Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

Г.Батхуяг: ЭЕШ бол дөнгөж эхлэл


Санхүү, эдийн засгийн их сургуулийн Салбар дундын судалгааны тэнхимийн доктор, дэд профессор, ЗГХЭГ-ын Инновац, энтрепренершип хариуцсан зөвлөх Г.Батхуягтай уулзлаа. Түүний судалгааны сэдвээр биш, харин монгол оюутнуудын талаар ярилцсанаа хүргэе. Короновирусээс сэргийлж сургууль болон сургалтын байгууллагууд хөл хориотой байгаа ч ЭЕШ дөхөж байна. Их, дээд сургуульд орно гэсэн бодолтой хүүхдүүдэд оюутнуудтай хамгийн ойр ажилладаг багш ямар зөвлөгөө өгөх нь сонирхолтой байлаа.

-Ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгон суралцах хариуцлагатай шийдвэрийн өмнө ирж байгаа сурагчдад Та юу зөвлөх вэ?

-Дунд сургууль төгсөөд их, дээд сургуульд элсэн орох гэж байгаа хүүхдүүдийн хувьд ямар ч баримжаагүй, таг харанхуй хичээл хийгээд суудаг үе өнгөрсөн гэж бодож байна. Ер нь хүүхэд өөрийн дуртай, сонирхолтой зүйлдээ л тэмүүлдэг учраас түүндээ хамгийн их дөхөм байх ажил мэргэжлийг сонгон суралцвал оюутны он жилүүдээ утга учиртай, үр дүнтэй өнгөрүүлж таарна. Өөрийнхөө юунд дуртай, эсвэл авьяастайгаа олж мэдээгүй бол үйлчилгээний байгууллагуудад хандаж болно шүү дээ. Нэг үеэ бодоход мэргэжил сонгоход нь туслах янз бүрийн үйлчилгээнүүд хөгжсөн байна. Тухайн хүүхдийн юунд илүү авьяастайг тодорхойлох, өөрийгөө хэрхэн хөгжүүлбэл амжилт гаргаж болох мэргэжлийн салбарыг нь хүртэл санал болгох боломжтой юм билээ. Дунд сургууль төгсөөд оюутан болж байгаа хүүхдүүдээс түгээмэл анзаарагддаг нэг алдаа бол ямар ч хамаагүй хамгийн “күүл” гэж тухайн цаг үедээ харагддаг мэргэжил рүү бүх авьяастнууд өөрийн мэдэлгүй хуйларцгаадаг. Бөөнөөрөө даган дуурайх байдлаар хошууран сонгосон хуульч, орчуулагч, эдийн засагчийн мэргэжил эзэмшээд амьдрал дээр гарахад нэг бол хөдөлмөрийн зах зээл дэх өрсөлдөөнд шахагдан илүүдэл болох, нөгөө бол өөрийн мэдэлгүй сонгосон дургүй ажлаа хийх уйтгартай тулгалт чамайг тосно. Чиний авьяас дэмий өрсөлдөөнд ашиггүй үрэгдэнэ. Зүрх сэтгэлээ сонсоод хийсэн сонголтоороо сайн сурч төгсөөд харин тэр мэргэжилдээ күүл, мундаг байх бол хамгийн гоё. Энэ боломжоо олонхийн сонголтыг дагаж сүйтгэхийг өөртөө зөвшөөрч болохгүй шүү дээ. Ер нь байна шүү, ЭЕШ бол дөнгөж эхлэл, ямар ч амжилтын баталгаа болохгүй. Өрсөлдсөн хүн бүрт боломж байдаг. Тодорхой өндөр босгыг давах тогтсон нөхцөл, болзол байхгүй учраас 60 чавганц уралдахад хэд нь эхний байрт ордог шиг л шалгаруулалт. 

-Жишээлбэл, танай СЭЗИС-д элсэж орсон хойноо өөрийнхөө суралцаж байгаа мэргэжилдээ дургүй, сонирхолгүй хандах оюутнууд анзаарагддаг уу?

