Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Д.Ууганзаяа: Хүний хэрэгцээ маш бага юм байна гэдгийг ойлгосон


Байгаль орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаас үүдэн байгальд ээлтэй амьдралын хэв маяг дэлхий даяар дэлгэрч байгаа билээ. Үүний нэг болох зеро вэйст буюу хог хаягдалгүй амьдралын хэв маягийн тухай хүргэхээр бэлдлээ. "Zero waste" клубийн үүсгэн байгуулагч, хог хаягдалгүй амьдралын хэв маягийг өөртөө дадал болгосон, байгалиа хамгаалахыг бусдад уриалж буй зеро вэйстэр Д.Ууганзаяатай ярилцлаа.

-Хог хаягдалгүй амьдралын хэв маягт шилжсэн түүхээсээ бидэнтэй хуваалцаач?

- 2016 онд хамгийн анх хог хаягдлын талаар анхаарч эхэлсэн. Тэр үед хөдөө орон нутгаар аялж явахад хамгийн их тааралдсан зүйл нь хог байсан юм. Байгальд ийм их хог байгаа нь эмзэглэмээр санагдаж, их хүнд тусаж байсан. Аяллаа дуусаж, гэртээ ирээд хог хаягдлын талаар судалж эхэлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдлын 20 хувийг нь л дахин боловсруулдгийг мэдсэн юм. Үлдсэн хувь нь буцаад байгальд буюу хогийн цэг дээр л байдаг болж таарсан. Хог хаягдлын менежментийн хувьд ийм бага дахивар боловсруулж байгаа учир хувь хүн өөрөө л хогоо багасгах хэрэгтэйг ойлгосон доо. Анх хогийг түүчихье гэсэн аргаар их үзсэн л дээ. Бүтэн жил хог түүх аян зохион байгуулсан юм. Тэглээ гээд хог хаягдлын асуудал шийдэгдэхгүй нь ойлгомжтой байсан. Тэгээд өөрийн гаргаж буй хогоо яаж багасгах уу гэж хайсны дүнд гадаадын сайтуудаас зеро вэйст буюу хог хаягдалгүй амьдралын хэв маягийн талаар анх олж уншсан юм. Гадаадад зеро вэйст, дөрвөн ам бүлтэй айлын нэг жилийн хог хаягдал 200 грамм байх жишээтэй. Тэр мэдээллүүдийг уншаад өөртөө хэрэгжүүлэхээр шийдсэн. Хамгийн эхэнд хүмүүсийн сайн мэдэхээр даавуун тор ашиглаж эхэллээ. Түүнээс хойш байнга хогтой холбоотой мэдээлэл уншиж, худалдаа хийхдээ аль болох хог бага гарахыг бодолцож сонголтоо хийдэг болсон. Өмнө нь идэж, ууж, хэрэглэдэг байсан бүтээгдэхүүнүүдийн бараг 10 хувь нь л одоо үлдсэн. Ийм байдлаар сонголтуудаа өөрчилсөн. Одоо бол миний хувьд энгийн л амьдралын хэв маяг болчихсон байна. Дэлгүүр ороод авдаг цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээ л авна. Хувцас авсан ч тоотой, эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Намайг хүмүүс их төвөгтэй амьдраад байна гэж харах нь бий. Гэхдээ энэ нь эсрэгээрээ энгийн амьдрахад минь л тус дэм болсон.

-Зеро вэйст төслийнхөө талаар тайлбарлавал?

-Зеро вэйст гэхээр хүмүүс орчуулаад тэг хог хаягдал гээд ойлгочихдог юм. Ямар ч хог хаягдал гаргахгүй гэж ойлговол учир дутагдалтай. Байж болох хамгийн бага хог хаягдал гаргана. Түүнийгээ дахин боловсруулна. Дахин боловсруулах боломжгүй хэрэглээнээсээ аль болох татгалзана. Ингээд л тэг болж байгаа юм. Энэ нь бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд ч ялгаагүй. Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргахдаа хэрэглэгч хэрэглэж дууссаны дараа дахин боловсруулагдах, үйл ажиллагаа нь байгальд ээлтэй байх шийдлийг л зеро вэйст консепт гэж байгаа юм. Ийм байдлаар хог нь эдийн засгийн эргэлтэд орж, түүхий эд болдог гэдэгт манай улсын шийдвэр гаргагчид ч анхаарал хандуулахгүй байгаа учраас хог хаягдлын менежмент хийгдэхгүй байна. Тийм цогц системийг бүрдүүлчихвэл тэг хог хаягдалтай болох амархан. Швед, Япон гэх мэт улсад хогоо дахин боловсруулаад эрчим хүч ч гарган авч байна. Манайх шиг ихэнх бүтээгдэхүүнээ гаднаас оруулж ирдэг улсад хог хаягдлаа эдийн засгийн эргэлтэд оруулбал энэ нь өөрөө баялаг болох юм. 

