Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

ЭРС ТЭСИЙН ГҮНРҮҮ ШИРТЭГЧ ДУРАН: Лукас Мүдиссон | Tegshee's Movie Corner


Швед орон гэхээр юуны түрүүнд Нобелийн шагнал санаанд буудаг. Шведийн кино урлаг гэвэл цуут найруулагч Ингмар Бергман бодогдох нь дамжиггүй. Харин Ингмар Бергманг төдийлөн ташаадаггүй миний хувьд Швед кино гэвэл Лукас Мүдиссон гэх эр санаанд ордог юм. Энэ удаад бичвэр маань дэлхийн кино урлагт нэр алдраа хэдийн дархлан мөнхөлсөн суут найруулагчийн тухай биш энэ цаг үед ид бүтээн туурвиж, эрэлхийлж яваа кино найруулагч Лукас Мүдиссоны тухай байгаад таны урам хугарахгүй гэж найдна.

Барууны хэвлэлүүдэд Ингмар Бергманаас хойш Шведээс төрсөн хамгийн онцгой найруулагч гэж шуугидаг Лукас Мүдиссон кино урлагт хөл тавихаас өмнө яруу найрагч, зохиолч байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй. 1969 онд Шведийн жижиг хотод төрж, өссөн тэрээр “Аянга хаана буух нь хамаагүй” нэрт яруу найргийн анхны түүврээ 18 насандаа гаргаж байжээ.

“Аянга хаана буух нь хамаагүй” яруу найргийн түүвэр(1987)


Дараагийн хоёр жил яруу найргийн хоёр ч ном угсруулан гаргаж, 1990 онд анхны романаа хэвлүүлсэн тэрээр 23 насандаа яруу найргийн 5 ном, 1 роман гаргасан бүтээл арвинтай залуу уран бүтээлч гэгдэж байв. Орчин цагт дан ганц яруу найргаар амь зуух боломжгүйг ойлгосон Лукас нэг хэсэг хуульч болох гэж үзжээ. Дараа нь зурагчин болохоор шийдсэн удаатай. Нэг салбараас нөгөөд, нэг мөрөөдлөөс нөгөөд бэдрэн тэнүүчилж байсан энэ үеэ Лукас “Зурагчин болохоор шийдэхдээ цэвэр авьяасаас илүү нугарашгүй хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн байсан. Харин сүүлд кино урлагийн сургуульд орж киноны хэлэнд суралцаж эхлэхэд яг гэртээ ирсэн юм шиг санагдсан” гэж дурссан байдаг. 

Тэрээр Шведийн цорын ганц кино сургууль болох Драмын урлагийн институтэд кино найруулагчаар суралцаж төгсөөд гурван богино хэмжээний кино хийсний дараа 1998 онд анхны бүрэн хэмжээний кино “Хараал идсэн Амал” /Fucking Amalor Show Me Love/–аа бүтээжээ.

Хараал идсэн Амал, 1998


Амал хэмээх Шведийн буйд, жижиг хотод амьдрах өсвөр насны хоёр охины дурлалын түүх. Агнес хоёр жилийн өмнө Амал хотод нүүж ирснээсээ хойш найз нөхөдтэй болоогүй, ганцаардмал, ангийхан нь түүнийг ижил хүйстэн гэж гоочилж тавлах нь элбэг. Гэвч Амал ангийн охин Элинээ нууцаар хайрлана. Элин бол царайлаг, нүүрэмгий, нийлдэг хүрээлэлтэй, сургуульдаа нэртэй охин, гэвч амьдралаас залхаж уйдсан идэвхигүй янзтай. Агнесийн төрсөн өдөр болсон хүүхдийн гэмээр тоглоом, шоглоомоос үүдэж Элин Агнест татагдах болдог. Өөрт нь эмэгтэй хүн таалагдана гэж огт бодоогүй Элин хэргээр хүслээсээ тэрсэж, үгүйсгэж араас нь гүйдэг ахлах ангийн хүүтэй үерхэж, охин насаа хүртэл өгч орхино. Тэглээ гээд Агнест татагдах сэтгэл нь дарагдаж хөрсөнгүй.

2013 онд Каннын кино наадмын дээд шагналыг хүртэж шуугиан тарьсан ижил хүйстэн хоёр эмэгтэйн хайр дурлал, хүсэл тачаалийг өгүүлэх “Цэнхэр бол хамгийн дулаан өнгө”(Blue is warmest color)киноны арай хүүхдэрхүү, гэгээлэг хувилбар гэж болох юм.