-Урлагийн сургуульд орохыг хүсэж байтал математикт бас авьяастай байсныхаа төлөө аав ээжийнхээ зөвлөгөөг дагаад ороод ирчихсэн нэг оюутантай таарч л байсан. Түүнд хөрвөх боломж бий. Хүн нэг мэргэжил эзэмшээд түүгээрээ л ажиллахаас өөр аргагүй байсан тэр цаг үе өнгөрсөн шүү дээ. Манай ах 1990-ээд оны дундуур ерөнхий инженерээр ажиллаж байснаа гэнэт шашин судална гээд Гандан руу явчихад би лав багагүй гайхаж байлаа. Мундаг том лам болоогүй ч, том ламаас дутахааргүй хувь нэмэр тэр шашиндаа оруулсан байдаг. Орчин цагийн хүмүүс өөрийгөө олж нээх туршилтад нэг сургууль төгсөх хугацааг зарцуулахдаа харамсахаа больчихсон, ийм нөхцөл боломж ч улам бүрдчихээд байгаа. Тэгэхээр нэгэнт ороод сурчихлаа ингээд насаараа энэ мэргэжилтэй зууралдах нь, одоо тэгээд шүдээ зуугаад л явах нь гэж битгий ойлгоорой гэж л хэлэх гэсэн юм. Хоёр, гурав дахь мэргэжил нь үндсэн карьер нь болчихсон аз жаргалтай, амжилттай яваа хүмүүс зөндөө байдаг юм шүү.  

Мэргэжлээ сонгоно гэдэг нь дагуулаад амьдралын хэв маягаа сонгохын нэр шүү дээ.

-Амьдрал дээр урлагийн авьяастай хүн бүр амжилт олдоггүй. Гэтэл эдийн засгийн чиглэлээр ямар нэг мэргэжил эзэмшсэн хүн ажил хийж амьдралаа авч явахад нь хавьгүй эрсдэл багатайг хүүхдийнхээ өмнөөс тооцож чадна гэж эцэг эх өөрсдийгөө зөвтгөх байх?

-Яах вэ дээ, эцэг эх бол мэдээж хүүхдийнхээ амьдралыг яавал аюул багатай байлгах вэ гэдэгт санаа зовдог. Гэтэл залуу хүн дуртай юмаа хийгээд явж байхдаа хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж, ажиллаж байгаа салбарынхаа оргилд гарах гээд урам зоригтой амьдардаг шүү дээ. Жишээ нь, нэг дуучин байлаа гэж бодъё, өөрийн дуртай, өөрийгөө илэрхийлэх боломж нь илүү байж чадах стиль, жанраараа уран бүтээл хийхгүйгээр, зүгээр л аль жанр илүү мөнгө олж байна гэж хараад түүгээр уран бүтээлээ хийнэ гэхэд бас их хэцүү шүү дээ. Жаахан ч гэсэн тэр дуучны өөрийнх нь дур сонирхол, хүслийг татсан байвал байгалийн жамаараа амжилтад хүрэх байх. 

-Одоо олон нийтийн сүлжээ хөгжөөд, амьдралын нэг хэсэг болчихоор хүүхдүүд маш их мэдээлэл авч байна. Хэтэрхий их мэдээлэл дундаас хүүхдүүд ажил мэргэжлийн тухай ойлгоход хялбар болох уу, эсвэл бүр төөрөлдөхөөр байна уу?

