Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Д.Мандахнаран: Миний зүгээс дархлаа дэмжих ганцхан бүтээгдэхүүнийг хүмүүст санал болгодог

Онцгой байдалд зохион байгуулалт маш чухал.


Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Д.Мандахнарантай ярилцлаа.

-Хүмүүс сэтгэл гэдгийг эрхтэн юм гэж хүлээн зөвшөөрч, амгалан тайван байхгүй бол сэтгэл ч бас ядардаг, өвддөг юм байна, үүнээс болж өөр бусад эрхтэнүүд хямардаг талаар мэдэх болжээ. Тэгвэл хүний биеийн дархлаа гэж юу юм бэ. Эрхтэн тогтолцоо юм уу, эсвэл эд эс үү?

-Хүн, амьтны биеийг ерөнхийд нь авч үзвэл эрхтэнүүдээс тогтдог. Бидний нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа бие маань 2-3 тэрбум эсийн нийлбэрээс бүрэлдэнэ. Нэг янзын үүрэг гүйцэтгэдэг эрхтэнүүдийг эрхтэн тогтолцоо гэдэг. Хоолыг шингээж байгааг нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, агаараас хүчилтөрөгч авдаг хамар, гуурсан хоолой, уушгийг амьсгалын эрхтэн тогтолцоо гэх мэт. Хүний биед 13 төрлийн эрхтэн тогтолцоо байдгийн нэг нь дархлааны эрхтэн тогтолцоо буюу цусан дахь дархлааны эсүүдийг агуулсан эрхтэн тогтолцоо юм. Дархлааны эрхтэн тогтолцоо нь бидний цусан дахь цагаан эсүүд болон тэдгээрийг боловсруулдаг эрхтэнүүд гэсэн үг. Хүний биеийн эрхтэн тогтолцоонууд бие махбодийг тэнцвэрт байдалд байлгах үүрэгтэй. Бодисын солилцооны явцад биед үүссэн хорыг бөөр шүүж гаргана, энерги дутвал хоол боловсруулах эрхтэн гаднаас энерги оруулж байдаг, энергийг шатаах агаарыг уушги биед оруулж байдаг гэх жишээний. Байгалийн түүхэн хөгжлийн явцад буюу 3.5 тэрбум гаруй жилийн өмнө амьдрал үүссэн цагаас бие махбодийг идэж ашигладаг, гэмтээдэг бичил биетүүд мөн бий болсон. Дэлхий дээр өнөөдөр танигдсан бүх бичил биетийн маш цөөн буюу 10 хүрэхгүй хувь өвчин үүсгэдэг болох нь тогтоогдсон бөгөөд тэднийг 4 ангилж үздэг. Хамгийн жижиг нь вирус, тэгээд бактер, мөөгөнцөр, хамгийн том нь шимэгч хорхой. Эдгээр нь биед орж гэмтээгээд эхэлбэл өвчин үүсэж, бие махбодийн тэнцвэрт байдал, бодисын солилцоо алдагдана. Тэгэхээр ингэж хямарсан бие махбод өөрийгөө цэвэрлэх, эмчлэх зохицлоор эдгээр бичил биетийг гадагшлуулах үйл явцыг түүхэн хөгжлийнхөө явцад бий болгосон нь дархлааны эрхтэн тогтолцоо буюу цусны цагаан эсүүд юм. Биед гаднаас орж ирсэн бичил биетүүдийг цагаан эсүүд зайлуулж байх үүрэгтэй. 

-Стресс, дархлаа хоёр хоорондоо шууд уялдаатай юу?

