Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гамшгаас хамгаалах тухай хуульд хүний эрхийн ТББ-уудын форумаас санал хүргүүллээ



Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум 



УИХ-ЫН ДАРГА БОЛОН ЭРХЭМ ГИШҮҮД ТАНАА

Санал хүргүүлэх тухай 

Хүний эрхийн форумаас цар тахалтай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд өгсөн санал Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгалаа олсонд талархаж байна. Үүний ялдамд УИХ-аар Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан дараах саналыг гаргаж байгааг анхаарч үзнэ хэмээн найдаж байна. 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн дараах зүйл заалт дах хүний эрхийн хязгаарлалт нь үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, олж авах зэрэг эрхийн хэм хэмжээнд үл нийцэж байна хэмээн үзэж, санал гаргалаа. Үүнд:

1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслийн 10.4.13-т “олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд хяналт тавих, тэдгээрийн үйл ажиллагааг түр зогсоох, хязгаарлах” тухай заалт нь цензур тогтоож, иргэдийг үзэл бодлоо илэрхийлэхэд айдаст автуулах, урвуулан ашиглагдах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй тул нэмэлт өөрчлөлтийн төслөөс 10.4.13 заалтыг хасах; 

2. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 10.4.17 “шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох бүх төрлийн мэдээллийг авах” гэсэн нь урвуулан ашиглагдах эрсдэлтэй тул “шаардлагатай тохиолдол” гэдгийг хуулийн нэр томъёоны хэсэгт тодорхойлж, “бүх төрлийн” гэснийг хасах, “гамшигт холбогдох мэдээллийг” гэж томъёолох;

3. Хүний эрхийн аливаа хязгаарлалт нь хуульд нийцсэн, зайлшгүй байх, зорилгод хүрэх хамгийн боломжит бага хэмжээнд хязгаарлахад чиглэх, ялгаварлан гадуурхахгүй байх, тодорхой хугацаанд үйлчлэх, эдгээр шалгуурт нийцэхгүй гэж үзвэл гомдол гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой байх учиртай. Тиймээс Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн 11-р зүйлд тусгасан зарчмыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд нэмж тусгах;

4. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 25.2 дах заалт эрх мэдлийн хяналт, тэнцвэр алдагдуулсан байгааг эргэж харж засах шаардлагатай;

5. Иргэний нийгэм бол Засгийн газрын бодлого бүх талуудын ялгаатай хэрэгцээ, нөлөөллийг харгалзсан байдлаар гарах, нийгмийн халамжийг эмзэг бүлгийн хэрэгцээнд нийцсэн байдлаар хүргэх, олон нийтэд мэдээлэл түгээхэд гол түнш тул шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт мониторинг хийх, үр нөлөөг үнэлэхэд оролцоог хангах заалтыг тусгах;

6. Мэдээллийн дутмаг байдал нь худал мэдээлэл түгэх, иргэдийг төөрөгдүүлэх орон зай бий болгодог тул мэдээллийн чөлөөт урсгалыг хөхиүлэх, улмаар “худал” мэдээлэл нэрийн доор хүний эрхийн хамгаалагчид, сэтгүүлчдийн эрхэнд халдах ёсгүйг баталгаажуулах;

7. Цар тахлын үед хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны төсөл, хөтөлбөрт хамрагдсан айл өрхүүдэд түр суурьшуулах орон байр санал болгохгүйгээр шууд гэрээ байгуулах, нүүхийг шаардах, нүүлгэн шилжүүлэхийг хориглох, зогсоох зохицуулалтыг тусгах. 

Хүний эрхийн форумаас санал болгож буй дээрх саналыг хуулийн төслийг хэлэлцэхдээ анхаарч үзнэ үү хэмээн Эрхэм хууль тогтоогчдоос хичээнгүйлэн хүсч байна.

Хүний эрхийн форумын гишүүн:

Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл

Глоб интернэшнл төв

Монголын эмнести интернэншл

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбоо

МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ

Иргэдэд туслах хүний эрх төв

Оюу толгой хяналт    

Саяанаа Сайн Сайхны нийгэмлэг

Сэтгэлзүйн мэдрэмж ТББ

Түгээмэл эрх хөгжил төв

Тува эмэгтэйчүүдийн "Авам" холбоо

Хил хязгааргүй гол мөрөн эвсэл

Хил хязгааргүй алхам ТББ

Хууль хүний эрх төв

Хүний эрх хөгжил төв     

Хүйсийн тэгш эрхийн төв

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.