Хайх зүйлээ бичнэ үү

Тун удахгүй Монголын үе үеийн 50 эмэгтэйн эх орон, нийгэм, салбартаа зоригтойгоор хийж чадсан ажлын амжилт, гавьяаг өгүүлэх “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” ном хэвлэлтээс гарах гэж байна. Энэ талаар төслийн зохицуулагч Ч.Бат-Уянгатай ярилцлаа.

-“Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” төслийг эхлүүлэх шалтгаан юу байв?

-Энэ төслийг “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ, “Улбар” паблишинг хамтран санаачлан, хэрэгжүүлж байгаа. Би сүүлийн 10 жил үндсэн ажлынхаа хажуугаар “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-д гишүүнчлэлтэй байна. Бид артвизмийн (арт, активизмийн товчлол) аргаар эмэгтэй төвтэй олон ажил хийсэн. “Сайхан бие” гэрэл зургийн үзэсгэлэнг хоёр ч удаа гаргасан. Хэдэн жилийн өмнө Сансарын туннелийн ханыг эмэгтэйчүүдийн дүрээр граффит зуруулж, чимж байлаа. Граффит артистууд өөрсдийнхөө өнцгөөр эмэгтэйчүүдийг дүрсэлсэн. Энэ нь бидний зорилготой ч уялдсан.

Эмэгтэйчүүд бол нас, зүс, царай төрх, бие бялдар, туулсан амьдрал, туршлага гээд бүх зүйлээрээ ялгаатай бодгалиуд юм. Хүний, тэр дундаа эмэгтэйчүүдийн “гоо сайхан” гэх ойлголт харилцан адилгүй. Биеийн галбир нь 90х60х90 гэсэн стандарт хэмжүүртэй байдаггүй. Ийм биш байлаа гээд муу муухай зүйл биш. Хүний бие махбодь бол тухайн хүндээ оногдсон зүйл. Тиймээс “Сайхан бие” үзэсгэлэнгээрээ янз бүрийн нас, бие галбиртай эмэгтэйчүүдийг оролцуулж, хагас нүцгэн зургаар нь хаалттай үзэсгэлэн хийж байсан. Төслийн багт ажиллаж байсан би хүртэл модел нь болж, зургаа авахуулсан удаатай.

Эмэгтэй хүний гоо сайхан, харагдах хэлбэр, дотоод агуулгын тухайд нэгэнт тогтсон ойлголтыг эвдэж, тэлэхийн тулд бид олон төсөл, ажил хийж оролдсон л доо. Эдгээр ажлын үргэлжлэл болгож “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” төслөө эхлүүлсэн. Монгол Улс хэдийгээр сайнтай, муутай яваа ч хөгжин дэвшсээр байна. Улс хөгжихөд эмэгтэйчүүд хэрхэн оролцсон талаарх мэдээлэл бүдэг байсан болохоор судалж эхэлсэн. Улсынхаа хөгжилд эмэгтэйчүүд үнэхээр бага оролцсон юмуу, эсвэл хөгжүүлж буй эрчүүдийнхээ ар тал нь болоод гэртээ сууж байсан юм уу. Хэрэв оролцсон бол энэ хүмүүсийн тухай түүхийг гаргаж тавъя гэсэн зорилгоор төслийн санаа аль 2016 онд л төрсөн түүхтэй. Ингээд бага багаар судалсаар яг жилийн өмнөөс санаа шуударсан даа.

-Төслийн эхний ажил болгож “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” ном гаргана гэсэн. Номд орсон 50 эмэгтэйн дүрээ хэрхэн сонгож, цаг үеэ хэрхэн хуваарилсан бэ?