-Эрүүл байна гэдгийг 1948 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “бие махбод, сэтгэл зүй, нийгэм ахуйн хангалуун сайхан байдал” гэж тодорхойлсон. Хүн бол байгалийн, сэтгэлийн, бас нийгмийн амьтан. Сэтгэл зүйн тогтворгүй нөхцөл, архаг стресс зэрэг нь зөвхөн дархлаа төдийгүй бүх эрхтэнд муугаар нөлөөлнө. Тэгэхээр сэтгэлийн эрүүлийг биеийнхээс дутуугүй анхаарч үзэх хэрэгтэй. Харин яаж гэдэг тухайд сэтгэлзүйчид болон сэтгэцийн эмч нараас зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ бол дархлаа судлалаас тусдаа мэргэжил шүү дээ. 

-Цусны шинжилгээгээр цагаан эсээ үзүүлээд л биеийнхээ дархлааг хэр байгааг оношлуулж болох юм байна, тийм үү?

-Хамгийн наад захын арга шүү дээ. Шинжилгээгээр цагаан эсийг тоолж харьцааг нь гаргадаг. Цагаан эс тоо хэмжээндээ хүрэхгүй байх, эсвэл тоо хэмжээндээ хүрч байвч үүргээ гүйцэтгэж чадахгүй байх үзүүлэлтийг дархлаа дутмагшил гэж үздэг. Дархлаа муу байж болзошгүй шинжүүд хүнд илэрдэг. Ядарч сульдах мэдрэмж байнга төрөх, арьсан дээр идээт халдвар хатиг, мундас олон дахин гарах, шарх шалбархай эдгэхгүй удах, жилд 2-оос дээш удаа чихний идээт үрэвслээр өвдөх, хамрын дайвар хөндийд гайморит үүсэх, ханиад хатгай болж хүндрэх, ам, бэлэг эрхтэний мөөгөнцөрт өртөөд эхэлбэл лабораторийн шинжилгээ өгөх ёстой. Манай лабораториуд цусан дахь цагаан эсийг тоолж тоо хэмжээндээ хүрэхгүй байгааг оношилж чадах боловч тоо хэмжээндээ хүрч байгаа хэрнээ цагаан эсийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байх үзүүлэлтийг нарийвчлан гаргаж чадахгүй байгаа. 

Эрүүл мэндийн онцгой нөхцөл байдалд мөрдөх ариун цэврийн заавар, зөвлөмжийг дагахгүйгээр зүгээр л монгол хүн учраас мах идээд, аарц ууж байгаад эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэдэг бол их бүдүүлэг ойлголт юм шүү.

-Таны дээр хэлсэн ядарч сульдах мэдрэмж төрөх, эсвэл шарх шалбархай эдгэхгүй удах зэрэг шинж тэмдэг илрэхэд хүмүүс “ядаргаа туслаа” гэж өөрийгөө оношлоод, “дархлаа дэмжинэ” гэж зурагтаар рекламддаг витаминуудаас авч хэрэглэх нь олонтаа. Эмчийн жоргүйгээр эмийн сангуудад олгож буй дархлааг дэмжих эм, бэлдмэл, витаминуудад бид яаж хандвал зохилтой вэ?

-Витамины үр нөлөөллийн талаар АНУ зэрэг хөгжилтэй орнуудад 30 мянган хүний дунд хийгдсэн гэх мэт судалгаануудын дүн байдаг л даа. Витамин уулаа гээд эерэг, сөрөг нөлөөгүй нь батлагдсан нь ч бий. Гэхдээ тэр бол Америк. Тэнд хоол хүнс, нарны тусгал гэх зэрэг өөр нөхцөлтэй. Монголчууд бид цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, нарны тусгал хэд дахин багатай орны хүмүүс, хоол хүнсний нэр төрөл, хэрэглээ ч өөр. Байгалийн болоод ахуйн нөхцөл өөр учраас витамин зохист хэмжээнд хэрэглэхийг би хувьдаа үгүйсгэхгүй. Витамин хэрэглэх бол баталгаатай эмийн сангаар зарагдаж байгаа, заавар зааварчилгаа бүхий савалгаатай витаминыг дур мэдэж биш, эмчийн бичсэн жор тунгаар хэрэглэх ёстой. Доктор Ганмаа гэхэд л монгол хүн Д витаминыг нэмэлтээр зайлшгүй хэрэглэх шаардлагатай гэж байгаа нь сүүлийн үеийн үндэслэл нотолгоотой судалгааны дүгнэлт гэж үзэж байна. 1946 онд Зөвлөлтийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, монголчууд хоол хүнснээсээ зохих илчлэгийг авдаг боловч шим тэжээлээ авч чаддаггүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэр үетэй харьцуулахад, одоогийн бидний хоол хүнсний нэр төрөл олширч нөхцөл байдал хэд дахин сайжирсан гэж боддог.

