Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эсээ | Хүмүүсийн дундахь дөрөвдүгээр сарууд


Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. Үүлгүй цэлмэг, дулаахан хаврын өглөө. Энэ л өглөө өвсөн дунд, эсвэл үүлэн дээр, үгүй бол агаараас дүүжигнэн өвөлжин унтсан ялаанууд сэрж, сийрсэн далавчаа дүнгэнүүлэн ирж хаврыг тунхагладаг гэдэгт итгэдэг хүүхэд насны минь гэнэн төсөөлөл хэвээрээ. Гэхдээ цаг хугацаа олон зүйлийг өөрчилжээ. Магад хүүхэд байхын минь гэнэн бодлуудаас үүнээс өөр цайлган төсөөлөл үлдээгүй ч байж мэднэ. 

Өнөөдөр дөрөвдүгээр сар бидний дунд ирлээ. Хатуу хахир өвлийн дараа урин цагийг эхлүүлж, зогсож байсан цаг хугацаа урагшлаад эхлэх шиг хөдөлгөөн оруулдаг энэ сарыг хүлээсэн хүмүүс хотоор дүүрэн байсан шиг бүгд л сэтгэл тэнүүн харагдана. Тав, зургаа, долоо, наймдугаар сар... алгуурхан мартагдсаар ер энэ орчлонд дөрөвдүгээр сар гэж байдаг ч билүү гэхийн үед айлчлан ирээд сайхан цагийг эхлүүлчхээд хаврын зөөлөн хонгор салхин дундуур цаашлан одох энэ сар амьдралд минь хоромхон саатаад гарч одсон хүмүүсийг сануулдаг. Мөнх тэнгэрийн доорх мянга мянган хавраас миний туулсан 30 хаврын хамгийн сайхан хөг нь тэр л хүмүүс байсныг, ирээд буцахдаа ямар нэг дулаан дурсамж бүтээгээд явсныг эргэцүүллээ. Одоо зарим нь сураг төдийхөн замхарч, зарим нь сурагч үгүй холдож, зарим нь энэ орчлонгоос оджээ. Тэд бол миний туулсан олон хаврын дөрөвдүгээр сарууд. Ийм л нэг дөрөвдүгээр сарынхаа тухай ярихыг хүслээ.

Хуучин уурхайн туурин дээр үлдсэн тосгоны бага сургуулийн намхан тоосгон байшингийн цонх баруун тийшээ харна. Цонхоор хуучин уурхайн овоолсон шороо, хаягдсан үйлдвэрийн том байшингууд сэрийн, цаад талын дэнж дээр хэдэн гэрийн утаа савсаж байдаг сан. Багш маань хичээлийн завсарлагаар тэр зүг рүү хараад юм бодсон шинжтэй хөшиж орхино. Намайг нэгдүгээр ангид ордог жил сургуулиа төгсөөд ирсэн залуухан багш манай ангийг дааж авахаар болсон юм. Миний амьдардаг хамаатны ахын хажуугийн байшинд ганцаараа амьдарна. Эелдэг зөөлөн ааш зантай, залуухан багш гэр орноо санасан надад их л дотно санагдаж, савс л хийвэл багшийнхаараа орж гарч, бидний дунд багш шавийн гэхээс илүүтэй эгч, дүүгийн гэмээр дотно холбоо тогтлоо. Бага насны дурсамжийн том орон зайг багшийн маань инээмсэглэл, өөрт их л зохисон санагддаг нүдний шил нь, орох бүрийд өгдөг хатуу чихэр эзэлнэ. Уурхайн буурь сахин хийх ажлаа олж ядан халамцсан харцуул багшийг маань зовоохвий гэж дотроо өөрийгөө ихэд зоригжуулан өмгөөлөхийг хүснэ. Начир дээрээ арав хүрээгүй жаал хүү яаж ч хамгаалах билээ. 

