компани Фэйсбүүкийн 83 сая хэрэглэгчийн мэдээллийг төөрөгдүүлж авсан цаашлаад улс төрийн сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх асуудал маш их дуулиан тарьсан. 

Үүнээс болж Кэмбридж Аналитикад хэрэглэгчдийнхээ мэдээллийг зөвшөөрөлгүй өгсөн гэсэн үндэслэлээр Фэйсбүүк компанийг 5 тэрбум ам.доллараар торгоод байна. Англид үүсгэн байгуулагдаж, улс төрийн сонгуульд зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан Кэмбридж Аналитика компани нь сонгогчдын профайлд үндэслэн зорилтот маркетингийн үйл ажиллагаа эрхлэхдээ хэрэглэгчдийн мэдээллийг зөвшөөрөлгүй авсан буюу тухайн хэрэглэгчид өөрсдийнх нь талаар мэдээлэл гуравдагч этгээдэд очиж байгааг мэдээгүй байсан гэж үздэг. 

Фэйсбүүкээр дамжуулж тоглоом тоглох, асуулт хариултын аппликэйшн ашиглах нь таны профайлд хандаж мэдээлэл авах боломжийг гуравдагч этгээдэд олгож байна гэсэн үг юм.

Харин Фэйсбүүк компани холбогдох мэдээллийг хэрэглэгч тус бүрээс зөвшөөрөл авсны үндсэн дээр гуравдагч этгээдийн аппликэйшнээр дамжуулж, хууль ёсны дагуу авсан хэмээн тайлбарлаж буй. Фэйсбүүкийн нэг онцлог нь гуравдагч этгээд аппликэйшн байршуулах, хэрэглэгчидтэй холбогдох платформыг бий болгодог. Өөрөөр хэлбэл, Фэйсбүүкээр дамжуулж тоглоом тоглох, асуулт хариултын аппликэйшн ашиглах нь таны профайлд хандаж мэдээлэл авах боломжийг гуравдагч этгээдэд олгож байна гэсэн үг юм.  Гол нь хувь хүний мэдээллийг ямар зорилгоор ашиглах нь ил тод биш байдаг.  Кэмбридж Аналитика компани нь Их Британийг Европын холбооноос гарах эсэх асуудалд ард нийтийн санал асуулга явуулах үеэр Европын холбооноос гарахыг дэмжсэн улс төрийн хүчинд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байдаг. Цаашлаад, АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын сонгуульт ажилд зөвлөсөн. Өөр хэд хэдэн улсын сонгуультай холбогдуулж зөвлөгөө өгсөн байдаг. Netflix үүнийг асуудлыг хөндөж, Great Hack нэртэй сонирхолтой баримтат кино гаргасан байна лээ. 

Бидний хувийн мэдээллийг ашиглан зорилтот маркетинг, зар сурталчилгааг хийх нь амьдралыг хялбарчилж болох ч нөгөө талаас эл мэдээллийг ашиглан бидний сонгох эрх хийгээд ардчилсан сонгуулийн шударга, өрсөлдөөнт байдалд зүй бусаар нөлөөлөх, нэг улс төрийн аль нэг хүчинд хэт давамгай байдал үүсгэж болзошгүй. 

Сэтгэл судлал, нийгмийн шинжлэх ухаанд гарсан дэвшилтэт онолд суурилан олон нийтийн санаа бодлыг өөрчлөх, сонгуулийн шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжтойг Кэмбридж Аналитика компанийн үйл ажиллагаа харуулсан гэж үздэг. 

Манай улсын хувьд ч гэсэн Фэйсбүүкээр дамжуулж хүргэсэн зар сурталчилгааны зардал өндөр дүнтэй гарсан. Үүнд иргэд бид сэрэмжтэй хандаж, үнэн бодит мэдээлэл хүлээн авч байгаа эсэхээ нягталж байх шаардлагатай юм. 

Хувь хүний зөвшөөрөлгүйгээр бичлэг хийх, зураг авах цаашлаад тухайн хүний зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх нь хүний эрхийг зөрчсөн үйлдэлд тооцогдож болно.

