Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Фокус Баянзүрх: Би өөрийгөө ингэж илэрхийлдэг (Бас ингэж боддог)


Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ), ЛИЙД Төгсөгчдийн Холбооны хамтран хэрэгжүүлж буй DREAM төслийн хүрээнд та бүхэндээ залуусын дуу хоолойг хүргэж байна. Оролцоо гэдэг залуусын хувьд юу болох, бид юуг анхаарч, юунд суралцах хэрэгтэй байгаа тухай энэ удаа Баянзүрх дүүргийн залуусаас асууж сонирхлоо.

Б.Номин-Эрдэнэ (21 настай)

IG: Nxmnn

-Өөрийгөө танилцуулна уу.

-Сайн байна уу? Намайг Б.Номин-Эрдэнэ гэдэг. МУИС-ийн ОУХНУС-д сурдаг. Одоо II курсийн оюутан.

-Энэ намрын хувцаслалт, хэв маягаа бусадтай хуваалцаач. Ямар төрлийн хувцас чиний хувьд сонирхол татаж байна?

Би ямар нэг хэв загвар хөөдөггүй гэж өөрийгөө боддог. Чухал уулзалт л биш бол ер нь юу өмсөх вэ гэж бодол бололгүй гэрээс гарахаасаа хэдэн минутын өмнө харж байгаад л өмсөөд гардаг даа. Сүүлийн үед гэхдээ бага зэрэг гэгээлэг хувцасламаар санагдах болсон.

-Ертөнцөө бусадтай хэрхэн хуваалцаж, яаж түүнийгээ илэрхийлдэг вэ?

Би сэтгэл хөдлөл ихтэй, тэрийгээ шууд гаргаж илэрхийлж байж санаа амардаг хүн юм шиг байгаа юм. Тухайн үед хажууд ярилцаж болохоор хүн байвал хуваалцана, ганцаараа байж таарвал стори хийчихдэг. Ер нь сторигоороо дамжуулж их хуваалцдаг шүү.

-Өөрийн амьдралыг ямар байлгахыг хүсэж, зорьдог вэ?

Хүмүүс “залуу байгаа дээрээ ингэ тэг" гэж их ярьдаг даа? Тэр болгоныг л сонирхож үзмээр санагддаг. Аль болох олон төрлийн зүйл туршиж, олон шинэ хүмүүстэй танилцахыг хүсдэг. Шинэ зүйл нь таалагдахгүй байлаа ч тэр зүйлд дургүй гэдгээ мэдэж авч байгаа нь бас л нэгэн ололт юм чинь.

Тэгээд бас нэг чухал зүйл бол эрүүл мэнд. Залуу насан дээр биеийн хувьд эрүүл чийрэг байдаг ч сэтгэл зүйн хувьд хамгийн эмзэг үе юм шиг санагддаг. Сэтгэл гутрал гэдэг зүйлийг тоохгүй хаях нь их аюултай учраас бид ойр дотны хүмүүстээ анхаарал тавьж сэтгэл санааг нь дэмжиж байх нь чухал гэж боддог. Тиймээс сэтгэл зүйн тал дээр их анхаардаг. 

-Бид өөрсдийн ертөнцийг илэрхийлж байгаатай ижил үзэл бодлоо бас яаж илэрхийлбэл зүгээр гэж боддог вэ. Танд хэлэхийг хүсдэг ямар санал, хийхийг хүсдэг юу байдаг вэ?

Цахим орчинд хүссэн болгон нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог болохоор ихэнхдээ гоё байдаг. Нэг ижил зүйлийг хүн бүр өөрийн өнцгөөс харж тэр болгоноо хуваалцаж байдагт дуртай. Гэхдээ тэглээ гээд өөрийн үзэл бодлыг бусдад тулгадаг, хүний үзэл бодлыг хүндэтгэдэггүй хүмүүс таалагддаггүй. "Муухай монгол хүн" гэдэг номоос “Хэлэх сайхан үг байхгүй бол чимээгүй өнгөрч сур” гэж уншиж байсныгаа марталгүй санаж явдаг.

Залуус бид тал бүрийн мэдлэгтэй,тэр бүртээ өөрийн гэсэн үзэл бодолтой байх нь зөв байх. Жишээ нь би залуу хүн, улс төр уйтгартай гээд улс орны асуудлыг тоохгүй яваад байж болохгүй. Бидэнд хариуцлага гэж нэг чухал зүйл бий.

