Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Бун Жун У: Хамгийн аймшигтай нь ирээдүйд ч баян ядуугийн ялгаа алга болохгүй


“Шимэгч” (Parasite, 2019) киногоороо Оскарын кино наадмын 4 төрөлд шагнал хүртсэн, Өмнөд Солонгосын найруулагч Бун Жун Угийн “The-talks.com”-д ноднин өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Найруулагч Бун, таны бараан комеди бүтээл нэгэнт бусдаас ялгарч танигдлаа. Харин та өөрийгөө гутранги үзэлтэн гэж хэлэх үү?

-Би өөрийгөө хэзээ ч тэгж хэлэхгүй. Өмнөө буй бодит байдалтай л шударгаар нүүр тулахыг хүсдэг хүн. Хүн төрөлхтөн өмнөө буй бодит байдлыг харж чадахаар ухаалаг утас гэх мэт дэвшлүүд бүтээж байгаа ч өнгөрсөн 30 жилийн хугацаанд баян ядуугийн зай арилчихав уу гэвэл үгүй. Хүүхэдтэй хүний хувьд, хүүгийн минь үед байдал дээрдэх болов уу гэвэл мөн л үгүй болов уу. Чингээд бодохлээр, би маш их айдаг. Уг айдас, уй гунигаа үнэнээр нь хүлээн авч, илэрхийлэхийг зорьсон нь “Шимэгч” тэргүүтэй бүтээл маань юм.

-Энэ айдас танд сүүлийн үед төрсөн үү? Эсвэл удаан бодож явав уу?

-Би 2013 онд “Цас ханзлагч” (Snowpiercer, 2013) дээр ажиллаж байх үедээ санаагаа хөгжүүлж эхэлсэн. Галт тэргэнд ч өөр өөр тасалгаанд суух баян ядуусын зай, нийгмийн ялгаа, үе ангийн зовлон гээд эдийн засгийн туйлшрал дахь баян ядуугийн ялгаа одоо ч хэвээрээ. Гэхдээ “Шимэгч” дээр өөрийн хүрээллийнхээ зааг ялгааг өдөр тутмын байдлаар нь гаргахыг хүссэн.

“Бид бүгд баян ядуугийн зайг мэдэрч байгаа ч хамгийн аймшигтай нь ирээдүйд ч баян ядуугийн ялгаа алга болохгүй”
– Бун Жун У

-Та кино, телевизээр гардаг Өмнөд Солонгосын чинээлэг гэр бүлүүдийн тухай нэгэнт хэвшсэн зураглалыг харуулахгүй байхыг зорьсон ч юм шиг?

-Тийм шүү. Ялангуяа солонгос телевизийн шоу, ердийн уянгын драм, уламжлалт сөрөг дүрүүдийг илт ховдог шунахай дүрсэлж, уур хилэн, харгис хэрцгий байдлаар нухчин дарах ёстой мэтээр харуулдаг. 1995 онд би анх Матьё Кассовицийн “La Haine” киног үзээд үнэхээр гайхширч, Парист тийм гойд газрууд байдгийг анх удаа л харж байсан. Парист ядуу, дундаж бүлгийн хороолол гэж байдгийг ч мэдээгүй хэрэг. Парисын тухай бодоход надад хүмүүс өргөн чөлөөнд дарс уунгаа баян хуур хөгжим сонсож буй мэтээр л төсөөлөгддөг байв. Солонгос бол маш чинээлэг, өндөр хөгжилтэй орон хэдий ч улс орон хөрөнгөжихөд баян ядуугийн дундах зай тэр хэмжээгээр өргөждөг.

-Аль ч улс оронд ийм зовлон бэрхшээл тулгарч байгаа нь харамсалтай...

-Бүх улсад бий нь үнэн. Өөр өөр давхаргуудад харилцаа, ойлголцол, хайр энэрэл байх агаад кинонд гардаг шиг аймшигт зүйл ч болох боломжтой. Бид бүгд баян ядуугийн энэ зайг мэдэрч байгаа ч үнэндээ хамгийн аймшигтай нь ирээдүйд ч ялгаа алга болохгүйд байгаа юм. Бүгд мэдэж байгаа ч биеэр туулахад хэцүү.

-Тэрхүү айдас, сэтгэл хөдлөлөө бодитоор, хүнээр дамжуулан илэрхийлэхдээ итгэлтэй байв уу? Жүжигчдийн сэтгэл зүйд та хэр нөлөөлсөн бэ?