- Саяхан Хонконгийн алдартай дуучин Сэмми Чений нөхөр таксинд сууж явахдаа өөр бүсгүйтэй үнсэлцсэн бичлэгийг Хятадын сайтаар цацаж шуугиан тарьсан. Хэрэв таксинд нууц камер суурилуулсан бол жолооч үүнийг үйлчлүүлэгчдээ сануулах ёстой байтал тэгээгүй, цаашлаад хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн гэх мэт олон асуудал сөхөгдсөн. Манайд ч бас үүнтэй төстэй үйл явдлууд гарч байсан. Хамгийн наад зах нь гудамжинд танихгүй хүнтэй маргалдвал гар утсаар бичлэгийг нь хийгээд сошиал орчинд элдэв тайлбартайгаар тавих нь хэвийн үзэгдэл болж байна. Уг нь, энэ бол хууль зөрчсөн үйлдэл шүү дээ. Энэ тохиолдолд тухайн иргэн хэрхэн өөрийгөө хамгаалж, нэр төрөө сэргээлгэх вэ? 

Мэдээж хүний нэр төр, алдар хүндийг гутаасан буюу худал мэдээлэл тараах нь гүтгэх зөрчилд тооцогдож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага хүлээлгэх боломжтой.  Гэхдээ худал мэдээлэл тараахаас гадна хувь хүний зөвшөөрөлгүйгээр бичлэг хийх, зураг авах цаашлаад тухайн хүний зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх нь хүний эрхийг зөрчсөн үйлдэлд тооцогдож болно. 

Үүнээс гадна хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдсан мэдээлэл үнэн бодит боловч хэт хувийн шинж чанартай байвал яах вэ, тухайн мэдээллийг дэлгэсэн байгууллага, хувь хүнийг буруутай гэж үзэх үү гэдэг асуудал маргаан дагуулдаг. Нэг талаас, уг мэдээлэл нь нийтийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц ач холбогдолтой гэж үзвэл иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор олон нийтэд мэдээлж болно гэсэн үндэслэлийг хэвлэл мэдээллийнхэн хэлдэг бол нөгөө талаас, хэт хувийн асуудлаар мэдээллээ алдсан иргэн хувийн амьдрал, шашин шүтлэг, орлого гэх зэрэг мэдээлэл нь хувь хүний халдашгүй байдалд хамаарах мэдээлэл гэж үзэн гомдол гаргах нь бий. 

Энэ дээр нэг сонирхолтой жишээ дурдъя л даа. 2004 онд Английн алдарт загвар өмсөгч Наоми Кэмпбеллийг хар тамхинд донтсон хүмүүсийн “нэргүй” цугларалт уулзалтаас гарч явахад зургийг нь дарж, “The Mirror” сонинд нийтэлсэн. Уг үйл явдлын дараа Наоми Кэмпбелл хувь хүний нууцад халдсан гэж шүүхэд гомдол гаргасан бөгөөд Английн шүүх Хүний эрхийн актад үндэслэн Кэмпбеллийн талд шийдвэр гаргасан байдаг. Их Британи Европын Хүний Эрхийн Конвенцийг дагаж мөрдөх зорилгоор 1998 онд баталсан Хүний эрхийн актад “reasonable expectation of privacy”-тай холбоотой заалт байдаг. Энэхүү заалтын дагуу аль нэг хувь хүний талаарх мэдээлэл олон нийтэд цацагдсантай холбоотой асуудал үүссэн тохиолдолд тухайн хувь хүн уг мэдээллийг хувийн нууцдаа хамааруулж, хамгаалуулах үндэслэл бүхий хүлээлттэй байсан эсэхийг шүүх нягталж, шийдвэр гаргахдаа харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл, барууны орнуудад хувь хүний халдашгүй байдал болон хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд аль аль талын байр суурийг тун хянамгай шинжилж үздэг. 

Сүүлд гарсан нэг сонирхолтой жишээг дурдвал, Английн хунтайж Харри, эхнэр Меганы хамт Английн нэр бүхий сонинуудын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Меганы аавдаа бичсэн захидлыг сонинд нийтэлсэн нь хувь хүний нууцлалтай холбогдох эрхийг зөрчсөн гэх маргаан байсан юм. Английн шүүх хувь хүний мэдээллийн нууцлал эсвэл хэвлэлийн эрх чөлөөний алийг илүү хамгаалж, шийдвэр гаргах нь сонирхолтой.    

Сонгуульт ажил хийж байгаа эсхүл хийхээр эрмэлзэж байгаа хүний талаар бодит мэдээллийг олон нийтэд аль болох их хүргэхэд хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдол оршино.

