Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

FinCEN: 2 триллион долларын сэжигтэй гүйлгээг ил болгосон шинэ баримтуудыг дэлгэлээ


Buzzfeed News болон Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум (ICIJ) тэргүүтэй сэтгүүлчдийн нэгдэл дэлхийн нэр хүндтэй том банкууд холбогдсон санхүүгийн гэмт хэргийн баримтыг ил болголоо. Тэдний тооцож буйгаар энэ нь нийтдээ 2 триллион доллар гүйлгээ бөгөөд гэмт хэрэгтнүүд, Оросын олигархиуд бохир мөнгөө томоохон банкуудаар дамжуулан угааж буйг гэрчилсэн баримтууд аж. 

FinCEN-ийн материалууд гэж юу вэ? 

FinCEN гэдэг нь Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ бөгөөд АНУ-ын Сангийн яамны нэг бүрэлдэхүүн юм. Тус байгууллага нь АНУ-ын нутаг дэвсгэрт болон гадаад улсад ам.доллараар хийгдэж буй аливаа сэжигтэй санхүүгийн гүйлгээг шалгах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй аж. Хэрэв үйлчлүүлэгчийн хийж буй гүйлгээ сэжигтэй байвал банкууд Сэжигтэй гүйлгээний тайланг (SARs) бөглөж холбогдох албаны хүмүүст мэдээлэх ёстой юм. 

Сэжигтэй гүйлгээний тайлан (жишээ)

Тэгвэл хэдхэн цагийн өмнө Buzzfeed News болон Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум (ICIJ)-ийн ил болгосон FinCEN-ийн материалууд нь 2000-2017 оны хооронд банкуудаас АНУ-ын эрх баригчдад илгээсэн баримтууд юм. Энэ нь Олон улсын банкны системийн өндөр нууцлалтай мэдээлэл бөгөөд нийт 22 мянган хуудас материалд дэлхийн 170 орон, бүс нутаг, 10 мянга орчим хувь хүн, байгууллага хамрагдаж байгаа аж. Мөн ил болсон материалууд дунд 2121 Сэжигтэй гүйлгээний тайлан (SARs) бүртгэгджээ. 


Дэлхийн 88 орны 108 хэвлэл мэдээллийн байгууллага хамтран ажиллаж уг мэдээллийг олон нийтэд хүргээд байна. 

Мөнгө угаах гэмт хэрэг 

Гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс ашиг олоход хамгийн чухал нь бохир мөнгийг угаах сувагтай байх явдал аж. Мөнгө угаах гэдэг нь мансууруулах бодисын худалдаа, авилгал зэрэг хууль бус үйлдлээр олсон их хэмжээний мөнгийг хууль ёсны мэт болгож харагдуулах үйл явцыг хэлдэг. Барууны орнуудаас тавьж буй хориг арга хэмжээнд багтсан Оросын олигархиуд ч мөн ийм аргаар өөрсдийн хөрөнгө, мөнгийг баруунд байршуулдаг байна. 

Хуулинд зааснаар банкууд зөвхөн Сэжигтэй гүйлгээний тайлан (SARs) гаргаад орхих нь хангалтгүй бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааг нотлох баримт байгаа бол гүйлгээг тэр даруй зогсоох ёстой аж. Өөрөөр хэлбэл, эрх баригчдыг арга хэмжээ авахыг хараад суух ёсгүй юм. FinCEN-ийн материалуудыг харвал банкууд сэжигтэй гүйлгээг мэдсээр байж үргэлжлүүлэн хийхийг зөвшөөрсөөр байсан нь шуугиан тарьж байна. 

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум (ICIJ)-ийн мэдээлж буйгаар эдгээр нь нийт 2 триллион доллартай тэнцэх гүйлгээ гэжээ. 

Ил болсон материалууд дунд:

FinCEN-ийн материалууд дунд нэр нь хамгийн олон дурдагдсан 10 банк, тэдгээрийн хийсэн сэжигтэй гүйлгээг ам.доллараар гаргаж харуулжээ.

  • АНУ-ын тал эдгээр үйл ажиллагааг санхүүгийн луйвар гэдгийг тогтоосон ч HSBC буюу Хонконг, Шанхайн банкны корпораци гэмт хэрэгтнүүдэд сая сая долларын шилжүүлэг хийхийг зөвшөөрчээ.
  • АНУ-ын хамгийн том банкуудын нэг JP Morgan эзэмшигч нь хэн болох нь үл мэдэгдэх компани Лондон дахь данс руугаа 1 тэрбум гаруй долларын гүйлгээ хийхийг зөвшөөрсөн байна. Сүүлд олж илрүүлснээр тус компани нь Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжлагдаж буй 10 зартай гэмт хэрэгтний нэгнийх нь эзэмшил байж болзошгүй гэгдэж байна.
  • ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамгийн ойрын хамтрагчдын нэг Лондоны Barclays банкыг ашиглан хориг арга хэмжээнээс зайлсхийснийг батлах баримт олджээ. 
  • FinCEN-ийн тагнуулын хэлтэс Их Британи улсыг Кипртэй адил "өндөр эрсдэлтэй бүс нутаг" гэж үзэж байна. Учир нь, ил болсон материалууд дунд Их Британийн 3000 гаруй компани сэжигтэй гүйлгээ хийгдсэн гэж бүртгэгджээ. 
  • Германы Deutsche банк гэмт хэрэг, террористууд, хар тамхины наймаа эрхлэгчдийн бохир мөнгийг шилжүүлжээ.

Эх сурвалж: Buzzfeed News, BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
13 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
13 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.