Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Ганц бие амьдралаас олж авсан алт шиг үнэтэй 4 сургамж


Бодоод үзэх нь ээ, 18 наснаасаа хойш би ямар нэгэн байдлаар үргэлж эр хүнтэй холбоо харилцаатай байж, тэднээс хамааралтайгаар амьдарч ирсэн байгаа юм. Өнгөрсөн арван жилийн хугацаанд 3 залуутай үерхэж, нэгэнтэй нь бүр хуримын өдрөө хүртэл товлосон байсан хэдий ч хувь зохиолоороо амьдралын зам мөрүүд маань хоёр тийшээ салсан билээ. 

Хамгийн сүүлийн найз залуутайгаа хэрүүл маргаан, хардалт үл итгэлцлээр дүүрэн нэг жилийг өнгөрүүлсний эцэст оны эхэнд түүндээ хаягдаж, албан ёсоор “ганц бие” нэгэн болж хоцров оо би. Гэрийнх нь гадаа шөнөжин түүнийг хүлээж, өдөрт хэдэн арван удаа хайртай гэдэг зурвас илгээн, зөвхөн түүнтэй уулзахын тулд тив алгасан байгаа газар нь очсон гээд эрүүл бус харилцаагаа авч үлдэхийн төлөө ямар тэнэг үйлдлүүдийг хийсэн гээч. Тэр хүний өмнө өөрийнхөө нэр төр, үнэ цэнийг шалаар нэг тарааж хаясан ч тавилангаараа тэр харилцаа бүтэлгүйтсэнд одоо бол би үнэхээр их баярладаг. Тэр цаг үеэс хойш жинхэнэ утгаараа “ганц бие” нэгэн байсан 11 сарын амьдралаасаа олж авсан сургамжуудаа би ний нуугүй энэ нийтлэл дээрээ дэлгэн бичлээ. 

Хэн нэг хулчгар, амиа бодсон, зориггүй залууг хэзээ нэгэн цагт чам дээр эргэн ирэхийг нь хүлээхэд амьдрал дэндүү богинохон юм шүү. 

Ингээд ганц биечүүдийн эгнээнд элсээд хамгийн эхэнд миний сурсан зүйл гэвэл: 

1. Өөрийгөө чин сэтгэлээсээ хайрлаж дээр нь нэмээд уучилж сурсан

“Хэн нэгнээс хүлээж байгаа тэр их хайраараа эхлээд өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй” гэж ээж минь олон жилийн өмнө надад хэлж байсан юм. Эр хүнээс хайр хүлээсээр ядарч цөхсөн тэр үедээ л ээжийнхээ хэлсэн үгийг голдоо ортол ойлгосон доо. Хань ижил, үр хүүхэд, ээж аав гээд хамаг бүхнээ зориулсан ч багадмаар хүмүүс бидний эргэн тойронд бишгүй олон ч бид хамгийн түрүүнд өөрөө өөрийгөө хайрлан энэрч, яг л хайртай хүнээсээ хүсэж байгаа тэр хайраар өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй гэдгийг би ганц бие байхдаа л ухаарсан юм.  

Гэхдээ өөрийгөө хайрлана гэдэг нь дутагдалтай талуудтайгаа эвлэрэн, муу зуршлуудаа хаацайлахын нэр биш юм шүү. Харин ч эсрэгээрээ. Дургүй байгаа зүйлээ хүчлэн хийхээс татгалзаж, “долгион” таардаггүй хүрээллээс холбоогоо таслах гээд өөрийгөө хайрлах явдал их энгийн зүйлсээс эхэлнэ. 

Чамтай хүндэтгэлгүй харьцаж байгаа нэгнээс тэр дороо харьцаагаа тасалж, өөрийнхөө ертөнц үзэл бодлыг зоригтойгоор хамгаалж чадах эр зоригтой байдлаас өөрийгөө хайрлах хайр эхэлнэ. 

Өөрийгөө хайрлах явдалтай эн тэнцүү чухал зүйл бол өөрийгөө уучилж сурах юм билээ. Туулж өнгөрүүлсэн амьдралаа эргээд харвал би цөөнгүй олон хүнийг гомдоож, сэтгэлийг нь шархлуулсан. Гэвч тэр гэмшлийг сэтгэлээсээ таягдан хаяж, өнгөрсөн дэх өөртөө хатуу хандалгүйгээр өөрийгөө уучилж сурах нь миний бодсоноос ч чухал зүйл байсан шүү. Яаж ч гэмшиж харууслаа гээд бид өнгөрснийг өөрчлөж дөнгөхгүй шүү дээ. Намайг бүтэн болгож чадах тэр их хайр өөр нэгнээс биш зөвхөн миний л дотроос ундран гарах учиртай байсныг оройтоод ч болов ухаарсандаа баяртай байгаа шүү. 