- Манайд Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг гүтгэлэг тараасан гэх үндэслэлээр торгож байгаа нь эргээд хэвлэлийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж байгаа юм шиг санагддаг. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? 

- Зөрчлийн тухай хуульд зааснаар, цацагдсан мэдээлэлтэй холбоотой гомдол ирсэн тохиолдолд тухайн сэтгүүлч, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллага нь уг мэдээлэл үнэн зөв гэдгийг нотолсны үндсэн дээр гэм буруугүй гэдгээ хамгаалах боломжтой байдаг. Гэтэл энэ нь эргээд эх сурвалжаа нууцлах эрхийг хязгаарлаж цаашлаад хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрх хумигдахад хүргэх эрсдэлтэй. Мэдээж хувь хүн, хуулийн этгээдийн талаар илтэд худал, гүтгэсэн мэдээлэл тарааж болохгүй ч олон нийтийн мэдээлэл авах эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэтэрхий хязгаарлах, царцаахаас сэргийлэх шаардлагатай. Ардчилсан нийгэмд бид дөрвөн жил тутам болдог сонгуулиар төрийн эрх барих нам, гишүүдийг сонгож саналаа өгдөг. Түрүүн дурдсанчлан, бид сонгох эрхээ бодитойгоор хэрэгжүүлэхэд мэдээлэл чухал үүрэгтэй. Бидний саналыг авахаар сонгуульт ажил хийж буй хүмүүсийн талаар аль болох бүрэн, үнэн зөв мэдээлэл авч байж бид сонгох эрхээ бүрэн утгаар хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Тиймээс нийтийн ашиг сонирхлын төлөө сонгуульт ажил хийж байгаа эсхүл хийхээр эрмэлзэж байгаа хүний талаар бодит мэдээллийг аль болох их хэмжээгээр олон нийтэд хүргэхэд хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдол орших байх.

Манай улсад хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалсан зохицуулалт дутагдалтай байна гэж би боддог. Мэдээж, хэвлэлийн эрх чөлөөний баталгааг олгохын зэрэгцээ сэтгүүлчдээс хариуцлага, ёс зүйг шаардах ёстой. Аливаа асуудлыг үнэн зөвөөр, бүрэн мэдээлэх нь сэтгүүлчдийн үүрэг байх. Олон нийтийг төөрөгдүүлэхүйц эсхүл үнэн бодит мэдээлэл хэдий ч нийтлэлийн бодлогодоо нийцүүлэн бусад чухал мэдээллийг орхигдуулснаас үүдээд тухайн хүний талаар буруу ташаа ойлголт үүсч, нэр хүндэд нь хохирол учирч болно. Энэ асуудлыг мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хүрээнд шийдвэрлэх ёстой гэж боддог.  

- Тэгвэл дэлхий дахинд эл асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ? 

Дэлхийн улс орнууд үүнтэй төсөөтэй асуудалд өөр өөр шийдэл гаргах нь бий. Жишээ нь, АНУ-ын Дээд шүүхээс хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах зорилгоор 1960-аад онд нэгэн сонирхолтой шийдвэрийг гаргасан байдаг. Төрд ажилладаг албан тушаалтан өөрийнх нь талаар сурвалжилсан сэтгүүлчийг гүтгэсэн үндэслэлээр шүүхэд хандаж ялалт байгуулахын тулд хоёр зүйлийг батлах шаардлагатай гэжээ. Нэгдүгээрт, өөрийнх нь талаар гарсан мэдээлэл худал мэдээлэл болохыг, хоёрдугаарт, холбогдох мэдээлэл худал байсныг тухайн сэтгүүлч мэдэж байсан гэдгийг нотлох ёстой болдог. Эндээс үзвэл, хоёр дахь шалгуур буюу сэтгүүлч холбогдох мэдээллийг худал гэдгийг мэдэж байсан гэдгийг шүүхэд нотлох бараг боломжгүй буюу маш хэцүү. Энэ шийдвэрээс хойш улс төрч буюу нийтийн ашиг сонирхлын төлөө  сонгууль ажил эрхэлдэг хүмүүс сэтгүүлчдийн эсрэг нэхэмжлэл гаргаад ялсан тохиолдол маш ховор. Америкт хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан хэд хэдэн чухал шийдвэрийг Дээд шүүхээс нь гаргасан бөгөөд дээр дурдсан шийдвэр зөвхөн нэг жишээ нь юм. Үүнээс гадна төрийн нууцлалтай холбоотой мэдээлэл болон олон нийтийн мэдээлэл авах эрхтэй холбогдуулж 1971 онд чухал шийдвэр гаргасныг The Post кинонд их сонирхолтойгоор харуулсан байдаг. 