-Монголын үе, үеийн төдийгүй  салбар, салбарын түүчээ, анхдагч, шинэчлэгч, онцлог эмэгтэйчүүдээс 50 эмэгтэйг сонгосон юм. Ингэхдээ Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлсэн, үндэсний онцлог, өв уламжлал, ёс заншил, урлагтай холбогдох, анхдагч, манлайлагч, тэрслүү, зоригтон, хүний эрх, жендэртэй холбоотой олон шалгуураар сонгосон. Зөвхөн дүрийн судалгаа хийхэд л санаснаас нүсэр ажил байлаа. Бидэнд мэдэгдэж байгаа болон мэдэгдэхгүй хэн байна гээд л хөвөрсөн. Монголын нууц товчоон дахь Гоо марал, Алунгоо хатан гээд л эхэлнэ. Бүгдийг нь оруулна гэвэл номны зай талбай хүрэлцэхгүй шүү дээ. Тийм болохоор хангалттай судлагдсан, танигдсан зарим дүрийг орхисон. Түүхэн хатдаас хэдэн дүр, ардын хувьсгалын үеэс хэдэн дүр, социалист нийгмийн үеэс, түүнчлэн социалист болон ардчилсан дэглэмийн аль алинд ажиллаж амьдарсан байсан хүмүүсээс, 1990 оноос хойшхи болон бүр залуу Z үеийн эмэгтэйг оруулах зэргээр хувьчилж, түүвэрлэсэн.

Зарим дүрийг асуудал хөндөж сонгосон нь ч бий. Байгалийн түүхийн музейн барилгын асуудал одоо онцлох ёстой сэдэв. Сүүлийн 6 жил бид, бидний хүүхдүүд байгалийн музей үзэж чадаагүй, ахиад хэдэн жил үзэхгүй юм, бүү мэд. Ийм үед энэ музейг байгуулж, босгоход эмэгтэй хүний үүрэг роль байсан уу гэдгийг салбараар нь судалж, хайсан. Тэгтэл Байгалийн түүхийн музейн чихмэлчин, анчин нь Ламжавын Цэвэл, Долгорын Дагиймаа тэргүүтэй эмэгтэйчүүд байсан. Өөрсдөө агнаад, чихмэл, хатаамлаа хийн улсын төв болон аймгуудын музей тохижуулахад том хувь нэмэр оруулсан улс. Гайхалтай биз? Энэ хүртэл бид “чихмэлчин” гэж мэргэжил байдгийг ч мэдэхгүй шахам явлаа.

-Төслийн онцлог нь юу вэ. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийг таниулахыг зорьсон олон ажил хийгдэж байна шүү дээ. Эднээс ялгарах зүйл нь юу байна?

-Одоогийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр суурь, оролцоог ганц миний үзэмж, туршлагаар дүгнэж болохгүй. Энэ чиглэлээр хийсэн олон судалгааны дүнг дурдах ёстой. Тухайлбал, 2017 онд Үндэсний статистикийн хорооноос хийсэн “Хүчирхийллийн нүцгэн үнэн: Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа” байна. Уг судалгаанд 21 аймгийн 7860 өрх, 7000 гаруй эмэгтэйг оролцуулахад 10 эмэгтэй тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан, 60 орчим хувь нь сэтгэл санаа, бие махбодь, бэлгийн, эдийн засгийн хүчирхийлэлд өртөж байсан гэдгийг дурдсан байсан. Зөвхөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дурдахад 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 26 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байсан, сонгогдсон 76 гишүүний 17.1 хувь нь эмэгтэй. Гэтэл хүн амын 51 хувь эмэгтэй байдаг. Энэ мэтээр эмэгтэйчүүдийн байр суурь, оролцооны асуудал зарим талаар анхаарал татахуйц байгаа юм.

Бид энэхүү төслийг монгол эмэгтэйчүүд чухал нээлт хийж, шинийг санаачилж, түүчээлсэн байлаа ч түүхийн хуудаснаас даруухнаар арчигдаж буйг өөрчлөхийг хүсэж эхлүүлсэн.  Уншигч охид, эмэгтэйчүүд номын дүрүүдээс урам зориг авч, өөрийгөө зөвхөн “эмэгтэй” гэх хүйсээрээ хязгаарлаж тодорхойлдог байдлаасаа салаасай, зоригтой байгаасай гэж хүссэн үүднээс энэ удаад зөвхөн эмэгтэйчүүдийг сонгосон юм.
Төслийн онцлог гэвэл хэд, хэдэн зүйлийг дурдаж болно. Гэхдээ юун түрүүнд манай төсөл бусдаасаа онцгой, содон бүтээл гэхээсээ илүү өнөөг хүртэл олон хүний энэ чиглэлээр хийж ирсэн ажлыг далай гэвэл бид нэг дусал л нэмж буй гэдгийг дурдмаар байна.