-Хялбар байлгүй дээ. Мэргэжлээ сонгоно гэдэг нь дагуулаад амьдралын хэв маягаа сонгохын нэр шүү дээ. Жишээ нь, төгсөх ангийн нэг сурагч инстаграмд нэгэн хуульчийг дагадаг байлаа гэж бодоход хуульч хүний ажил, амьдралын хэмнэлийг хөндлөнгөөс хараад ойлгочих боломжтой болох байх. Шүүх хуралд бэлтгэнэ гэж юу юм, хэчнээн цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг юм, юу уншиж судалдаг юм, ямар кэйсүүд түүний амьдралд их давтагддаг юм гэхчлэн инстаграмаар нь дамжуулан хараад авдаг. Цалин, орлогын байдал ч зураг дээрээс өнгөц боловч ерөнхийдөө мэдэгдэнэ. Уурхайчин, багш гээд ямар ч хүн олон нийтийн сүлжээнд амьдралын харилцан адилгүй хэв маягуудыг илэрхийлдгээс ажил мэргэжлийн төсөөлөл өнгөц боловч авах боломжтой. Хэрвээ чи өндөр цалинтай, гоё дүрэмт хувцастай, олон газраар зорчиж үздэг онгоцны нисгэгч болохыг хүсэж байвал сошиал сүлжээгээр хэн нэгэн нисгэгчийг олж, учраа хэлээд уулзаж ярилцаж ч болно шүү дээ. Харагддаг шигээ аз жаргалтай амьдралын хэв маягийг тэр ажил мэргэжил өгдөггүй ч байж магадгүй. Илүү эрсдэлтэй, тэр хэрээрээ стресстэй ч байж болно шүү дээ. Мэргэжлээ сонгох шийдвэр гаргах гэж байгаа бол өөрийн чинь сонирхож байгаа ажил мэргэжлийн талаар яг эх үүсвэрээс нь, тухайн мэргэжлээр ажилладаг хүмүүсээс асууж лавлаж болно. 

-Оюутолгойн ордыг ашиглаж эхэлсний дараах он жилүүдэд уул уурхайн олон том төсөл эргэлтэд орох хүлээлт уул уурхайн мэргэжлээр суралцагчдын тоог өсгөж, ипотекийн зээл хэрэгжсэнээр барилгын салбарт мэргэжилтнүүдийн эрэлт бий болсон тухай мэдээлэл тун саяхных. Таны ажигласнаар одоо харагдаж байгаа ойрын ирээдүйд ажиллах сэхээтнүүдэд ямар мэдлэг илүү чухал болж байгаа бол?

-Технологийн хөгжлийн эрин үеэ ойлгож харах юм бол нэг мэргэжил эрэлт нь нийлүүлэлтээсээ үргэлж их байгаа нь ажиглагдаж байна. Мэдээллийн технологитой холбогдохгүй ямар ч салбар байхгүй болсон байна. Өмнө нь IT-гийн салбарт л IT-гийн  хүн ажилладаг байсан бол одоо санхүү, хөдөө аж ахуй, инженер, боловсрол, сэтгүүлзүй, санхүү, анагаах ухаан гээд бүхий л салбар программ бичихгүйгээр, аппликейшн хөгжүүлэхгүйгээр гэдэг ч юм уу IT-гүйгээр орших ямар ч боломжгүй болсон. Одоо Монголд ажлын нөхцлөө, цалин хөлсөө хүссэнээрээ тохирч ажиллаж чаддаг хүмүүс IT-гийнхэн буюу мэдээллийн технологичид л болчихоод байна шүү дээ. Манай улсад ийм мэргэжилтнүүдийг ШУТИС, мөн зарим хувийн их, дээд сургуулиуд дөрвөн жилээр бэлтгэдэг. Жишээ нь, зөвхөн апп хийх ур чадварт суралцахад уг нь бол дөрвөн жилийн хугацаа алдах шаардлагагүй. Америкт лав нэг жилийн сургалтаар мэдээллийн технологийн зохих чадваруудыг эзэмшүүлдэг зөндөө сургалтууд байдаг юм билээ. Солонгост гэхэд л дунд сургуулийн хөтөлбөрт код бичих хичээл ордог. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, дэлхийн хандлага, эрэлт хэрэгцээ энэ чиглэл рүүгээ явчихжээ. 

-Гар утсандаа интернэтээр тоглоом тоглох, сошиалд донтохоос хэтрэхгүй байгаа хэрэглээтэй хүүхэд залуус мэдээллийн технологийн боловсролоо хөгжүүлэхийн тулд хэрхэх вэ?

