Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Фокус влог: 'Улс төр бол +18' дугаараас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД


 "Фокус" влогийн 'Улс төр бол +18' дугаараас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

Залуучууд өөрсдийгөө зөвхөн "сонгогч" гэдгээр харж, намууд ч залуу хүнийг "нэг санал" хэмээн "харьцаж" ирсэн. Тэгвэл залуус өөрсдөө сонгогдож, өөрийнхөө асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй гар бие оролцох эрхтэйг энэ дугаарт хөндсөн юм.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэбулган: 

  • Энэ удаагийн орон нутгийн сонгуульд заавал саналаа өгөх нэг шалтгаан бий. Өмнөх сонгуулиудад сонгогчдын 50 хувь нь саналаа өгснөөр тухайн сонгууль хүчинтэй болдог байсан бол энэ удаад тийм босго байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, тэр хорооны иргэдийн тал нь очиж саналаа өгнө үү, таван хүн очиж өгнө үү гэдэг ямар ч ялгаагүй болсон гэсэн үг. Сонгогчид идэвхгүй байхын хэрээр иргэдийн амьдралд халгаатай эсвэл эсвэл бүр ангид шийдвэр гарч магадгүй. 

  • УИХ мэдээж чухал. Улс орныг хөдөлгөгч гол бодлогуудыг зангидаж, баталж гаргана. Харин засгийн газар мотор нь бол тэдгээрийг хэрэгжүүлдэг. Гэхдээ тэр бодлогууд хэрэгжихдээ микро түвшинд очиж завхардаг. Тэгэхээр мянга дээрээ зөв шийдэл гаргалаа ч иргэд нь оролцоогүй, явцуу эрх ашгийг төлөөлдөг эсвэл ажил, мэдлэгийн хувьд дундаж сонгогчоосоо долоон дор засаг дарга, төлөөлөгч сонгогдчихвол тэр хэрээр бидний амьдрал урагшлахгүй. 

  • 2019 оны тооллогоор 18-34 насны сонгогчид 930 мянга буюу нийт сонгогчдын 45 хувийг эзэлж байна. Хэрвээ залуучууд энэ насныхаа төлөөлөлдөө саналаа өгдөг бол бүх сонгууль л залуучуудынх болно. 

  • Би Ховд аймгийн Булган сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Ууганжаргалын жишээг дурдмаар байна. Д.Ууганжаргал 2016 онд бие дааж нэр дэвшээд ИТХ-ын төлөөлөгч сонгогдож байсан. Тухайн үед орон нутгийн сонгуульд нэр дэвших насны доод хязгаар 25 байсан. Дөнгөж 25 нас хүрэнгүүтээ намаас хараат бусаар бие дааж нэр дэвшээд сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд ИТХ-д бие даан 40-өөд асуудал оруулснаас таван дэмжигдээд ажил хэрэг болж. Энэ залуу зарим аймаг, сумын намаас илүү ажиллаж чадсан байна. 40 асуудлыг оруулж ирээд тав нь дэмжигдэнэ гэдэг бол хувиараа нэр дэвшиж гарч ирсэн төлөөлөгчийн хувьд өндөр үзүүлэлт.  

  •  Намууд залуучуудын улс төрийн оролцоог хамгийн их боомилж буй байгууллага болчихоод байна.  Өнгөрсөн хугацаанд эрх барьсан хоёр том нам залуучуудын оролцоог үгүйсгэчихсэн юм шиг санагддаг.  Хоёрт, улс төрийн нам нэг талаас сахилга баттай институт юм шиг хэрнээ нөгөө талаас хэт олигархижсан, хүнд суртал бүхий тогтолцоо. Ийм газар залуу хүн орж болох ч маш удаан явна. Дэврүүн хүслээрээ орсон олон залуучууд няцаад гарсан байдаг. Гуравт, улс төр, нам, залуучууд гурав яагаад авцалдахгүй байна вэ гэхээр, Монголд яг үнэндээ аль ч нам нь залуучууд буюу шинэ үеийнхний асуудлыг шийдэж чадах институт байж чадахгүй байна. Орчин цагийн асуудлыг шийдэх нь бүү хэл асуудлаа ойлгож, тодорхойлж чадахгүй байгаа. 