Төслийн эхний ажил болох “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” номоос дурдах нэг онцлог нь дүр болгоноосоо, зураач болгоноосоо албан ёсоор зөвшөөрөл авсан. Зохиогчийн эрх, оюуны өмчийн хувьд хууль дүрэм, ёс зүйн жишгийг дагахыг зорьж байгаатай холбоотой.. Осолдохгүй хоёр хатнаас л зөвшөөрөл аваагүй (инээв). Бусад дүрийнхээ номд орох зөвшөөрлийг өөрөөс нь, үр хүүхдүүд, байгууллага, хамт олноос нь авсан. Ингэж ажиллахын тулд бид нар анхнаасаа хуулийн фирмээс зөвлөгөө авч ажилласан.
Энэ номыг бүтээхэд оролцсон бүх дүр, зураачдадаа бид нар санал тавьж оруулж байгаа. Нэг ч хүн “намайг оруулаач” гэсэн зүйл байхгүй. Төслийн багт итгэж зөвшөөрөл өгсөн хүмүүсийн нэр хүндийг сэвтээж болохгүй шүү дээ. Хариуцлагатайгаар гаргахыг их л хичээж байна даа.

-Номоо яагаад 50 хүний дүрээр гаргах болсон бэ. Хоёр дахь цуврал гарах уу?

-Энэ номны зөвхөн хэвлэлтийн зардал гэхэд л нэлээд өндөр. Номны агуулга болон хэлбэр хүүхэд, залуучуудад зориулагдсан. Ийм болохоор хэвлэлтийн хувьд тусгай стандарт шаардагддаг юм байна. Хуудас нь өнгөт байх, цаас нь хүүхдийн гарын ая даахуйц зузаан, хатуу байх, гар хурууг нь зүсэхээргүй зөөлөн ирмэгтэй байх, шидэж унагахад салчихааргүй үдээ, оёотой байх гээд стандартууд бий. Энэ хэрээр хэвлэлтийн зардал өсөөд буй учир 50 дүрээр тасалсан. Судлаад олчихсон дүр маань 50-аас хамаагүй олон бий. Ном амжилттай болбол хоёр дахь цувралыг гаргах мөрөөдөлтэй. Тэр бүү хэл эрэгтэй дүрүүдээр ч гаргах мөрөөдөл болон тэр дайны судалгаа бий.

Номын эх зургийн үзэсгэлэнг Уран зургийн төв галлерейд дэлгэсний дараа номоо худалдаанд гаргахаар төлөвлөсөн. Ямартай ч үзэсгэлэнгээ энэ сарын сүүлчээр дэлгэнэ. Үзэсгэлэнгийн зорилго нь зураачдынхаа оюуны бүтээлийг олон хүмүүст хүргэх. Энэ үеэр дүрүүдийн эх зургийг худалдаж авах боломжтой. Мөн номын урьдчилсан худалдан авалтын захиалгыг энэ долоо хоногт эхлүүлж байгаа. Урьдчилан худалдаж авбал номыг хэвлэлтээс гарахаар багахан урамшуулалтай хүргэж өгөх юм.

-Олон тооны мэргэжлийн зураачид өөр өөрийн арга барилаар дүрүүдийг зурж, амилуулж байгаа нь сонирхол татсан.

- Номны бүх дүрийг зураачдаар зуруулж байгаа. Бид нар аливаа зүйлийг шинэлэг хийхийг зорьдог нь ч нөлөөлсөн. Тэгээд ч хүүхдүүдэд зориулсан ном учраас зураг байх хэрэгтэй. Хүүхдийн зурагтай номны нэг онцлог нь гоо зүй, уран зураг, өнгөний мэдрэмжийг хүүхдэд таниулах зорилготой байдаг. Иймээс бид чадлынхаа хэрээр өөр, өөр арга барилтай зураачдыг сонгохыг хичээсэн. Зураачид маань бүгд өөрсдийн гэсэн арга барилтай, насны хувьд ч ялгаатай. 60 гаруй настай С.Төгс-Оюун гуайн биднийг дэмжиж зурж өгсөн байхад нөгөө нэг дүрийг 17 настай, манга зурдаг охин зурсан байх жишээтэй. Зураачдаа сонгож, зөвшөөрүүлэх нь дүрийн зөвшөөрөл авахаас ч илүү хэцүү байлаа. Заримынх нь зураг үнэхээр гоё байсан боловч номны хувьд тохироогүй учраас хасагдсан тохиолдол ч байгаа. Хэцүү юм билээ.