-Ялангуяа хүүхдүүд үр ашигтай хэрэглээ гэж юу болохыг ойлгохгүйгээр донтох хэмжээнд хэрэглэх нь ямар юмных нь технологийн боловсрол болох вэ. Хүмүүс жишээ нь Facebook хэрэглэж байна л гэж боддог, үнэндээ Facebook чинь таныг болон таны хүүхдийг “хэрэглэдэг” юм. Та чинь тэр бизнесийн түүхий эд болчихсон, таны үнэт цаг болон хувийн мэдээллийг тэд нар компаниудад зардаг юм шүү дээ. Тиймээс хүүхдүүдийн өөрийгөө хянах чадварт эцэг эхчүүдийн зөвлөгөө, тодорхой хяналт зайлшгүй. Тоглоом, сошиал бол бодит амьдрал биш гэдгийг ойлгуулах нь хамгийн чухал. Та бусдын өөрийгөө харуулахыг хүсэж байгаа өнцгөөс тэр хүний сэлфийг харж, ярихыг хүсэж байгаа юмыг нь сонсож, ойлгогдохыг хүсэж байгаа байдлаар нь харж байгаа гэсэн үг. Бодит байдлыг нь биш. Тэгэхээр энэ хооронд маш том ялгаа байдаг гэдгийг ойлгох дархлаатай байвал сайн. Одоогийн хүүхэд залуус бол мэдээллийн технологийн үед амьдрах ирээдүйн хүмүүс гэдгийг нь, гар утас тэдний хувьд биеийнх нь нэг эд эс мэт болж буйг эцэг эхчүүд бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна. Хүүхдүүд онлайн суралцах, мэдээлэл авах, боловсруулах, харилцаа холбоо тогтоох хэрэгцээ шаардлагаа хангах нь бодит байдал болчихлоо шүү дээ. Онлайн болон бусад янз бүрийн богино хугацааны мэргэжлийн сургалтууд зах зээл дээр зөндөө байна, нэг үеэ бодоход. Жишээ нь, манай сургууль дээр нэг жилийн маш сонирхолтой курс ажиллаж л байна. Янз бүрийн тоглоом, сошиалын хэрэглэгч буюу бай нь бус, бүтээгч нь байх амбицыг залуучууддаа ойлгуулах нь чухал. 

Дэлхий дээр 7 тэрбум үзэл бодол байна, нэг ном уншсан бол тэдний дөнгөж нэгтэй нь танилцлаа.

-Оюутан залуучуудын хувьд өөрсдийгөө боловсруулах, хөгжүүлэх нэг арга зам ном унших байсан нь одоо өөрчлөгдсөн үү? 

