Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Э.Ононбат (Panda): "Pandogi" минимал театр ойрын 10 жилдээ лав уран бүтээлээ зогсоохгүй


"Гудамжны бүжиг" гэхээр хүмүүсийн сэтгэлд ямар дүр зураг буудгийг гайхмаар. Зарим нэг нь зүгээр л хэсэг нөхөд цуглаад "үймүүлж" байна гэж харна. Зарим нь цаг нөхцөөх гэсэн оролдлого мэтээр бодно. Гэхдээ дунд нь орж, энэ залуусын эрч хүчийг мэдэрсний хувьд би "Aim4R Production"-ий залуусыг жинэхэн урлагт хайртай залуус гэнэ. Тэдний эрч хүч шавхагдашгүй мэт бөгөөд бүгд бүжгийг өөрсдийн амьдралын хамгийн том орон зай болгожээ.

Арваннэгдүгээр сарын 23-нд "Pandogi" минимал театрын нээлтийн үйл ажиллагаа болох тухай анх олж дуулаад би минимал театр гэх үгэнд нь татагдан зорьж очиж үзсэн юм. Харин очоод үзсэн зүйл минь төсөөлснөөс илүү байв.

Тэнд өндөр тайз гэх зүйл огтхон ч байгаагүй. Харин бүжгийн талбай, үзүүлбэр үзүүлэх хэсэг шууд л үзэгчидтэй тулж байрласан байлаа. Жүжигчид таны өөдөөс, бүр нүд рүү тань ширтэж байгаад жүжгээ тоглоно гээд төсөөл дөө?

Уг "ТОН" тоглолт нийт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд дунд хэсэгтээ завсарлагатай. Эхлээд монодрам, дараа нь бүжгэн жүжиг. Ийм нэгэн сонирхолтой театрт зочлон очсон зураг болон үүсгэн байгуулагчтай хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэе.

-Ийм залуухан уран бүтээлчид өөрсдийн театраа нээсэн байгааг харах сайхан байна. Та ер нь анх бүжгийн ертөнцтэй хэрхэн танилцаж байв?

-"Aim4R" продакшны нэгэн хэсэг болоод уджээ. Анх Тэмүка ах "Бүжигчид болгон өөрийн хочтой байх ёстой" гэж надад хэлж байлаа. Эхэндээ "Мазаалай"  гэж дуудъя гээд, би түүнд нь огтхон ч дасахгүй байсан юм. "За тэгвэл Панда гэж нэрлэцгээе" гэж шийдээд, түүнээс хойш байнга л энэ нэрээрээ явсан даа. Бүжиглээд 8 жил болж байна. Нисэхийн инженерийн мэргэжлээр суралцаж байгаад, СУИС-д суралцаж эхэлсэн. Миний тухай гэвэл товчхондоо ийм. Аан бас, нэг эхнэртэй, нэг хүүхэдтэй.   

-Яагаад "минимал" театр гэж нэрлээд, ийм зүйлийг санаачлан нээх болсон бэ?

-Эхнэртэйгээ ярилцаж байгаад л гаргасан санаа. Ер нь яагаад уран бүтээлчид үзэгчтэйгээ нэгэн түвшинд бүжиглэж, жүжиглэж болохгүй гэж? Заавал тайзан дээрээс, өндөрлөг дээрээс харьцаж, бүжиглэж, жүжиглэх ёстой гэсэн ойлголтыг эвдэцгээе гэж шийдсэн. Гадаадад ийм театрууд олон байдаг л даа. Нөгөө нэг шалтгаан нь бол бид хоёр мөнгөгүй байсантай л холбоотой. Яг энэ жүжгийг тавихад бид хоёр өөрсдөөсөө "0" төгрөг гаргасан. Adidas брэнд, "M" энтертайнмент, "Board Marketing Agency" гэх байгууллагуудын ачаар энэ жүжиг тавигдсан. Хувцас дээр ч гэсэн Нямка маань "Хувцасныхаа материалын мөнгийг л өгчих, би оёод өгье" гэсэн. Төсвөөсөө авахуулаад бүх зүйл нь л минимал байсан байгаа биз? Хоёрын хоёр бүрэн хэмжээний уран бүтээлийг тавихад нэлээд хэдэн сая төгрөг хэрэгтэй. Гэхдээ эхнэр бид хоёрын цалингаа нийлүүлээд энэ бүтээлд зарцуулсан мөнгө бол 500 мянган төгрөг. Театр хамгийн "минимал"-даа ийм байж болно гэдгийг л харуулахыг хүссэн. Бас урилга болон бусад зүйлүүд ч гэсэн жижигхэн, хэмнэлттэйгээр хийгдсэн байгаа.