- Манайд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг авах нь олширч байна. Саяхан би хөнгөлөлтийн карт нээлгэх гэтэл хурууны хээ, регистрийн дугаар шаардсан. Зарим санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг аппликэйшнүүд иргэний үнэмлэхийн зураг оруулахыг шаарддаг юм билээ. Бизнесийн байгууллагуудад ийм мэдээлэл авах эрх бий юу? 

Бизнесийн байгууллагууд хэрэглэгчээ таньж мэдэх, баталгаажуулах зорилгоор олон төрлийн мэдээлэл цуглуулдаг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед манайд үүрэн телефоны компани болон банкууд хурууны хээ ашиглаж үйлчилгээ үзүүлэх нь нэмэгдэж байна. Гэтэл гадаадын улс орнуудад энэ нь тийм ч зохистой хэрэглээнд тооцогддоггүй бөгөөд ялангуяа хурууны хээгээ уншуулж урамшууллын карт нээлгэдэг, ашигладаг тохиолдол барууны орнуудад ховор эсхүл бараг байхгүй гэж хэлж байна. Мөн иргэний бүртгэлийн зорилгоор ашигладаг регистрийн дугаар нь манайх шиг төрсөн сар, сар, хүйс зэргийг илэрхийлдэггүй, санамсаргүй тоо байх нь элбэг. Бидний регистрийн дугаарын эхний 6 орон төрсөн он сар байдгийг хүн бүр мэдэх байх гэхдээ сүүлийн хоёр орноос хүйсийг мэдэх боломжтой гэдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй болов уу. Түүнчлэн, регистрийн дугаарын эхний хоёр үсэг бидний төрж, өссөн газрын байршлыг мөн илэрхийлдэг. Тэгэхээр, бид регистрийн дугаараа өгснөөр өөрийн төрсөн огноо, хүйс зэрэг мэдээллийг баталгаажуулах боломжийг олгож байгаа юм. 

Иргэний бүртгэлийн зорилгоор ашигладаг регистрийн дугаар нь манайх шиг төрсөн сар, сар, хүйс зэргийг илэрхийлдэггүй, санамсаргүй тоо байх нь элбэг.

Цахим шилжилт сэдвийн хүрээнд бизнесийн байгууллагын үйлчилгээнээс гадна төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авдаг болох асуудал хөндөгдөх болсон. Тухайлбал, шаардлагатай үйлчилгээг авахын тулд тухайн иргэний хурууны хээ ашиглан бүртгэлийн системд нэвтрэх боломж бүрдсэн. ХУР системд нэвтэрснээр иргэний бүртгэлийн мэдээллээс гадна эд хөрөнгийн эрхийн бүртгэл, нийгмийн даатгал төлсөнтэй холбогдох мэдээлэл гээд өргөн цар хүрээтэй мэдээллийг авах боломжтой. Бизнесийн байгууллагууд харилцагчаа таньж мэдэх, бүртгэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байж болох ч ХУР системээс авч байгаа мэдээллийн цар хүрээ тухайн зорилгод нийцэж байгаа эсэхэд хяналт тавих боломж иргэдэд бий эсэхийг бодолцох нь зүйтэй. Яагаад гэвэл, бизнесийн байгууллагууд хурууны хээ, регистрийн дугаарыг ашиглан таны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл олж авах боломжтой, цаашлаад өөрсдөдөө давуу байдал ч үүсгэж болох юм. 

Энэ бол үйлчилгээ авч буй иргэн болон үйлчилгээ үзүүлж буй бизнесийн байгууллага нарын хооронд зохицуулагдах асуудал гээд орхиж болохгүй.

