Эрчүүдээ хайрлан хамгаалах нь буюу тэднийг үл ялгаварлах нь
UB LIFE-ын сошиал хуудас эрчүүддээ зориулан жирвэгэр сахлаа зүүснийг анзаарсан уу? Учир нь ‘эрчүүдийг анхаарч, хайрлах’ нөлөөллийн ажлын 11 дүгээр сар эхэллээ.
Жил бүрийн энэ сарыг олон улсад эрчүүдэд тохиолддог төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд санаа тавих сар болгон тэмдэглэдэг. NO SHAVE NOVEMBER хэмээн нэрийдэж эрчүүд сахлаа ургуулдаг нь түүнээ арчилахад зориулдаг мөнгөө хавдраас сэргийлэх нийгмийн ажилд хандивлаж, эрчүүдийн эрүүл мэндийн сэдвийг олон нийтийн анхааралд авч ирэх зорилготой нийгмийн үйл хэрэг ажээ. Энэ зорилгын дор UB LIFE нэгдэж, сарын турш эрчүүдийнхээ эрүүл байх эрхэм хариуцлагыг дэмжин сурталчилж, тэдний бие махбод төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулан, түүгээр дамжуулж эр хүнийг тодорхойлох нийгмийн хязгаарлагдмал ойлголт, хүлээлтийг эерүүлэхийг хичээн ажиллах юм.
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг онцгойлон ярьсаар эрчүүдээ орхигдуулсан дүр зураг нийгмийн олон салбарт ажиглагдаж байна. Боловсролын салбарт дэлхий даяар эмэгтэйчүүд жин дарж, түүнээ дагаад нийгмийн харилцаа, оролцоо, хүйсийн тэгш байдалд сөрөг өөрчлөлт гарч эхэлсэн. Нийгэм гэж томоор ярилгүй, нэгэн гэр бүл, хамт олны хүрээнд бодож үзсэн ч эрчүүд эмэгтэй хүмүүсээс бага анхааралд өртөж, нээлттэй харилцаанаас хоцорч үлдэх нь олонтаа. Эцэг эхчүүд охин хүүхдээ илуутэй анхаарч, хөвгүүдээ “энэ яах вэ эр юм” гэж зөнд нь орхихоос энэ бүхэн эхэлдэг. Ингэхлээр цагийн аясад олон нийтийн болон мэдээллийн харилцаанд эмэгтэйчүүд давамгайлж, хөгжин өөрчлөгдөх зуур эрчүүд өөрсдийг нь улам хязгаарлан хорьсон уламжлалт тодорхойлолтуудтайгаа үлдэж байна.
Нийгмийн зүгээс эр хүнд үг дуу цөөтэй, гүндүүгүй, ноён нуруу, сэтгэлийн тэнхээтэй, хүч чадалтай, хатуу чанга, бие бялдар сайтай байх, эмэгтэй хүнийг тэжээн тэтгэж, удирдан чиглүүлж, хамгаалан явах гэх мэт олон ‘баатарлаг’ дүрийг тохоодог. Гэтэл энэ нь хүний эрүүл саруул байх үндсэн хамгаалалтын систем болох сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бусадтай нээлттэй харилцах үйлдлүүдийг хязгаарласнаар эрэгтэй хүн бухимдал стрессээ тайлах, баяр хөөрөө хуваалцах арга замаа олохгүй, дотогш хандлагатай болж хувирна. Бидний харилцааны олонх бэрхшээл үүнээс үүдэж байна.
Нөгөөтэйгүүр, нийгмийн бүтээгч, удирдагч, дагуулан бишрүүлэгч дүрийг эрчүүдэд хуваарилж өгснөөр тэгш бус харилцааны өөр нэг сурвалж бий болдог. Эрэгтэй хүн ар гэр, эхнэр хүүхдээ тэжээж, илүү ‘өндөр’ хариуцлагыг үүрч, нөгөө талд нь эмэгтэй хүн аль болох үр хүүхдээ өсгөж, ахуйн асуудлаа хариуцаж явахыг үлгэр жишээ хэмээн ойлгосноор эрчүүд маань эдийн засгийн хувьд дарамт мэдэрч, гэр бүлээ анхаарах завгүй, өөрийн эрүүл мэндээ хайхрах чөлөөгүй, ‘би яах вэ’ гэсэн хандлагтай аж төрөх нь элбэг. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, амьдралын зөв хэмнэл гэхчлэн олон сэдэв тэдний амьдралд орхигдож буйг анзаарч болно. Угтаа гэр бүлийн харилцаанд хүйсийн алагчлалгүй тэгш оролцож, ачаагаа тэнцүү үүрснээр бие болоод оюун сэтгэлийн тэнцвэртэй, эрүүл байдал ноёлох юм шүү. Эр хүн таны эрүүл мэнд зөвхөн таны л асуудал бус гэр бүлийн тань амар амгалан байдлын баталгаа болох тул өөртөө анхаарал тавьж, хайрлаарай.