Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Гарааны бизнес эхлүүлэхдээ НУХАЦТАЙ БОДОХ 3 ЗҮЙЛ


Гарааны бизнес гэх ойлголт сүүлийн жилүүдэд "мода"-нд орох болж залуусыг энтрепренер болцгооё гэх уриалга, сургамж тасралтгүй явах болов. Гэхдээ гарааны бизнес гэдэг нь тогтвортой байж амжилтад хүрдэг, шинийг эрэлхийлж инновацилаг байснаар нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг, шаардлагатай хөрөнгийг хамгийн ухаалгаар босгож байж зах зээлийг байлдан дагуулдаг мөн чанартай. Тэгвэл дээрх эсрдлийг хэрхэн даван туулдаг, манай улсад бизнесийн энэ орчин хэр ээлтэй бөгөөд хэрхэн хөгжиж байгааг тодорхойлохоор бид уг салбарт амжилттай яваа, туршлагатай захирлуудтай ярилцсан юм. 

Б.Золбоо

“START Mongolia” компанийн ТУЗ-ийн дарга

1. Монголын старт-ап бизнесийн орчинг та ямар нөхцөл байдалтайгаар дүгнэж байна вэ?

Манай “Старт” компанийн хувьд Зүүн өмнөд Азийн орнуудаар аялж, тэдний зах зээлийг үргэлж судалж, харж байдгийн хувьд Монголын зах зээлийг харьцуулах, харах боломж үргэлж гарч байдаг. Манай зах зээл жижиг үү, хүн ам цөөн үү гээд бодвол мэдээж тийм. Гэхдээ бас ашиглах боломж ихтэй, өргөн цар хүрээтэй бизнес орчин энд бүрэлдсэн байдаг. Юун түрүүнд манай зах зээлд тест хийгээд, бүтээгдэхүүний бизнес загварыг сайжруулах боломжтой. Нөгөө талаас жижгийнхээ хэрээр мэдээллийг маш хурдан түгээх, үр дүнг нь харах гэсэн давуу тал бий.

Нөхцөл байдлын хувьд дүгнээд үзвэл хэцүү ч хурдан өөрчлөх өргөн боломж бий. Ялангуяа, сүүлийн гурван жилийн хугацаанд фин-тек чиглэлийн маш олон компани бий болж, үйлчилгээгээ гаргаад эхэлсэн. Эндээсээ цаашлаад хүмүүсийн хийх боломжтой гэж бодож ч байгаагүй салбарууд руу ороод ажиллаад эхэлсэн. Тэгэхээр Зүүн өмнөд Азийн орнуудтай харьцуулахад манайх тэр талаараа хамаагүй давуу талтай.

Ерөнхийдөө старт-ап бизнес орчныг дүгнэхдээ хэдэн тооны үүсгэн байгуулагч байна, ямар чиглэлийн старт-апууд байна, бизнес загвар нь үнэхээр олон улс руу технологи ашиглаад өсөлт үзүүлэх боломжтой, хэдэн зуу дахин үржүүлэх чадамжтай старт-ап байна уу гэж хардаг. Тийм байлаа гэхэд инкубаторууд байна уу, хөрөнгө оруулагчид бий, цаашлаад хууль эрх зүй гээд олон асуудал яригдана. Энэ бүхнийг дурьдвал маш олон зүйл дутуу мэт санагдавч өөрчлөгдөж байгаа хурдыг нь анзаарвал бид асар хурдтай хөгжиж байгаа.

2. Энд тулгамдаж байгаа асуудлыг юу гэж тодорхойлох вэ?

Хамгийн чухал зүйл бол сэтгэлгээ. Тухайн улс, орны соёл, бизнесийн соёл тэнд оролцогчдын сэтгэлгээ гэсэн үг. Яагаад гэвэл дээр дурьдсан хурдтай өөрчлөлтийг хийж, жишээ нь, хууль, эрх зүйн орчноо сайжрууллаа гэхэд түүнд санал өгдөг, хэрэгжүүлдэг хүмүүс маань бизнесийн энэ орчин, хэлбэрийг ойлгодог байх ёстой. 

Бас нэг зүйл нь гарааны бизнесийг хөгжүүлж байгаа, ажиллуулж байгаа, үүсгэн байгуулагчдын хувьд ч гэсэн ямар хүмүүстэй хамтрах вэ, энэ гоё санаагаа зөвхөн Монголдоо хэрэгжүүлэх үү, эсвэл олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бизнес болгохын тулд юу хийх ёстой вэ гэсэн эрэлхийлэгч хандлага, сэтгэлгээ чухал.

Дээр дурьдсанчлан Зүүн өмнөд Азийн орнуудаар явж байхад ч ийм сэтгэлгээ, чадвартай үүсгэн байгуулагчид л өнөөдөр ялж байна.

3. Монголд старт-ап бизнесийг тогтвортой үргэлжлүүлж, хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл юу вэ?