Бас хүн бүр эх хэлээрээ алдаагүй бичдэг байгаасай гэж би хамгийн их хүсдэг. Алдаатай бичсэн үг харах их тухгүй муухай санагдаад байдаг юм. Дүрмийн алдаа бол хэн ч гаргаж болно л доо. Харин Э И үсэг, урт хос эгшигээ ялгадаггүй хүмүүст бараг гомддог гэхэд болно. Тэгээд зүгээр өнгөрч чадалгүй засаад хэлэхээр “юун сүртэй юм”,”ямар хамаатай юм” гэх мэт сөрөг хандлага их гаргадаг. Ийм баймааргүй байна өө. Хамаатай байхгүй юу.

-Та "оролцоо"-г юу гэж хардаг вэ. Залуу хүний зүгээс оролцоотой байхын тулд яах ёстой вэ?

Үзэл бодлоо илэрхийлэх нь өөрөө бас нэгэн оролцоо байх аа. Жишээ нь би олны танил мундаг хүн биш ч гэсэн хүрээллийнхээ хэдэн найз нараа зөв бичихэд уриалаад, бүгд алдаагүй бичдэг болбол энэ нь эх хэлээ хамгаалах үйлсэд оролцож байгаа хэрэг. Оролцоо гэдгийг их том хэцүү зүйл шиг бодолгүйгээр хүн болгон дор бүрнээ оролцоотой байж чадна шүү дээ. Бид өөрсдийн бодож байгаагаасаа илүү хүчтэй.

Г.Бүрэн (22 настай)

IG: brnechk

-Өөрийгөө танилцуулна уу.

Сайн байна уу? Намайг Г.Бүрэн гэдэг. Сошиал маркетингийн компанид туслах ажилтан хийдэг.

-Энэ намрын хувцаслалт, хэв маягаа бусадтай хуваалцаач. Ямар төрлийн хувцас чиний хувьд сонирхол татаж байна?

Би аль болох өөрт тухтайгаар хувцаслахыг хичээдэг. Энэ намрын хувьд 90-ээд оны өнгө аястай хувцаслахыг хичээж байна.

-Ертөнцөө бусадтай хэрхэн хуваалцаж, яаж түүнийгээ илэрхийлдэг вэ?

Зөвхөн өөрийнхөөрөө байснаар л түүнийгээ бусдад ойлгуулж, илэрхийлнэ. Биеэ авч явах байдал, хувцаслалтаараа дамжуулж илэрхийлдэг гэхэд болно доо. Бас юунд ч баригдахгүй, хүссэн зүйлээ хийж. Өөрийнхөө ертөнцийг бусдад хуваалцахдаа юу мэдэрч, ямар үзэл бодолтой байгаагаа тэдэнтэй ярилцаж бас ойлгуулахыг хүсдэг.

-Өөрийн амьдралыг ямар байлгахыг хүсэж, зорьдог вэ?

Хүнд суртал, стрессгүй, бага зэргийн адал явдалтай. Мэдээж сайн сайхан, амар амгалан байгаасай гэж хүснэ л дээ. Гэхдээ өдөр болгон шинэ сорилт, шалгууртай тулгарч байвал илүү сонирхолтой. Өөрийгөө өдөр бүр дайчилж, нэг шат ахиулж байвал зүгээр юм шиг санагддаг.

-Бид өөрсдийн ертөнцийг илэрхийлж байгаатай ижил үзэл бодлоо бас яаж илэрхийлбэл зүгээр гэж боддог вэ. Танд хэлэхийг хүсдэг ямар санал, хийхийг хүсдэг юу байдаг вэ?

Үзэл бодлоо юунд ч баригдахгүй чөлөөтэй, айх айдасгүй илэрхийлэх нь маш чухал. Бид өөрийнхөө дуу хоолойг хэнээр ч хориулахгүй байх хэрэгтэй. Залуучууд бид тэр тал дээр маш дутмаг эсвэл залхуу санагддаг. Өөрийн үзэл бодол бол маш чухал. Тиймээс хэлж илэрхийлэх л хэрэгтэй. Дээрээс нь харилцан нэгнээ хүндэлдэг байгаасай. Соёлтой л баймаар байна.

