Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

CTS: Дуртай зүйлээ хийж амьдрах сайхан


Дижитал мэдээллийг онлайн хэлбэрээр сонирхолтой хүргэж, шинээр гарсан тоглоомын стрийм хийдэг Streamer CTS буюу Ц.Чинтөгстэй ярилцлаа.


-Анх яагаад стрийм хийж эхлэх болсон бэ?

-Би багаасаа компьютер тоглож эхэлсэн. Анх Pubg тоглоомын Монголд зохиогддог тэмцээнүүдийг тайлбарлаж эхлээд стрийм хийж болох юм байна гэсэн ойлголт авч байсан. Дараа нь өөрөө тоглодог болоод стрийм хийж эхэлсэн. Одоо өөрөө дуртай болохоороо хийж байна. Стрийм хийж эхлээд бараг хоёр жил болж байна.

-Стрийм хийхэд анх ямар бэрхшээл тулгарч байв?

-Хүмүүс үзэж байгаа болохоор эхний хэдэн сар биеэ бариад сайн тоглож чаддаггүй байсан. Дөнгөж эхэлж байгаа учраас хэн ч намайг мэдэхгүй шүү дээ. Маш сайн тоглодог байх, эсвэл үнэхээр хөгжилтэй хүн байх шаардлагатай болсон. Анхандаа аль алиныг нь сайн хийж чадахгүй байсан ч аажим аажмаар сайжирсан. Стрийм хийхэд камер, компьютер, гар гацах зэрэг асуудал цөөнгүй гардаг.

-Манай улсад стрийм хэр хөгжсөн гэж боддог вэ?

-Стрийм гэдэг ойлголтын суурь л тавигдаж байгаа гэж боддог. Хүмүүс стрийм үзэж эхлээд жил гаруй болж байна. Гадаад стриймэрүүдийг үздэг хүмүүс байсан л байх. Миний өмнө Mofre, Munzune зэрэг стрийм хийдэг байсан ах нарыг хараад монголчууд стрийм хийж чадах юм байна гэж бодоод хийж эхэлсэн болохоор магадгүй би хоёрдугаар үе гэж явах байх.

-Стрийм хийж эхлээд амьдралд нь хэр их өөрчлөлт гарсан бэ. Стрийм хийхээс өмнөх CTS болон одооны CTS хоёрт ялгаа бий юу?

-Өмнө нь жинхэнэ эмо, дотогшоо хүн байсан. Стрийм хийж эхэлснээс хойш хүмүүстэй нээлттэй харилцаж чаддаг болсон. Өмнө нь өдөрт 100 хүрэхгүй үг хэлдэг хүүхэд байсан бол стрийм хийж эхэлснээр өөртөө их итгэлтэй болж өөрчлөгдсөн шүү. Хүмүүс надад дуртай болохын хэрээр би ч өөртөө дуртай болж эхэлсэн.

-CTS сүүлийн үед юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ?

-Ойрын үед рекламд тоглох төлөвлөгөөтэй байна. Ер нь хүмүүст танил болж, залуу үеийн төлөөлөл болж эхэлснээр рекламд тоглох хүсэлт их ирж байгаа. Таалагдсан зар сурталчилгаандаа тоглож, контентонд оролцож байна. Сүүлийн үед стрийм хийхээсээ илүү гадуур цагийг өнгөрөөж байна даа.

-Ямар хүмүүстэй ажиллаж, контент бүтээхийг хүсдэг вэ?

-Дуучин Болд ах эсвэл Ука эгчтэй ажиллаж, контент бүтээхийг хүсдэг. Тэднийг танихгүй хүн байхгүй, чаддаг зүйлээрээ хүн болгонд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Үүнтэй адилаар би ч гэсэн хийж байгаа зүйлээрээ тэр хүмүүсийн хэмжээнд хүрч, олны танил болохыг хүсдэг. Мөн бүх стриймэр хамтдаа нэг газар байрлаж, контент бүтээдэг "Streaming house" байртай болохоор төлөвлөж байсан. Гэсэн ч санхүүгийн асуудлаас болж энэ жилдээ хийж чадсангүй. Дараа жилээс өөр стриймэрүүдтэй хамт амьдарч, контент бүтээх төлөвлөгөөтэй.