-Энэ асуудалтай холбоотой нэг ажиглагддаг зүйл гэвэл, нэг тийм “сохор гэгээрэл” гэх үү, “ганц номны гэгээрэл” гэмээр үзэгдэл бас түгээмэл байна аа. Нэг ном уншаад л түүгээрээ ертөнцийг харчихдаг. Жишээ нь, “Эдийн засгийн алчуурчин” номыг уншаад бүхэл бүтэн гадаадын хөрөнгө оруулалтын тухай ойлголтоо түүгээр авчихна. Гэтэл тэр нь бөөн хардлага сэрдлэгээс бүтсэн хуйвалдааны онолын сенсаац хэлбэрийн ном байх жишээний. Хуйвалдааны онол гэдэг чинь хангалттай баримт, мэдээлэл байхгүй үед хүчээр өөрийнхөө санааг батлахыг хэлж байгаа юм. Хэрвээ энэ номноос ямар нэг байдлаар эшлэл авбал хэзээ ч шинжлэх ухааны сэтгүүлүүд хэвлэхгүй. Редакторууд нь бүр гайхаж хоцорно. Ер нь ном гэдэг бол ерөнхийдөө хувь хүний үзэл бодол шүү дээ. Дэлхий дээр 7 тэрбум үзэл бодол байна, нэг ном уншсан бол тэдний дөнгөж нэгтэй нь танилцлаа. Ямар ч сүртэй асуудал биш байгаа биз дээ. Хэрвээ тэр хүний гарт “Комунист намын тунхаг”, эсвэл Гитлерийн “Миний тэмцэл” таарсан бол хувийн өмчгүй нийгэм, цэвэр цусны үндэстэн гээд л яриад явах нь. Ном хэвлүүлэх, фэйсбүүкт пост бичих чинь үндсэндээ ижилхэн шүү дээ. Эхнийх нь илүү их мөнгө шаардахаараа л өөр. Тиймээс залуучууд маань шинэ ном уншсаныхаа дараа сонирхолтой санаа байна, байж болох өнцөг юм гэх маягаар хандах нь зөв болов уу. Бэстсэллэр номонд тэгж бичсэн гээд ярьдаг. Бэстсэллэр гэдэг чинь их борлогдсон л гэсэн үг болохоос биш агуулга нь үнэн гэсэн үг биш. Ном их борлогдох олон шалтгаан байгаа, сонирхолтой бичилт, сонирхолтой сэдэв, зөв цаг үедээ хэвлүүлэх гэх мэт. Жишээ нь, одоо Трампын гадаад бодлогын зөвлөх Болтоны ном гарч байна. Энэ нь яг Украйнтай холбоотой асуудал ид яригдаж байсан болохоор яах аргагүй олны анхааралд өртөнө гэсэн үг. Хэрвээ залуучууд маань тодорхой нарийн асуудлуудаар яг үнэнийг сонирхож байгаа бол шинжлэх ухааны судалгаа унших нь зүйтэй. Гэхдээ дөнгөж хөлд орж байгаа хүүхдийг гүй гээд амбаарддаггүй шиг бас тодорхой хугацаа өгөх хэрэгтэй байж магадгүй юм. Ном уншвал сайн хэрэг л дээ. Зүгээр үүнийг анхаарах хэрэгтэй гэдэг утгаар хэллээ шүү. 

-Их, дээд сургуулийн хичээлүүд нарийн мэргэжилтнийг бэлтгэж чадах уу? 

-Дөрвөн жил бакалаврт сураад л нарийн мэргэжилтэн болчихно гэж бодохгүй байна. Мэргэжлийнхээ суурь мэдлэгийг л авч төгсөнө. Зарим нэг дадлага, туршлагаар сайжирдаг онцлогтой мэргэжлүүд байдаг. Бакалаврын дараа магистрын сургалтаар үргэлжлүүлэн авах мэдлэг ч байдаг шүү дээ.

-Тэгвэл хувь хүний хөгжилд хэр нөлөөлдөг бол?

-Хичээлээсээ хамаарах болов уу. Лав миний заадаг судалгааны хичээл гэхэд сэтгэх арга, харьцуулж үзэх, дүн шинжилгээ хийх, баримт фактад тулгуурлах, шүүмжлэлт өнцгөөс хандах зэрэг чадвар суулгана. Алдагдсан боломжийн өртөг гэж юуг хэлэх юм гэдгийг үзэж мэдсэн ямар ч балчир залуугийн үг, үйлдэл хүртэл өөр болдог. Хичээл болгонд суралцахуйн зорилго гэж байгаа, түүнийхээ хүрээнд эзэмшүүлэх ур чадвар, төлөвшүүлэх хандлага, олгох мэдлэг гээд тус бүрээр нь нарийвчлан тодорхойлсон байдаг. Хичээлийн түвшин, онцлогоосоо хамаараад аль нэг чадвар илүү түлхүү өгөгдөх ч тохиолдлууд бий.

-Оюутан өөрөө сургалтын үйл явцад ямар үүрэгтэй оролцвол зөв болдог вэ? Их, дээд сургуулийн чанарт оюутнуудын нөлөөлөл байх боломжтой юу? 

