Хайх зүйлээ бичнэ үү

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Филипп Мэрлинтэй Франц, Монгол  орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болон энэ сарын 19-нөөс эхлэх Улаанбаатар олон улсын кино наадмыг угтан хийсэн ярилцлагыг  хүлээн авна уу. 


-Та анх Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Би Монголд 2018 оны есдүгээр сарын 21-ний өдөр ирсэн. Улаанбаатарыг зорьсон нислэг маань цаг агаарын нөхцөлөөс болоод нэлээд хойшилсон. Ингээд би замдаа 24 цаг хүлээж байж анх Монголд хөл тавьж байлаа. Ирэхээсээ өмнө хүмүүст Монгол Улсад томилогдсон тухайгаа дуулгахад маш олон хүн Монголд аялах хүсэлтэй байдгаа хэлж байсан. Урьд нь би долоо, найман улсад ажиллаж, амьдарч байлаа. Тэднээс хамгийн хол оршдог нь Монгол Улс болж байна. Монголын нэрийг дурдах төдийд л францчуудын хувьд их содон санагдаж, анхаарлыг нь маш их татдаг шүү.

-Манай сайтыг залуу хүмүүс их сонирхож уншдаг юм. Үүний дагуу монгол залуусын тухай таны бодлыг асууя?

-Залуусыг хамарсан олон төрлийн тэмцээн, уралдаан, арга хэмжээнд оролцох, уригдах завшаан надад олонтоо тохиолдсон. Монголын залуу үе надад үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Тэд их эрх хүчтэй бас өөртөө итгэлтэй. Монголын залуус бол улсынхаа ирээдүйн маш чухал нөөц бололцоо нь гэж боддог. Ялангуяа Монголын залуу эмэгтэйчүүдийн боловсролдоо анхаарч, мэргэжилдээ чадварлаг байгаа нь надад маш сайхан сэтгэгдэл төрүүлдэг.  Тэд эрч хүчтэйн дээр өөрсдийнхөө төлөө ч, мөн улс орныхоо төлөө ч том амбицтай байдаг нь үнэхээр гайхалтай.  

-Франц Улсад ажиллах, сурах хүсэлтэй олон хүн байдаг. Тэдэнд та юу зөвлөх вэ?

Францад нийт 3500 гаруй дээд боловсролын байгууллага буюу их, дээд сургууль байдаг. Тэдгээрийн ихэнх нь гадаад оюутан хүлээж авдаг. Франц руу явж суралцахаасаа өмнө франц хэл судалсан байх нь маш чухал. Гэхдээ франц хэлгүй оюутнуудад зориулан англи хэл дээр бэлдсэн 1000 гаруй хөтөлбөр байдаг. Сүүлийн хориод жил 400 гаруй монгол оюутан Францад очин нэг жил, түүнээс дээш хугацаагаар суралцсан. Үүнээс ч олон монголчууд Францад сургалт, курс, мэргэшүүлэх дадлага зэрэг богино хугацааны сургалтад хамрагдсан байна. Эдгээр оюутнууд маань эрүүл мэнд, археологи, эрхзүй, математик, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт суралцсан. Тэдний дунд төрийн албан хаагчдаас эхлээд цэргийн салбарынхан ч бий. Өнгөрсөн долоо хоногт манай Элчин сайдын яам Францад төгсөгчдийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан. Төгсөгчдийн төлөөлөл болсон Монголын эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт амжилттай ажиллаж буй 70 орчим төгсөгч хүрэлцэн ирсэн. Мөн манай Элчин сайдын яамны санхүүжилтээр Улаанбаатарын Аллианс Франсэзийн дэргэд Францын дээд боловсролыг гадаадад сурталчлах үүрэг бүхий "Кампус" Францын мэдээллийн төв ажиллаж буй. Тус төвийн үйл ажиллагааг эрх хүч, идэвх чармайлтаар дүүрэн Ананд гэж залуу хариуцан ажилладаг. Тэрээр Францад сурах хүсэлтэй залууст сонголтоо зөв хийх, амьдрах бэлтгэлээ базаах, сургалтын санхүүжилт гээд хэрэгтэй мэдээллийг өгч ажилладаг. Тиймээс Францад суралцах хүсэлтэй залуусыг Аллианс Франсэзийг зорин ямар боломж бололцоо байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна. Мөн манай хоёр орны Засгийн газруудын хамтарсан тэтгэлэг бий. Энэ хөтөлбөрийн хүрээнд жил бүр 10 оюутныг сонгон шалгаруулж тэтгэлэг олгодог. Тэтгэлгийн зар ойролцоогоор жил бүрийн дөрөвдүгээр сард нийтлэгддэг.