-Хоёулангийнх нь урд 1964, 1963, 1974 оны “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл байна. Сэтгүүлийн анхны дугаарт Д.Пагамдулам ажилласан гэсэн шүү дээ. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Монголын анхны эмэгтэйчүүдийн байгууллагыг 1924 оны хавар “Бүсгүйчүүдийн тасаг” нэртэйгээр байгуулсан юм билээ. Энэ байгууллагыг Дамдины Пагамдулам, монголын анхны багш гэгддэг Хаснавч болон Бадамжав, Бадамринчин нарын 4-5 эмэгтэй байгуулсан юм билээ. Тасгийн анхны даргаар Д.Пагамдуламыг сонгосон. Энэ байгууллагыг одооны “Монголын Эмэгтэйчүүдийн холбоо”-ны үүсэл гэж үздэг. Эмэгтэйчүүдийн тасгийг байгуулахдаа 8 зорилт тавьсаны эхнийх нь “монголын бүсгүй олныг бичиг эрдэм ба намын үзэл сурталд боловсруулахыг хичээнэ” гэсэн байдаг. Ингээд энэ зорилгыг хангах үүднээс болов уу даа, 1925 оны хавраас  “Бүсгүйчүүдийн санал” нэртэй эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүлийг гаргах намын үзэл суртлыг сурталчлах арга хэрэгсэл байсан нь дамжиггүй. Гэхдээ тухайн үеийн боловсрол, мэдлэгтэй эмэгтэйчүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх талбар байсантай маргаж болохгүй. Бидэнд одоо бол томоохон эх сурвалж болж байна даа.  Яг урд буй энэ хэдэн дугаараас 3 ч дүрийнхээ талаар уншиж сууна.
Үзэл суртлын зэвсэг байсантай холбож сонирхолтой зүйл хэлэхэд соц үед аливаа хурлын үг, илтгэлийг дамжуулахдаа танхимын уур амьсгалыг “алга ташив”, “суудлаасаа босож алга ташив”, “нижигнүүлэн алга ташив” гэх мэтээр нарийн ялган мэдээлдэг байж л дээ. Тухайлбал, энэ 1964 оны дугаарт нөхөр Юмжаагийн Цэдэнбалын Монголын эмэгтэйчүүдийн IV их хуралд үг хэлснийг бүрэн эхээр сийрүүлсэн байна. Мань хүн хэдэн минут ч илтгэл тавьсан юм бэ дээ, төлөөлөгчид түүний илтгэлд 23 удаа алга ташихдаа 1 удаа  “суудлаасаа босч алга ташсан”, мөн 1 удаад нь “суудлаасаа босож нижигнэтэл алга ташсан” байгаа юм. Суудлаасаа босож нижигнэтэл алга ташихад хүргэсэн үг нь “Социализмыг идэвхтэй байгуулалцагч монголын алдарт эмэгтэйчүүд мандтугай!” гэсэн үг.  Хурлын уур амьсгалыг мэдрүүлж байгаа биз дээ (инээв).

-Зарим нэг дүрээсээ сонирхуулахгүй юу. Санаанд оромгүй ажил хөдөлмөр эрхэлж байсан олон эмэгтэй байгаа байх даа?

-Бүх дүр маань сонирхолтой, сургамжтай, урам зориг авахуйц. Тухайлбал нэг дипломатч эмэгтэй бий. Дипломатчдын дээд цол болох “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” хэмээх цолыг заавал эрэгтэй хүнд өгнө гэсэн журам байхгүй. Гэвч одоогоор манай улсад ганц л эмэгтэй хүртсэн нь Лувсанданзангийн Идэр гуай. Эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенц гэж байдаг. Эмэгтэйчүүдийн эрхийн онолын суурь баримт бичиг юм уу даа. 1979 онд батлагдаж, 1981 оноос хүчин төгөлдөр болсон, мөн ондоо манай улс нэгдэн орсон байдаг. За, тэгээд энэ конвенцийн хэрэгжилтийг хэлэлцэх зорилготой Хороо байгуулагдсаны анхны даргаар нь манай Идэр гуай томилогдож, 1982-1987 онд ажилласан байгаа юм.