2. Чухал хүмүүстээ хангалттай цаг гаргах ёстойг ухаарсан

“Намайг хайрлаж, сэтгэлийг минь хуваалцах нэг ч хүн энэ дэлхий дээр алга” гэж хий дэмий гомдоллох нь ганц бие хүмүүсийн цагаа нөгцөөх бараг хамгийн шалгарсан арга байх. Хэрвээ чи хорвоо дээр орь ганцаараа үлдчихсэн мэт сэтгэн өөрийгөө өрөвдөж, хохирогчийн дүрд тоглон суугаа бол үүнийхээ оронд чиний туслалцаа хэрэгтэй байгаа хайртай дотнын хүмүүстээ цэлийсэн сайхан цаг заваа зориул гэж би зөвлөмөөр байна.

Хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх бүрдээ би гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ зав гаргаж уулзах биш, завтай үедээ л тэдэнтэйгээ холбогддог байв. Сэтгэл гарган холбогдож, чих тавин асуудлыг нь сонсон суух цаг надад байгаагүй тул ганц бие болсон үедээ л тэднээсээ ямар хол хөндий нэгэн болсноо анзаарсан юм. 

Чамайг зүгээр л энэ хорвоод мэндэлсэнд, эрүүл энх амьдарч байгаад чинь өдөр бүхэн талархаж, ямар ч нөхцөл болзолгүйгээр чамайг сэтгэлээ дүүртэл хайрлаж явдаг тэр хүмүүст ганц бие байгаа энэ завшаанаа ашиглаад цаг хугацаанаасаа харамгүй зарцуул.  

Нялх хүүхэдтэй найз чинь чамтай уулзаж суух завгүй гэж байгаа бол гэрт нь очоод хүүхдийг нь хэдэн цаг харж өгөнгөө найзыгаа нөхөртэйгээ цуг болзоонд явах боломж олго. Хамгийн дотнын найз чинь чамд ямар их баярлахыг чи лав төсөөлөхгүй. Ах эгчийн чинь олон дэрсхэн хүүхэдтэй хамт өдөржингөө гэртээ өнждөг ээжийгээ амралтын өдрөөр болзоонд урь. Хөөрхөн ээжийгээ дагуулаад хайртай залуутайгаа хийхийг хүсдэг бүх зүйлсээ хийгээд ав. Хайртай хүмүүсийн чинь нүүрэн дээр тодрох жаргалтай инээмсэглэлд чиний ганцаардал, гомдлыг юу ч үгүй болтол нь арилгаж хаях ид шид нуугдаж байгаа шүү. 

3. Өөрийгөө таньж мэдэн, өөрийгөө олж авах нь хэчнээн чухал гэдгийг ч мөн ойлгосон

Хостой байх үедээ эмэгтэйчүүд өөрийн мэдэлгүй хажуудаа байгаа нэгэндээ цаг үргэлж анхаарал халамж тавин, тэр залуугийн өмнө тулгарч байгаа асуудал болгоныг шийдэхийг хичээж явдаг юм шиг. Найз залуу маань “салъя” гэдэг үгийг хэлэх мөчид түүний хамтаар зурагласан байсан ирээдүйн төсөөлөл маань алга болж, миний амьдралын цаашдын ирээдүйд зөвхөн би л ганцаараа үлдэж хоцорсон юм.  Хэн нэгний амьдралын бэрхшээл, асууудал надад огтхон хүртээлгүй болох үед л би сая нэг юм сэтгэлийнхээ нэг мухарт овоолоод орхичихсон байсан өөрийнхөө асуудлуудтай нэг нэгээр нь нүүр тулгарах боломжтой болсон. Бид хэн нэгэнд “би чамд хайртай” гэдэг үгийг төвөггүй хэлж чаддаг ч үнэндээ бол “би” гэдэг үгээ ч бүрэн дүүрэн ойлгоогүй явж байдаг мэт надад бодогдож эхэлсэн юм. 

Би юуг хийвэл аз жаргалтай байж чаддаг вэ? 

Би энэ амьдралд юуг бүтээх гэж зорьж ирсэн юм бэ? 

Хангалттай их цаг хугацаа, эр зориг, хөрөнгө мөнгө надад нэг л өдөр цугтаа хүрээд ирчихвэл би хамгийн түрүүнд юу хийх бол?

