Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эсээ: МӨНХИЙН ТУЛААНД ЯЛАГЧ ҮГҮЙ!


Амьдрал бол тэмцэл, үнэндээ тулаан. Эцэс төгсгөлгүй энэ тулаанд ялагч үгүй. Зүгээр л өөрсдийн төрөлх чанарт хүлэгдсэн биологийн нэгэн төрөл зүйлийн амьд үлдэх хэв маяг.

Олон сая хүний амийг авч одсон дайнууд, үзэл бодлын төлөө биесээ устгасан иргэний хөдөлгөөнүүд, бусдыг турхирсан хатгалгуудаас эхлээд орой бүр зурагтынхаа дэлгэцнээс хүлээн авдаг парламентын маргаан, нийтийн тээвэрт үүсдэг хэрүүл, гутал дээр нь гишгисний төлөө хараал тавин одсон хэн нэгэн ч тэрхүү тулааны нэг хувилбар. Бурхан бусдын муу үйлийг уучилж, өршөө хэмээн өгүүлсэн гэж шашнууд мэтгэдэг ч хүний төрөлх мөн чанарын хувьд ахадсан шаардлага ажээ.

Английн сэтгэгч Томас Хоббес “Левиафаныг бүтээхүй” номдоо хүн өөрийнхөө үзэл ухамсарт захирагддаг тул байнга бие биетэйгээ эсрэгцэж, зөрчилдөж улмаар тайван байдлаа хамгаалахын тулд тулалдаж байдаг мөн чанартай гэжээ. Байгалийн хуулиараа хүн төрөлхтөн амар тайван байдлыг мөрөөсдөг. Энэ нь хангагдахгүй тохиолдолд хэн нэгэн дайсныг бий болгон, алдагдсан амар тайвнаа эргүүлж авахаар тулалдаж эхэлдэг гэж тэр үзсэн. Уг нь миний болоод Т.Хоббесын халагласнаар тулалдахаа, тэмцэхээ больчихвол бүх зүйл амархан байхсанж. Даанч төрөлх мөн чанар нь өөрчилж үл болох дотоод хүч учраас чамд өрсөлдөх, тэмцэх, улмаар өширөн тулалдах тэнхээг хайрласаар л байх болно.

“Хүн угаасаа сул дорой төрдөг үү, эсвэл хүний нийгэм сул дорой болгодог уу” гэсэн улигт асуултад бараг л хариулчихлаа. Үүрэндээ идэш тэжээл ихээр нөөцлөхийн төлөө, үр удмаа үлдээхийн төлөө чөлөө завгүй ажиллах шоргоолжны амьдралын зарим дүр зураг хүнийхтэй төстэй ч бидэнд үзэл бодол, ухамсрын нөлөөллөөр үүсдэг дотоод мөн чанарын сул дорой сүүдэр бий. Т.Хоббесын дэвшүүлсэн дараачийн санаа нь хамгийн чухал бөгөөд дайсагнагч Левиафан нь (мангас) чамд зориулагдсан чөтгөрийн занга биш, харин чамайг үзэн ядах, чамд мууг санах, чамайг уурлуулах хэн нэгнийг чи нэр төр, ашиг хонжоо, эрх мэдлийн төлөөх тэмцлийн замд бүтээдэг гэжээ. Мөн хүний төрөлх чанарт байдаг хувь ашгийн төлөө тэмцэх, бусдыг өөрөөсөө доорд үзэх, өрөөлийг басамжлан өөрийгөө илт давуугаар мэдрэх мэдрэмж нь Левиафаныг бүтээж, чамайг дайсан, тэмцэгчтэй болгодог гэсэн байна.

Түүний санаа бидний амьдралд буддын шашны карматай ойр буудаг. Угаас сул дорой доод чанартай төрсөн бидэнд үүнийгээ сайн сайхан чанар болгон, бурхны сударт өгүүлсэн өш хонзонгүй сэтгэлийг бүтээх хүч чадал мөн л сэтгэлд байдаг.

Т.Хоббес цааш бичихдээ энэхүү мөнхийн дайсагнагч хүчийг ямар нэгэн цолгорсон Бурхан, эсвэл ер бусын дээд хүчин зогсооно гэжээ. Өөрөөр хэлбэл, төгсгөлгүй тулааны эцэст дайсагнагч талуудыг эрхшээгч гарч ирснээр тэд нэгддэг. Дэлхийн түүхийн тархай бутархай, үймээн самуунтай цаг үед агуу удирдагчид төрдгийн шалтгаан ч энэ байж мэднэ. Эрх чөлөөт нийгмийн эд эс болоод гучхан жилийг үдсэний дараа бид ч ялгаагүй нийгмийг өөрчлөх удирдагчийн симболыг бүтээх боллоо. Эргээд харахад бидний бүтээсэн нийгэм улс төрийн тогтолцоо гэхээсээ өрсөлдөх дуртай байгаллиг чанараа өөгшүүлэх талбар болон хувирчээ. Өөрсдийнхөө бүтээсэн хязгааргүй эрх чөлөөний мананд бид бусдын амар тайван, эрхийг анзаардаггүй.

Нэгэн зохиолын зовлонт баатар бурхны өмнө сөгдөн “Би яаж хүний доод төрөлх чанараас ангижрах вэ” хэмээн дуу алддаг. Хэдийгээр тэр доод чанараа ухаарсан ч хариулт нь бурханд байдаггүйг анзаараагүй билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.