-Та дархлаа судлаачийн хувьд дархлаа дэмжих ямар аргыг хамгийн найдвартай гэж үздэг вэ?

-Миний зүгээс дархлаа дэмжих ганцхан бүтээгдэхүүнийг хүмүүст санал болгодог. Энэ бол вакцин. Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн товлолт вакцинаас татгалзаж болохгүй. 

-Ер нь хүний биеийн дархлаа гэдэг чинь үргэлж дэмжихгүй л бол уначихдаг зүйл юм уу?

-Яалаа гэж. Одоо жишээ нь, бидний сууж байгаа энэ ширээний гадаргууг шинжилж үзээгүй учраас энд халдварт шарын вирус байхгүй гэх баталгаа алга. Гэхдээ тэр вирус биед орсон л бол та бид хоёр заавал шараар өвдөх албагүй. Биед өөрт нь вирусийг устгаад цэвэрлэх чадвар байдаг. Бидний 3 сая хүн дотор янз бүрийн зовлон, бэрхшээлтэй хүмүүс байж л байгаа. Тэр болгоныг эрүүл мэндийн дархлаагүй гэж үзэж болохгүй. Ер нь хүн 20 нас хүртлээ гадаад орчинтой дасан зохицож тэмцээд, дархлаа нь бүрэн чадваржсан байдаг. Салхин цэцгээр өвдсөн хүн дархлаажаад дахиж өвддөггүй шиг. Тиймээс дархлаа бол витамин арилжих сурталчилгаанд хэлдэг шиг тийм амархан суларчихдаг, үргэлж л дэмжүүлж тэтгүүлж байхгүй бол болохоо байчихдаг зүйл биш. Гэхдээ энэ яриа бол хэрэв та тамхи татдаггүй, архи тогтмол хэрэглэдэггүй зэрэг хорт зуршилгүй тохиолдолд л нийцэх агуулга юм шүү. 

-Сүүлийн хэдэн өдөр коронавирусийн талаарх мэдээлэл янз бүрийн эх сурвалжаас цахим орчинд тархаж, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөхөөсөө илүүтэй айдас түгшүүр, эсвэл бүр эсрэгээр инээдэм наргиа төрүүлж байна. Ийм үед хүн ямар мэдээлэлд түлхүү анхаарч, хэрхэн хандвал зохилтой вэ?

