Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Чамайг үргэлж дутуу үнэлдэг хүмүүстэй хэрхэн харилцах вэ?


Хэдэн жилийн өмнө, найз маань нэгэн танилдаа намайг танилцуулсан юм. Тэр ямар ажил хийдэг тухай надаас асуухад “Би онлайн видео цуврал дээр ажилладаг” гэлээ. Үнэндээ, хийдэг ажил минь амаргүй л дээ. Маш их төлөвлөлт, судалгаа шаарддаг, олон хүнтэй ярилцлага хийх хэрэгтэй байдаг юм. Харин найз маань "Тэр влоггер юм аа" гэж хэлээд нугхийн инээсэн. Эл үйлдлээрээ юуг илэрхийлэх гэснийг би сайн ойлгоогүй ч надад таатай санагдаагүй билээ. 

Зөвхөн ажил, мэргэжлийн тухайд ч биш, хувийн амьдрал, зуршил, шинэ чадвар эзэмших гээд та өмнөө ямар ч зорилго тавьсан байж болно. Гагцхүү бодит алхам хийхээс урьтаж бид гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонтойгоо "нүүр тулах", тэдний санаа бодлыг сонсох зайлшгүй шаардлагатай тулгардаг. Ойр дотны хүмүүсээсээ "Наадах чинь бүтэхгүй ээ, Чи чадах юм уу" гэх зөвлөгөөг сонссоны дараа өөртөө эргэлзэж, дэмжлэг дутагдаж, эцэст нь сэтгэл гонсгор хоцрох нь бий. Үүнийг нийгмийн сөрөг үнэлгээ гэж тодорхойлдог байна. Хэрэв таны амьдралд ийм зүйл тохиолдож байсан, одоо ч тохиолдсоор байгаа бол наашаа суугаад дараах зөвлөгөөг уншаарай.  

ШИНЖ ТЭМДГИЙГ ХАЙЖ ОЛ

Нэн тэргүүнд, танд нийгмээс эл дарамт ирж буй эсэхийг мэдэх нь чухал. Байгууллагын зан үйл сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд, нийгмийн сөрөг үнэлгээ гэдэг нь тухайн хүнд эерэг харилцаа үүсгэх, ажил мэргэжилтэйгээ холбогдолтой амжилт гаргах, нэр хүнд олж авах, түүнийг хадгалах боломжид саад болж буй зан үйл юм гэжээ. Энгийнээр тодорхойлбол, хувь хүний зорилго, амжилтыг сулруулдаг сөрөг зан үйл, хандлагыг нийгмийн сөрөг үнэлгээ гэж хэлж болно. Тэгвэл, эргэн тойрны хүмүүс чинь чамд сөрөг үнэлгээ өгч буй хэрхэн мэдэх вэ? 

Тэд бусдад ч бас ингэж ханддаг. Та ганцаараа ийм асуудалтай тулгараагүй гэдгийг санаарай. 

Чи тэдний хажууд байхдаа өөрийгөө хянаж, цэнэдэг. Тэдэнд ямар нэгэн зүйлийг баталж харуулах ёстой юм шиг мэдрэмж чамд төрдөг. 

Тэд тэр даруй л шүүмжилж эхэлдэг. Ийм хүмүүс ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө амьдралыг сонжин ярилцаж, зөв, буруу гэж шүүж эхэлдэг бөгөөд тэдэнд санаа зовсондоо ингэж байна гэж өөрсдийгөө зөвтгөдөг. 

Тэд бусдыг магтангаа "доошоо хийхдээ" сайн. Нүдэн дээр магтан, сайшааж буй мэт боловч нидэр дээрээ егөөдсөн, ёжилсон байдлаар үзэл бодлоо илэрхийлдэг. 

Тэд бусдыг уруу татахдаа сайн. Зорилгоос чинь хойш татах түмэн шалтгийг тэд санаатай эсвэл санамсаргүйгээр гаргаж мэднэ. Чамайг хоолны дэглэм барихаар хичээж байхад хажууд чинь түргэн хоол идэж, мөнгөө хэмнэх тухай ярьж эхэлмэгц "баасандах"-ыг уриалдаг.  

ИЙМ ХАРИЛЦААГ ӨДӨӨГЧ ХӨШҮҮРЭГ ЮУ БАЙЖ БОЛОХ ВЭ? 