-Хаягдалгүй амьдралын хэв маягаар амьдрах гол зарчим нь юу вэ?

-5R(refuse, reduce, reuse, recycle, rot) буюу татгалз, багасга, дахин ашигла, дахин боловсруул, хамгийн сүүлд нь бордоо болго гэдэг зарчим. Энэ зарчмыг мөрдөхийн тулд өөртэйгөө их ажиллах хэрэгтэй болно. Чи ямар хувцас өмсдөг, ямар газруудаар үйлчлүүлдэг гэх мэт зүйлсээ тодорхойлно. Нэн тэргүүний хэрэгцээтэй биш зүйлс аяндаа хаягдчихдаг. Харин үйлчлүүлэхийг хүсэж буй газруудаараа яаж хог хаягдал багатай үйлчлүүлэх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Өөрийн хоолны саваа мартчихсан үед хоол авч явах хэрэг гарлаа гэхэд дахин боловсруулагдах PP тэмдэглэгээтэй нэг удаагийн сав сонгох гэх мэтчилэн. Энэ бүхэн дадал болох хүртэл өөртэйгөө ажиллах тодорхой хугацаа шаардагдана. Аяндаа энэ тохиолдолд ингэчихье гэдэг сонголтуудыг автоматаар хийгээд сурчихдаг.

-Энэ амьдралын хэв маяг танд энгийн санагдах хүртэл хэр хугацаа шаардсан бэ?

-Гурван жил болсон. Манайд мэдээлэл, сургалт болон энэ талаар ярьдаг хүмүүс маш цөөхөн байсан. Тийм учраас их хугацаа орсон байх. Улаанбаатар хот дахин боловсруулах үйлдвэртэй гэдгийг ч мэддэггүй байлаа. Эхний жил их судалгаа хийж, туршиж үзээд л таарсан. Өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг зеро вэйст болгох сонголтуудыг хайхад бас их хугацаа зарцуулсан л даа. Хатуу шампунь гэх мэт зүйлс саяхнаас л гарч ирсэн. Хэрэглээд үзэхэд өмнөх амьдралын хэв маягаас арай өртөг өндөртэй болох тохиолдлууд ч бий. Ер нь бүх хэрэглээгээ солиход хүрсэн дээ. Үр дүнд нь гарч буй эерэг, сөрөг үр дагаврыг тэнцвэржүүлэх гэж явсаар урт хугацаа зарцуулсан. Одоо дөрөв дэх жилдээ орж байна. Надтай 20, 30 залуус хамт эхэлж байлаа. Одоо харахад бараг ганцаараа шахуу үлдчихсэн байна. Миний хувьд өнгөрсөн оны сүүлээс энэ бүхэн энгийн санагддаг болсон. Хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд нь тодорхой болоод шийдлүүдээ олчихсон учир одоо амар байдаг.

-Тэгэхээр өмнөх амьдралын хэв маягаас илүү өртөг өндөртэй гэсэн үг үү?