-Манай улс коронавирус халдварлагдаж болзошгүй өндөр эрсдэлтэй орны нэг учраас онцгой байдал үүсээд байна. Бид ийм эрсдэл бүхий үед ердөө хоёр эх сурвалжийн мэдээллийг түшвэл эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа алхмуудын эхлэл болно. Нэгдүгээрт, ДЭМБ, хоёрдугаарт Монгол Улсын Эрүүл мэндийн яам. Өөртөө хуурамч түгшүүр үүсгэхгүйн тулд фэйсбүүкийн элдэв постуудад автахгүй, мөн хуурамч тайвшрал үүсгэхгүйн тулд ЭМЯ-наас өгч байгаа мэдээллээс хоцрохгүй байх ёстой. Миний ажиглаж байгаагаар, ЭМЯ мэргэжлийн түвшинд сайн ажиллаж байна. Гаргаж байгаа зөвлөмжүүдийг иргэн бүр хариуцлагатайгаар дагаж мөрдвөл аюулаас урьдчилан сэргийлж чадна. Тодорхой хэдхэн зүйлийг л мөрд гээд байгаа шүү дээ. Гараа сайтар угаа, хувийн ариун цэврийг сахь, нус цэрээ ил задгай бүү хая, өвчин илэрсэн бүс нутагт болж өгвөл бүү зорч. 2002-2003 онд SARS дэгдэхэд Монгол Улсад 9 халдвар илэрснээс зөвхөн нэг нь л дотоодод халдварласан, бусад найм нь гадаадаас ирсэн хүмүүс байсан шүү дээ. Тэр үед энэ өвчнөөр нас барсан хүнгүй, ЭМЯ мөн л сайн ажилласан. Энэ удаагийн онцгой нөхцөл байдалтай уялдуулаад коронавирусийн талаар худал мэдээлэл түгээвэл Зөрчлийн хуулиар шийтгэх зохицуулалт цахим орчинд ч үйлчлэхийг зарлалаа. Би бол үүнийг зөв гэж бодож байна. Яагаад гэвэл онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд зохион байгуулалт маш чухал.

-Монголчууд өвлийн ханиад нусгайны үеэр халуун аарц, чацаргана, адууны мах түлхүү хэрэглэвэл эмийн чанартай, биед шим тэжээл өгдөг гэж үздэг нь дархлаа судлалаар нотлогдсон болов уу?

-Ийм судалгаа одоогоор хийгдээгүй. Гэхдээ энэ газар орондоо олон мянган жил амьдран суухдаа хоол хүнсээрээ дамжуулан юу шимтэй, юу тусгүйг мэддэг болчихсон ард түмэн шүү дээ. Бидэнд таарч тохирсоор ирсэн зүйл дээр орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг шингэсэн ололтыг тэнцүүхэн ашиглаад явах нь зүйтэй. Гэхдээ эрүүл мэндийн онцгой нөхцөл байдалд дагаж мөрдөх ариун цэврийн заавар, зөвлөмжийг дагахгүйгээр зүгээр л монгол хүн учраас мах идээд, аарц ууж байгаад эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэдэг бол их бүдүүлэг ойлголт юм шүү. 

Социализмын эхэн үед төр засгаас соёлын довтолгоон өрнүүлж, ил задгай бие засдаг хүмүүсийн тоог эрс цөөрүүлж чадсан бол одоо бүх зүйл хэтэрхий задгайраад эргээд суурин газрын соёл иргэншил уначихаад байна.

-Дархлааг эрс бууруулдаг хэрэглээ, зуршил гэвэл?

-Тамхи, архаг архидалт, тэнцвэргүй хоол, нойргүйдэл, илүүдэл жин, хэт ачаалал, стресс. 

-Монголд хүйтэрдэг учраас өвөл элдэв нян үржихгүй, тархахгүй сайн талтай гэлцдэг. Энэ үнэн үү?

-Хоёр талтай. Хуурай, хүйтэн, эрс тэс уур амьсгалтай учраас чийгэнд үрждэг ихэнх халдварт өвчнийг тогтоон барьдаг байгалийн хориг болдог нь үнэн. Энэ бол сайн тал. Гэвч манай монголчуудын ахуйн соёл, нийгэм, эдийн засгийн дорой байдал, жишээлбэл, ил жорлонтой, нус цэрээ ил хаях явдал түгээмэл байдаг нь халдварт өвчин лавшрах хүчин зүйл болдог. Монголын түүхэнд хүмүүс олноороо хиарсан халдварт өвчний тохиолдол Зүүн Өмнөд Азийн халуун орнуудтай харьцуулахад гарч байгаагүй. Энэ нь сайндаа гэхээсээ тархай бутархай нүүдэлчин ахуйтай холбоотой. Тахал гарлаа гэхэд хот айлаараа л сүйрч байж. Одоо бид саяулаа суурин амьдраад 20 жил болчихлоо. Гэвч нөгөө ил задгай шээдэг, баадаг, нус цэрээ хаядаг, бусдын өмнө хариуцлагагүй амиа хичээсэн зан бүрмөсөн тавигдахгүй өдийг хүрлээ. Бид цөөхүүлээ юм чинь засаж залруулахад амархан шүү дээ. Социализмын эхэн үед төр засгаас соёлын довтолгоон өрнүүлж, ил задгай бие засдаг хүмүүсийн тоог эрс цөөрүүлж чадсан бол одоо бүх зүйл хэтэрхий задгайраад эргээд суурин газрын соёл иргэншил уначихаад байна.