Хэрэв таны эргэн тойронд үргэлж бусдыг дутуу үнэлдэг, доош нь хийдэг, өөртөө итгэх итгэлийг нь "хулгайлдаг" хэн нэгэн байгааг ухаарсан бол тэд яагаад ийм зүйл хийдгийг ойлгох нь чухал юм. Бусдын шийдвэрийг, зорилгыг, амжилтыг үгүйсгэх нь ихэнхдээ атаархлаас болдог. Гэхдээ зарим тохиолдолд өөр шалтгаантай ч байж мэднэ. Тухайлбал:

ӨРСӨЛДӨӨН: ДеПаул их сургуулийн судалгаанд дурдсанаар, хүчирхийллийн шинжтэй удирдах хэв маяг ажлын байранд түгээмэл байдаг гэжээ. Магадгүй танай ажил дээр өөрийгөө ур чадвар муу гэж боддогоосоо болж бусадтай дайсагнасан байдалтай харьцдаг дарга, удирдах албан тушаалтан байж мэднэ. Түүнчлэн эцсийн үр дүнг хэт их чухалчилдаг сэтгэхүй үүнд нөлөөлдөг тухай Journal of Applied Psychology сэтгүүлд дурджээ. Зарим хүн амжилт, үр дүнд хүрэхийн тулд юу ч хийхэд бэлэн байдаг бөгөөд үүнд өрсөлдөгч гэж үзсэн хэнийг замаасаа зайлуулах ашиг сонирхол багтана.

ӨӨРТЭЙГЭЭ ХАРЬЦУУЛАХ: Заримдаа бидний гаргасан шийдвэр, сонголт нь тэдний өмнөх туршлагуудыг сануулдаг учраас үгүйсгэх нь бий. Чамайг хувийн бизнесээ эхлүүлэхэд хэтэрхий эрт байна гэж шүүмжилж байгаа хүн магадгүй өмнө нь бизнес эхлүүлээд алдсан байх магадлалтай. 

ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ АНХААРАХ: "Чиний эхлүүлсэн ажил бүтэхгүй дээ" гэж анхааруулж байгаа нь заримдаа чамайг дутуу үнэлсэндээ бус, алдаж эндэх вий гэж үнэн сэтгэлээсээ санаа зовсных байж болно. Ялангуяа, эцэг эх, хань ижил чинь чамд сайн сайхныг л хүсэхээс биш атаархаж, өрсөлдөх шалтгаан байхгүй шүү дээ. 

ШИЙДЭЛ: ИЛЭН ДАЛАНГҮЙ БАЙ 

Хамгийн эхлээд харилцаагаараа дамжуулж өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Найз, хамтран ажиллагч, дарга чинь чамайг дутуу үнэлээд байгаагаа ухаараагүй ч байж болно шүү дээ. Ахлах сургуульд байхад дотны найз маань нэг залуутай болзох болж, ихэнх цагаа түүнтэй хамт өнгөрүүлдэг болсон юм. Би тэдний үерхлийн талаар ам нээх болгондоо гоочлон, тоглоом тохуу болгож ярьдаг байсан ч тухайн үед үүнийгээ огт анзаараагүй. Нэг удаа найз маань "Чи яагаад түүний тухай нэг удаа ч болов олигтой зүйл хэлдэггүй юм бэ" гэхэд нь л би тэр хоёрт атаархсандаа, өөрөө ч мэдэлгүй ингэж ярьдаг байснаа ойлгосон. 

Найз, хамтран ажиллагч, дарга чинь чамайг дутуу үнэлээд байгаагаа ухаараагүй ч байж болно.

Энэ явдлаас хойш би хэн нэгэнтэй харилцахдаа өөрийгөө бүрэн дүүрэн ойлгуулж, мэдрэмжээ илэрхийлж, цаашид юу хийхээр төлөвлөж байгаагаа, тусламж, дэмжлэг хэрэгтэй гэдгийг ч нээлттэй хэлдэг болсон. Жишээ нь, чи дотны хүмүүстээ шинэ жилийнхээ зорилгыг танилцуулж, энэ нь яагаад чиний хувьд чухал болох, тэдний хандлага чамд хэрхэн нөлөөлж болох талаар ярьж ойлгуул. Ингэж байж л тэд чиний нөхцөл байдлыг бүрэн ухамсарлах болно. Гэвч бүх зүйлийг харилцаагаар зохицуулна гэж найдаж хэрэггүйг санаарай. 

ШИЙДЭЛ: АЛХАМ БҮРЭЭ ТООЧИХ ХЭРЭГГҮЙ

Хэрэв эргэн тойрныхон чинь чамайг ямар нэгэн байдлаар хойш татаж, таагүй сэтгэгдэл төрүүлдэг бол өөрийнхөө ахиц дэвшил, үе шат, амжилтыг өөртөө хадгалсан нь дээр юм. Энэ нь найз нөхөд, дотны хүмүүсээсээ зайгаа барь гэсэн үг огтхон ч биш, харин аль аль нь сэтгэл хангалуун байж, эерэг байдлыг мэдэрч болох зүйлсийг хамтдаа хийх нь дээр гэсэн үг. Хэрэв чиний амьдрал тэдний атаархал, өрсөлдөөнийг өдөөж байгаа бол тэдгээр сэдвийн талаар ярилцахаас зайлсхийж, харилцаагаа авч үлдэхийг хичээх хэрэгтэй. 