-Та "оролцоо"-г юу гэж хардаг вэ. Залуу хүний зүгээс оролцоотой байхын тулд яах ёстой вэ?

Би оролцоог хувьдаа боломж гэж хардаг. Одоогийн нийгэмд залуусын оролцоо дээд үеийнхнийгээ бодвол харьцангуй бага байгаа нь ажиглагдсан. Хувь хүн өөрөө төлөвшиж, мэдлэг боловсролтой болсноор нийгэмд сайн нөлөө үзүүлж оролцоог бий болгож чадна гэж бодож байна.

Г.Нямдэлгэр (21 настай)

IG: whitteheron

-Өөрийгөө танилцуулна уу.

Намайг Гансүхийн Нямдэлгэр гэдэг. 21 настай. СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн 4-р курсийн оюутан. Сурахынхаа хажуугаар мэргэжлийнхээ дагуу байгууллагын хөгжлийн консалтингийн байгууллагад ажилладаг. Сургуулиа төгсөхөөсөө өмнө ажил хийж байгаа минь миний хувьд их завшаантай. Ажлын орчин, нийгмийн нөхцөл ямар байдаг тухай ойлголттой болж байгаадаа баяртай байдаг.

-Энэ намрын хувцаслалт, хэв маягаа бусадтай хуваалцаач. Ямар төрлийн хувцас чиний хувьд сонирхол татаж байна?

Улбар, бор шаргал гэх мэт дулаахан мэдрэмж төрүүлэхүйц хувцас өмсөөд хотын гудмаар алхмаар байна аа. Зөөлхөн, хөвсгөр ноосон цамц, гоёхон юбканууд, өнгө өнгийн трико, нэхмэл ороолт, берет малгайтай... Ер нь л энэ зургаар миний энэ намрын өнгийг төсөөлж болохоор ~~

-Ертөнцөө бусадтай хэрхэн хуваалцаж, яаж түүнийгээ илэрхийлдэг вэ?

Намайг илэрхийлэх миний ертөнцийн зүйл гэвэл би киног хамгийн түрүүнд нэрлэнэ ээ. Гэхдээ мэдээж хүний нүдэнд тусаж, сэтгэлд үлдэх хамгийн анхны сэтгэгдэл гадаад байдлаас эхэлдэг болохоор өмсөж байгаа хувцас, хэрэглэл тухайн хүнийг илэрхийлэх анхны нэг хэлбэр гэж хардаг. Гэлээ гээд бусдад зориулж хувцаслалгүй, яг л өөртөө “энэ яг би мөн байна” гэх хувцасны сонголтыг л хийхийг хичээдэг. Тэгээд бас хүмүүстэй ярилцах нь өөрийгөө илэрхийлж, ертөнцөө хуваалцах том арга. Үзэл бодлоороо танилцаад ямар кино, дуу хөгжимд дурладаг, амьдралыг хэрхэн хардаг тухай бодол, зүрх сэтгэлийн зүйлсээ бусадтай хуваалцах дуртай.

-Өөрийн амьдралыг ямар байлгахыг хүсэж, зорьдог вэ?

Амьдрал яг л нар жаргах үеийн дулаахан тэнгэр шиг жаргах бүртээ өөр өөр солонгон өнгө алаглуулдаг, бүхний сэтгэлд тайвшрал түгээдэг байвал хамгийн таатай. Өөрийн амьдралаа яг л үүн шигээр төсөөлөөд, өдөр бүр өөр өөрийн өнгөтэй, дулаахан амгалан байлгахыг хүсдэг.

-Бид өөрсдийн ертөнцийг илэрхийлж байгаатай ижил үзэл бодлоо бас яаж илэрхийлбэл зүгээр гэж боддог вэ. Танд хэлэхийг хүсдэг ямар санал, хийхийг хүсдэг юу байдаг вэ?

Хүн бүр нийгмийнхээ төлөө үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой дээр хүмүүс хэлсээр л, ярьсаар байгаа хэдий ч түүнийгээ хийж, хэрэгжүүлж үйлдэл дээр авчирч байгаа нь ярьж буйгаасаа багахан санагддаг. Гэхдээ үйлдэл болгохыг нийгмийг хамарсан том хөдөлгөөн гэж ойлголгүйгээр өөрийн бяцхан тойрог дундаа сайн, сайхан энергийг түгээх гэж харвал хэцүү зүйл үгүй юм шиг л санагддаг.

