Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эсээ: Ирээдүйгээс ирэх асуулт

Эсээ | Аялал


Уулзаж үзээгүй өвөг дээдсийнхээ тухай эргэцүүлэх бүрийдээ өөрийнхөө ямар зан араншинг тэдний цуснаас авч үлдсэнээ боддог юм. Элэнц өвөг маань гэр бүлээ тэжээхийн тулд Төвд, Бээжин рүү жин тээж, жил тойрон яваад ирдэг байсан тухай элэнц эмээ маань аавд ярьсан гэдэг. Амь зуухын төлөөх тэрхүү хүнд хүчир тэмцэл дунд өвөг маань юу бодож явсныг таамаглахад хэцүү. Хамгийн багадаа зургаан сар явж хүрдэг тэр урт замыг хоёрхон цагийн дотор агаараар туулж явахдаа өөрийнхөө уг удмын тухай ийн эргэцүүлж билээ. Хүн өнгөрсний тухай бодохдоо л бодит утгаараа ертөнцөд бууж, өөрийнхөө хэн гэдгийг эргэцүүлдэг юм санж. Чөлөө завгүй урсах амьдрал дунд живүүлж орхисон өөрийгөө олж харах өөр нэг арга нь аялал гэдгийг өнгөрсөн онд л ойлгож авлаа.

Тиймээс л өнгөрсөн рүү аялах аяллын төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ таван жилийн дараа хэрэгжүүлсэн минь ийм учиртай. Зуугаад жилийн өмнө Герман, Франц руу сурахаар одсон 40 сурагчийн мөрөөр явах аялал минь намайг өөр нэг замд оруулсан. Тэр зам бол өөрийгөө эрж хайсаар яваа жир нэгэн залуугийн эрлийн зам. Би хөдөө өссөн, зээ дүү нар, үеэлүүдээ эс тооцвол гэр бүлээсээ цор ганцаараа сургуулийн мөр хөөсөн хүн. Тэр нь бусад шиг нь сургууль завсардуулахгүй гэсэн аав ээжийн маань санаа байснаас миний санаа зорилго хэзээ ч байсангүй. Харин уран зохиолын ангид элсэж, зузаан зузаан романуудын ард нозоорон суухдаа миний сонгосон зам зөв чигт явааг ойлгосон юм. Би хүний тухай судалдаг мэргэжил сонгожээ. Эхэндээ зохиолын баатруудаа төсөөлөлдөө бүтээж, тэдний увайгүй зан ааш надад ч гэсэн хааяа илэрдгийг бодож чихний үзүүр халуу өргөж суух тэр үед л би өөрийгөө баг багаар ойлгож эхэлж билээ. Би хотод суурьшиж, хотын амьдрал, хотын хүмүүс, хотын харилцаанд дасаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд хөдөө гэсэн нийтлэг миний хувьд юу байх нь ойлгомжгүй болж ирлээ.

Би хэн юм бэ?, хаанахын хүн бэ?. Хугацаа өнгөрөх тусам, хот, хөдөө гэсэн ижилслийн дунд тэлэгдэж, амьдралын хүчит урсгал дунд өөрийгөө анзаарч, сонсдог минь ч бүдгэрч ирлээ. 2019 эхэнд би ийм л мэдрэмжтэй алхаж явсан. Гэр бүл, амьдрал, нийгмийн олон түлхээс, шахаас дундаас би хэн гэдгээ олж харж чадахаа байжээ. Би гэсэн асуулт маань бид болж, тодорхойгүй асуулт дотроос минь мэрнэ. Ингээд нэгдүгээр сарын 25-ны өдөр галт тэргэнд сууж, ямар нэг зүйлийг олох эрлийн замдаа гарлаа. “Найрагчийн мөрөөр” төсөл бол монголчууд хэрхэн өнөө үед ирсний эрэл. Герман, Францад суралцсан 13-17 насны 40 хүүхдийн сурч мэдсэн зүйлс, тэдний ганц гомдлын үг унагалгүй эх орныхоо төлөө хийсэн бүхэн миний эргэлзээнд хариулт болох учиртай. 300 орчим жилийн гаднын талхидал, колончлолын санаархлаас салсан буурай орныг орчин үеийн улс болгох үүргийг биеэрээ үүрсэн 40 хүүхдийн хувь тавилан тийм ч дардан байсангүй. Эсгий гэрүүд, Хятад, Оросыг хэрсэн худалдааны дайруул зам, шашин шүтлэгийн хэт нөлөөлөлд асан буурай орон Монгол ирэх онуудад хэрхэх тухай төлөвлөгөөний хамгийн гол түлхүүр нь Франц, Германд илгээсэн дунд сургуулийн сурагчид байжээ. Тэд мэргэжлийн дамжаанд суралцаж, Монгол Улсад урлаг соёл, барилга байгууламж, хөдөө аж ахуй, эрүүл мэнд гээд нийгмийн үндсэн салбарын суурийг тавих үүрэг хүлээж өрнийг зорьсон юм. Тэд өгсөн үүргийг нь биелүүлсэн, гаднаас ирэх дарамт хавчлага, хардлага сэрдлэгийг ч даваад гарсан, харин хойч үеийнхэнд энэ түүх хүрч чадсангүй. 

Бид өнгөрснийг эргэн санахдаа өөрсдийн ой дурсамжинд хамгийн ойр байгаагаас эхлэн ухаж төнхдөг. Тиймээс ч өнгөрсөн гэдэг хэзээ ч хэрэглэж боломгүй хий хоосон юм шиг санагддаг биз. Гэхдээ ухаж төнхөөд, зүйж дайгаад бүтээвэл өнгөрсөн бодитоос бодит зүйл юм санж. Өнгөрсөн жил туулсан 8 орон, 12 хотоор явсан 30000 километр зам бол тэр л бодит түүхийг эрж олохын төлөө байжээ. Тэгээд эргэн ирэхдээ бид энэ улсын төлөө, өөрсдийнхөө төлөө, хайртай бүхнийхээ төлөө юу хийсэн бэ? гэсэн асуултыг бүх хүнээс асуух болно. Тэр үед л энэ түүхийг бүтнээр нь хүмүүст ярьж, энэ түүхийг эрж хайхад явсан газрууд, таарч тохиосон үйл явдлуудаа нэгд нэгэнгүй дэлгэх билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
17 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.