Тиймээс, бизнесийн байгууллага хэрэглэгчийн хурууны хээ, регистрийн дугаар гэх мэт чухал мэдээллийг авсан тохиолдолд хуулийн хүрээнд хадгалан хамгаалах, авсан зориулалтын дагуу ашиглаж буй эсэхэд төр тодорхой хэмжээгээр хяналт тавьж, тэнцвэртэй зохицуулалт хийх, шударга өрсөлдөөнийг бий болгох, иргэдийн эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Энэ бол үйлчилгээ авч буй иргэн болон үйлчилгээ үзүүлж буй бизнесийн байгууллага нарын хооронд зохицуулагдах асуудал гээд орхиж болохгүй байх. 

- Хувь хүн сошиал медиа, олон нийтийн сүлжээнд ямарваа нэгэн мэдээлэл түгээхдээ хянуур болгоомжтой байх нь зүйтэй гэж боддог. Саяхан АНУ-д охиныхоо фэйсбүүк постоос болж эцэг эх нь 80 мянган доллар төлөхөөр болсон тухай мэдээлэл манай сайтад орж байсан. Энэ мэтчилэн хэрэглэгч өөрөө мэдлэг, мэдээлэлгүйгээс болж хохирох тохиолдол гарч байна. Тэгэхээр онлайнд ямар нэгэн мэдээлэл тараахдаа, шэйрлэхдээ юуг анхаарвал зохилтой гэж та боддог вэ? 

- Фэйсбүүк дээр пост, мэдээ оруулахдаа яалт ч үгүй нууцлалтай мэдээлэл олон нийтэд ил болгож байгаа эсэхийг бодолцох хэрэгтэй. Охин нь пост оруулснаас болж ээж аав нь хохирсон гэх мэдээллийн хувьд, аав нь өмнөх ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээг хууль бус үндэслэлээр цуцалсан гэх маргаантай байгаад эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэхүү эвлэрлийн гэрээнд гэрээтэй холбогдох мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх үүрэг хүлээсэн байсныг охин нь задруулснаар асуудал үүссэн байна. Аав нь мэдээллийн нууцлал задруулах үүргээ биелүүлээгүй гэж буруутгагдсан хэрэг л дээ.

Хувийн мэдээллээ дэлгэх эсэх нь хувь хүний асуудал ч гэлээ тэр мэдээллийг хэн нэгэн хэзээ нэгэн цагт таны эсрэг ашиглах нөхцөл үүсэж болно гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Ажиглаж байхад хүний нас, амьдралын туршлагаас хамаараад олон нийтийн сүлжээнд дэлгэж буй мэдээллийн цар хүрээ харилцан адилгүй байдаг. Өсвөр насныхан, залуучууд нийгмийн сүлжээнд өөрийнхөө талаар мэдээллийг өгөх, дэлгэхэд бэлэн байх нь бий. Гэвч нийгмийн сүлжээ бидний бодож байгаа шиг аюулгүй орчин мөн үү, энэ үйлдлийнхээ төлөө дараа нь харамсахгүй байж чадах уу гэдгээ нухацтай бодоорой гэж хэлмээр байна. Хувийн мэдээллээ дэлгэх эсэх нь хувь хүний асуудал ч гэлээ тэр мэдээллийг хэн нэгэн хэзээ нэгэн цагт таны эсрэг ашиглах нөхцөл үүсэж болно гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Би Харвардын хуулийн сургуульд сурч байхад сонирхолтой санагдсан нэг зүйл нь зарим америк оюутнууд үдэшлэг, цугларалт дээр зургаа огт авахуулдаггүй, авахуулахаас зайлсхийдэг байсан. Энэ нь ирээдүйд зургийг нь ямар нэг зорилгоор ашиглахаас сэргийлж байгаа үйлдэл гэж би тухайн үед ойлгож байлаа /инээв/.

- Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

power 2020.01.19 3.91.193.2

Б.Солонгоо: Олон улсад бизнесийн байгууллагууд хэрэглэгчийн хурууны хээ, регистрийн дугаарыг ашиглаж үйлчилгээ үзүүлдэг жишиг байхгүй

0 Хариулах


Bank 2019.12.11 202.55.191.194

Golomt bank Khanbank huruunii heegeer gvilgee hiihdee zaaval huruugaa dar gej shahaj bgag yu gej bodoj bn we

0 Хариулах


Зочин 2019.12.10 66.181.182.35

Залруулга: ЕХ-ны GDPR 2018 онд биш 2016 онд батлагдаж, 2018 оноос мөрдөгдөж байгаа.

0 Хариулах