  •  Төр барьж буй хоёр нам сонгогчдоо чирж явж чадахгүй байна. Нөгөө талаар энэ нь тэдний буруу биш л дээ. Яагаад гэхээр, төрийн албан хаагчид, өндөр настнууд сонгуульд илүү идэвхтэй оролцдог. Улс төрийн намуудын гол зорилго тэдний саналыг авах учраас сонгогчдынхоо л хүсэл эрмэлзлийг хангаад байна. Намууд массынхаа сэтгэлзүйг дагаад, тэдний дөрвөн жилийн хүсэл эрмэлзлийг биелүүлэх гээд яваад байгаа болохоос аль аль нь нийгмээ чирдэг мотор нь байхаа больчихсон. Энэ хоёр нам нийгмээсээ чирэгдээд явж буй чиргүүл болчихоод байна. 

Залуучуудын төлөөлөл, сэтгүүлч Б.Ялгуун:

  • Бид улс төр сонирхохгүй, мэдэхгүй байгаа нь багаас тогтсон зүйл юм шиг санагддаг. Аав ээж, ах эгч нарын хувьд мэдээ үзэх, улс төр сонирхох нь тэдний амьдралын хэвшил болчихсон байдаг. Оройн мэдээ үзэх нь заавал хийх ёстой зүйл гэж хүлээж авдаг. Зэт үеийнхэн яагаад улс төр сонирхдоггүй юм бэ гээд бодоод үзэхээр бид угаасаа л дураараа байх дуртай ардчилсан нийгэмд төрж, өссөн. Дураараа биш байх нь яасан муухай юм бэ гэдгийг бид мэдрээгүй байхгүй юу. Тэгэхээр улс төр надад нэг их чухал юм шиг санагддаггүй. 

  • Улстөрчид надад хөлдүү залуу шиг мэдрэмж төрүүлдэг. Би өөрийгөө гайгүй охин гэж бодож байтал миний хойноос хөлдүү, мэдрэмжгүй, намайг сонирхдоггүй залуу гүйгээд байвал би хэзээ ч түүнтэй уулзахгүй, үерхэхгүй. Жишээ нь, би кофе уух дуртай байтал хамт сүүтэй цай ууя гэж дуудаад байвал би хэзээ ч очихгүй л байхгүй юу. Яг тэрэнтэй ижилхэн мэдрэмжийг улстөрчид төрүүлдэг учраас бид улс төрийн амьдралыг тоодоггүй. 

LEAD Mongolia US2018 хөтөлбөрийн төгсөгч Ж.Билэгсайхан:

  • Агентлагийн орлогч дарга, нийслэлийн өмчит хувьцаат компанийн захирал байсны хувьд яг үнэндээ өнөөдөр байгаа боловсон хүчнүүдэд сэтгэл хангалуун байж чаддаггүй. Чадалтай, мундаг залуус ирээд хоёр сар л тэсдэг юм билээ. Би өөрийнхөө боловсролд 50 мянган доллар зарцуулчхаад сарын 500 мянган төгрөгийн цалин аваад, ийм цагаар ажиллаж чадахгүй гэдэг. 

  • Улаанбаатар хотын нийт оршин суугчдын 76 хувийг 34-өөс доош насны залуучууд эзэлдэг. Гэтэл өнөөдөр ажилгүйдэл, гэмт хэрэгт холбогдож буй байдал, амиа хорлолтоороо, эрүүл мэндээрээ хамгийн хэцүү хэсэг нь залуучууд байна. Энэ нь залуучуудад тохирсон бодлого явахгүй байгааг л илэрхийлж байна. Нийслэлд тэдний төлөөлөл байхгүй байгаа учраас залуучуудын асуудлыг ойлгож, тэдэнд чиглэсэн бодлого гарч ирэхгүй байгаа юм. Тийм учраас залуучуудын төлөөлөл зайлшгүй байх хэрэгтэй. 

  • Өнөөдрийн бидний асуудлууд явж явж намын анхан шаттай л холбогдоно. Тэгэхээр залуучуудыг аль болох нам руу ороод анхан шатнаас нь ажиллаж эхлээч гэж хэлмээр байна. Залуучуудыг намаас хол бай биш, нам руу ор гэдэг моод дэлгэрүүлмээр байна. Аль нам байх нь хамаагүй. Ямар ч байсан ирэх 15 жилд өнөөдөр байгаа энэ систем үйлчилнэ.  Тийм учраас бид энэ системээрээ л явж өөрчлөлт хийнэ. Залуучууд улс төрд орсноор нам сайжирна, дагаад нэр дэвшигч сайжирна.  

Холбоотой мэдээлэл: Фокус влог: Улс төр Монголд хөгжихийн төлөө

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.