UBLife Logo
Э.Батзориг: Хүссэн зүйлийнхээ төлөө яг одоо хөдөлж эхэл
Newsfeed

Э.Батзориг: Хүссэн зүйлийнхээ төлөө яг одоо хөдөлж эхэл

Орчин үеийн бүжгийн урлагийг таниулахад гар бие оролцон хөгжүүлж яваа “Aim4r” продакшны үүсгэн байгуулагч, захирал Э.Батзориг буюу Бачкатай сүүлийн үеийн сонин сайхнаас нь хором ярилцсанаа хүргэж байна. “Aim4r” продакшны залуусыг бид томоохон шоу нэвтрүүлэг, залуусын дунд хит болж байгаа клип, тоглолтын бүжгээс хардаг болоод уджээ.

-“Aim4r” продакшн байгуулагдаад 10 жил болж, орчин үеийн бүжгээр ажил, мэргэжлээ бүтээж болохыг залууст харуулж байна. Мөн сүүлийн үед нийгэмд хандсан бүжиг дэглэлээ. Энэ тухай яриагаа эхэлье гэж бодлоо.

-Хүүхэд, залуус бидэнд бүжиглэх дуртай гэдэг үүднээсээ их ханддаг л даа. Дэлгэцний араас дотроо дуртай гэж хэлэх мэдээж амархан. Харин яг үүнийгээ бодит үйлдэл болгох, үнэхээр ямар нэг зүйл хийхийг хүсэж байгаа бол хөдөл гэсэн уриатайгаар “EMVMNT” аянаа сошиал орчинд эхлүүлсэн. “Movement” гэдэг нь шилжих хөдөлгөөн гэсэн утгатай. Тэгээд “Бүжиглэх дуртай бол босоод бүжиглээсэй”, “Бүжиглэдэггүй байсан ч босоод мөрөөдлийнхөө төлөө нэг алхаасай” гэсэндээ цахим хуудсуудаараа хэн ч дагаад хийж болох, хөнгөн бүжгийн хичээлүүд оруулж байгаа. Бас “Aim4r” продакшны жилд нэг удаа болдог сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчид маань “EMVMNT” аянд зориулсан бүжгээ зэрэг бүжиглэсэн.

-Тэгэхээр энэ аян зөвхөн бүжгийн тухай биш байх нь ээ?

-Мэдээж бид бүжгийн урлагийн хүмүүс учраас эндээс эхлэх нь зөв байх. Гэхдээ хараад байхад түрүүн хэлсэнчлэн залуус сошиал медиа дээр л “том ярих” хандлагатай болохоор бага ч гэсэн үйлдэл хий гэсэн утгаар “EMVMNT”-ийг эхлүүлсэн. Ямар ч амжилт хамгийн эхний үйлдэл, хөдөлгөөнөөс үүсдэг шүү дээ. Бодоод л суугаад байвал биеллээ олно гэсэн хийсвэр яриандаа төөрөөд үлдэлгүй их, бага хамаагүй хөдөлж эхлэх хэрэгтэй. “Movement” буюу хөдөлгөөн гэдэг үг нь бүжигтэй ойр байсан учраас мэдээж эндээс эхэлсэн. Цаашдаа аянаа улс даяар зохион байгуулж, илүү баялаг болгох боломж бий.

-“Aim4r” продакшн жилд нэг удаа сонгон шалгаруулалт явуулдаг гэлээ. Энэ тухай болон тэнцсэн хүүхдүүдэд ямар боломжууд байдаг тухай хуваалцаач.

-“Aim4r” продакшны шалгаруулалтад энэ удаа 400 гаруй залуу ирж оролцсоноос бид 100 гаруйг нь сонгож авсан. Тэдний авьяас, хичээл зүтгэл гээд тал бүрээс нь харж, сорьж авдаг. Авьяас нь аль хэдийнээ тодорсон хүүхдүүд мэргэжлийн сургуульд академик түвшинд бэлтгэгдээд явж байна.

-Сонгон шалгаруулалт гэснээс бүжигчин болох хүсэлтэй хүүхэд залууст продакшныхаа сонгон шалгаруулалтын явцаас болон сонгон шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүдийг юу хүлээж байдаг талаар яриач.