-Францын ЭСЯ-наас зохион байгуулдаг арга хэмжээнүүдийн талаар сонирхуулна уу?

-Элчин сайдын яамны соёлын арга хэмжээг ихэнхдээ Улаанбаатар дахь Аллианс Франсэз хариуцан зохион байгуулдаг. Бид энэ жилийн соёлын арга хэмжээнүүдээ энэ онд тохиож буй Франц, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулан төлөвлөж баталсан байсан. Гэвч дэлхийн дахинд тархсан ковид-19 цар тахлын улмаас 2020 оны соёлын хөтөлбөрөө цуцлахад хүрсэн юм. Гэхдээ нөхцөл байдал эргэн сэргэж буй энэ үеэс зарим арга хэмжээ маань олон нийтэд хүрэх боломжтой боллоо. Ойрын үед манай Элчин сайдын яамны оролцох соёлын арга хэмжээ гэвэл аравдугаар 19-нд нээлтээ хийх Улаанбаатарын олон улсын кино наадам юм. Энэ жил тус наадмын онцлох орноор Франц Улсыг дахин сонгосон.

Харин ирэх 2021 оны соёлын хөтөлбөрөөр уламжлал ёсоор олон нийтэд зориулсан концерт, тоглолт, үзэсгэлэн болон уран бүтээлчдийг урьж ирүүлэх зэрэг олон сайхан ажил зохион байгуулах боломжтой болно байх гэж найдаж байна. Одоогоор артистуудыг урьж авч ирэх зэрэг соёлын үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй хэвээр байна. Учир нь, Монголд 21 хоногийн турш карентинд байх шаардлагатай тул гаднаас уран бүтээлчид ирүүлэх боломж одоогоор байхгүй байна. Гэсэн хэдий ч ямар ямар үйл ажиллагаа явуулах боломжтой болохыг бид судалж байгаа.

-Улаанбаатар олон улсын кино наадам (UBIFF) 2020-ийн онцлох орноор Франц Улс дахин сонгогдсон. Энэ талаар болон кино наадмын үеэр гарах  бүтээлүүдийн тухай сэтгэгдлээ хэлнэ үү?

-Юун түрүүнд, уг кино наадмын онцлох орноор Франц Улсыг ийнхүү дахин сонгосонд бид туйлын баяртай байгаа. Франц Улс бол кино урлагийг “эх барьж” авсан улс юм. Түүхэндээ хамгийн анхны дүрст бичлэгийг 1895 оны 12 дугаар сард Парис хотноо олон нийтэд толилуулсан байдаг. Манай улсад кино салбар маш идэвхтэй ажиллаж ирсэн. Кино урлагийн өлгий нутгийн хувьд бид энэ салбарыг байнга дэмжиж ажилладаг. Ингэхдээ киног арилжааны бүтээгдэхүүн гэхээсээ илүү соёлын олон янз байдлын нэгэн чухал элемент гэж үздэг.  Энэ ч утгаараа төрийн зүгээс томоохон аж ахуй нэгж, компаниуд болон телевизүүдтэй хамтран соёлын олон төрөл зүйлийг дэмжиж кино урлагийг хөгжүүлэхэд чиглэсэн системийг бий болгосон. Улаанбаатарын олон улсын кино наадмын үеэр толилуулах кинонууд ч Францын болон франц хэлт орнуудын соёлын олон талт байдлыг кино урлагийн салбарт тусгах эрмэлзлийг харуулсан бүтээлүүд байгаа. 

