Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Даррен Аронофски: Грета Тунберг бол манай гарагт дутаж байсан дүр төрх

Ирээдүйн үр хойч маань Тунберг авхайн хариуцлага нэхсэн шидрүүн харц, томдсон борооны шар цув хэдрэн зогсож буй эрэмгий зургийг түүхийг өөрчилсөн чухал мөч хэмээн дурсана гэдэгт би эргэлздэггүй.


Дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг Нью-Йорк Таймсын Монгол дахь хамтрагч “Гэрэг” сэтгүүл нь тус сонинтой хамтарсан гурав дахь дугаар болох “Turning Points-2020”-ийг эрхлэн гаргаж байна. Энэ дугаарт бизнесмэн Жэк Ма, зохиолч Саяака Мурата, Болливудын жүжигчин Дийпика Падуконэ тэргүүтэй авторууд 2020 оны өнгө төрхийг зурагласнаас нэрт  найруулагч Даррэн Аронофскийн нийтлэлийг хүргэж байна.

Та сэтгүүл захиалах бол энд дараарай. 


ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч охин Грета Тунберг наймдугаар сарын 28-нд эко дарвуулт онгоцоор Атлантын далайг гэтлэн Америк тивд айлчлав.

Залуухан швед тэмцэгчийн энэ зураг дэлхий дахины хөдөлгөөний эхлэл байсан. Гагцхүү зураг төдийгүй түүний үйлдэл хүмүүст гүнзгий сэтгэгдэл үлдээсэн билээ. 

Би багаасаа байгальтай хүйн холбоотой өссөн нэгэн. Кино урлагт шимтэхээс ч өмнө дэлхий ертөнцийг бишрэх сэтгэл миний дотор минь бүрэлдсэн. Ахлах сургуулийн зуны амралтаар “Зочин судлаач” хөтөлбөрт элссэн нь намайг байгальтай гүнзгий холбож өгч билээ. Африкийн хар судалт зээр, Аляскийн далайн хав гэж гайхалтай амьтан байдгийг мэдсэнээс л бүх зүйл эхэлсэн санагддаг. Хожим нь байгалийн шинжлэлээ орхин дэлгэцийн урлагийг сонгож одсон ч байгаль дэлхийг гэх бодлын үр гээгдсэнгүй, кинонуудад минь хөрсөлж ургасаар л байна. 

Найруулагчийн хувьд би үргэлж өв тэгш өгүүлэмжийг эрэлхийлж явдаг хүн. Гэвч байгаль орчны айхавтар асуудлуудтай цаг үед амьдарч яваа уран бүтээлчийн хувьд дэлхийн ирээдүйг бараанаар дүрсэлчих гээд байдаг гэмээ дуртай дургүй ч хүлээн зөвшөөрнө. Мөхөн туйлдаж буй дэлхийн зургийг өөдрөг сэтгэлээр харах амаргүй. 

Гэвч 2018 оны наймдугаар сард Грета Тунбергийн анхны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийн зургийг инстаграмаас харсан даруй нэгэн зүйлд бат итгэсэн. Төсөөлдөө, Шведийн парламентийн үүдэнд уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхаарлаа хандуулахыг хатуу шаардан бат зогсох арван тавхан настай охин. Миний үргэлж хайж явсан төгс өгүүлэмж тэр байлаа; итгэл бадруулсан, эрс шийдэмгий дүрслэл. Олны итгэлийг бадраах зураг. 

Хүн төрөлхтний түүхэнд дүрс бичиг чухал байр суурь эзэлдэг. Хадны сүг зургаас эможи хүртэлх “хөгжил дэвшлийг” энд тоочих нь утгагүй хэрэг. Гэвч эдгээрийн үндсэн санаа нь нэг. Хүмүүс дүрслэлийн хэлээр өөрсдийнхөө мөн чанар хийгээд хүсэл зоригийг илэрхийлж ирсэн. Зарим зураг ердөө утга илэрхийлэхээс ч илүү гүнзгий өгүүлэмжтэй байх нь бий. Зургаар бид бие биенээ гэгээрүүлж, бусдыг ойлгох сэтгэлийн долгисол үүсгэж болдог. Зарим зураг бидний хэвшмэл бодлыг өөрчилж, харшмал санааг эерүүлэх ч увидастай. 

Цөөнгүй тохиолдолд гэрэл зураг түүхийн товчлол болдог. 1963 оны 11 дүгээр сарын тухай дурдатгал Абрахам Запрюдерийн 8 мм кино бичлэгийн 313 дахь хальсанд мөнхрөн үлджээ. Ногоон кадрын доод өнцөгт бүрэлзэх өчүүхэн ягаан цэг бүхий өнгөт хальс ерөнхийлөгч Жон.Ф.Кеннедийн гэнэтийн аллагын түүхэн зураг билээ. Цаашлаад Вьетнамын дайны аюул 1972 оны зургаадугаар сард вьетнам охины харанхуй утаанаас хөл нүцгэн уйлагнан зугтах харцнаас тов тод мэдрэгддэг. Шатан дүрэлзэгч нэгэн цамхагаас биеэ султган унаж буй дүр 2001 оны есдүгээр сарын 11-ны хар дурсамжийг хүүрнэдэг. 

Эдгээр зургуудийн хүч гагц эмгэнэлт мөчийг шингээсэндээ бус үнэнийг бидэнд дэлгэн үзүүлдэгтээ оршдог. 

Ирээдүйн үр хойч маань Тунберг авхайн хариуцлага нэхсэн шидрүүн харц, томдсон борооны шар цув хэдрэн зогсож буй эрэмгий зургийг түүхийг өөрчилсөн чухал мөч хэмээн дурсана гэдэгт би эргэлздэггүй. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн дэлхий дахины бэлгэ тэмдэг болох нь эргэлзээгүй.