Манай компанийн гол онцлог нь бид олон улсын зах зээлд гарах боломжтой, заавал технологийн биш ч байж болох старт-апуудыг хөгжүүлж, тухайн бизнес моделийг гадны зах зээлд хурдан гаргах тал дээр анхаарч ажилладаг. Хэдий старт-ап ч уламжлалт загвартай гарааны бизнесийг бол хөгжүүлнэ гэж явдаггүй. Тэгэхээр нөгөө л шинэлэг сэтгэлгээ, хандлага чухал гэсэн үг.

Э.Батхуяг

“Insur” ХХК-ийн үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал

1. Монголын старт-ап бизнесийн орчинг та ямар нөхцөл байдалтайгаар дүгнэж байна вэ?

Монгол улсын эдийн засаг, хүн ам зүйн өсөлтийг цонх үе дээрээ яваа сайхан боломж гэж би харж байна. Хүссэн, хүсээгүй ч дэлхийд гарах Монгол старт-ап бол хамгийн эхэнд Монголдоо туршигдах ёстой. Тийм учраас старт-аппуудыг бусад томоохон бизнесүүд болон төрийн бодлого нь дэмжихгүй юмаа гэхэд дээрлэхэхгүй байхыг л би хүсдэг. Жишээ нь, “Инсур” ХХК  байгуулагдсан жилдээ улсад 66 сая төгрөг төлсөн байдаг ба энэ нь төрийн бодлого нь старт-ап бизнесийг хөгжиж, бойжиход нь ямар нэгэн дэмжлэг болох зохицуулалт байхгүй байгаагийн том жишээ юм. Хэдий тийм ч бусад улс орнуудтай харьцуулахад шийдэгдээгүй асуудал маш их байгаа нь бидэнд асар олон боломж нээлттэй байгааг илтгэнэ. Монголд хүний тооноосоо их ухаалаг төхөөрөмж байгаа, түүнчлэн өөрийн бизнесээ хил хязгааргүй сурталчлах, түгээх гайхалтай нөөц бололцоо бүхий эрин үед амьдарч байна гэдэг нь юутай ч харьцуулшгүй сайхан боломж юм.

2. Энд тулгамдаж байгаа асуудлыг юу гэж тодорхойлох вэ?

Томоохон асуудал гэвэл мэргэжлийн хөрөнгө оруулалтын хэлбэрүүд Монголд хөгжөөгүй ба бизнесүүд хөрөнгө оруулалтыг зөвхөн танилын шугамаар л авч байна. Venture capital, crowdfunding гэх мэт мэргэжлийн хөрөнгө оруулалтын арга барилууд хөгжөөгүй байгаа нь өнөөгийн хамгийн том сул тал болоод байна. Цөөн байгаа хөрөнгө оруулагч нарын сэтгэл зүй мөн бэлэн биш байгаа гэж бас хэлж болно. Жишээлбэл, шалгуур тавихдаа заавал амжилттай байлгах ёстой мэтээр хандаж, зээл өгч байгаа шиг бодож байгааг нь хамгийн том тулгамдаж буй асуудал хэмээн үзэж байна. 

Старт-ап компаниудын хөрөнгө оруулалтад зориулсан хууль эрх зүйн загварүүд хөгжөөгүй байгааг далимдуулж хөрөнгө оруулагчид, үүсгэн байгуулагчдын хооронд оюуны өмчийн асуудал мэр сэр үүсч байх шиг харагдаад байгаа.

Мөн нөгөө талаас ашигтай гэж харсан зүйл рүү толгойтой бүр нь хошуурч байна. Үүнийг салбараар нь харж үзвэл нийтээрээ хохирох зүйл хийцгээж байгаа ба тухайн салбарын үйл ажиллагааны зардлыг дэндүү их болгож байгаа нь манайх шиг жижиг зах зээлд нэг салбарт хоёроос дээш ижил үйл ажиллагаа явуулах старт-ап ажиллаж эхлэх нь бүгд хохирч үлдэхийн л эхлэл. Үүний нотолгоо нь одоо Монголд цахим wallet-ийн “дайн” болж байна, энэ нь асар том хохирол авч ирэхийг бүгд мэдэж байгаа.

3. Монголд старт-ап бизнесийг тогтвортой үргэлжлүүлж, хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл юу вэ?