Одон орон судлалын төвийг үүсгэн байгуулж, захирлаар нь анх ажилласан хүн нь эмэгтэй. Санжмятавын Нинжбадгар гэж хүн. Одооны энэ барилгыг нь бариулсан явц сонирхолтой. Улсаас бариулахаар тогтоол гарчихсан, мөнгийг нь төсвөөс шийдчихсэн байхад барилгын бригад олддоггүй, юу юугүй төрийн сангаас мөнгийг нь татах гээд байж л дээ. Мань хүн нэг өдөр  Борнуур луу Зил-130 машинтай давхиж очоод барилгын бригадын ахлах нь байхгүйд ажилчдыг нь шууд аваад явчихсан юм билээ. Араас нь ахлах нь очиход учир байдлаа тайлбарлаад хариуцлагыг өөр дээрээ хүлээхээр болж зөвшөөрүүлсэн түүхтэй. Дараа нь Одон орон судлалын төвд аппарат хэрэгсэл хэрэгтэй байсан учраас Ардчилсан Германд судалгаа хийж явахдаа үйлдвэрт нь очоод ийм ийм аппарат авмаар байна гэж яриа хийсэн байгаа юм. Хэдэн сарын дараа одоогийнхоор Сангийн сайд тэнд томилолтоор явах үед нь тэндхийн үйлдвэрийн хүн нь “танайхаас ийм аппарат авна гэж захиалсан” гэхэд нь арга буюу авсан гэж байгаа. Гэх мэтээр их сонирхолтой.

ЗурагТайлбар





Ер нь манай соёлд буй шашин суурьтай “буян” гэх ойлголтыг орчин үеийн, хүний эрхийн агуулгаар баяжуулаасай гэж хүссэндээ сонгосон дүр ч байгаа. Тухайлбал, 12 настайдаа галаас 3 хүүхэд аварч, “Шударга журам” медалиар шагнуулсан охин том болоод гал сөнөөгч болсон байсан. Дорноговь аймгийн гал сөнөөх газар насаараа ажиллаад одоо тэтгэвэртээ гарсан Чулуунхүү гэж эмэгтэй юм. Түүнчлэн цус, хөхний сүүний хос донор гэх ч юм уу  жил бүр орон нутгаар циркээ дагуулж явж, тэдэнд циркийг таниулангаа Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран мэдээлэл өгдөг даруухан хэрнээ бахдам дүр ч байна. Уншигчид суварга барихаас илүү өргөн хүрээнд “буян” хийх боломжийг олж харах байх аа.

-Энэ номыг гаргахад хамгийн их бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?

-Юутай нүүр тулах гэж буйгаа ч мэдэхгүй нэг л их гал халуун урам зоригоор эхэлсэн дээ (инээв). Төсөөлснөөс илүү нүсэр, хэцүү ажилтай нүүр тулсан шүү. Дүрийн судалгаа хийх нүсэр, сонгосон дүрүүдтэйгээ холбогдох амаргүй. Бүх дүрээс зөвшөөрөл авна, мэдэгдэнэ гэсэн зарчим барьсан учраас заавал холбогдох ёстой. Нэг дүр олчихоод хэрхэн холбогдохоо эхлээд судална.  Энх тунх юм болов уу, тийм бол хаанаас холбогдох утсыг олох вэ. Үгүй бол үр хүүхэд нь хэн юм бол гэх мэт. Заримдаа аргаа бараад үр хүүхдийг нь фэйсбүүкийн мэдээлэл дундаас хайна. Тухайлбал, таныг хайлаа гэхэд таны талаарх нийтлэл, сурвалжилга юу байна, тэр бүхнийг Фэйсбүүкээр шэйрлэсэн тохиолдол бүрийг шалгана. Ядаж нэг үр хүүхэд, ач зээ нь “миний эмээ” гэж бичиж түгээсэн байх  жишээний. (инээв)

