Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Гайхамшигт Коби Брайнтын гэгээн дурсгалд


Чи Коби Брайнтыг мэддэг байхын тулд сагсан бөмбөгийн хорхойтон байх албагүй юм. Тэр зүгээр л даян дэлхийн шүтээн болсон эрхэм хүн байлаа. Хүүхэд бүр ханандаа зургийг нь хадаж, шүтэж биширч өссөн агуу тамирчин байв. Коби Брайнт бүхэл бүтэн нэгэн үеийг сагсан бөмбөгөөр хүмүүжүүлсэн гайхамшигт хүн билээ. Тэр талбай дээр ч, талбайн гадна ч олон хүний амьдралд урам зориг, үлгэр дуурайл болж, бидний өмнөх үеийнхэн Майкл Жорданг шүтсэн шиг, энэ үеийн залуучууд Коби Брайнтыг шүтсэн билээ. Өнөөгийн NBA-гийн тамирчид зөвхөн Кобиг үзэж, сагсчин болсон гэж ярьцгаадаг. Ийм гайхамшигтай хүн охины хамт зуурдаар таалал төгслөө. 

Даваа гарагийн өглөө итгэхэд бэрх харамсалтай мэдээ сонсож сэрсэн хэн бүхэн “үгүй байлгүй дээ, хэн нэгэн тэнэг нь тоглоом тохуу хийж байгаа гэж хэлээч” гэж залбирч байсан нь гарцаагүй. Гэвч түүний хөлөглөж явсан нисдэг тэрэг сүйрсэн газраас live сурвалжлагууд явж, алдартнуудын харууслын жиргээ Твиттерт секунд секундээр нэмэгдэх бүрт энэ үнэн гэдгийг ойлгож, ухамсарлаж эхлэв. Бидний зүрх сэтгэлд супер баатар мэт хадагдсан түүнийг ослын газраасаа эсэн мэнд босоод ирэх мэт харсаар суулаа. 

Түүний дотны хамтран зүтгэгч, хамтдаа NBA-гийн гурван удаагийн аваргын цомыг хүртсэн домогт Шакил О’нил  “Хайртай зээ охин Жижи болон анд нөхөр Коби Брайнтаа алдаад ямар их шаналж буйг минь илэрхийлэх үг надад олдохгүй байна. Та хоёртоо хайртай шүү, хязгааргүй их санах болно. Кобигийн гэр бүл, бусад амиа алдсан хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.” хэмээн жиргэлээ. Дэлхий даяар түүний шүтэн бишрэгчдийн зүрх сэтгэл шимширч байна. 13-хан настай охин Жианна, “Superstar in the making” буюу “бэлтгэгдэж буй супер од” хэмээн нэрлэгдэж, сагсан бөмбөгийн ертөнцөд цахиур хагалах эмэгтэй тамирчин болох нь гарцаагүй гэгдэж байсан юм. Аав нь зодог тайлснаасаа хойш охиныхоо сургуулийн эмэгтэй сагсан бөмбөгийн багийг дасгалжуулж, тэд цаг үргэлж хамт бэлтгэл хийн, хамт тоглолт үзэж, хаа сайгүй инээмсэглэн хөтлөлцөж, тэврэлдэж яваа зургуудаар шүтэн бишрэгчдээ баясгаж байсан. 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама ”Коби талбай дээрээ домог байсаан. Зодог тайлснаасаа хойш хийж эхэлсэн зүйлс нь мөн адил гайхалтай, утга учраар дүүрэн байсныг дурсахад бахархалтай байна. Жианнаг алдсан явдал эцэг эх болсон бидний хувьд хамгийн хүнд байна. Мишель бид хоёр бүхий л залбирал, хайраа энэхүү харуусалт өдөр Ванесса болон Брайнтын гэр бүлд илгээж байна.” гэжээ. Тамирчин маань зодог тайлсан эхний өдрөөсөө л зүгээр суулгүй, цаашид хийх бүхий л ажлынхаа төлөвлөгөөг гаргаж, олон ном бичиж, бүр түүний продюсерлан бүтээсэн богино хэмжээний хүүхэлдэйн кино хүртэл Оскарын шагнал хүртсэнийг санаж байгаа байх. Сагс тоглохоос гадна хийх дуртай ажил нь бичиж бүтээх байсан тул уран бүтээлийн ажилд ханцуй шамлан, кино хийх зорилгоор өөрийн гэсэн студи байгуулаад байсан юм. Мөн “Мамба спорт академи” хэмээх асар том спорт байгууламж барьж, спортын бүх төрлийн дугуйлан секц хичээллүүлж, хүүхэд залуус, ирээдүйн тамирчдыг бэлтгэх үйлст гар бие оролцож байж. Энэ л спорт байгууламж руугаа охиноо тэмцээнд хүргэж явах замдаа осолдсон нь энэ буюу. 