Ер нь заавал тогтвортой үргэлжлэх албагүй дампуурсан ч болно. Хэрэв амжилттай ажиллах ёстой юм бол “be undeniable” буюу няцаашгүй бай, алсын хараагаа олж хараад түүндээ хүрэхийн төлөө өдөр бүр зүтгэ, байнга урагшил. Бизнес өөрийн загвараа өөрчлөх нь асуудал биш ч бусад хүчин зүйлсээс болж алсын хараагаа өөрчлөх нь няцаагдахын эхлэл гэж би үздэг. Хамгийн эхлээд нийгэм дэх асуудлаа олох ёстой тэгээд тэр асуудлаа арав, бүр зуу дахин сайжруулах загварыг ол. Түүнийхээ дараа стратеги боловсруул, тэр стратегээ боловсруулахад чинь төслийн хамгийн зөв менежмент ажиллаж гэмээнэ зардал эрсдэл, цаг хугацаа хэмнэнэ. Түүнийхээ дараа төгс гүйцэтгэлтэй байх ёстой. Хамгийн чухал нь user experience, user friendly (ашиглахад хялбар, хэрэглэгчид ээлтэй) байдлыг нэгт тавьж үзэх хэрэгтэй. Ингээд цаашаа цаг үеээ мэдэрч бизнесээ хийх ёстой, эрсдэлгүй, асуудалгүй бизнес гэж хаана ч байхгүй. Хэн нэгэн хүн эсхүл төрийн болон хувийн томоохон байгууллагуудын тусламж дэмжлэгийг хүлээх хэрэггүй. Бэрхшээлгүй бизнес эрхлэлт гэж огт байдаггүй. Аливаа асуудлыг боломж мэтээр өөрт ашигтай эргүүлж чадах нь л бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хамгийн том сурах ёстой зүйл тул битгий шалтаг тооч, битгий асуудал ярь, зүгээр ажлаа хий энэ л старт-апуудын тогтвортой хөгжихийг шийднэ.

В.Баярсайхан

“TOMYO” EdTech-ийн үүсгэн байгуулагч

1. Монголын старт-ап бизнесийн орчинг та юу гэж харж байна вэ?

Монгол бол старт-апын диваажин гэж бодож байна. Учир нь нийгэмд шийдэгдээгүй асуудал маш ихтэй, мөн цөөхөн ч потенциал өндөртэй залуус ихтэй улс. Энэ хоёр хүчин зүйлээр цоо шинэ инновацилаг шийдлүүд гаргаж ирж Монголын орчинд туршихад өртөг багатай мөн тодорхой хэмжээнд ашигтай ажиллах боломжтой. Ингэж гаргаж авсан инновацилаг шийдлээ дэлхийн, ялангуяа Азийн зах зээл рүү гаргаж тэлэхэд маш тохиромжтой гэж харж байна. 

Миний бодлоор старт-ап ямар орчинд цэцэглэдэг вэ гэхээр эмх замбараагүй, тодорхой тогтсон дэг жаяг байхгүй, асуудал ихтэй, мөн түүнийгээ дагаад уламжлалт хуучирсан тогтчихсон компаниуд ихтэй газар.

Уг том бизнесүүд нь ихэнхдээ одоогийн бүтээгдэхүүний борлуулалтандаа ханачихсан, шинэчлэл инноваци хийсэн ч үндсэн чиглэлээсээ нээх холуур шинээр сэтгэж чадахаа байсан байдаг.

2. Энд тулгамдаж байгаа асуудлыг юу гэж тодорхойлох вэ?

Сүртэй том асуудал харахгүй байгаа. Старт-ап бизнес өөрөө тодорхой тогтсон хэв маяг дундаас төрдөг зүйл биш болохоор. Уламжлалт хэв маяг, хэт зохицуулагдсан хиймэл орчинд органикаараа бий болж чадахгүй учраас, асуудалгүй бэрхшээлгүй орчноос төрсөн бизнесийг ч инновацилаг старт-ап бизнес гэж хэлэхэд хэцүү. Харин ч эсрэгээрээ нийгэмд ихэнх зүйлс яс тас шийдэгдээгүй, эрх зүй хөрөнгө оруулалтын хувьд ч тоглоомын дүрэм нь бүрэн бичигдээгүй, зах зээлийн хувьд ч хэрхэн хандах өрсөлдөхөө мэдэхгүй энэ нөхцөлд асуудал биш эсрэгээрээ дэмжлэг болж байгаа болов уу.

3. Монголд старт-ап бизнесийг тогтвортой үргэлжлүүлж, хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл юу?

Энэ талбарт шинээр орж ирэх чадварлаг бас зоригтой залуусын урсгал, бас хөрөнгө оруулагчдын давалгаа л чухал байх. Энэ хоёр хүчин зүйл байхад бусад бүх асуудлууд шийдэгдэх болов уу. Энэ хоёр төрлийн хүмүүс энэ салбарт орохын тулд мэдээж бидэнд үлгэрлэх дуурайх, урам зориг авах стартапууд болон энтрепренерүүдын амжилтын түүхүүд хэрэгтэй болов уу. Яагаад уламжлалт карьер хөөх нь, уламжлалт бизнест хөрөнгө оруулах нь старт-апын ертөнцөөс илүү өгөөж муутай, утга учиргүй гэдгийг харьцуулж логик шийдвэр гаргах давалгаа гэсэн үг. Эхлээд түрүүлж үсэрч ороод ажиллаж яваа залуус бас компаниуд бол логик бус сэтгэлэгээрээ буюу зүрх сэтгэлээ дагаж дуртай зүйлээ хийж орсон байгаа.

Уг нийтлэл нь "Гэрэг" сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан Turning Points 2020 дугаарт гарсан болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.