Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

#БүүТүгээ | Бидэнд яагаад мэдээллийн боловсрол хэрэгтэй вэ?

Интернэт технологи, сошиал медиагийн нөлөөгөөр мэдээ, мэдээллийн ялгаа зааг улам бүдгэрч буй энэ үед мэдээ, мэдээллийг ялган таних боловсролын тухай ярих нь зайлшгүй болжээ.


Зургийг @Билгүүний Харандаа


Та өдөр тутмын амьдралдаа хэр их дохио, тэмдэгт ба мэдээлэл хүлээж авдаг вэ? Бодоод үз дээ, ТВ, радиогоор, гар утаснаас, зарлалын самбар, видео, дуу хөгжим гээд мэдээлэл, утгат мессежийг бид маш олон хэрэгслээр дамжуулан хүлээн авч байна. Монголд энэ тоог хараахан судалж гаргаагүй байна. Гэхдээ дэлхий дахинд дунджаар нэг хүн өдөрт 4000-6000 орчим дохио, мэдээлэл хүлээн авдаг гэх тооцоо гаргасан байна. Энэ бүхнийг бид нэг бүрчлэн ухамсартайгаар шүүн тунгаадаг уу гэвэл үгүй. Харин мэдээлэл, мессежтэй харилцах чадвар маань урт хугацааны явцад дадал болж, эдгээрийг хүлээн авч, нэг бол хаяж, үгүй бол хадгалж, басхүү түгээдэг байна. 

Энд дурдах ёстой нэг зүйл бол мэдээ, мэдээллийн ялгаа. Бид гол төлөв мэдээ, мэдээлэл гэж хамтатган ярьдаг ч мэдээ гэдэг бол эх сурвалжаас мэдээлэл авч, түүнийг задлан шинжилж, баримтыг нягталж, нэмэлт мэдээллээр баяжуулан хүргэдэг мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл юм. Харин мэдээлэл бол бидний өдөр тутмын харилцан яриа, дохио тэмдэгт, дуу хөгжим, видео тоглоом гээд бүхий л замаар ирж буй шинэ мэдээллийг хэлнэ. Ялангуяа интернэт технологи, сошиал медиагийн нөлөөгөөр мэдээ, мэдээллийн ялгаа зааг улам бүдгэрч буй энэ үед мэдээ, мэдээллийг ялган таних боловсролын тухай ярих нь зайлшгүй болжээ.

Тэгэхээр мэдээлэлтэй харилцах энэ дадал, чадвар хэзээ суудаг вэ? Яг л бид хорвоод мэндлээд хөлд орохтой адил мэдээллийг хүлээн авахдаа ч “хөлд орох”, түүнд суралцах хэрэгцээ, шаардлагатай болоод байгаа юм. Учир нь, мэдээлэл технологийн хөгжлийн нөлөөгөөр цэцэрлэгийн насны хүүхэд л гэхэд өдөрт 70 орчим мессежийг мэдээллийн хэрэгсэл болон гар утасны видео тоглоом, дижитал самбараас хүлээн авдаг. Хүлээн авсан мэдээллээ ашиглан эргээд нийгмийн харилцаанд оролцож байна. Амьд харилцаанд оролцож бусдад өөрийгөө илэрхийлж байгаатай зэрэгцээд сошиал медиа орчинд хүртэл бусадтай харилцаж, мэдээлэл түгээж, санаа бодлоо илэрхийлж байгааг бас та эргэцүүлээд үзээрэй. Энэ ч утгаараа бид мэдээллийн боловсролыг “том” хүмүүст л байдаг ур чадвар гэхээс илүүтэй хөлд орох, бичиг үсэгт тайлагдахтай ижил амьдралын суурь чадвар, ухаан гэдгийг зөвшөөрөх цаг болжээ. 

ЮНЕСКО-гоос үүнийг XXI зууны иргэний заавал тайлагдах зургаан эрдэм гэж нэрлэн тодорхойлсон байна. Юун түрүүнд (1) бичиг, үсэгт тайлагдах, (2) компьютер технологид, (3) хэвлэл мэдээллийн хэрэгсэлд, (4) цахим сургалтад, (5) соёлд болон (6) мэдээлэлд гэж ангилжээ. Энэ эрдмийг эзэмшсэн хүн өнөөгийн Мэдээллийн нийгэм, эрин зуунд амьдрах чадвартай болно гэж үзсэн байна. Энд түр зогсоод Мэдээллийн нийгмийн тухай товчхон ярилцъя л даа. Ер нь яагаад мэдээллийг, мессежийг танихыг чухалчлаад байгаа юм бэ? 

