Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Энэ жил гадагшаа явж сурах уу, яах уу?


Цар тахлын улмаас их сургуулиудын сургалтын хэлбэрт багагүй өөрчлөлт орсон билээ. Гадаадын ихэнх их сургуулиуд оюутнуудаа гэрт нь буцааж цахим хэлбэрээр хичээллэсэн. Тэгвэл энэ намраас оюутнууд хэвийн амьдралдаа орох уу? Буцаад кампус дээрээ хичээллэх үү? зэргээр ирэх хичээлийн жилд гадаадын их сургуулиуд хэрхэн хичээллэх талаарх мэдээллийг хүргэж байна.

Энэ намар сургуулиуд эргэж нээгдэх үү? 

  • Их Британид 137 их сургууль байдаг. BBC агентлаг 92 их сургуулиас тодруулга авсан бөгөөд тэдний 89 нь ирэх семестр холимог хэлбэрээр сургалтаа явуулна гэжээ. Өөрөөр хэлбэл, онлайн болон танхимын сургалтыг хослуулж хичээлээ явуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн ихэнх сургуулиуд лекцээ онлайнаар явуулна гэж мэдэгджээ. Тухайлбал, Кэмбриджийн их сургуулийн бүтэн жилийн турш, харин Манчестер болон Хатан хааны Белфастын их сургуулиуд энэ намрын лекцээ онлайнаар орно гэжээ. Түүнчлэн Абердин их сургууль намрын семестр эхлэх хугацааг хоёр долоо хоногоор хойшлуулсан байна. 

  • АНУ-ын ихэнх их сургуулиуд оюутнуудын 40-60 хувийг кампусдаа буцаж ирэхийг зөвшөөрч байгаа аж. Стэнфордын их сургууль ирэх намрын семестрт зөвхөн нэг болон хоёрдугаар курсийн оюутнуудаа кампусдаа ирэх шийдвэрийг гаргажээ. Мөн Харвардын их сургууль намрын семестрт нэгдүгээр курсийн болон онцгой нөхцөл байдалд буй оюутнуудыг ирэхийг зөвшөөрсөн байна. Дотуур байрандаа ирсэн ч бүх хичээл цахимаар явагдах аж. Харин хаврын семестрт төгсөх курсийн оюутнуудтай солигдох юм байна. Корнеллийн их сургууль бүх оюутнуудаа дотуур байрандаа ирэхийг зөвшөөрч, танхимын болон цахим сургалтыг хослуулахаар болжээ. 

  • Канадын хамгийн том муж болох Квебекийн их сургуулиуд намраас олон улсын оюутнуудаа хүлээж авах боломжтой гэж таамаглаж байна. Их сургуулиуд нь гурван төрлийн хөтөлбөрт бэлтгэж байгаа аж. Нөхцөл байдлыг харгалзан танхимаар бүтэн хичээллэх, оюутнуудын 50 хувь нь кампус дээр байрлан холимог хэлбэрээр хичээллэх, оюутнуудын 30-35 хувь кампус дээр байрлан холимог сургалтын хэлбэрээр орох гурван хувилбарыг бэлтгэж байна.

  • Австрали улс энэ оны гуравдугаар сард хилээ хаасан. Одоогоор зөвхөн Австрали улсын иргэн болон байнгын оршин суугчид зорчих боломжтой. Харин Австралийн их сургуулиудын хоёрдугаар семестр долдугаар сараас эхлэхтэй холбогдуулан олон улсын зарим оюутнуудыг тусгай нислэгээр авчрахаа мэдэгджээ. Энэ оныг дуустал Австралийн хил жуулчдад хаалттай байх төлөвтэй байна. Австралийн Засгийн газар олон улсын оюутнуудаа хэрхэн нэвтрүүлэх талаар болон ирээд тусгаарлагдах байр, хугацаа гэх мэт зүйлсийг судлан ажиллаж байгаа аж.

Энэ жил оюутнуудын амьдралд ямар өөрчлөлтүүд орох вэ?

Үүссэн нөхцөл байдлын улмаас гадаадын их сургуулиуд дараах өөрчлөлтүүдийг хийж байна. 

  • 2020-2021 оны хичээлийн жилийн турш гадаадын ихэнх их сургуулиуд лекцээ онлайн хэлбэрээр орно.
  • Шинэ оюутнуудын танилцах үйл ажиллагаанууд цахимаар явагдана.
  • Кампус дээр хичээллэж буй оюутнууд өрөө өрөөндөө хооллож, амны хаалт байнга зүүж, коронавирусийн шинжилгээнд тогтмол хамрагдах шаардлагатай.
  • Цөөхөн суралцагчтай хичээлүүдийг хааж байна. Үүнд ихэвчлэн урлаг болон хүмүүнлэгийн салбарын хичээлүүд багтжээ. Санхүүгийн хүндрэлээс шалтгаалан зарим их сургуулиуд хичээлийнхээ тоог ийнхүү цөөлж байна.

Төлбөрт өөрчлөлт орох уу?

Английн засгийн газраас их сургуулийн оюутнууд цахимаар хичээллэсэн тохиолдолд ч төлбөрөө бүтэн төлөх шаардлагатай гэж мэдэгджээ. Ихэнх АНУ-ын их сургуулиуд ч мөн төлбөртөө өөрчлөлт оруулаагүй байна. Харвардын их сургуулийн хувьд жилийн турш цахим хичээл орохоор шийдвэрлэсэн ч төлбөр нь 54,000 ам.доллар хэвээрээ байгаа аж. Харин ирэх зун кампус дээр хичээллээгүй оюутнуудад хоёр хичээл үнэгүй үзэх эрх олгох юм байна. Сургалтын төлбөрөө бууруулж буй цөөн их сургуулиудын нэг болох Принстоны их сургууль төлбөрөө 53,890 ам.доллараас 48,501 ам.доллар болгон 10 хувиар бууруулжээ.

 Энэ намар өргөдлөө явуулахад ямар өөрчлөлтүүд орох вэ?

Коронавирусийн улмаас энэ жил их сургуулийн элсэлтийн үйл явцад ч багагүй өөрчлөлтүүд гарч байна. АНУ-ын ихэнх их сургуулиуд SAT, ACT гэх мэт стандартчилсан шалгалтын оноо шаардахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Америкийн шилдэг либерал арт коллежууд болох Williams, Amherst, Haverford, Davidson, Pomona, Vassar гэх мэт коллежууд шалгалтын онооны шаардлагаа түдгэлзүүлжээ.

Тэгвэл шалгалтын оноогүйгээр хэрхэн их сургуулийн элсэлтийн албаныханд үнэлэгдэх вэ? Хичээлээс гадуурх үйл ажиллагаанууд, дугуйлан, клубууд ч хаалттай энэ үед сайн дурын ажил өмнөхөөсөө илүү үнэлэгдэх хандлагатай байна. Хайрцагнаас гарч сэтгэн, өөрийн нийгэмлэг, хамт олондоо бүтээлч байдлаар хувь нэмрээ оруулах олон аргууд байгаа хэмээн коллежийн зөвлөхүүд санал болгож байна.

Хамтран бэлтгэсэн: Э.Сумъяажаргал

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.