Анхныхаа бүрэн хэмжээний бүтээлээр өсвөр насны ижил хүйстэн охидын хайр дурлал хэмээх ярвигтай сэдвийг харин тун хөнгөн, гэгээлэг маягаар дэлгэцэнд хүүрнэж чадсанаараа Лукас Мүдиссон Шведийн үзэгч, кино шүүмжлэгчдээс давгүй үнэлгээ авчээ.Суут Ингмар Бергман хүртэл анхны бүтээлийг нь үнэлж дуугарсан байдаг.

2000 ондХамтдаа(Together)хэмээх хиппи нийгэмлэлийн тухай өгүүлэх инээдэм, драм төрлийн бүтээл нь үзэгчдийн таашаалд хүрч Шведэд Титаник киноноос ч илүү алдартай болсон гэдэг. Нийгэмшил болоод хүний төрөлх мөн чанарын зөрчлийг нэг байранд бөөгнөрөн амьдрах хиппи комунаар төлөөлүүлэн тун хошин, ёж маягаар харуулж чадсанаараа Лукас кино карьер дахь нэр хүндээ чамгүй өсгөөд авав.


Хамтдаа, 2000


Нийгэм болоод хувь хүний асуудлыг хөнгөн, хошин, гэгээлэг маягаар кино хэлэнд амжилттай хөрвүүлэгч маань гэтэл 2002 онд “Лиля үүрд мөнх”(Lilya Forever)бүтээлээрээ найруулагчийн хувьд эрс шинэчлэл хийж өөрийн бараан, өршөөлгүй талыг үзэгчдэд дэлгэх нь тэр.

Ээждээ хаягдаж ганцаар хоцорсон 16 настай Лиля охин биеэ үнэлж амь зуухаас аргагүй болно. Харгис, бараан амьдрал дахь ганц найз нь түүнээс хэд дүү, эцэгтээ зодуулж хүчирхийлүүлдэг Володя хүү. Лиля биеэ үнэлж олсон мөнгөөрөө сагсан бөмбөгийн бөмбөг авч Володя найздаа бэлэглэн түүний удаан хугацааны мөрөөдлийг биелүүлж хамтдаа баярлалдаж байгааг харахад үнэхээр сэтгэл өвдөм. Нэг л өдөр Лиля сайн залуутай танилцаж, гадаадад очиж сайхан амьдрах хүсэл нь биелэх боломжтой болдог. Найз залуудаа итгэсэн тэрээр Швед руу гарах боловч тэнд түүнийг өмнөхөөс ч долоон дор амьдрал хүлээж байжээ…

Хэдий хүнд, баргар, харгис амьдралыг харуулах авч хүний сэтгэлийн хүнлэг орон зайг тэмтэрч чаддаг хүчтэй бүтээл “Лиля үүрд мөнх” киноноос эхлээд Лукас Мүдиссоны нэр хүнд Шведээр тогтохгүй дэлхийн кино урлагт яригдах болов.

Лиля үүрд мөнх, 2002


Түүний дараачийн бүтээлүүд улам эксперименталь, улам баргар, улам харгис болсоор л байв.

2004 онд бүтээгдсэн сонирхогчдын порно хийгчдийн тухай “Зүрхэн дэхь нүх”(Hole in the Heart)туршиц бүтээл нь шүүмжлэгч хийгээд үзэгчдээс хамаг л муу муухай үнэлэмж бүрийг цуглуулсан гэхэд болно.


Гэвч Лукас энэ бодит, бараан хэв маягаа өөрчлөхийг хүссэнгүй.

2006 онд“Чингэлэг”(Container)гэх эмх замбараагүй ухамсарын урсгал дүрс хийгээд хэлнээ буусан гэж дүгнэж болох ахин нэг туршиц бүтээл туурвив. Энэ бол найруулагч өөрийн яруу найргаа дүрсний(кино)урлагтай нэгтгэх гэсэн оролдлого байв. Уг бүтээлийнхээ дараа английн алдарт Тэйт галерейд киноны концепцыг өгүүлсэн хаягдал, хог, обьектуудаас бүрдсэн инстоляцийг дэлгэн тавьж байжээ.


Хар бараан, эксперинменталь бүтээлүүд голлон туурвих болсон Лукас Мүдиссон 2009 онд уран бүтээлдээ ахин нэг эрс эргэлт хийж “Арслан заан”(Mammoth)хэмээх уламжлалт найруулга, хийц бүхий бүрэн хэмжээний киногоо англи хэл дээр гаргав.