Миний зүгээс бяцхан ч гэсэн мэдлэгийн соёл түгээхийг хүсдэг ээ. Соёл, ёс суртахуун, мэдлэгээр хангалуун нийгэмд амьдрахыг хүсдэг байгаад, эдгээрээр баялаг улс хамгийн дотно, гэрэл гэгээтэй байна. Яг өнөөгийн нөхцөлд багачуудынхаа боловсролд зориулсан зүйлийг хамгийн түрүүнд хиймээр байна. Бага сургууль урлагийн, тэр дундаа сонгодог урлагийн боловсрол олгох хөтөлбөртэй болчихвол гэрэлтэй нийгэм рүү нэг биш нэлээн хэдэн алхмаар ойртох байх.

-Та "оролцоо"-г юу гэж хардаг вэ. Залуу хүний зүгээс оролцоотой байхын тулд яах ёстой вэ?

Оролцоо бол хайр. Аливааг хайрлаж буй бүхэн түүнийхээ төлөө бусдын шахалт, дарамтгүйгээр үргэлж ямар нэг сайхан зүйл хийж, ямар ч төлбөр, хариугүйгээр өгч чаддаг. Өгч байгаадаа хүртэл хачин ихээр баяртай, жаргалтай байдаг шүү дээ. Тэгэхээр оролцоо бас өгөхийн нэр. Хүмүүс тэр дундаа залуучууд нь өгч чаддаг байгаасай. Өгөх гэдэгт материаллаг бус сэтгэлийн зүйлсийг илүүд үзэж, сэтгэл зүрхнээсээ гаргаж болох сайхан сэтгэл, тусч нинжин, бүтээлч шинэлэг, эерэг бүхнийг хамруулан ойлгодог байгаасай.

О.Батням (22 настай)

IG: batnyam.os

-Өөрийгөө танилцуулна уу.

Намайг О.Батням гэдэг. Олон улсын худалдаа мэргэжлээр 2020 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. Харин одоо “Таван Богд Трейд” ХХК-д маркетингийн судалгаа, үнэлгээний мэргэжилтнээр ажиллаж байна.

-Энэ намрын хувцаслалт, хэв маягаа бусадтай хуваалцаач. Ямар төрлийн хувцас чиний хувьд сонирхол татаж байна?

Миний бодлоор хүний өмссөн хувцас нь тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин гэх мэт маш олон зүйлийг тодорхойлж болно гэж үздэг. Хэн нэгэнд хамгийн анхны төрүүлэх сэтгэгдэлд хувцаслалт нэлээн нөлөөтэй. Тиймээс миний хувьд аль болох ажил мэргэжил, нөхцөл байдал болон биеийн онцлогтоо тохируулан, хэрэгцээнээс илүү хээнцэрлэлгүй мөн хэтрүүлэлгүй загварлаг хувцаслахыг эрмэлздэг. Миний ажиллаж байгаа газар маркетингийн ажилчдынхаа бүтээлч, задгай сэтгэлгээнд анхаарч аль болох өөрийгөө илэрхийлсэн, тухтай хувцаслахыг зөвлөдөг. Тиймээс миний хувьд ямар нэг хэлбэрт баригдалгүй өөрийнхөөрөө хувцаслаж байгаа. 

Энэ намар сэрүүхэн байх юм шиг санагдсан учраас аль болох дулаахан, биед эвтэйхэн бас загварлаг хувцаслах бодолтой байна. Энэ намрын сонголтод хамгийн түрүүнд тод улаан хүрэн өнгийн цув болон нэхмэл задгай энгэртэй цамц багтсан байгаа. Би ямар нэг хувцаслалтын хэв маягт баригдахгүй хувцасладаг. Өөрөөр хэлбэл таалагдсанаа тохируулаад хослуулаад өмсчихдөг. Гэхдээ спорт заланд биш бол өөр ямар ч газар биеийн тамирын хослол болон пүүз өмсдөггүй.