Тэд өнөөх сөрөг муу зүйлсээ ярьж эхэлбэл хааж, хориглохын оронд амыг нь дагуулж ганц хоёр үг хэлээд, дараа нь шуудхан өөр сэдэв рүү ороорой.

Жүдод өрсөлдөгчийнхөө энергийг дагуулж мэхээ хийдэг техник байдаг бөгөөд харилцаан дээр ч үүнийг ашиглаж болно. Тэд өнөөх сөрөг муу зүйлсээ ярьж эхэлбэл хааж, хориглохын оронд амыг нь дагуулж ганц хоёр үг хэлээд, дараа нь шуудхан өөр сэдэв рүү ороорой. Жишээ нь, найз чинь "Хүмүүс ер нь мөнгө хуримтлуулж чаддаггүй юм доо. Нэг л өдөр гэнэтийн зарлага гарч ирдэг шүү дээ" гэвэл чи "Нээрээ тийм шүү. Мартсанаас чи GOT-ийн шинэ ангийг үзсэн үү" гэхэд л таагүй нөхцөл байдлаас өөрийгөө аварч болно. Бас "Машин чинь бүр ямбий болчихжээ. Шинийг лизингдээч" гэвэл "Харин тиймээ, боддог л бодол" гээд хэлчих. Заавал өөрийгөө батлах, тэдний бодол буруу гэдгийг нотлох гэж хүч, энергиэ зарцуулах шаардлагагүй юм. 

Чамайг дутуу үнэлж байгаа хүмүүст хэн болохоо харуулахын тулд өөрийгөө илүү дайчилж, муучилсан үгсийг мотиваци болгож ашигла.

ШИЙДЭЛ: ХАРИЛЦААГАА ӨӨРЧИЛ

Таныг дутуу үнэлж, үргэлж доош нь хийж байдаг хүн ердийн нэг танил, хамт ажилладаг хүн чинь бол тэдэнтэй харилцахаа болиход л хангалттай. Хэрэв гэр бүл, найз нөхөд чинь ийм зан гаргадаг бол асуудал төвөгтэй байх нь ойлгомжтой. Хэрэв дээрх аргууд үр дүнгээ өгөхгүй бол тэр найзтайгаа аль болох бага уулзаж, нөхөрлөлдөө завсарлага авсан нь дээр. Цаг хугацааны эрхээр найз чинь чиний зайгаа барьж буй шалтгааныг ойлгож, нөхөрлөл бол нэгнийгээ доошоо хийх бус, дэмжихэд оршдог гэдгийг ухаарч магадгүй юм. 

ШИЙДЭЛ: АВАХ ГЭЭХИЙН УХААНААР ХАНД

Яагаад заавал сөрөг сэтгэгдлүүдээс зугтах хэрэгтэй гэж? Харин ч эсрэгээрээ, чамайг дутуу үнэлж байгаа хүмүүст хэн болохоо харуулахын тулд өөрийгөө илүү дайчилж, муучилсан үгсийг мотиваци болгож ашиглаарай. Найзуудын хувьд ийм харилцаанаас өрсөлдөөн үүсэж, харилцан биенийгээ хөгжүүлдэг тохиолдолд ч бий. Түүнчлэн чамайг дутуу үнэлж байгаад үнэний хувь бий эсэхийг нягтал. Хэрэв тийм бол гутарч суухын оронд сул талаа хөгжүүлэхийг, алдаагаа засахыг хичээдэг байгаарай. 

Эх сурвалж: Lifehacker

холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Humans of [Д]Улаанбаатар: Хотын хамгийн "дулаан" хүмүүсийн 5 төлөөлөл
2
2020.01.24
Тэтгэлэг хүртсэн залуус эссэ бичих, ярилцлагад бэлдэх талаар туршлагаасаа хуваалцлаа
3
2020.01.23
Гурван өрөө байраа утгаар нь тохижуулсан минималист хос
санал болгох
1
1 цагийн өмнө
Humans of [Д]Улаанбаатар: Хотын хамгийн "дулаан" хүмүүсийн 5 төлөөлөл
2
1 цагийн өмнө
Томоохон зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр албан ёсоор гараагүйг мэдэгдэв
3
5 цагийн өмнө
ЛеБрон Жэймсийн Кобед зориулсан сүүлийн үгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
10
1
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Muugii 2019.12.08 202.126.89.115

Sedev Taalagdlaa thanks

0 Хариулах