-Тухайн үед хог хаягдлаа тэг болгохыг их хичээж, зардал өндөртэй аргуудыг туршиж үзсэн. Гадаадын мэдээллийг хэтэрхий их авчихсан хэрэг. Тухайн улсууд өөрсдөө үйлдвэрлэгч орнууд учир тэндээ боломжийн үнэтэй. Харин Монголын нөхцөлд өртөг нь өндөр. Модон сойз гэхэд 15-20 мянган төгрөг, түүнийгээ гурван сар тутам солино гэхээр харьцуулахад өмнөх бүтээгдэхүүнээс үнэтэй болдог. Гоо сайхан болон угаалгын өрөөний бүтээгдэхүүнүүд хамгийн төвөгтэй нь. Одоогоор дахин боловсруулах боломжтой хуванцар эсвэл дахин ашиглах боломжтой материалаар хийгдсэн сав, баглаатай  гоо сайхны бүтээгдэхүүнүүд ашиглаж байна. Энэ нь эдийн засгийн хувьд ч арай зөв сонголт болж байгаа юм. Энэ талын байгальд ээлтэй бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээ манайд маш бага байдаг. Гаднаас цөөхөн орж ирж байгаа нь чанартай биш ч үнэтэй байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн 50 хувьд нь л зеро вэйст шийдэл олсон. Үлдсэн нүдний тень, харандаа, энгэсэг гэх мэт зүйлс яалт ч үгүй л хог хаягдал болж байна. Харин хөвөн, салфеткан маск гэх мэт зүйлсээс татгалзсан. Өөрсдөө маск найруулдаг хүмүүсээс очиж авдаг.

-Хогоо хэрхэн ангилдаг вэ?

-Гэртээ ангилаад “Царцаа ногоон” гээд дуудлагын үйлчилгээнд өгдөг. Гэхдээ одоогоор ажиллахгүй байгаа. Тиймээс “Түвшинсайхан” дахин боловсруулах үйлдвэрт аваачиж өгч байна. Ус, ундаа, лааз гэх мэт том оврын хогоо хогийн машин ирэхээр тусад нь гаргаад өгчихдөг юм. Хогийн машин өөрсдөө ялгаж аваад тушаадаг. Бусад гялгар уут, шил, цаасан хог хаягдал гэх мэт зүйлсээ гэртээ хадгалаад аваачиж өгдөг. Эдгээр хаягдал нь гэрт тийм ч их зай эзэлдэггүй. Хамгийн их зай эзэлдэг нь ус, ундааны сав л байдаг.

-Хүмүүс хог хаягдалгүй амьдрах гэж хичээх нь тийм ч их үр нөлөө үзүүлэхгүй гэсэн хандлагатай байдаг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ??

 -Хүмүүс энэ талаар мэдээлэлгүйн улмаас хангалтгүй гэж үзэх нь бий. Ганц хүний өөрчлөлт гэр бүл, найз нөхөд гээд эргэн тойрныхондоо нөлөөллийг бий болгодог. Тиймээс би хогоо багасгаж, ангилж хаялаа гээд үр дүнгүй гэж бодож болохгүй. Таны уусан ундааны сав хөрсөнд 100-400 жил байсаар байна. Тэгвэл хогоо ангилснаар та байгалиа хамгаалж байна гэж бодох хэрэгтэй. Нөгөө талаас хувь хүн байгальд ээлтэй амьдрахыг хүсэж байгаа ч тухайн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалтгүй байгаа нь харамсалтай.

-Зеро вэйст амьдралын хэв маягийг сонирхож байгаа хүмүүс нэлээд ихсэж байна. Яг тууштай хэрэгжүүлж байгаа нь хэр их байна?

-Хувь хүмүүс хэрэгжүүлэхэд ер нь чанга байдаг л даа. Хүнээс чин сэтгэл, хичээл зүтгэл их шаардана. Тийм болохоор хүмүүс хог хаягдлаа 10, 20 хувьтай бууруулсан ч болж байгаа юм. Ийм амьдралын хэв маягтай, байгальд ээлтэй хэрэглэгч нар жил ирэх тусам нэмэгдэнэ гэж харж байна. Яагаад гэвэл дэлхий маань хүртэл өөрөө даац, хэрэглээ ихдэж байгааг хэлээд байна. Тиймээс бизнесийн байгууллагууд ч өөр хэрэглээний соёл бий болж буйг анзаарах хэрэгтэй. Дэлгүүрт худалдан авалт хийх амаргүй. Яг үнэндээ томоохон сүлжээ дэлгүүрийг бүтэн тойроод гарахад авах зүйл маш бага байдаг. Тэгэхээр ийм амьдралын хэв маягтай хүмүүст нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

-Байгальд ээлтэй хэрэглэгчид ихсэж байгууллагуудад шаардлага тавьсны үр дүнд бизнесүүд өөрчлөгдөх болов уу?