-“Aim4r” продакшны жилд нэг удаа авдаг сонгон шалгаруулалтаар 400 гаруй залуус ирж оролцсоноос бид 100 гаруй залууг сонгон авсан. Сонгон шалгаруулалтын тухайд авьяас, хичээл зүтгэлийг нь бүх талаас нь харж, сонгож авдаг. Авьяас нь аль хэдийнээ тодорсон хүүхдүүд мэргэжлийн сургуульд академик түвшинд бэлтгэгдээд явж байна. Харин бид сонирхлоороо нэгдсэн учраас өөрсдийгөө сургууль гэж нэрлэдэггүй, тэгж болохгүй ч гэж боддог. Хүүхдүүд маань продакшнд бэлтгэгдэж эхлэхээр телевизийн шоу, клип, зураг авалтад ороод гялс олонд танигдах талаас нь өнгөц харах тохиолдол их байдаг. Энэ бүх боломжууд тэднийг хүлээж байгаа нь дамжиггүй. Гэхдээ тэр дундаас ганц бүжиг гэлтгүй биднээр дамжуулан урлагийн ертөнцийн “хаалгыг” нээж үзэн, өөрийгөө олох боломж гэж хараасай боддог. Бүжгээр өөрийгөө олж нээж чадсан бол заавал бидэнтэй хамт бай гэж шаарддаггүй, сайн сайхныг хүсээд явуулах соёл бидэнд байдаг.

-Залуусыг өөрийгөө олж, авьяасаа нээхэд нь тусалдаг гэж ярилаа. “Aim4r” продакшнаар овоглодог залуус бүжиглэхээс гадна хөтлөх, дуулах, бүжиг дэглэх гээд давхар давхар авьяасаа нээж байна. Урлагийн замналд нь хөлд оруулж буй бараг л “аав” нь болж байна шүү дээ.

-“Бүжгийн аав” гэсэн чинь сэтгэл их хөдөллөө. Өөрийн минь гаргаж ирсэн үндсэн 12 бүжигчин бий. Нууц дэлгэхэд тэдний маань ихэнх нь аавгүй амьдралыг туулсан хүүхдүүд байдаг. Амьдрал дээр тэд намайг жинхэнээсээ “daddy” гэж дууддаг. Тэдний амьдралыг “аавын” үүргээр хариуцаж байгаагийн хувьд би ч тэдэнд үлгэр дуурайлал болж, халамжлах үедээ халамжилж, хатуу хэлэх үедээ хэлдэг. Урлагийн замд өөрөө оруулж ирсэн учраас би тэдний ирээдүйн амьдралыг бүрэн хариуцах үүрэгтэй.

-Анх продакшнаа байгуулж байсан үеийн нийгмийн хандлага одоогийнхтой харьцуулахад өөр байсан байх?

-Их сургуулиа ч төгсөж амжаагүй байхдаа буюу 2006 оноос орчин үеийн бүжгийн урлагийг таниулах гэж хичээж ирсэн. Бүжиглэдэг гэхээр нэг тийм “гудамжны стиль”-тэй хүүхдүүд гэж ойлгогддог байсан ч нөгөө талаасаа тухайн үеийн хуучны бүжгүүд мандаж, бүжиг гэдгийг түүгээр л олж хардаг байсан үе л дээ. Жишээ нь “Ice Top”, “Хар сарнай”, BX, Болд ах гээд л бүгд бүжиглэдэг байлаа. Том том хүрэм өмсөөд, шалаар гулгаад л, R&B стилийн бүжгийг хүлээж авдаг залууст тэс өөр стилийн бүжгийг харуулж эхлэхээр ойлгож, үлээж авах нь сул байсан. Хэнд ч танигдаагүй, хэн ч мэдэхгүй залуус бүжиглэж явсаар одоо 10 жил өнгөрчээ.

-Олон залуусын амьдралыг бүжгийн ертөнцтэй бүрэн холбосон байдаг. Харин Бачкагийн амьдрал бүжигтэй яаж холбогдож байв? Анх багаа хэрхэн бүрдүүлж байсан талаараа дурсаач.