Энэхүү төслийг гардан хийж байгаа багийн хувьд 10 гаруй хүн ажиллаж байгаа. Цаашаа энэ тоо задарна л даа. Төслийн судлаач, судалгааны дараа шүүж сонгох баг, зохиолчдын баг бий. Зохиолчийн хувьд уран сайхны болон баримтыг нягталж бичих хоёр төрлийн хүн ажиллаж байна. Fact-check буюу баримтыг нягтлах зарчим маш чухлаар тавигдаж байна. Бодит хүмүүс, хийсэн бүтээсэн нь бодит учраас худлаа юм бичиж болохгүй. Дүрээ хэтэрхий гоё харагдуулах гэсэндээ хийгээгүй зүйлийг нь бичиж болохгүй. Ингэчихвэл дүрээ доромжилж байгаа хэрэг болно. Тэгээд хоёр гурван түвшний редакторууд, дизайнер, арт директор гээд л томоохон баг ажиллаж байна.

-Номд багтаагүй өөр дүрүүд байгаа гэсэн. Бүгдээс нь зөвшөөрөл авчихсан болохоор энэ удаагийн номонд яагаад оруулаагүй вэ гэсэн асуудал үүсгэхгүй юу. Ямар нэгэн гомдол гарвал яах вэ?

-Судалсан материалаараа хийсэн бол 100 орчим дүр байгаа. Гэхдээ цэвэр хэвлэлтийн зардалдаа л баригдсан. Монголд ном хэвлүүлэх үнэтэй байдаг. Зарж борлуулахад татварын асуудал гээд л нүсэр ажил бий. Бид анхнаасаа тооцож ажилласан болохоор зөвшөөрөл авчихаад орхигдуулсан дүр нэг хоёроос хэтрэхгүй ээ. Тэдэндээ ойлгуулаад хэлчихсэн. Ном гарсны дараа уншигчдаас тэр хүнийг, энэ хүнийг оруулаагүй байна гэсэн шүүмжүүд ирэхийг үгүйсгэхгүй. Нэг талаараа бид нар дутуу судлаад тэр хүнийг оруулаагүй байж болно, нөгөө талдаа судалчихсан хэрнээ дараагийнхдаа оруулахаар үлдээсэн ч байж болно. Гэхдээ төслийн хүрээнд одоо ч санал болгох дүрүүдийг нээлттэй хүлээн авч байгаа шүү. Дараагийн номоо гаргана гэж мөрөөдөөд л явж байна.

-Энэ ном олон хүүхэд, эмэгтэйчүүдэд хүрч тэдэнд урам зориг өгөөсэй. Уншихыг хүссэн ч авах бололцоогүй хүмүүс бий л байх. Ийм хүмүүст урамшуулж, хямдруулаад ч болтугай өгөх боломж байгаа болов уу?

-Энэ номоо хэдийгээр зарж борлуулах ч гэсэн төслийн хувьд чухал, зорилтот бүлгүүдэд үнэгүй тараахыг хүссэн. Нийтийн номын сан, алслагдмал ерөнхий боловсролын сургуулиудын номын сан, ядуу, нэн ядуу бүлгийн хүүхдүүдтэй ажилладаг болон эмэгтэйчүүдийн эрхийн төрийн бус байгууллагуудад үнэгүй тараахыг хүссэн. Бид энэ хүсэлтээ Монголын эмэгтэйчүүдийн санд тавихад тэдний зүгээс хэвлэлтийн зардлыг, харин манай хоёр байгууллагын зүгээс бусад зардлыг дааж тодорхой хувийг үнэ төлбөргүй дээрх бүлэгт тараах болсон. Бидний саналыг дэмжиж, хамтарч ажиллаж буйд нь их талархаж байгаа.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
24
0
0
1
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.02.26 192.82.76.4

Саун массажын газарт бэлгийн дарамт байдаг

0 Хариулах


Зочин 2019.11.07 202.55.188.91

сайхан бүтээл болохнээ. тэсэн ядан хүлээе. Гэхдээ удахгүй нээх байх тэ

0 Хариулах


B 2019.11.07 202.131.246.114

"Good night stories for Rebel girl" номын Монгол хувилбар гэж ойлголоо, агуулга, зориулалт, олон зураачдаар зуруулсан гэх мэт

0 Хариулах