-Бүрэн боломжтой. Яагаад гэвэл оюутан бүр сурч байгаа сургуулийнхаа хувьд үйлчлүүлэгч шүү дээ. Оюутанд таалагдахгүй зүйл байна гэдэг бол тус сургуульд хөтөлбөрөө, багш нараа чанаржуулах, сайжруулах боломж гэж харагдана. Жишээ нь, СЭЗИС улирлын төгсгөлд оюутнуудын дунд судалгаа явуулж, тэдний бодлыг асууж тодруулдаг. Оюутан үзэж байгаа хөтөлбөрийнхөө хүрээнд илүү өргөн мэдээлэл, хамгийн сүүлийн үеийн шинэ судалгааны дүгнэлтийг багшаас сонирхож асуух, тодорхой асуудал дээр хамтран ажиллах боломж нээлттэй байна.  

-Сургуулиас нээлттэй олгож байгаа ийм боломжуудыг ашигладаг оюутан хэр олон бол?

-Манай монгол оюутнууд ерөнхийдөө хичээл ном, авч байгаа мэдлэг боловсролын тухайд тийм хэрсүү ханддаггүй. Өөрөө хичээнгүй биш байх нь олонтоо. Тиймээс таны асуусан шиг сургуулийнхаа чанарт нөлөөлөхүйц хэмжээний өндөр шаардлага тавьдаг нь түгээмэл биш ч сургууль өөрөө үргэлж сайжрах сонирхолтой байгууллага учраас оюутны оролцоог идэвхтэй байлгахын төлөө ажиллана шүү дээ. 

-Монгол залуусын хувьд оюутан болох, гадаад явах хоёр ойлголт нэг болсон шиг санагддаг. Та гадаадад бакалаврын хөтөлбөр сонирхож байгаа хүүхдүүдэд юу зөвлөж чадах вэ?

-Маш ерөнхий зүйл гэвэл, бакалаврын хөтөлбөр хаана ч голдуу ерөнхий эрдэм үздэг, оюутныг мэргэжлийн суурь мэдлэгтэй л болгодог. Монголын гайгүйд тооцогддог их, дээд сургуулиуд олон улсын стандарт, барууны жишигт ойртсон учраас чанарын зөрүү хол гарахгүй шүү. Ялангуяа бакалаврын түвшинд. Тэгэхээр Монголдоо бакалаврын боловсролыг хамаагүй бага зардлаар эзэмшээд авах нь ашигтай. Залуу хүн мэргэжлийн чиг баримжаагаа ойлгох, сурах арга барилаа олж авахад заавал гадаадад очиж, өндөр төлбөр төлөх ямар ч шаардлагагүй. Одоо хичээл хийхгүй байгаа зарим оюутан өөдөөс гадаадад сурах гэж байгаа, тэндээ очоод бужигнуулаад өгнө л гэж байдаг. Энд эцэг эхийнхээ дэргэд, байр хоолтойгоо, эх хэлээрээ сурч байж хичээл хийхгүй хүн гадаадад очоод юун сурах, мөнгө олох гэж ажиллаад л таарна. Тэгээд эцэстээ тааруухан сургуульд сураад тааруухан мэдлэгтэй эргэж ирэх, эсвэл тэндээ “харлаад” үлдэж магадгүй. Монголд их, дээд сургуулиа дүүргээд ажлын талбарт багаар бодоход хоёр жил өөрийгөө сорьж, тодорхой туршлага хуримтлуулчихаад магистрын түвшинд гадаадад, сайн сургуульд нарийн мэргэшлээр суралцахаар явах нь цаг хожих, мөнгөө ч хэмнэхэд илүү үр дүнтэй. Миний гадаадад байхдаа ажигласнаар бакалаврт сурч байгаа монгол оюутнууд их жаахан хүүхдүүд харагддаг. Тууштай биш, зорилгогүй, юунд зорих учраа ч олоогүй байх нь элбэг. Тэгэхээр гадаадад л очвол “алаад” өгөх юм шиг бодол өрөөсгөл шүү. 

Ерөөс бүх шинжлэх ухаанд өөрийн гэсэн гоо сайхан байдаг. Математик хүртэл өөрийн гоо сайхантайг мэдэрдэг, ойлгодог хүмүүс бий. Сониуч байгаасай. Тийм хүмүүс сургуулиас, багш нараасаа ихийг авч чаддаг.