-Сондгой тоотой сар болгон стрийм хийж хандив цуглуулдаг шүү дээ. Энэ талаараа мэдээлэл хуваалцана уу?

-Анх компьютер тоглоом гэхээр л харанхуй нүхэнд pc-нд донтчихсон хүмүүс байдаг гэсэн ойлголт байсан. Хүмүүсийн энэ буруу ойлголтыг өөрчлөхийн тулд санаачилсан. Стрийм хийснээрээ хүн орлоготой болж, сайн үйлсэд зориулан бие биенийгээ уриалж чаддаг гэдгийг харуулах гэж эхэлсэн. Хамгийн том хандив бол “Ид шидийн орон”-нд төрсөн өдрөөрөө 24 цагийн турш стрийм хийж 640.000 төгрөг хандивлаж байсан. Мөн “Азтай савар амьтанд хайртай залуус”-ын нэгдэлд, Онцгой байдлын ерөнхий газарт, “Эрдэм” сайн дуры байгууллагад, Цусны төв гэх мэт газарт зургаан удаагийн нийтдээ 2.5 сая орчим төгрөг хандивласан. Энэ сарын хувьд коронавирусээс болж гадаадад гацсан монголчууддаа туслах зорилготой "Элэг зүрхнээс уяатай" хандивын аянд нэгдэж, тав дахь өдөрөө стрийм хийж байна. Үүнийгээ долоон хоног үргэлжлүүлж, хандив цуглуулна. Одоогийн байдлаар 500 мянга гаруй төгрөг цугларсан байгаа. Хамгийн гол нь их мөнгө хандивлахдаа биш, хандивын аян, тусалж болохоор газрууд байдаг тухай мэдээллийг хүмүүст өгөх нь илүү чухал гэж боддог.

-CTS стрийм хийхийг хүсдэг залууст хандаж зөвлөгөө өгөөч?

-Зүгээр л эхэл гэж хэлье. Одоо стрийм хийдэг хүмүүс цөөхөн байна шүү дээ. Гадаадын Twitch.tv сайтад хамгийн их үзэгчтэй стриймэр дээр нь гарч ирдэг. Тэгэхээр хүмүүс хамгийн олон үзэгчтэй рүү нь ихэвчлэн ордог. Харин манайд одоохондоо ийм ялгаа байхгүй. Гадаадад асар их ялгаа үүсчихсэн болохоор англиар стрийм хийхэд хүндрэлтэй. Монголд бол бүх юм шинэ байна. Хэрвээ гадаад стриймэр үздэг байсан бол чамд маш их давуу тал байгаа. Англи хэлтэй бол стриймийг хангалттай хийж чадна.

-Цаашдын төлөвлөгөө нь юу вэ. Монголдоо стриймийг илүү хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах уу?

-Би зорилгодоо хүрчихдэг. Энэ жил 100 мянган дагагчтай болно гэж зорьсон. Одоо энэ тоондоо ойртчихсон, 92 мянга гаруй дагагчтай болж байна. Төлөвлөгөөний дагуу л явж байна даа. Арай холын мөрөөдөл гэвэл Vandebo хамтлаг “Баярлалаа” цомгийнхоо постерыг талбайн баруун талын барилга дээр байрлуулсныг харснаас хойш өөрийнхөө зургаа тэнд байрлуулмаар санагдаж эхэлсэн. Ер нь үнэтэй машин, байртай болохыг мөрөөддөггүй. Хүмүүс намайг сайн таньдаг болчихвол гоё байна. Саяхнаас “100-ын хайр”- д тоглосноор кинонд тоглож, дүр бүтээх нь таалагдсан.

-Залуустаа хандаж хэлэх үг?

-Дуртай юмаа хийгээрэй, өөрийн дуртай зүйлээ хийж амьдрах сайхан шүү дээ.

Инстаграм хаяг: Chintugsts

Фэйсбүүк хаяг: CTS

Бэлтгэсэн: Ц.Уянга

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
39
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.09.15 172.69.252.149

Cts iinn mod bn hairte shu cts

0 Хариулах


batsaan 2020.09.11 172.69.45.135

yostoi sain boljee

0 Хариулах


Cts fan 2020.09.11 172.69.252.149

Wow ctssss l yriltslga awh bsin ub life sn bn shuuu

0 Хариулах


Miku 2020.09.11 172.69.252.137

nianajaa

0 Хариулах