-Гэхдээ яг нэг түвшинд байж, тайзгүй бас зааг хязгаар байхгүйгээр тоглож жүжиглэнэ гэдэг ямар байна?

-Яг урдаас нь хараад, нүүр тулж хийнэ гэдэг бүжигчдийн, жүжигчдийн хувьд ч хэцүү юм байна. Гэхдээ хүмүүсээс үзүүлж буй хариу үйлдэл, эмоци, сэтгэл хөдлөл нь чөлөөтэй, цохилт шиг орж ирдэг учраас хамаагүй гоё байна. 

-Эхний хэсэгт таны эхнэрийн үзүүлсэн "Чи минийх" гэх монодрам энэ тэнд тавигддаггүй, бас их хэцүү бүтээл байсан. Хүмүүстэй тулж ойртсон ийм орчинд үзүүлэхэд их өвөрмөц байсан байх?

-Энэ монодрамыг амьдралд илүү ойрхон юм болов уу гэж бодоод анх сонгосон. Учир нь манай Дооги өөрөө эх хүн болохоор илүү мэдэрч чадсан гэсэн үг. Монодрам дээр гэр бүлтэй хүнээс хүүхэдтэй болчихсон эмэгтэйн тухай гардаг. Хэвлийдээ хүүхэд тээх мөчид хүүхдийнхээ эцгийг алдахгүйн төлөө юу хийх вэ гэдгийг харуулдаг. Манай залуусын дунд хамгийн түгээмэл байгаа асуудал нь гэр бүл төлөвлөлт, үнэнч байдал шүү дээ. Гэр бүл зохиохын тулд чи ухаантай байх хэрэгтэй. Үнэнч байдал гэдэг өөрөө ухамсрын асуудал. Ямар нэг хариуцлагагүй үйлдлээс болж өөр нэг хүн яаж зовдгийг энэ монодрамаараа харуулж, ойлгуулахыг хүссэн. Бие биедээ үнэнч байгаасай, гэр бүлүүд битгий салж, үр хүүхэд элэг бүтэн өсөөсэй гэж хүсдэг дээ. Залуус бид ч мөн өөрсдийн бүтээлээрээ бусдад нөлөөлөх үүрэгтэй шүү дээ.

-Хоёр дахь хэсэг дээр гардаг бүжгэн жүжгийн тухайд?

-Энэ хэсэгт би "Нот" гэдэг үгийг сонгож авсан. Миний чихэн дээр бас нотны шивээс байдаг. Энэ нь хөгжим сонсох, ойлгох чадвар гэсэн утгатай. Тэгээд л "Нот" гэдэг үгээ эргүүлээд "ТОН" гэдэг авиа болгон хувиргаж, уг бүжгэн жүжгээ бүхэлд нь нэрлэсэн байгаа. Уг нь маш олон дүртэй байх ёстой ч минимал театрт маань 6 хүнээс 18 дүрийг харах боломжтой. Мөн төрөлхийн сонсголгүй нэг охиныг бид уг жүжигтээ оролцуулсан байгаа. Хэдий тэр охин аялгууг чихээрээ сонсож чадахгүй ч зүрх сэтгэлдээ тэр хэмнэлийг мэдэрч, ойлгож байгаа гэдэг нь уг жүжигтэй бүр ихээр авцалдаж байгаа. Хэд хэдэн хэсэгтэй, бас бүжгийн шинэлэг хөдөлгөөнүүдийг оруулж өгсөн байгаа.

-Хамгийн сонин нь үзэгчид тэр охиныг сонсголгүй гэдгийг огт мэдээгүй шүү дээ.