“Гон бие гозон толгой” байх үедээ л өөртэйгээ аль болох их цагийг өнгөрүүлж, өөрийгөө бүрэн утгаар нь танин мэдэхийг хичээ. Ганц биеэрээ байгаа үедээ чи хэний ч өмнө хариуцлага хүлээж, хэн нэгний эрх ашиг боломж нөхцөлд өөрийгөө уях шаардлагагүй гэсэн үг. Хийхийг хүссэн бүхнээ ганц бие байгаа дээрээ туршиж үз. Мөрөөдөлдөө хөрөнгө оруулалт хий. Азийн орнуудаар ганцаараа үүргэвчтэй аялал хийх, уран бичлэгийн сургалтад хамрагдах, асрамжийн газрын хүүхдүүдэд англи хэл заах, хүссэн мэргэжлээрээ дахин их сургуульд суралцах гээд ганцхан өөрийнхөө хүслээр энэ амьдралын жолоог эргүүл. 

4. Жинхэнэ утгаараа том хүн болж асуудлуудынхаа ард ганцаараа гарах аз завшаан олдсон

Ганцаараа үлдсэний минь дараахан манай гэр бүлд санхүүгийн асуудал үүсэж, тэр асуудлыг шийдвэрлэх боломжтой ганц хүн нь би болж таарсан юм. Сар бүрийн цалингийнхаа бараг 70 хувийг өрөндөө өгөх ёстой болов оо. Гэнэтхэн л нэг өдөр би ажил гэрийнхээ хооронд үргэлж явган таваргадаг, өдрийн хоолоо гэрээсээ бэлдэж ирдэг нэгэн болоод хувирчихав. Шинэ хувцас худалдаж авах нь битгий хэл “Univsion”-ийнхээ төлбөрийг ч төлж чадахгүй нөхцөл байдалд орсон минь намайг ямаршуухан хэмжээнд бүсээ чангалсныг чамд ойлгуулж магадгүй юм. Хэрвээ хэн нэгэн хажууд маань байсан бол мэдээж энэ хүнд ачааг минь бүтнээр нь үүрдэггүй юмаа гэхэд хэсгээс нь болов ч өөртөө авах л байсан биз. Гэхдээ тухайн үед  би ганцаараа л энэ асуудлын учрыг нь олж, ард нь гарах ёстой болсон. Мэдээж аавдаа, ээждээ, хайртай хүндээ амьдралаа найдаж, олсон болгоноо үрж сурсан над шиг хүнийг энэ сорилт эхэн үедээ багагүй бухимдуулсан ч ард нь даваад гарсны дараа би өөрөөрөө урьд хожиж байгаагүйгээр бахархсан юм шүү. Яг л өөрийг нь үнсэж сэрээх ханхүүг хүлээн хэвтэх “Нойрсож буй гүнж”-ээс “Wonder Woman” болоод хувирчихсан мэт тийм хүчирхэг мэдрэмж. Эр хүний туслалцаа дэмжлэгийг горьдож суулгүй хувийн асуудлаа ганцаараа шийдвэрлэж чадах нэгэн болсон гэдэгтээ итгэж үнэмших нь хүнд үнэхээр их хүч чадал, урам зориг болж өгдөг юм билээ. 

Ирээдүйн нөхрөө сонгохдоо би зөвхөн аливаад хандах хандлага, амьдралынх нь үнэт зүйлсийг нь л чухалчлан авч үзэж чадах учраас илүү эрүүл, бат бөх гэр бүлийн харилцааг бий болгож чадах байх гэдэгтээ итгэл дүүрэн байх болсон.

Төгсгөлийн оронд: 

Нас бие гүйцсэн эмэгтэй хүн ганц бие байх нь надад яг л онгоцны буудлын хүлээлгийн танхимд нислэгээ хүлээн суухтай ижилхэн мэт санагддаг юм. Яг хэзээ гэдгийг нь хэн ч хэлж мэдэхгүй ч чиний явах чиглэлийн онгоц хэзээ нэгэн цагт газардаж л таараа. Харин чи онгоцонд нэгэнтээ сууж, хүрэх газраа аль хэдийнээ оччихсон бол онгоцны буудал руу хэзээ ч буцах боломжгүй. Дахин хэзээ ч эргэн ирж чадахгүй тийм л онцгой нандин газар учир хүлээлгийн танхимыг бүрэн утгаар нь ашигла, аз жаргалаа бүтнээр нь эдлэ, онгоц хэзээ ирэх талаар огтхон ч бүү санаа зов, бүсгүй минь. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
10 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
12 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
1
42
0
2
0
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

customer 2021.02.16 172.69.252.151

woaaa sooo coool uneheer uram zorig hairlalaaaooriigoo nileeel boxslson baisan bolhoor unshaad l dotor sergeed goy boloood bailaaaa thank you sooo much

0 Хариулах