-Бид “Zero waste” клубээ нээхдээ тэгж л эхэлсэн. Хог хаягдалгүй амьдралыг сонирхдог хэсэг хүмүүс нэгдэж өнгөрсөн оны наймдугаар сард клубээ нээсэн. Манай клуб үйл ажиллагаагаараа хүмүүст мэдээлэл хүргэж, сургалтууд зохион байгуулдаг. Мөн байгууллагуудын хог хаягдлын менежментийн асуудлуудыг шийдэх үйлчилгээнүүд гаргаж эхэлж байгаа. Хэрэглэгч болон байгууллагуудыг холбосон шийдлүүд дээр ажиллах төлөвлөгөөтэй байна. "Хэрэглэгч бидний гарт сонголт хийх эрх байгаа шүү. Бидэнд эрх нь байгаа учраас сонголтоо өөрсдөө хийнэ. Илүү олуулаа болъё" гэсэн итгэл үнэмшлээр клубээ нээж байсан. Харин одоо бол олуулаа болж шаардлага тавья гэхээсээ илүүтэй үйлчилгээний байгууллагуудад шууд хандах нь дээр юм байна гэж шийдсэн. Үйлчилгээний газар хүнсний хог хаягдлаа тусад нь авдаг болох гэх мэт шийдлүүдийг санал болгох нь олуулаа болохыг хүлээхээс илүү үр дүнтэй байгаа юм.

-Энэ амьдралын хэв маягаасаа сурч, ойлгож авсан зүйл нь юу вэ?

-Хүний хэрэгцээ угтаа маш бага юм байна гэдгийг л их ойлгосон. Хүмүүсийн ярьдаг энгийн амьдрал аз жаргалтай гэдгийг одоо л яг ойлгож, мэдэрч эхэлж байна. Ямар нэг зүйл авчих юмсан гэсэн шунал, хүсэл төрөхөө больсон. Зун болоод нэг шаахай хэрэгтэй бол тэрийгээ авна гэх мэтчилэн бүх зүйлс их энгийн болсон. Сатаарах зүйл маш бага.

-Өнгөрсөн жилээс байгаль орчны чиглэлээр сурч эхэлсэн гэсэн. Зеро вэйстийн талаарх судалгаануудаа хийгээд энэ чиглэлээр суръя гэж шийдсэн үү?

-Тэгсэн. Би өмнө нь аялал жуулчлалын салбарт байсан юм. Одоо байгаль хамгаалагч, экологич мэргэжлээр сурч байгаа. Энэ талаар надад хийх зүйл их байгаа юм шиг санагдсан. Тиймээс үүнийгээ илүү мэргэжлийн түвшинд судалъя гэж шийдсэн. 

-Байгаль орчны бохирдлын асуудлуудын нэг нь л хог хаягдал. Тэгвэл хөрс, ус, агаар гэх мэт байгаль орчны бохирдлууд үүсэж буй гол шалтгаан нь юу гэж бодож байна вэ?

-Гол шалтгаан нь ерөөсөө л хүний хэрэглээ. Одоо үед хүний хэрэглээ асар их болчихсон. Дээрээс нь дэлхийн хүн амын тоо давхар өсч байна. Энэ их өсөлт нь уур амьсгалын өөрчлөлт болон экологийн тэнцвэрт байдал алдагдахад хамгийн их нөлөөлж байгаа.

-Байгалиа хамгаалахын тулд хүн бүрийн хийж болох хамгийн энгийн зүйл юу вэ?

-Усаа хэмнэх, тог цахилгаанаа унтраах, кофены хуванцар аяганаас татгалзах гэх мэт жижиг үйлдлүүд байна. Үүнээс гадна та байгальд ээлтэй, хог хаягдалгүй соёлыг түгээж, бусдад үлгэрлэх нь маш том нөлөөллийг бий болгоно. Инстаграмаа хог хаягдалгүй амьдралын талаар хөтлөх, эргэн тойрны хүмүүстээ мэдээлэл өгөх гэх мэтчилэн юу ч байж болно. 

-Байгальд ээлтэй амьдрах орчин төгс бүрдсэн байгаагаар төсөөлбөл танд ямар дүр зураг буух вэ?