-Бүжигчин охиныг маань сонсголгүй гэдгийг хэн ч анзаараагүй, мэдээгүй байсныг нь би төгсгөлд л мэдсэн. Их гайхсан шүү. Тэр охин зүрхээрээ, дотоод хэмнэлээрээ сонсож, хүмүүст түүнийгээ мэдрүүлж чадсан болохоор сэтгэл их хөдөлсөн. Одоо үед хүмүүсийн дунд хэрэв "Followers" ихтэй байвал чи од байгаад л бусдаас дээгүүр мэт байдаг байдал их болчихсон. Яг үнэндээ тэр нь амьдралд үнэхээр хэрэгтэй гэж үү? Үгүй байхгүй юу. Яг үүн шиг хэн нэгэн бусдаас илүү гэж өөрийгөө боддог тохиолдол их. Гэхдээ бүх хүн адилхан юм шүү гэдэг санааг л бид харуулахыг хүссэн. Чи хэн нэгнийг хайрлаж, бусдад туслахыг хүсэж байвал өөрийгөө "хүн" болсон гэж бодох хэрэгтэй. Хамраа битгий сөхөөрэй, хүн хүн л байх ёстой шүү дээ. Энэ бүжгэн жүжгээр бид хүн байх болоод хөгжмийг зүрх сэтгэлээрээ сонсох гэсэн энэ хоёр санааг өгөхийг хүссэн. Монодрам, бүжгэн жижиг хоёр нийлээд гэр бүл болон өөрөө өөртөө эзэн байх, хүн байх гэсэн хоёр том санааг өгөхийг зорьсон байгаа. 

-Өнөөдөр олон залуус ирсэн байна. Гэхдээ энэ жүжгүүдийг үзэж чадаагүй өөр олон хүн байгаа шүү дээ. Тэр хүмүүс хэзээ дахин үзэх боломжтой болох вэ?

-Арванхоёрдугаар сар гараад уг нь долоо хоногийн турш өдөр болгон тоглоно гэж төлөвлөөд байгаа. Гэхдээ тоглохгүй ч байж магадгүй. Хамгийн баттай мэдээлэл гэвэл бид он гараад хоёрдугаар сарын 14-нд бүрэн хэмжээний уран бүтээлээрээ дахин уулзана. "Pandogi" минимал театр ойрын 10 жилдээ лав уран бүтээлээ зогсоохгүй. Энэ эрчээрээ бид гурван сард нэг бүтээл гэсэн зорилгын дагуу төлөвлөгөө гаргаад, бүх санаа оноогоо ярилцан бэлдэж яваа. Тиймээс та бүхэн бидэнтэй ойр байгаарай гэж хүсэж байна.

-"Энэ бол дэлхий биш, бидний төсөөлөл" гэдэг уриаг та бүхэн эхлэхдээ хэлсэн. Учир утга нь их сонирхолтой байх?

-Дэлхий дээр байгаа хүн болгон "ёстой" гэдэг хайрцагт байх гээд байдаг. "Ийм байх ёстой", "Чи бүжиг дэглэхийн тулд мэргэжлийн хүн болсон байх ёстой", "Ямар нэг зүйл хийхийн тулд залуу байхаасаа эхлээд бүх юман дээр нь л ажиллаж үзсэн байх ёстой" гэх мэтээр заавал мэргэжлийн хүн, сонирхогч гэх мэтээр хандах гээд байдаг. "Залуу жүжигчин" гэдэг цол хүртэл байдаг шүү дээ. Ер нь бол аль аль нь л жүжигчин шүү дээ. Гэхдээ энэ театр бол дэлхий биш харин төсөөлөл. Юунд ч баригдах хэрэггүй. 

-Бүжиглэж, жүжиглэж байгаа хүмүүсийн амьсгалах чимээ ямар ч микрофонгүй хэрнээ шууд л чихэнд сонсогдож байсан нь үнэхээр "догь" байсан. Үзүүлбэр үзүүлж байсан та бүхэнд ч гэсэн үзэгчдийн зүгээс амьд мэдрэмж, сэтгэл хөдлөл мэдрэгдсэн байх.

-Би үнэндээ шоконд орсон. Үзүүлбэрийн зөвхөн оргил хэсгүүд дээр л хүмүүс уухайлах ч юм уу, орилж, шүгэлддэг шүү дээ. Тийм оргил хэсгийг нэлээн олон шигтгэж өгсөн ч гэсэн жижигхэн зүйл дээр хүртэл хүмүүс маш том эмоци гаргаж байсан. Яг хажуугаас нь үзэж байгаа болохоор бүх зүйлийг л анзаарч байсан. Бидний илэрхийлэх гээд байгаа бүх зүйлийг ойлгож, нэг зүйл хийхэд л бүгд надтай цуг түүнийг мэдэрч байгаа нь хамгийн сайхан.

Та бүхэн "Pandogi" миннимал театрын тухай илүү их мэдээлэл авч, уран бүтээлүүдтэй нь танилцахыг хүсвэл ЭНД дарж фэйсбүүк пэйжийг нь сонирхоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
2
18 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
3
18 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
20 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.