Дээр нь байх эрхийг зөвхөн хөх тэнгэрт л олгож дээдэлдэг Үндсэн хуулийн цэцийн энгүй өндөр нэр хүнд асар их унав. Энгийн иргэд Цэцийн улстөржсөн үйл ажиллагаанд эргэлзэж дуусаагүй байтал хариуцлагатай албан тушаалтныхаа өмнөөс, Монгол Улсынхаа нэр төрийн өмнөөс нүүр хийх газаргүй болтлоо ичиж байна. Цэцийн дарга Д.Одбаярт ард түмэн “өгзөг илээч” хэмээн нэр хайрлав. Д.Одбаярыг шившиглэх үйлдлүүд олон нийтийн цахим сүлжээнд эрчээ авлаа. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Улаанбаатараас-Сөүлийн чиглэлд агаарын тээврээр зорчиж явахдаа онгоцонд үйлчилж явсан солонгос бүсгүйн өгзөгт хүрч бэлгийн дарамт учруулсан гэх дуулиан Монголын энэ өдрийг эхлүүлсэн. Түүнийг БНСУ-ын цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг Үндсэн хуульд харшилж байна хэмээн Цэц үзэж, хүчингүй болгох шийдвэрийг хоёр хоногийн өмнө гаргасан нь эдийн засгийн томоохон маргаан дагуулаад байгаа билээ. Түүнчлэн Цэц эл шийдвэрийг гаргахдаа Ерөнхийлөгчийн зүгээс дарамтад автан улстөржсөн, эсэх хэлэлцүүлэг Монголын нийгэмд өрнөж эхэлсний ердөө маргааш нь Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч бүсгүйн биед халдсан нь зөвхөн Монголд л байж болдог “гайхамшиг”-ийг үргэлжлүүлж байна.
“Нислэгийн үеэр арын эгнээнд нь сууж явсан нэгэн монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна” гэж Цэцийн Хэвлэлийн төлөөлөгч саяхан мэдээлэв. Үүнтэй зэрэгцэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Цэцийн хориглосон АМНАТ-ыг буцаан сэргээх хуулийн төслийг санаачлан, санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид өнөөдөр хүргүүллээ.
Нэг л улсад өдөр дараалан дэгдэж байгаа хоёр өөр дуулиан гэхэд аль аль нь дэндүү эрээгүй. Үндсэн хуулийн цэц хараахан гэм буруу нь тогтоогдоогүй ч ийм шуугиан дэгдсэнд, үүнд Д.Одбаярын нэр холбогдсонд ард түмнээс уучлал гуйхын оронд “Д.Одбаяр биш ээ, өөр монгол бөгс барьсан юм шиг байна” гэсэн увайгүй тайлбар шидээд сууж байна. Цэцийн энэхүү мэдэгдлийг УИХ-ын дарга хүртэл ээрч мууран дэмжих нь тэр!
Д.Одбаяр ч бай, эсвэл түүний арын эгнээнд сууж Цэцийн даргатай андуурагдсан өөр нэгэн монгол ч бай агаарын замд, онгоцны бүхээгт бэлгийн дур хүслээ тэвчиж чадалгүй эмэгтэйн биед зөвшөөрөлгүй хүрсэн гэдэг нь өөр илүү тухтай орчинд байсан бол яаж ч дураараа авирлаж болзошгүйг харуулж байна. Бэлгийн хүчирхийлэл, эмэгтэй хүнийг дорд үзэх өөдгүй хандлага Монгол Улсын өргөн дэлгэр соёл болж байгааг бид УИХ-ын гишүүд, нэртэй хуульчдынхаа үйлдлээс илүү ойлгомжтойгоор харлаа.
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын холбогдоод байгаа дуулианыг зэвүүцэн эгдүүцэх сэтгэгдлүүд дотор “Ямар тэнэг юм бэ, МИАТ-ийн үйлчлэгчдийнхээ л бөгсийг оролддог байгаа даа”, “Со хүүхнүүд монгол эмэгтэйчүүд шиг базаад авчихмаар сайхан бөгсгүй” гэх мэт “саналууд” цахим сүлжээнд хөвөрсөөр байна. Бусармаг явдал, буруутай байж болзошгүй этгээдээ л шүүмжлэхийн оронд далимд нь эмэгтэйчүүдийг бүхэлд нь доромжлон гутаах монгол эрчүүд жинхэнэ нүүрээ, ёсзүйн доройтлоо илчилж байгаагаа ч мэдэхгүй хөөрцөглөх нь соошиалд түгээж буй үг өгүүлбэрүүдээс харагдаж байна. Д.Гантулга, Д.Мурат, Д.Одбаяр, арын суудлын хэнээгээс өчүүхэн ч өөрцгүй хүмүүс олуул байна, сэрэмжлэгтүн.