UBLife Logo
Дэлхий

Доналд Трамп: Эх орончид оо, би та нарт хайртай!

Доналд Трамп: Эх орончид оо, би та нарт хайртай!

“Доналд Трампын ардчиллыг усгтах оролдлого туйлдаа хүрлээ, түүнийг яг одоо баривчилж, импичмент хий” гэж Нью Йорк Таймсын эдиториалд бичжээ. Нэгдүгээр сарын 6-ны үдээс хойш Вашингтон хот дахь Капитол ордон руу Трампыг дэмжигч босогчид хүч хэрэглэн дайрч, эзлэн авснаар эмх замбараагүй байдал үүсээд буй юм. 

Дайрч орсон босогчид хэдэн өдрийн өмнөөс ийнхүү эзлэн түрэмгийлэхэд бэлдэж байсныг тэдний сошиал хуудсуудаас харж болохоор байна. Одоогийн байдлаар дор хаяж нэг хүн цагдаа нарт буудуулж нас барсан тухай USA Today бичжээ. 

Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсагчид эхлээд Линкольны дурсгалын хөшөө бүхий үндэсний хүрээлэнд цугласан байсан юм. Энэ үеэр ерөнхийлөгч Доналд Трамп тэдгээр хэдэн зуун хүнийг Капитол ордон руу дайрахыг уриалсан нь энэхүү үймээн самуунд өдөөн турхирсан явдал болсон хэмээн үзэж байна. Тэрээр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болж ард иргэдийн саналыг хулгайлсан гэж удаа дараа мэдэгдэж, сонгуулийн албан ёсны дүнг өргөн барих сенатын хурлаас нэг өдрийн өмнө ийнхүү өөрийн дэмжигчдийг босогчид болгон хувиргав. 

Босогчид Капитол ордны гадаа төрийн дуулал дуулсаар ирж, хана хашлага даван тэмцсээр, зүүн жигүүр дэх хүндэтгэлийн өргөө рүү нэвтэрч, сенатын танхим, төлөөлөгдийн танхим руу халджээ. Сенат, конгрессын гишүүд ордныг аюулгүй орхиж чадсан ба цагдаа нар босогчдын эсрэг тулж үлдсэн байна. Мөн тус хотын Үндэсний гвардын 1100 хүний бүрэлдэхүүнтэй хүчнийг дайчлаад буй. Хотод пүрэв гарагийн өглөөний 6 цаг хүртэл хөл хорио тогтоолоо. 

Орчин цагийн Америкийн түүхэнд байхгүй гутамшиг хүчирхийллийг ерөнхийлөгч нь өөрөө өдөөлөө гэж Вашингтон Пост дүгнэв. Дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жое Байден мэдэгдэлдээ “Энэ бол тэмцэл биш, энэ бол увайгүй үймээн самуун. Үүнд Доналд Трамп буруутай бөгөөд, тэр зөвхөн хоёр намын гишүүд, дэмжигчид төдийгүй дэлхий даяарх АНУ-ын хамтрагчдыг аюулд орууллаа. Ерөнхийлөгчийн үг уриалан дуудах ёстой болохоос өдөөн турхирах ёсгүй юм” гэлээ. 

Харин Доналд Трамп твиттерт босогчдыг Капитол руу дайрахыг уриалсныхаа дараа “Би та нарт хайртай” гэж бичжээ. Мөн телевизээр тэдгээр хүмүүс бол жинхэнэ эх орончид гэж хэлсэн юм. Хэсэг хугацааны дараа тэднийг тайван байж, гэртээ харихыг уриалсан пост оруулсан байна. Энэ мэдэгдлийнх нь дараа Твиттер түүний жиргээнүүдийг устгаж, өөрийг нь жиргээнд болон Фэйсбүүкт нэвтрэхийг тодорхой хугацаагаар хоригложээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.