Намайг гуравдугаар ангид ордог жил багш маань өөр газар амьдрахаар явлаа. Бодвол хот л явсан байх. Хаа нэгтээ байдаг тэр сайхан хот л багшийн маань амьдрах газар болохоос энэ хаягдмал тосгон л лав биш шүү гэх бодол бяцхан оюунд маань орсон ч ингээд яваад өгсөнд нь гомдох шиг. Түүнээс хойш олон жил өнгөрсөн ч багшаа мартсангүй. Арван жилийн дараа оюутан болоод хотод ирэхдээ сурагласаар очиж уулзлаа. Багш маань тосгоноос явснаасаа хойш багшийн ажил хийсэнгүй. Хувийн бизнес эрхэлж, зах дээр худалдаа хийдэг болжээ. Өмнө минь өнөөх хөөрхөн инээмсэглэдэг залуухан багш биш амьдралтай тулж яваа дундаж насны эмэгтэй зогсож байлаа. Юм худалдаж авахаар дайрах олон хүний дундуур над руу цухас харж мэндэлснээ урдах ажилдаа төвлөрлөө. Би байна, таньж байна уу, миний нэрийг сонсоод яах бол гэсэн төсөөлөл бүгд хүмүүсийн шуугианд дарагдан замхарч одлоо. Миний төсөөлсөн дүр төрх, ааш зан, сэтгэл хөдөлгөм уулзалт болсонгүй. Миний багш тосгоны навтгар сургуулийн тоосгон байшиндаа л үлджээ. Би багшийн лангуун дээрээс урамгүй буцаж алхахдаа хажуугийн лангуунаас хатуу чихэр авч халааслалаа. Одоо би амьдралд хүн яаж тэнцвэрээ олдог, тэр замдаа юу гээдгийг мэдэх болсон. Тиймээс ч уучлан өршөөж чадсан. Гэхдээ бага насны минь амьдралд дөрөвдүгээр сар шиг айлчилсан хайртай багшаа эрж олоогүй, хаа нэгтээ сайхан амьдарч яваагаар төсөөлдөг минь хэвээрээ. Хэзээ нэг өдөр олж очоод багадаа ямар хүүхэд байсан, тосгон маань ямархуу төрхтэй байсан, өнгөрсөн хугацаанд юу туулж, яаж амьдарснаа ярих тухай аанай л бодсоор. 

Миний туулсан 30 хаварт айлчилан ирсэн хүн бүхэн дөрөвдүгээр сар. Зарим нь шуургатай өвлийн өдөр, зарим нь хавсаргатай хавар, зарим нь бороотой үдэш шиг, зарим нь аагим халуун шиг залхуутай ч тэдний үлдээсэн ямар нэг дулаахан дурсамж шиг сэтгэл зүрхийг минь сэрээх дөрөвдүгээр сар байдагт мөнхөд итгэнэ ээ. Гэтэл хүмүүс бие биеийнхээ дөрөвдүгээр сар гэдгээ мэддэггүй нь гунигтай бөгөөд харуусалтай.

Зураг: Билгүүн харандаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

уншигч 2020.04.09 172.69.45.135

Хүн жаахан сийрэг болохоор нь багшийгаа хүлээж байгаад уулзахгүй дээ. Ажилдаа түүртээд олигтой ч мэндэлж амжаагүй биз. Дараа нь чамайг хайсан байхаа. Амьдрал ч хүнийг элээх юм даа.

0 Хариулах


zochin 2020.04.03 172.68.38.115

yostoi setgel gegelztel duuldag mundag gehed bagadah duuchin baisan bayrlalaa saihan hunii tuhai saihan niitlel bbaina dahin dahin iim niitlel unshihiig husne

0 Хариулах


Зочин 2020.04.02 172.69.45.135

Сайхан болжээ. Таны нийтлэл, эсээ, ярилцлагуудыг унших дуртай шүү. Баярлалаа

0 Хариулах