-Бүжиг бол миний мэргэжил биш сонирхол. Цэцэрлэгт байхаасаа бүжиглэж, арван жилдээ бүжиглэсээр, оюутан байхдаа ч орхиогүй. Сонирхлоо амьдрал болгосон шалтгаан нь ийм учиртай. МУИС-ийг “Олон улсын харилцаа”-ны чиглэлээр төгсөөд тухайн үеийн “Зоос” банканд ажилд орсон. Сонирхол нь бүжгэн дээр төвлөрсөн хүн өдөржин ширээний ард суух нь үнэхээр уйтгартай санагддаг байлаа. Ажиллаж байсан банк маань ч удалгүй татан буугдсан. Тэр цагаас БНХАУ-ын Ханжоу хотод суралцахаар очоод “нүд нээгдэж” байсан юм. Монголд бүжгээр нэгдмэл залуус л дутаад байгааг олж харсан явдал л даа. Бидэнтэй л адил эхэлж байсан Ханжоу хотын залуус тэр үед хоёр том студи болтлоо хөгжсөн байсан юм. Нэг нэгнээ юу бүжиглэж, ямар санаа гаргаж байгааг гүүрний наана цаанаас дуранддаг байсан гээд л кино шиг зүйлийг тэднээс харж болохоор байсан. Нэг нэгнийхээ дээр гарахдаа биш зөвөөр өрсөлдөж, бүжгийн салбараа хөгжүүлж байсныг хараад л би шууд шийдсэн. Монголд байгаа найзууд руугаа хэлэхэд бид л “сөрөг хүчин” болж, “Орчин үеийн бүжгийг хөгжүүлье, амьдралаа зориулъя” гээд эхэлж байсан нь саяхан ч юм шиг. Aim4r продакшнд харьяалагддаг залуусаас бүжгийн мэргэжилтэй хүн нэг ч байхгүй. Шижирээ гэхэд “Хөнгөн үйлдвэрлэл, механикийн инженер” мэргэжилтэй бол би “Дипломат албаны олон улсын харилцаа”-гаар төгссөн байх жишээний. Бүгд л бүжгээр нэгдсэн нь тэр.

-Нийгэмд шинэчлэл хийх, шинээр танигдана гэдэг амаргүй. Арван жилийн хугацаанд багагүй бэрхшээлтэй нүүр тулж байсан байх. Энэ бүхнийг давж гарахад өөрийг тань юу түлхэж байв?

-Хятадаас ирээд тоглодог тоглоомоосоо санаа аван “Бүх цаг үед шинэчлэл, хувьсал хийгдэж байх ёстой” гэсэн утгаар “Aim for revolution” буюу “Aim4r” гэж нэрлэж байлаа. Хүмүүст “аймаар” гэж ойлгогддог нь ч надад таалагддаг. Продакшн гэдэг нь уран бүтээлээ хийхээс гадна хүмүүсийг дэмждэг, зорилго нэгт хэсэг бүлэг хүмүүсийг хэлдэг гэж боддог. Тэгэхээр “Aim4r” продакшнд миний удирдлага дор хүмүүс бэлтгэгдээд эхэлсэн л бол тэднийгээ заавал амжилтад хүргэх ёстой гэсэн зорилго минь намайг “унтраагаагүй”, харин ч улам “асааж” байсан. Арван жилийн хугацаанд унаж, шантрах үе олон байсан ч одоог хүртэл энэ зорилго маань хэвээрээ байгаа.

-“Aim4r” продакшнаас гадна “Aim4r Gaming” , “Aim4r Store” гээд олон салбарт хүч үзэж байгаа харагдсан. Явуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар онцлохгүй юу?

-“Aim4r Store” хувцасны дэлгүүрийн санааг манай залуучууд анх гаргасан. “Бодоод яваад байлгүй хийгээд үзье” гэж шийдээд дэлгүүрээ 10 жилийн ойдоо зориулж нээсэн. Логогоо хэвлүүлэхээс эхлээд арын албаны ажил мундахгүй их байдаг юм байна. Одоогоор бүрэн анхаарал хандуулж чадахгүй байгаа ч, он гаргаад ханцуй шамлан орно гэж бодож байна. “Аim4r” продакшн бүжгээс гадна фото модель, дуулах ур чадварт сургахаар бэлтгэл ажлаа хангаж байна. “Aim4r Gaming”-ий хувьд Кай бид хоёр “Windows 98” байхаас л компьютер тоглодог байлаа. Мөрөөдлийн нэг хэсгээ биелүүлээд “мэргэжлийн тоглоомчин” болоод явахад нас арай явсан байна. Бугуйн эргэлт, хурууны товшилт, нүдний хурд хүртэл буурдаг гэсэн статистик тоо баримт байдаг юм байна лээ. Тэгэхээр 32 настай би “тоглоомчин” байснаас, 20 настай сонирхол нэгт дүү нараа дэмжсэн нь ирээдүйтэй харагдсан. Залуусаа “E-sport”-оор амжилтад хүрэхэд нь туслаад, тэднээр дамжуулан өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр бид хичээж байгаа. Салбар салбарт хүч үзэж байгаа маань ч “EMVMNT” аян шиг “хийх хүсэл нь байвал бодоод л байлгүй хөдлөөд үзээрэй” гэсэн санааг давхар агуулж байгааг хэлмээр байна.