Эхэнд гарах кино нь Франсуа Озуны найруулсан “85 оны зун” гэж франц кино байгаа. Уг кино энэ онд нээлтээ хийсэн, бас энэ оны Каннын кино наадамд шалгарсан. Үйл явдал нь 85 оны зун танилцан нөхөрлөсөн хоёр найзын тухай өгүүлдэг. Нэлээд сэтгэл өвтгөсөн байдлаар төгсдөг ч тун гоё кино. Би илүү зүйл ярилгүйгээр та бүхнийг өөрсдөө ирж үзэхийг урьж байна.

Хоёрдахь кино нь Франц-Армены кино найруулагч хатагтай Мартиросины бүтээсэн “Салхи зогсох аваас” гэдэг кино юм. Уг киноны үйл явдал Франц, Армени, Бельги улсуудад өрнөдөг. Мөн энэ онд нээлтээ хийсэн. Каннын кино наадамд бас шалгарсан. Үйл явдлыг товч дурдвал: Кавказын нуруунд байрлах нэгэн жижиг улсын нисэх онгоцны буудлыг нээхээс өмнө хяналт явуулах зорилгоор олон улсын эксперт ирнэ. Тэрээр нутгийн иргэдтэй ойр дотно танилцаж, тэрхүү жижиг улсын онгоцны буудлыг нээж улмаар тухайн улсыг дэлхий дахинд дахин нээлттэй болоход нь чин сэтгэлээсээ тусалж буй тухай өгүүлнэ. Хамгийн сүүлийн киног бид бяцхан үзэгчдэдээ зориулан сонгосон, Сецилийг эзэлсэн эрэлхэг баавгайнуудын гайхалтай түүх гэж анимейшин кино байгаа. Зургаагаас дээш насныхан үзэх боломжтой. 

Тус кино өнгөрсөн онд нээлтээ хийж одоог хүртэл Франц даяар үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан. Сицелийн уулархаг нутагт амьдардаг хүмүүс болон баавгайнуудын хооронд өрнөх үйл явдлыг төсөөлөн харуулдаг үнэхээр сонирхолтой, маш хөөрхөн бүтээл. Ингээд би бяцхан үзэгчдээ хүрэлцэн ирж энэ киног үзээрэй гэж урьж байна. Хүүхэд нас минь хэдийнэ өнгөрсөн ч анимейшин үзэх дуртай минь хэвээрээ, тиймээс би ч гэсэн очиж үзнэ /инээв/.

-Та олон ажлынхаа хажуугаар юунд цаг гаргах дуртай вэ? Хоббигоосоо хуваалцаач.

-Би гэрэл зураг сонирхдог. Тэр дундаа байгалийн зураг болон галт тэрэгний зураг авах маш их дуртай. Би чөлөөт цагаараа Монголын сайхан байгальд гарч аль болох урт зам туулж үзэсгэлэнт байгаль болон түүгээр өнгөрөх галт тэрэгний зургийг буулгах үнэхээр их дуртай. Дээрээс нь Монголд байдаг галт тэрэгнүүд маш сайхан үзэмжтэй.

-Та Монголд ирснээсээ хойш гайхмаар сонин зүйлстэй хэр олон учирч, таарсан бэ?