“Уур амьсгалын төлөө сурагчид” нэртэй анхны тэмцэл хөдөлгөөн Шведийн парламентийн гадаа олон өдөр уриа лоозон өргөн бид бүгдийн унхиагүй байдлын хор уршгийг сануулж эхэлсэн. Түүний мятаршгүй тэмцэл надаас гадна олон хүнд нөлөөлсөн нь дамжиггүй. 

Шведэд эхэлсэн түүний иргэний эсэргүүцэл харсаар байтал эрчийг авч дэлхийн залуучуудын хөдөлгөөн болтлоо тэллээ. Тунберг авхай өөрийн тав тухаас татгалзаж их үйлсийн төлөө хувийн ашиг сонирхлоо хойш тавьж болдгийг бидэнд үлгэрлэв. Наймдугаар сард Америк руу явахдаа Атлантын далайг дарвуулт онгоцоор туулсан нь агаарын тээврийн байгальд үзүүлэх хор уршгийг бидэнд сануулсан дохио. 

Ахмад үеийнхний олонх нь үнэнээс зугтаж, сүйрч буй дэлхийг залгамжлуулах залуу үедээ хамаг буруугаа тохдог явдлыг Тунберг авхай тун оновчтой шүүмжилсэн. Зүгээр ч нэг шүүмжлээд орхилгүй тэмцэл эхлүүлж түүнийхээ дүр төрх, ирээдүй нь өөрөө болов. Дараахан нь, есдүгээр сард уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн өнцөг булан бүрт сая сая хүүхэд залуус гудамжинд гарч тэмцэхийг харах үнэхээр бишрэм байсан. 

Бид энэхүү залуу тэмцэгчийн зургийг ирээдүйд олонтоо харах нь дамжиггүй. Одоо ч түүний амжилтыг илтгэх өчнөөн зургууд байна. Есдүгээр сарын 23-нд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуралдаан дээр цогтой үг хэлж буй, дараа долоо хоногт нь Монреальд мянга мянган жагсагчийг манлайлан яваа, аравдугаар сард Стэндин Рокд уугуул иргэдийн төлөөлөлтэй гар барьсан гэх мэт дүрийг нэрлэхэд хангалттай. Гэхдээ зургууд бус Тунберг авхай өөрөө гол ажлыг нугалж буй гэдгийг мартах ёсгүй. 

Дүрслэлийн хэлээр хүмүүс өөр хоорондоо хамгийн амар ойлголцож, хүчтэй холбогддог гэдэгт би итгэдэг. Уур амьсгалын өөрчлөлтийн энэхүү эрин үед харамсалтай нь зураг хангалтгүй гэдэг нь тодорхой болж байна. Хайлж буй мөс, хар тосонд будагдсан бяцхан далайн хав, эрэг дээр үхлүүт хэвтэх халимны тухай тоймгүй олон баримтат кино, гэрэл зураг үзэж харахаараа л нэг боллоо. Өөрчлөлт ирсэнгүй. 

Тунберг авхай уур амьсгалын тухай яриаг цааснаас бодит хөрсөнд буулгалаа. Энэ бол бүх хүн төрөлхтний асуудал, барин тавим, цаг нь тулсан чухал асуудал гэдгийг мэдрүүллээ. Нэмэр хачир, элдэв ааш аяггүй тэрбээр чухам үнэнийг өчив. Хүмүүс одоо л жинхнээсээ сонсож байна. 

Хэрвээ бид эерэг өөрчлөлтийг эхлүүлж чадахгүй аваас Тунберг авхай шиг залуучуудынхаа өмнө, эх дэлхийнхээ өмнө маш том нүгэл үйлдлээ гэсэн үг. Түүний эхлүүлсэн энэхүү зүтгэлийг та бид бүхий л чадлаараа дэмжин нэгэн дуугаар хөдлөхгүй л бол өөрчлөлт хийж чадахгүй. Олон эрдэмтний сөхөн тавьсан үнэнийг бид сонсохоос татгалзах нь гэмт хэрэг. Нөхцөл байдал тун хурцадсаныг бэлхнээ илтгэх судалгааг үл ойшоох нь нүдээ сохолж буйгаас ялгаагүй. Даруй хөдлөх хэрэгтэй. Шинжлэх ухаанд түшиглэдэг шийдвэр гаргагчдыг сонгох нь бидний үүрэг. 

Биднийг нөр их үйлс хүлээж байна. Бидэнд байгаль дэлхийгээ аварна гэдэг хэтийдсэн даваа мэт сонсогдох нь гарцаагүй. Гэвч зөв замыг сонгох хэзээд хэцүү байдаг ажгуу. Сайн цаг ирэхийн өмнө төсөөлшгүй гачлант өдрүүд ч биднийг тойрохгүй хэмээн айна. 

Ийм хар өдрүүдийн сүүдрийг Грета Тунберг шиг залуу үеийн гэрлээр бид даван туулах болно. Сүйрлийн өмнө ухаан зарж амьд үлддэг хүний төрөлх совин бидэнд бий. Найдварын цог өчүүхэн, гэвч унтрах бас болоогүй. 

Хямрал биднийг нөмөрчээ. Гарах ганц зам бий нь учрах эрсдэлээс үл зүрхшээн бүгдээр дуу нэгтэй байж, хүч нэгтэй хөдлөх. Ийм цагаас сайхан дүрслэл эрэлтгүй, угаас цөхрөлийн үед гэгээлэг дүрслэл бүтээсэн түүх ховор хойно доо. 

(Даррен Аронофски “Хар хун”, “Бөх” зэрэг киногоор Оскарын шагналд нэр дэвшиж асан найруулагч, Протозоа Пикчерсийн үүсгэн байгуулагч)

Захиалах

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0