-Дэлгүүр рүү ороход өргөн зеро вэйст сонголттой. Наад зах нь хогоо цүнхэндээ хийж явдаггүй. Гудамжинд хуванцар, лааз, хүнсний хог хаягдал гэх мэт нарийн ангилдаг хогийн савтай. Тэгвэл хогоо цүнхэндээ хийж явахгүй тийш нь хаячихаж болно. Гэртээ ядаж гялгар уутнуудаа ялгаж хадгалахгүйгээр орцондоо гаргаад хаячихдаг болмоор байна. Тэр нь тээвэрлэгдээд дахин боловсруулах үйлдвэрт очдог. Ийм байхад л болж байгаа юм. Ангилах процесс нь нэг стандартын дагуу, мөн хүмүүс зөв ангилаад сурчихвал сайхан байна. 

-Энэ хүртэл тууштай байхад танд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Яагаад шантарчихаагүй юм бэ гэж үү /инээв/. Ер нь өөр арга надад байгаагүй. Ямар хамаатай юм гээд хогоо хаячихаж ерөөсөө чадахгүй байсан. Хог хаягдлын талаар дөнгөж судалж байхдаа чихэр, шоколад их иддэг байлаа. Нэг удаа шоколадны цаасаа хаях гээд хогийн саван дээр очоод гацчихсан. Энэ байгальд л очно шүү дээ гэж бодогдсон. Хүмүүс байгальд хог хаялаа, би бол хог хаядаггүй гэдэг. Яг үнэндээ бидний өдөр тутамдаа гаргаж буй хог тээвэрлэгдээд буцаад хөрсөн дээр очиж байгаа юм. Түүнээс хойш хогийн саванд хог хаяж чадахаа больсон.

-Хүмүүс зеро вэйст болно, ямар ч хог хаягдал гаргахгүй гээд хэтэрхий хатуу шийдчихдэг. Үүнээсээ болоод амархан шантарчихдаг юм шиг санагддаг. 

-Өөртөө тийм хатуу шаардлага тавих нь одоогийн нөхцөл байдалд тохиромжгүй. Үйлдвэрүүдийн авч байгаа түүхий эд их хязгаарлагдмал байна. Дэлгүүрт худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүн болон дахин боловсруулах үйлдвэрүүдийн авч байгаа түүхий эд хоорондоо их зөрнө. Тиймээс өөрийнхөө боломжит хэмжээнд уян хатан байх хэрэгтэй. Хогоо ангилдаг байх нь л танд том давуу тал болно. Хэтэрхий хүндээр тусгаж, өөрийгөө шийтгэх хэрэггүй.

-Зеро вэйст амьдралын хэв маягт шилжих гээд дөнгөж эхэлж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Мэдээлэл сайн авч байгаарай. Өөртөө хэт хатуу шаардлага тавих хэрэггүй. Bubble tea авч уумаар байвал уух л хэрэгтэй. Өмнө нь хэрэглэж байсан хэрэглээгээ хэдэн хувьтай багасгаж байгаагаа л тооцоход болно. Үүнийг дагаад хог хаягдлын хэмжээ багасна. Бага багаар өөртөө урам өгөөд л яваад байгаарай. Бүр учраа олохгүй байвал “Zero waste” клубтэй холбогдоод мэдээлэл авч болно шүү.

Ярилцсан: Э.Сумъяажаргал

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.26
Хойч үе маань хэзээ ч харахгүй байж магадгүй аюулд ороод буй 10 амьтан
2
2024.02.23
НАСА-тай хамт нарны дүрсийг судлах уу?
3
2024.02.15
National Geographic: Дэлхийн дулаарал бидний амьдралд
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
7
0
1
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.08.04 172.69.252.149

Odoo barag gantsaaraa uldsen gej bolohgui shuu, hamtran zutgegch nuhduu tsaashid bodoltsooroi

0 Хариулах


Зочин 2020.07.27 108.162.219.105

zero waste ee mongoloor orchuulchaad yarival zugeer yum. Mongol humuust handaj yarij bui bol ter shuu dee. gadaa hun bol hamaa alga. Zero waste geed ehlenguut hamag unshih sonirhol untraad guilgechilee

0 Хариулах


Zochin 2020.07.27 188.114.111.188

Bayar hurgie. Amjilt husie.

0 Хариулах