Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Фельетон: Ардын намын 13 000 диплом бол дөнгөж эхлэл

750 мянгуулаа баярлалдан МАН-ын төлөө саналаа өгөх нь дамжиггүй ээ.


Наана чинь Засгийн газар иргэдийг зээлийн дарамтаас чөлөөлж, нурууг нь амраагаад эхэллээ шүү. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг сургалтын төлбөрийн зээлээс 13 000 диплом чөлөөлөхөөр Засгийн газар шийдсэнийг өнгөрсөн долоо хоногт жавхлантайгаар мэдэгдсэн. Энэ нь 2004-2016 онд дотоодын их, дээд сургуульд суралцаж төгсөхдөө Боловсролын зээлийн сангаас 16 тэрбум төгрөг зээлснийхээ барьцаанд дипломоо тавьж үлдээсэн зөвхөн 13 000 иргэний тухай л яриа юм. Энэ бол ард түмэндээ барих Ардын намын сюрпризийн дөнгөж эхлэл гэж харж болох нь. МАН 20 оны сонгуульд хамгийн багадаа л 13 мянгаар илүүрхэх нь ойлгомжтой боллоо. 

Олон улсын судалгааны “Эс ай си эй” компани иргэдийн дунд зээлийн талаар судалгаа явуулахад, хамрагдсан иргэдийн 81 хувь нь ямар нэг төрлийн зээлтэй байгааг тогтоосон. Тиймээс УИХ-ын дараагийн сонгууль болтол бүтэн нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн энэ ахархан өдрүүдэд иргэдийг зээлээс чөлөөлөхөөс өөрөөр баярлуулах гялалзсан ажил, амжилт гэж Засгийн газарт үгүй. 

Улс төрийн утгаараа бол 13 000 сонгогч энэ шийдвэрийн төлөө МАН-ын Засгийн газарт уурлах учиргүй, харин талархан гялайх ёстой боллоо. Бид үүнээс ч олуулаа зээлээс чөлөөлөгдөж, УИХ-ын 2020 оны сонгууль хүртэл 10-хан сарын хугацаа үлдэж буй энэ ахархан хугацаанд МАН-ын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ялалтын тугийг атгуулж чадна. Одоогийн байдлаар зөвхөн ипотекийн зээл авсан иргэдийн тоо 95 000-д шүргэж байгаа тухай мэдээг дуулгахдаа Засгийн газар үргэлж омогшдог нь цаанаа ийм учиртай байж шүү дээ. Дээд боловсролтой болох ариун зорилгоор боловсролын, гэр хорооллоос нүүж нэг яндангаар ч бол хотын утааг нимгэлэх гэж ипотекийн зээл авсан зоригт иргэдийнхээ зээлийг чөлөөлөх нь өөрөө У.Хүрэлсүхийн Засгийн газрын, улмаар МАН-ын эх оронч мэргэн шийдвэр билээ! Аль болох олон сонгогчийн зээл чөлөөлөх нөөц боломж цаана нь бас бий. 

750 000 иргэн цалингийн болон тэтгэврийн зэрэг хэрэглээний зээл аваад байгаа нь арилжааны банкуудаас иргэдэд санал болгодог зээлийн төрлүүдээс хамгийн олон хүн хамрагдсан нь юм. Тэгэхээр УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө эдгээр 750 мянган иргэний зээлийг чөлөөлбөөс 750 мянгуулаа баярлалдан МАН-ын төлөө саналаа өгөх нь дамжиггүй ээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн кампанийнхаа үеэр иргэдийнхээ зээлийг чөлөөлөх тухай ярьсан нь түүнд ялалт ирэх шалтгаануудын дунд яах аргагүй томд орсон. Улстөрчийнх нь хувьд Х.Баттулгаас олон талаар суралцаж, даган дууриаж яваа Ерөнхий сайд У.Хүрэлсүх зээл чөлөөлөх яриаг нь хуулах биш, хэрэгжүүлж эхэллээ. Боловсролын зээлийг чөлөөлөв. Одоо дараагийн алхмынх нь ачаар бид юуны зээлээс олуулаа чөлөөлөгдөх бол. Ямар сайхан хэрэг вэ. Ашгүй ингэж нэг сонгууль ойртлоо. У.Хүрэлсүхэд ч ялалт ойрхон байна даа.    

холбоотой мэдээ
1
2019.10.11
Өнөөдрийн зурвас: Зогс! Охид бол ХҮН
2
2019.10.08
Засгийн сайхан санаа хийгээд сайжруулсан түлшний муужруулсан балаг
3
2019.10.04
Гамбино: Зүгээр л зугаатай амьдар
санал болгох
1
3 минутын өмнө
Өөхний хувиа багасгах гэж байгаа бол калорийн тоо чухал биш
2
2 цагийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
3
3 цагийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.