-Ертөнцөө бусадтай хэрхэн хуваалцаж, яаж түүнийгээ илэрхийлдэг вэ?

Өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх нь ардчилсан нийгмийн гол үнэт зүйлсийн нэг гэж би хардаг. Миний хувьд өөрийн үзэл бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл болон хувь хүнээ илэрхийлэх тал дээр нээлттэй, шударга ханддаг хүмүүсийн нэг бөгөөд аль болох өөрийн мэдрэмжээ хуурахгүй, нуухгүй байхыг хүсдэг. Хүний өөрийгөө илэрхийлж буй байдал нь тухайн хүний ШИЙДВЭР, СОНГОЛТ-оор бидэнд харагддаг байх. Тиймээс миний дотоод мэдрэмжийн илэрхийллийн нэг хэлбэр бол хувцаслалт. Тиймдээ ч олон өнгийн оймс мөн тод өнгийн хувцаслалтууд нь миний сэтгэл өөдрөг, өөртөө итгэлтэй байгаагийн илрэл болж, харин малгайтай цамцтай байвал маш хэцүүхэн мэдрэмжтэй байгааг маань ойр дотны хүмүүс маань шууд л мэддэг.

-Өөрийн амьдралыг ямар байлгахыг хүсэж, зорьдог вэ?

Миний амьдралын үзэл баримтлалуудын нэг нь хэн нэгнийг ялгаатай байдлаар нь ялгаварлах, гутаан доромжлох болон оршихуйг нь үгүйсгэхгүй байх. Бас хэн нэгэнд төвөг удалгүйгээр өөрийнхөөрөө аз жаргалтай, амжилттай суралцаж ажиллаж, нийгэмдээ шүгэл үлээгчдийн нэг болохыг хүсдэг. Хүн бүр цорын ганц дахин давтагдашгүй гэдгээ мэдэрч өөрийнхөөрөө, аз жаргалтай, бусдад бус өөртөө таалагдаж амьдраасай...


-Бид өөрсдийн ертөнцийг илэрхийлж байгаатай ижил үзэл бодлоо бас яаж илэрхийлбэл зүгээр гэж боддог вэ. Танд хэлэхийг хүсдэг ямар санал, хийхийг хүсдэг юу байдаг вэ?

Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж, үүнд мэдээж маш олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Түүний нэг нь яалт ч үгүй даяаршил юм. Даяаршлын нөлөөгөөр бид дэлхийн мэдээллийг цаг алдалгүй авч чадаж байна. Гэвч мэдээллийг мэдлэг болгох, мэдлэгийг ашиглан боловсрол болгох тал дээр учир дутагдалтай санагддаг. Тиймээс олж авч буй мэдээллээ ухаалгаар шүүлтүүртэй ойлгож хүлээн авч түүнийгээ мэдлэг болгон хувиргахад суралцах болон академик боловсролыг ашиглах чадварт суралцаасай гэж залуусаа уриалмаар байна.

-Та "оролцоо"-г юу гэж хардаг вэ. Залуу хүний зүгээс оролцоотой байхын тулд яах ёстой вэ?

Бид ирээдүйд илүү сайхан орчинд амьдрах, одоогийн байгаа орчинг сайжруулах үүднээс төр болон орон нутгийн байгууллагуудын шийдвэр гаргалтад нөлөөлөхийн тулд өөрийн дуу хоолойгоо хүргэх нь чухал байна. Бидний оролцоо нэмэгдэх бүрд бидэнд тулгарсан асуудал, шаардлагад илүү нийцсэн шийдвэр гарах болно. Өнөөдөр бусад оронд залуучууд нь нийгэм, улс төр болон эдийн засгийн орчинд ямар хүчтэй нөлөөтэй бэ гэдгээ ойлгож мэдэрч ухаарчихсан байгаад нь би атаархдаг. Тиймээс залуучууддаа өөрийнхөө хүчийг мэдэрч нийгэмдээ идэвхтэй, оролцоотой байгаасай гэж хүсэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
18 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
19 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
20 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
3 өдрийн өмнө
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
15
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.09.23 172.69.252.139

huurhun zaluuchuud ve

0 Хариулах


Зочин 2020.09.23 172.69.252.137

Yoh yamar goy ohiduud, zaluuchuud veee

0 Хариулах