“Коби болон түүний охины тухай сонсоод цочролд орж, уй гашуугаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Коби миний хувьд дүү шиг минь л дотны хүн, түүнд би маш их хайртай байлаа. Бид ойр ойрхон ярилцдаг байсан. Түүнтэй ярилцаж суудаг халуун дотно яриануудаа ихэд үгүйлэх болно. Коби сагсан бөмбөгийн хамгийн агуу тоглогчдын нэг, хүчтэй өрсөлдөгч байлаа. Мөн тэр гэр бүлээ хайрлан хамгаалагч, гайхалтай сайн аав байсан. Охин нь түүний замаар замнаж, сагсан бөмбөгт дурласанд тэр хязгааргүй бахархаж байсан. Эхнэр бид хоёр Ванесса болон Лэйкерсийнхэн, дэлхий даяарх Кобигийн фэнүүдэд гүн гүнзгий эмгэнэл илэрхийлж байна. ” Майкл Жордан

Коби Брайнтын гаргасан амжилтууд, тогтоосон рекордуудыг дурдах ямар ч шаардлагагүй юм. Өчигдөрхөн Леброн Жеймс NBA-гийн бүх цагийн үеийн оноо авалтын жагсаалтад гуравт бичигддэг Кобиг гүйцэж, амжилтаа ахиулахад тэрээр Лебронд зориулж “Ахиад цааш нь амжилтаа ахиулаарай, хоёр дугаар байр луу зүтгээд байж дээ.” гэж жиргэсэн юм. Спортын ертөнц, Холливуд, NBA-гийн бүх л тамирчид түүний араас гашуудаж буйгаа илэрхийллээ. Бүгд л итгэхэд бэрх энэ мэдээллийг үзэн ядаж, “худал гэж хэлээч” гэцгээж. Лос Анжелес хотын иргэд, шүтэн бишрэгчид, домогт тамирчны 8, 24 дугаартай өмсгөлийг өмсөж, “Staples” ордны гадаа цуглан, гашуудсан хэвээр байна. Дуучин Will.I.Am инстаграмдаа "Чи бидний тэргүүнд явсан. Чамайг өвдөхөд бид ч бас өвдөнө. Чи хэн бүхэнд эелдэг ханддаг байлаа. Чамайг бид маш их санах болно. Зүрх сэтгэл минь шаналж байна." хэмээн бичив.

Дэлхий дээр үлдээсэн домог түүхийг нь үүрд дурсаж, талархаж явах сая сая шүтэн бишрэгчдийнх нь өмнөөс түүний эхнэр, гурван охинд эмгэнэл илэрхийлье. Агуу Коби түүний сахиусан тэнгэр болсон охин Жианна амгалан нойрсох болтугай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
2
3 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
3
6 цагийн өмнө
Шавкат Рахмонов анх удаа эхнэр, хүүхдээ харууллаа
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
13
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tulgaa 2020.01.30 66.181.161.103

Zaza

0 Хариулах