UBLife Logo
Боловсрол

Д.Бат-Октябрь буюу Окогоос залуучуудад өгөх 10 чухал зөвлөгөө

О.Анхзаяа
О.Анхзаяа
Д.Бат-Октябрь буюу Окогоос залуучуудад өгөх 10 чухал зөвлөгөө

Techstars компанийн бүс нутаг хариуцсан захирлаар ажиллаж буй Д.Бат-Октябрь буюу Око нэрээр танигдсан энэ залууг "старт-ап" гэх ертөнцөд танихгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Startup Mongolia TББ-ын үүсгэн байгуулагч тэрбээр өөрийнхөө амьдралд ойлгож авсан сургамжууд дээрээ үндэслэн зайлшгүй сурч мэдэн, дадал болгох 10 зүйлийг та бүхэнтэй хуваалцаж байна.

1. Хэрвээ та миний хийдэг live бичлэгүүдийг үздэг, эсвэл инстаграм хаягыг дагадаг бол бусдад хэлдэг хамгийн эхний алхам маань яах аргагүй өөрийгөө олох, өөрийгөө таних юм. Бүх юмны эхлэл нь та хаана байгаагаа, хаачих гэж байгаагаа, юунд дуртай, юунд дургүй, таны гол айдас эсвэл мөрөөдөл юу вэ гэх мэтээр өөрийгөө танин мэдэхтэй шууд холбоотой. Ямар ч алхам хийхийн өмнө өөрийгөө танин мэдэх нь хамгийн зөв суурь алхам. Харамсалтай нь заримдаа насан туршийн хайгуул болох тохиолдол бий ч, дараагийн алхмуудын маш том түлхэц болдог. Боломжоороо өөртөө цаг зарцуулж, өөрийгөө таних дээр энерги, хөдөлмөр зарцуулаарай.

2. Ёс зүй болон ёс суртахуун. 

Энэ үгсийг сонсохоор дэндүү ерөнхий юм шиг боловч өнөөгийн нийгэмд энэ хоёр зүйл хүнийг урьд нь байгаагүй тийм их үнэ цэнэтэй болгож чадах чухал зан чанарууд болсон. Ёс суртахуунтай, ёс зүйтэй байх, бусдыг хүндлэх, бусадтай зөв харьцаж, бусдын төлөө гэсэн сэтгэхүйтэй болох нь өөрөө буцаад харилцан итгэлцэх суурь болох юм.

3. Байнга суралцаж, өөрийгөө хурцлах.

Өнөөдөр залуус ирээдүйд ямар ч мөрөөдөл, ямар ч чиг хандлагыг сонгосон бай нийгэм, ажил албан тушаал, эргэн тойрны хүмүүстээ хэрэгтэй, үнэ цэнэтэй хүн болохын төлөө өдөр бүр зүтгэж байх нь чухал. Цаг хугацаатай уралдаж, ямар нэгэн мэдлэг, туршлага, чадваруудыг эзэмшихийн төлөө зогсолтгүй зүтгэж байх ёстой. Үүнийг заавал сургууль, ажил гэсэн зүйлээр олж авдаггүй. Бүх юм олж мэдэхэд нээлттэй гэдгийг санаарай.

4. Биеэ арчлах.

Энэ урьд өмнө сонсож байгаагүй тийм том нууц бол биш. Маш энгийн боловч өнөөгийн нийгэмд илүү утга учиртай болж буй нэг асуудал бол өөрсдийн биеийг арчилж сурах асуудал юм. Энэ нь эрүүл байж, биедээ байгаа түлшээ анзаарч, цааш тодрон авч явахад анхаарах асуудал юм. Үүнд дасгал хийх, амрах, өвчин шаналалгүй байх орно. Эрүүл биед саруул ухаан оршдог шүү дээ.

5. Өөдрөг байж сурах.

Хөдөлмөрлөж байх үед хүрэх газар мөрөөдлөөр хязгаарлагдана. Энэ өгүүлбэрийн нэг чухал томьёолол бол "мөрөөдөл" юм. Мөрөөднө гэдэг нь ирээдүйн эерэг төсөөллийг гаргах чадвар. Бүтэхгүй байж магадгүй ч гэсэн тэр том зураг, том гэгээлэг нөхцөл байдлыг өөрийнхөө толгойд үүсгэж чадахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ нь өөдрөг сэтгэлгээ. Өөдрөг байж сурах нь бидний насан туршийн том чадвар. Мөн сэтгэл зүйн хувьд эрүүл байх асуудал юм.