Миний урьд нь амьдарч байсан улсуудтай харьцуулбал Монгол бол маш сайхан тайван орон. Монголд ирснээс хойш ямар нэгэн гайхмаар ч юм уу, хачирхалтай зүйлтэй огт таарч байгаагүй. Монгол Улс маш өргөн уудам нутагтай ч хүн ам нь цөөн. Гэсэн хэдий ч хөдөө хээр хаана ч байлаа гэсэн үргэлж хэн нэгэнтэй таардаг. Жишээ нь, бөглүү зэлүүд газарт явж байлаа ч гэсэн заавал нэг морьтой, эсвэл мотоциклтой хүн явж байх ч юм уу, нэг айл байж байдаг. Монголчууд энэ өргөн уудам нутгийнхаа өнцөг булан бүрт эзэн нь болон аж төрдөг. Монголчуудын байгальтайгаа ийм ойр байж, алс хол нутагт амьдарч байгаа ч гэсэн гэр бүлээрээ халуун дулаан сэтгэл амар амьдарч чаддаг энэ чанар үнэхээр сайхан санагддаг шүү.

Уншигчдадаа сонирхуулахад Элчин сайд Филипп Мэрлин амьтанд маш их хайртай хүн юм байна. Монголын хөдөө нутгаар аялж явахдаа эзнээсээ орхигдож хоцорсон хоёр муурын зулзагатай таарч тэднийг өргөж авсан тухайгаа хуваалцлаа. Тэрээр нийт гурван монгол мууртай байсан хэдий ч хоёр нь эмчлэгдэхгүй хүнд өвчинтэй байсан тул амь насыг нь яаж ч хичээгээд аварч чадаагүй тухайгаа харамсан ярьсан юм.  

-Ярилцлага авсан хүмүүсээсээ би санал болгох кино, эсвэл ном, дуу асуудаг уламжлалтай юм. Та өөрийн санал болгох бүтээлийг хэлнэ үү?

-Миний санал болгох зүйлс монгол залууст таалагдана гэдэгт эргэлзэж л байна /инээв/. Учир нь, би тийм ч орчин үеийн хүн биш. Би ихэнхдээ түүхийн ном уншдаг. Түүхийн холбогдолтой зүйлд их дуртай. Харин кино гэвэл 40, 50, 60-аад онд Франц болон Америкийн кино бүтээлчдийн хийсэн детектив кинонд дуртай.  

-Та хоёр улсын хамтын ажиллагааг цааш юу гэж харж байна вэ? Та аль тал дээр илүү анхаарч ажиллах бодолтой байгаа вэ?

-Монгол Улс бол ихээхэн нөөц бололцоотой улс гэж боддог. Ялангуяа дэлхийн томоохон зах зээл болсон Хятад улстай хил залгаа оршдог. Миний хувьд Францын компаниудыг Монголд ирэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж улмаар Монголд ажлын байр шинээр байгуулж, баялаг бүтээхэд нь дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна. Ингэснээр манай хоёр орны ард түмэн хоорондын харилцаа ч улам гүнзгийрнэ гэж итгэж байна. Манай хоёр орны харилцаа цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтаар дамжуулан улам илүү өргөн хөгжинө гэж найдаж байгаа. Цаашдын хамтын ажиллагаа маань Монгол Улсад өөрийн чухал давуу талууд бий болгоход тулгуурлан, дэмжиж хамтарч ажиллахад чиглэх болно.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
2
1
1

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2020.10.16 162.158.159.19

Mongolchuudiig iheehen basamjildag novsh do ene. Mash buduuleg hun.

1 Хариулах


Монгол хэл 2020.10.16 172.69.252.151

Сэтгүүлч хүн хүртэл ингээд үг үсгийн алдаа гаргаж байдаг, харамсалтай юм аа. Урлагийн гэж бичих ёстой байтал УРЛАГЫН гээд биччихсэн байх юм аа.

0 Хариулах


Зочин 2020.10.16 172.69.252.149

нутгийнхаа гэж бичих!!

0 Хариулах


Хүн 2020.10.16 103.22.201.133

Merci . Votre excellence.

0 Хариулах


Зочин 2020.10.16 141.101.69.30

Үнэхээр сайхан бас сонирхолтой ярилцлага байна. Муур нь ямар хөөрхөн юм бэ

0 Хариулах