-Найруулагчийн үүднээс жүжигчдэд дүрийг нь илүү мэдрүүлэхийн тулд бүх үзэгдлийг илүү энгийн, дундаж байлгахад анхаарсан. Би тэдэнд “Өө, энэ текстийг унших юм бол улс төрийн агуулгатай байгаа биз?” гэхээсээ илүүтэй “Дүрээ ямар уй гунигтай байгааг нь мэдэрч байна уу?” гэхчлэн дүрдээ илүү ороход нь тусалсан. Үүний зэрэгцээ дүрс үзэгдэл, зай талбай гэдэг яг л жүжигчид, дэлгэцийн тавилт шиг киноны амжилтад нөлөөтэй гэж би үздэг.

-Юу гэсэн үг вэ?

-Би зураг авалтад маш аятайхан талбай олох ч юм уу, бодон төсөөлөхдөө эгээ л тун сайн жүжигчин олсон мэт донслон баярладаг. Жишээлбэл “Окжа” (Okja, 2017) кинонд Солонгосын хөдөө тосгоны уулсаас Нью Йоркын Волл Стрийт хүртэл хэд хэдэн өөр өөр газраас бүрдсэн том аяллыг дүрсэлдэг. Харин “Шимэгч” театрын продакшнд дөхөж очихуйц зохиолтой. Зай талбайд ихэд анхаарсан бөгөөд киноны бараг 90 хувь нь 2 байшин дотор л өрнөнө. “Цас ханзлагч” дээр хөндлөн шугам зураг авалтад их чухал байсан бол “Шимэгч” босоо шугамуудаас бүрдсэн кино учир их ур чадвар шаардсан гэх мэт.

-Та 2018 онд “Окжа”-г гаргасан. Та ахин театрт зориулан кино бүтээхдээ баяртай байсан уу?

-Бид “Окжа”-г бүтээж байхад, зураг авалтын дарга бид хоёр энэ киног хүмүүс ухаалаг гар утсаараа битгий үзээсэй гэж хүссэн. Гол дүрийн охин дэлгэцээр маш жижиг гардаг гэхчлэн урт зураг авалтууд, олон нарийн шотуудыг үзэгч театрт очоод, ядаж л том дэлгэцээр үзэхээс аргагүй байдлаар хүрээлсэн. Би дэлгэцийн бүтээл хийх дуртай бөгөөд, Netflix-тэй ч ахин ажиллахдаа баяртай байна. Гэхдээ л кино театр гэдэг кино урлагийг хүртэх хамгийн шилдэг орон зай бөгөөд үзэгч зогсох товчлуурыг дардаггүй цорын ганц талбар шүү дээ.

-Таны бие даасан уран бүтээл туурвих дуртайгаас болсон уу, “Окжа”, “Цас ханзлагч” аль аль нь их хөрөнгөөр бүтсэн кино?

-Би цаашид “Эх” (Mother, 2009) болон “Аллагын дурсамж” (Memories of Murder, 2003) кинонууд шиг төсөрхөн хэмжээ, хөрөнгөөр бүтсэн кино хийхийг илүүд үзнэ. Бага хөрөнгөөр кино бүтээхэд их амар бөгөөд жижиг хэсгүүдэд ч их анхаарч чаддаг. “Цас ханзлагч”, “Окжа” гэх мэт зардал ихтэй кино бүтээхэд надад зөвхөн найруулгаа хийхээс гадна тэр хөрөнгөд цаг зарцуулах шаардлага тулгардаг. “Окжа”-д л гэхэд зөвхөн гахайны зураг авалтыг 320 гаруй удаа хийсэн учир их цаг, эрч хүч шаардсан. “Шимэгч”-ийн хувьд, дүр нэг бүрт болон нарийн жижиг хэсгүүдэд анхааран ажиллахдаа их баяртай байсан.

“Кино театр гэдэг кино урлагийг хүртэх хамгийн шилдэг орон зай бөгөөд үзэгч зогсох товчлуурыг дардаггүй цорын ганц талбар.”
– Бун Жун У

-Та аль сценээ хамгийн сайн болсон гэж үздэг вэ?

-Үзэгч дүр нэг бүрийг үнэрлэж буй мэт тийм нарийн деталь, хэсгүүдийг оруулахыг би хүсдэг. 

Би өөрийгөө жанртай найруулагч гэж үздэг. Улс төрийн юм шиг хэрнээ уран зөгнөл агуулсан байх жишээний. “Цас ханзлагч”, “Окжа” хоёулаа уран зөгнөлт өнгө аястай ч үзэгчид улс төрийн ч гэж тодорхойлж юун магад. Харин “Шимэгч”-д баян ядуу ялгааг гардаг тул өнгөн талаасаа улс төрийн гэж тодорхойлж болох ч, би энэ киног зүгээр нэг улс төрийн шүүмж болгохыг хүсэхгүй байна.

Эх сурвалж: The-talks.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
7 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.