6. Согтууруулах ундаа болон бусад хорт элементүүдээс салах.

Маш их хөдөлмөрлөх, түүнийгээ дагаад маш их зугаацах гэсэн уриан дор нийгэм дэндүү удаан явж байна. Энэ зүйлийн хор уршиг нь өнөөдрийн бидний бүтээмжид шууд нөлөөлдөг. Хамгийн энгийн жишээ нь согтууруулах ундаа. Архи, шар айргийг хааяахан нэг уух, хааяахан нэг жижиг ялалтаа тэмдэглэж явах нь энгийн юм шиг боловч урт хугацааны байдалд биднийг улам сул дорой болгож байдаг. Харин эсрэгээрээ хэрэглээгээ багасгаж бүр "0" болгож чадвал өрсөлдөх чадвар, сэтгэн бодож шийдвэр гаргах, бүтээмжтэй байх зэрэгт өндөр нөлөөлнө.

7. Уншиж, бичиж сурах.

Арван жилийн бага ангиасаа эхлээд бидний сурах ёстой байдаг чадваруудыг нэг нь уншиж, бичих. Өнөөгийн нийгмийн өөрчлөлтийг хэрвээ ажиглавал хүн болгон өргөн мэдлэгтэй болж байгаа. Гэхдээ гүнзгий мэдлэг чадвар гэдэг нь ирээдүйн ажил бий болгогч, ирээдүйн инновацыг хийх тэр хүнийг бусдаас ялгаж чаддаг. Гүнзгий мэдлэгтэй байхын нэг чухал чадвар бол маш их мэдээллийг уншиж, тусгаж авах. Яг үүнтэй адилаар өөрийгөө бичгийн хэлбэрээр илэрхийлж сурах хэрэгтэй. Энэ нь магадгүй чамайг топ зэрэглэлд ч оруулж мэднэ. Үргэлж уншиж, бичиж, гүнзгий нэгэн бай!

8. Мэргэжлийн хүн болох.

Ямар ч ажил хийдэг хэн ч байсан тодорхой стандартыг өөртөө хэвшүүлж мөрдөх хэрэгтэй. Үүнд цагаа барих, харилцааны чадвартай байх, бичгээр өөрийгөө илэрхийлж, юмыг ойлгодог байх, цагийн менежменттэй байх, мэйл бичиж сурах гэх мэт энгийн боловч маш чухал зүйлүүд багтана. Мэргэжлийн стандарттай хүн бай!

9. Хортой орчноос салах.

Бид нийгмийн амьтан учраас эргэн тойрноосоо шууд нөлөөтэй. Сайн юмыг ч авч, муу юманд ч сорогдож байдаг. Тийм ч учраас өөрийн хүрээллээ солих эсвэл эерэг байдлаар бүрдүүлэх хэрэгтэй. Чамайг сордог, чамаас хулгайлдаг, чамайг өсөн дэвшихэд саад болдог тэр зүйлүүдээсээ шууд салах хэрэгтэй.

10. Бусадтай тоглож, тоглоомоо хуваалц.

Багийн тоглолтын хэрэгцээ, багийн орчинд үр дүн гаргах чадвар урьд өмнөхөөс ч илүү нэхэгдсээр байна. Энэ чадварыг ямар ч орчинд сайжруулж, цаг хугацаанаас үл хамааран үнэ цэнэтэй болгож болно. Бусдаас суралцаж, бусадтай хамтран ажиллаж, бусадтай ойлголцох зэрэг нь энгийн боловч дараагийн маш том алхам юм.Нэгдүгээр алхам буюу би хэрхэн юм сурдаг вэ гэдгээс бүх үйл ажиллагаагаа эхлүүлэн, өөртөө байнга эерэг мэдрэмжийг төрүүлэн, хувийн зохион байгуулалтаа чанга барьж, сайжруулж яваарай. Бүгд мөрөөдөл зорилгодоо хүрч чадна шүү. Хичээгээрэй! Асуух асуулт, илүү мэдэхийг хүсвэл миний инстаграм OkoD хаягаар холбогдоорой! Сонор соргог байгаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
18
0
13
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.