Ажил хэрэг нь амжилттай яваа бизнесмэн залуу, сайхан эхнэр, хөөрхөн охин гээд дутуу зүйл үгүй төгс гэр бүл. Нөгөө талд хоёр хүүгээ Филиппинд орхиод амьдрахын эрхэнд хар ажил хийхээр Америкийг зорьсон, өнөөх гэр бүлд хүүхэд асрагч, үйлчлэгчээр ажилладаг эмэгтэй, ээжийгээ санаж гансарсанФилиппинд амьдардаг хүү. Гэвч ийм ялгаатай амьдралын дүр зураг, ялгаатай ахуй ч гэлээ өөр өөрийнгэсэн далд болоод ил зовлонтой.

Арслан заан, 2009

Энгийн, уламжлалт барил, сэдвээр хүний оршихуйн далд зовлонг ил хүүрнэж чадсан сайхь бүтээлийнхээ дараа 3 жил кино урлагаас өнжихдөө Лукас Мүдиссон хоёр ч роман хэвлэн гаргав.

Хамгийн сүүлд найруулагч эхнэр Кокогийнхөө график романаас сэдэвлэн “Бид хамгаас шилдэг”(We are the best)хэмээх хүүхдийн драм төрлийн киногоо бүтээснээрээ уран бүтээлийн гараагаа эхэлж байх үеийн гэгээлэг, хөгжүүн маягийн хийцтэй Лукас эргэн ирсэн юм. 

Энэ киногоо хүүхдүүд болон найзуудад нь зориулж бүтээсэн ажээ. Кино зохиол болгоноо өөрөө бичдэг, оргүй хоосноос үйл явдал, өрнөл ургуулах гэж зовдог байсныг бодвол бэлэн зохиолтой кино хийх хавьгүй амар байснаа нэгэн ярилцлагадаа дурьджээ.

Гартаа ганц удаа хөгжмийн зэмзэг барьж үзээгүй арван жилийн сурагч хоёр охин Панк-рок хамтлаг байгуулахаар шийднэ. Цөм л панк-рок үеэ өнгөрөөсөн гэх боловч зөрүүд, тэрсүү өсвөр насны хоёр охин гүрийсээр. Энэ л хүүхэд насны өөрийнхөөрөө, тэрсүү боловч гэгээлэг чанараас үүдэж нөхөрлөл, өөртөө итгэх итгэл, амьдрал дундуур өөрөөсөө урвалгүй, хэн нэгний бүтээсэн хиймэл дүрд хувиралгүй мөн чанараа бэдрэх зэрэг нандин чанарууд охидын дотор алгуурхнаар төлжиж буйг үзсэн хэн бүхэн анзаарч улс төр, оршихуйн шинжтэй хүнд асуудлыг ийм энгүүн, гэгээлэг хийгээд хялбараар дэлгэцнээ хүүрнэж чаддаг найруулагчийн арга барилыг өөрийн эрхгүй сайшаах нь дамжиггүй юм.

Бид хамгаас шилдэг, 2013


Лукас Мүдиссон “Хүүхдүүд ихэвчлэн нийгэмд нийцэх гэж хүсдэг нь тийм ч тааламжтай зүйл биш. Ер нь орчин үеийн хүмүүс дэндүү их зүйлд дуртай, байнга толгой дохиж хүлээн зөвшөөрөх хандлагатай, гэтэл энэ бол ердөө нийгэмд нийцэх л гэсэн хүсэл. Заримдаа хүнд тухайн хүнээс өөр хэнд ч хамаагүй, хэнд ч ойлгогдохгүй, юунд ч нийцүүлж, хэлтэлж өгөхгүй өчүүхэн хэсэг байх нь чухал. Тэрийг л би ихэнх бүтээлдээ гаргах гэдэг. Магадгүй киноноос гадна шүлэг бичих юм уу шүлэг унших нь энэ хэнд ч хүртээлгүй тэрсүү үйлдлийн нэг байж болох юм” гэж хэлсэн удаатай. Тэрээр эмэгтэйчүүдийн дотоод ертөнцийг илүү сонирхдог, эмэгтэй дүрийг кинондоо чадамгай гаргадгаараа алдартай бөгөөд феминист улс төрийн үзэл баримтлалтай, христийн шашин шүтдэг нэгэн аж.

Яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, гэгээлэг баргар, уламжлалт эксперинменталь зэрэг эрс тэс кинонуудын эзэн Лукас Мүдиссон хэмээх Швед эрийн эрс эргэлт бүхий уран бүтээлийн амьдрал, замналаар хөтлүүлэн энэ хүртэл бичсэнээ яс хатгасан ганц цэгээр биш үргэлжлэлийг илтгэх цуваа гурван цэгээр төгсгөмөөр санагдлаа. Тэр гурван цэгт юу ч багтаж болох билээ, яг л энэ хүний амьдрал, бүтээл шиг…

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
8 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
8 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.