Сэтгүүлзүйн номд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь нийгэмд тодорхой үр нөлөөг үзүүлж байдаг гэсэн нь бий. Мэдээж хамгийн түрүүнд мэдээлэх, улмаар соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх гээд дурдаж болно. Эндээс хамгийн сүүлд зохион байгуулах роль гэж бий. Цаг агаарын мэдээ үзээд маргааш та ямар хувцас өмсөхөө шийддэг. Замын хөдөлгөөнийг хотын аль хэсэгт хааж, аль хэсэгт түр зам нээсэн бэ? Үүнийг хараад хот даяараа хэн, хаагуур зорчихоо шийдэж, тодорхой зохион байгуулалтад орж байдаг. Тэгэхээр мэдээлэл гэдэг зөвхөн хүлээн аваад зогсохгүй, түүгээр дамжуулж нийгэм өөрөө зохион байгуулалт, дэг журамд орж байдаг. Энэ бол ердөө өдөр тутмын мэдээллийн үр нөлөө гэж болно. 

Харин цаашлаад улс орны хувь заяаг хүртэл шийдэж болохыг бид Арабын хаврын үйл явдлуудаас харсан. Тухайн үед Facebook-т үүсгэсэн группт залуус цуглаж, мэдээлэл солилцож, үзэл бодлоо хуваалцах зэргээр харилцан тэмцлийн хэлбэр, зохион байгуулалтад орж байсан тухай удирдагч нь болох Ваэл Гоним дурссан байдаг. Улмаар тэр “Нийгэмд эрх чөлөөг авчиръя гэвэл интернэтийг, мэдээллийг чөлөөл” гэж тунхагласан удаатай. Түүнчлэн 2014 онд болсон Хонконгийн Шүхэрт хувьсгалыг бас дурдаж болно. Арабын хаврын үеэр интернэтээр харилцаж байсан залуусын үйл ажиллагааг интернэт холболтыг тасалж, зогсоохыг оролдсоноос сургамж авсан уу гэлтэй Хонконгийн залуус Firechat гэх гар утасны сүлжээнд суурилсан аппликейшнийг ашиглаж мэдээлэл солилцож байв. Хөдөлгөөний удирдагч Жошуа Вонг Facebook хуудастаа энэ тухай мэдээлсэн даруй FireChat-ийг 460 мянга гаруй удаа татаж, нэг сая гаруй чат хэлэлцүүлэг цонхнууд нээгдсэн гэдэг. 

Энэ бүхэн бидний өдөр тутмын амьдралын үйл явдлаас эхлээд даян дэлхийн үйл хэрэг хүртэлх бүхий л харилцааг мэдээлэл зохицуулдаг болж байгаагийн нотолгоо. Энэ бол мэдээллийн хүч. Энэ бүхэн Мэдээллийн эринийг бий болгож байна. 

Нийтлэлч Б.Цэнддоо ч нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг шүү дээ. Мэдээлэл хүрдэггүй л байснаас биш хорвоо 100 жилийн өмнө одоогийнхоос ариун байгаагүй ээ гэж. Нэг ёсондоо одоо цагт л гэмт хэрэг оройдоо хүрээд, одоо цагт л хүний чанар тартагтаа тулаад, одоо цагт л бүх зүйл болохоо байсан юм биш ээ. Бидний өмнөх үед ч ийм явдал байсан. Гагцхүү тэр үед мэдээлэл өнөөгийнх шиг нээлттэй, хурдтай, хүртээмжтэй түгдэггүй байсанд учир бий. Мэдээллийн хурд, мэдээллийг хурдан дамжуулахын төлөөх өрсөлдөөний үр дүнд өнөөдөр эд хөрөнгө, зэр зэвсгээс гадна мэдээлэлтэй хүн хүчтэй, мэдээлэлтэй хүн эрх мэдэлтэйд тооцогдох болов. Тэгвэл энэ хүчинд тэмүүлэхдээ зарим хүн тодорхой зорилгын улмаас мэдээллийг хуурамчаар үйлдэж, түгээж байна. Үүнийг бид хуурамч мэдээлэл гэж нэрлэх болоод багагүй хугацааг өнгөрүүлээд байна. Мэдээллийг ангилан ялгаж, таньж чадахгүйн улмаас хуурамч мэдээллийн нөлөөгөөр хүмүүс үл ойлголцож, шийдвэр гаргахдаа алдаж, цаашлаад нийгмийн харилцаанд ч янз бүрийн саад, тотгор бий болж байна. Өвчин тараадаг гутал, халдвар тараадаг жимс зэрэг нь ямар эрчтэй олонд түгж, түүнийг эргээд залруулахын тулд цаг хугацаа, үр бүтээмжээ алдсаныг бид мэднэ. Нэмээд хуурамч мэдээ нь гол төлөв сэтгэл хөдөлгөсөн, айдас, жигшил төрүүлсэн шинжтэй байдаг учраас түгэх хурд нь бодит мэдээллээс олон дахин их байдаг. 