-Бачка сошиал орчинд нэлээд идэвхтэй байгаа харагддаг. Дагагчдынх нь ихэнх хувийг өсвөр үеийнхэн эзэлдэг байх. Өөр нийгэмд өсвөр үеэ өнгөрөөсөн Бачкагийн хувьд тэдний сошиал орчинд хэт нээлттэй ханддаг болон хэт автсан талаар ямар бодолтой явдаг вэ?

-Өсвөр үеийнхнээс гадна дээд үеийнхэн маань ч дагаж байгаа харагддаг. Намайг өсвөр үеийн хүүхэд байхад орчин үеийнх шиг юм бүхэн байгаагүй. “Yahoo messenger”, “форум”-аар л харилцдаг байсан үе шүү дээ. Нэг асуулт бичээд маргааш нь хариугаа авдаг, буруу зүйл бичвэл шүүмжлүүлэхээ мэддэг захидлаар харилцаж байгаа мэт үнэ цэнэтэй харилцаа байсан. Одоо үед бүх зүйл нээлттэй байна. Эрх чөлөөт нийгэмд нээлттэй зүйл байлгүй яахав. Гэвч сошиал орчинд мэдэхгүй байж “хэт мэдэмхийрэгчид” олон болсны ард өсвөр үеийнхэн болон тэднээс бага насныхан байгааг харахад маш харамсалтай санагддаг. Нэг бүжгийн ард алдаж оносон нөр их хөдөлмөр, нэг тоглоомын багийг авч явахад ард нь зохицуулах санхүүгийн асуудал гээд “хөшигний ард” юу болдгийг мэдэхгүй байж, ёс бус хэллэгээр хэлж, дайрахыг хараад тэвчилгүй шууд хэлдэг болсон. Тэр дунд миний үеийнхэн болон дээд үеийнхэн маань ч хамааралтай. Бурууг нь хэлэхээр ухамсарлаад, ойлгож талархаж хүлээж авч байгаа нь баярлууштай санагдаж байгаа. Дашрамд хэлэхэд, “Харилцаанаас харилцаа үүсдэг шүү” гэдгийг өсвөр үеийнхэн гэлтгүй сошиал орчинд идэвхтэй бүх хүмүүст хэлмээр байна.

-Монголын орчин үеийн бүжгийн ирээдүйн хөгжил, чиг хандлагыг хэрхэн харж байгаа вэ?

-“Монгол HD” телевизийн “Авьяаслаг Монголчууд”, “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг”, “UBS” телевизийн “Perfect dance” зэрэг шоу нэвтрүүлгүүд бүжигчидтэй гэрээ хийж, тэднийг цалинжуулж үнэлэхээс гадна олон улсад танигдах гарцыг нээж өгч байгаагаараа онцлог гэж боддог. Манай залууст тэдэнтэй өрсөлдөх авьяас чадвар, туршлага байгаа учраас гурван жилдээ багтаад олон улсад гарах урсгалыг нээж өгөхөөр зорьж ажиллаж байна. Бүжигчид гадагшаа гарахад виз болон спонсорын асуудал дээр гацчихдаг хэвээрээ байна. Гэвч боломж хүлээгээд суулгүй манай залуус ОХУ, Өмнөд Солонгос руу туршлага судлахаар өөрсдөө гарц эрэлхийлж байна. Шинэчлэлийг эхлүүлсэн хүмүүс нь бид болохоор хаяад явах эрх байхгүй. Тавин нас хүрсэн ч энэ салбарт байж л байх болно. Үнэнийг хэлэхэд сүүлийн хагас жил би бүжиглээгүй, бүжигчдэдээ өөр боломж, гарц нээхээр менежмент тал руугаа ажиллаж байна. Ирэх жилүүдэд бид өөрсдийн тогтоосон босгыг нэгээр ахиулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.