-Гадаадын оюутнуудаас манай оюутнуудын хандлага хэр өөр бол?

-Барууны оюутнууд лав хэрсүү. Миний хувьд бас тэнд хичээл зааж байлаа. Манайхны хэлдгээр, айхтар сүрхий юм шиг санагдсан. Хичээлдээ ч, ер нь алив юм үзэгдэлд хэрсүү ханддаг бол бид тэдэнтэй харьцуулахад аливаа юмны мөн чанарын тухай ойлголт багатай байдаг нь үнэ цэнийн талаарх манай нийгмийн үнэлэмж өөрөө өнгөц байдагтай холбоотой болов уу. Манай оюутнууд заримдаа асуудлыг бага зэрэг өнгөц хараад, хэлбэрийг нь дуурайх гээд байдаг. 

-ЭЕШ-ын хамгийн сайн оноотой хүүхдүүд таны багшилж байгаа дээд сургуульд элсэн ордог. Тэгэхээр монгол оюутнуудын чансааг тоймлон харж болох байх. Таны ажигласнаар оюутнууд эцэг эхчүүдийнхээ хамаг итгэл найдвар, мөнгө санхүүгээр ер нь хэр сурч байгаа бол?

-Би их, дээд сургуульд 18 дахь жилдээ багшилж байгаа хүн. Жил ирэх тусам дунд сургууль төгсөгчдийн чансаа муудаж байгаа мэтээр ярьдагтай би огт санал нийлдэггүй. Харин монгол эцэг эхчүүдийн хариуцлага, хүүхдэдээ үзүүлэх дэмжлэг лав миний мэдэх сүүлийн 18 жилд мэдэгдэхүйц ахисан гэж боддог. Хэдийгээр 18 настай хүүхдүүд адилхан балчир боловч чанартай сургалттай зарим дунд сургуулиудаас орж ирж байгаа хүүхдүүд илүү өөрийгөө таньчихсан, өмнөө зорилготой, түүндээ тууштай байх шиг харагддаг. Бидний болон бидний өмнөх үед ямар дүн авах их чухал байж. Одоогийн зэт-үүдэд шалгалтад ямар дүн авах тийм ч сонин биш. Би үүнийг зөв гэж боддог. Дүн гэхээсээ агуулгад анхаарч, ойлгож үлдсэн мэдлэгтээ сэтгэл ханамжтай үлддэг байвал сайн болно. Би нэг удаа жаахан гайхаж билээ. Нэг дажгүй сурдаг оюутан маань 78 ч билүү дүн авчихаар нь нэмж шалгаад дүнг нь сайжруулаад 80 болгоод өгье ухааны юм ярьтал “Зүгээр ээ багш аа, би угаасаа юмаа мэдээд авсан байхад дүн өөрчилж яах вэ дээ” гэж тэр хариулсан. Бидний үед дүн өгөх, авах чинь бараг л наймаа шиг хэдэн оноо нэмээд өгөөч дээ гээд гуйдаг яриа хөөрөө элбэг байлаа шүү дээ. Дипломын дүнгээс хүний амьдрал шууд шалтгаалдаг байсан учраас тийм байсан байх. Одоо тийм юмаар хэт хөөцөлдөх нь багассан санагдаад байдаг юм. Ингэж өөрчлөгдөж байхад их зүйл сайжирна л даа. 

-Та өөрийнхөө оюутнуудыг яг ямар байгаасай гэж боддог вэ?

-Хийж байгаа зүйлдээ дурлаад, донтож судлаасай. Мэдлэг боловсрол олж авахдаа хүнд хүчээр ажил хийж өгч байгаа юм шиг бүү хандаасай. Ерөөс бүх шинжлэх ухаанд өөрийн гэсэн гоо сайхан байдаг. Математик хүртэл өөрийн гоо сайхантайг мэдэрдэг, ойлгодог хүмүүс бий. Сониуч байгаасай. Тийм хүмүүс сургуулиас, багш нараасаа ихийг авч чаддаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
0
21
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.