Мөн хуурамч мэдээлэл анх хаанаас, хэнээс түгснээс үл хамаараад үүнийг цааш дамжуулсан хүн ч бас хуурамч мэдээлэл түгээгч болдгийг та мэдэх үү? Тэр ч бүү хэл бусдын нэр төр, алдар хүндэд халдсан хуурамч мэдээллийг шэйр хийж, олонд дамжуулсан хүн “хам хэрэгтэн” болох ч эрсдэлтэйг хуульчид хэлдэг. Тэгэхээр мэдээллийг ангилж, таньж сурах нь зөвхөн хүлээн авах тухайд биш түүнийг ашиглах, түгээхтэй ч бас холбогдох юм. Бид хүүхэддээ багаас нь бусдад худлаа ярихгүй, бусдыг доромжилж муу, муухай үг хэлэхгүй байхыг зааж өдөр тутмын амьдралдаа ч соёлч, боловсон оролцохыг эрхэмлэдэг. Харин сошиал орчинд ч бас энэ бүхэн мөрдөгдөж байдгийг пост хийж мэдээлэл түгээхдээ тэр бүр анзаарах нь ховор. 

Эстонид энэ боловсролыг дунд сургуулийн хичээлд зайлшгүй үзэх, бие даасан хичээлийн хөтөлбөр болгон тусгасан байна. Хүүхдүүд мэдээлэл дамжуулж буй хэрэгсэл, аппликейшн зэргийг хэрхэн үр ашигтайгаар ашиглахад суралцдаг бөгөөд удахгүй сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт ч энэ агуулгыг тусгана гэжээ. Мөн Америкт хүүхдүүдэд гэртээ мэдээ үзэж, тэдгээрт анализ хийж эсээ бичих даалгавар өгдөг хэлбэр бий. 

Харин манай улсад энэ агуулга сургалтын хөтөлбөрт хараахан байхгүй бөгөөд мэдээллийн боловсролыг хангах нь зөвхөн сургалтын байгууллага төдийгүй мэдээлэл бэлтгэдэг редакциуд, түүнийг түгээдэг хэрэгслүүд, дамжуулагч компаниуд болон багш, судлаачдын хамтын ажил байдгийг гадаадын зарим орны жишээнээс харж болно. 

Тиймээс редакцийн хувьд Ub.life сайт хэрэглэгчид мэдээлэл хүлээн авч, түгээхдээ юуг анхаарах тухай зөвлөмжүүдэг хүргэх Мэдээллийн боловсрол цэсийг нэмсэн бөгөөд #БүүТүгээ хэштагийн дор цуврал мэдээллүүд хүргэж эхэлж байна. 

ЗурагТайлбар




Та хүүхэддээ зурагт үзүүлэхгүй, компьютер тоглоом тоглуулахгүй, гар утсаа өгөхгүй байж болно. Гэвч хүүхэд алхам тутамдаа мэдээлэл, мессежтэй тааралдаж буй. Гадаах самбарууд, түүгээр явж байгаа сурталчилгаа, цэцэрлэгтээ сурч байгаа дуу нь хүртэл хүүхдэд аливаа зүйлийн талаарх ойлголтыг суулгаж байдаг. Медиагаас, мэдээллээс та ч, таны хүүхдэд ч зугтах газар үгүй. Тиймээс эдгээрийг хэрхэн ойлгож, хүлээж авах, ашиглах, түгээх хандлагыг зааж өгөх нь хамгийн чухал шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Awal 2022.08.27 86.98.53.235

Lovely article very unique school of though has discussed. I am working in Training institute connected with students will read it out in my class of <a href="https://svarnainstitute.com/digital_marketing_course/">Digital Marketing Course</a>

0 Хариулах