-Та коронавирусээс сэргийлэхийн тулд гэртээ ямар дэглэм сахиж байгаа бол?

-Нэг их бусдаас илүү гэх зүйлгүй дээ. Чанартай сайн хоол хүнс хэрэглэж байна. Хүүхдүүдээ олон хүнтэй газраар авч гарахгүй байна. Гаднаас гэртээ оронгуутаа маскаа хаячихна. Өмсөж яваа гутал, хувцсаа үүдэнд тусгаарлана. Гар, үсээ угааж, эсвэл усанд орсныхоо дараа хоол хүнс, үр хүүхэдтэйгээ харилцаж байна. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж байна даа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Уржигдар
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
1
7
0
1
1
2
3

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.02.06 110.35.172.34

Их мэдэгч

0 Хариулах


Зочин 2021.01.30 162.158.165.27

Чадаж бна орк оо

0 Хариулах


Зочин 2020.01.31 202.126.88.138

zailshgui vaktsiniig bol hiilgeh ni zuitei getel suuliin ued hatgaa ,haniad zarim ulsad gedesnii yamar negen haldvart uvchinees uridchilan sergiileh zorilgoor ulirliin chanartaig humuus uurdsdiin huseltiin daguu hiilgej bgaa,getel suuliin ued yalanguya baruunii zarim negen bolon bidnii medeh oros tuunii holboond bsan ulsuudaas vaktsinii tuhai surug medeelel ih yarih bolj deer ni hiisen sudalgaa shinjilgeenii ajil ch ih bolson bna ,unshaad uzehed VAKTSIN hiilgeh heregtei yu gesen asuudal urgan garch irj bna ene bol minii bodol shuu

0 Хариулах


Bb 2020.01.31 64.119.18.98

Hotiin gudamjaar ariutgal sain hiideg bolmoor bnaa

0 Хариулах


Зочин 2020.01.31 202.131.240.138

Хамгийн гол нь хувь хүний соёл. Ялангуя манай эрчүүд дуртай газартаа нус цэр, шүүлсээ хаяж байдаг. Үүнийгээ болчихвол элдэв халдварт өвчин арай багасах байх. Иймд эцэг эхчүүд бид одооноос эхлэн үр хүүхэддээ сальфетик нусны алчуур хэрэглэх дадал эзэмшүүлэх хэрэгтэй.

0 Хариулах


Зочин 2020.01.31 203.91.114.244

xxcvvxc

0 Хариулах


Зочин 2020.01.31 202.72.245.207

Хотын төв гэлгтгүй ер нь бүх газраар согтуу хүмүүсийн бөөлжис, шээс, нус цэр их болсон байна. заримдаа бүр гишгэх газараа хайж явж байна. Үүнийг торгодог болмоор байна...

0 Хариулах


Зочин 2020.01.31 103.229.120.243

mundag yumaa

0 Хариулах


Зочин 2020.01.30 103.14.36.6

80-90-ээд онд гудамжинд ингэж их бие засаж, эрээ цээргүй нус цэрээ хаядаггүй байсан. Хотын соёлын хувьд ухралт болсон. Энэ үеийг далимдуулаад энэ бүдүүлэг байдлын эсрэг хөдөлгөөн өрнүүлээд цэгцлээд хүмүүсийн ухамрсыг өөрчлөөд аьмаар байгаа юм даа.

1 Хариулах