Хайх зүйлээ бичнэ үү

Найруулагч С.Бямбаагийн бүтээл, олон хүний сэтгэлийг хөдөлгөж, тэсэн ядан хүлээх хүлээлтийн дээгүүр бичигдээд буй "Хэвтрийн хүн" кино Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийн үзвэр болон хүрэх гэж байна. Нээлтийг тохиолдуулан киноны гол дүрийг бүтээсэн чадварлаг залуу жүжигчин төдийгүй өвөрмөц ертөнцтэй Г.Баттулгатай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.


-Уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Ганбатын Баттулга гэдэг. СУИС-ийг жүжигчин, тайзны найруулагч мэргэжлээр төгссөн. Одоо бол чөлөөт уран бүтээлч. Цаашид кино найруулагчаар ажиллах хүсэлтэй байгаа.

-Бямбаа найруулагчтай яаж танилцсан бэ. “Хэвтрийн хүн” кинонд дүр бүтээх боломж хэрхэн олдов?

-2014 “Алсын удирдлага” кино Бусаны кино наадамд сонгогдож, дараа нь шагнал авсныг сонссон. Тэгээд “Ямар кино байдаг юм бол, яаж хийсэн юм бол” гэж сонирхож байлаа. Дараа нь Тэнгис кино театрт гарсан үзвэрийг үзсэнээр Бямбаа ахтай танилцсан даа. Гэхдээ хувь хүнтэй нь биш бүтээлтэй нь анхлан танилцаж байсан. Түүнээс хойш ийм хүн байдаг юм байна гэж мэдээд, энд тэнд тааралдсан ч зориглон очиж өөрийн биеэр танилцаж чадахгүй явсаар 2018 оны намар “Хэвтрийн хүн” киноны кастинг хийж байх үед уулзаж танилцсан. Тэр үед өөрт нь хамгийн түрүүнд “Таныг ‘Алсын удирдлага’ киногоор тань мэддэг” гэж хэлж байсан.


-Кастинг буюу дүр сонголтод хэрхэн оролцох болсон бэ?

-Их гэнэтийн зүйл болсон л доо. 2017 онд киноны сет эхлэхээс жилийн өмнө зохиолч Г.Аюурзанын эх зохиолоос сэдэвлэсэн “Хэвтрийн хүн” киноны зохиол Каннын кино наадмын хөтөлбөрт сонгогдoж, Бямбаа ах киног нь хийнэ гэсэн мэдээллийг авсан. Тэр үед кино сонирхогчийнхоо зүгээс илүү сонирхож “Алсын удирдлага”-ын найруулагч нь шинэ кино хийх нь дээ гэж харж байсан. Киноны дүр сонголтод манай нэг найз оролцоод, намайг санал болгосноор над руу анх туслах найруулагч холбогдсон.

Эхний  шалгаруулалт туслах найруулагч эмэгтэйн бэлдсэн асуултаар явагдсаны дараа Бямбаа найруулагч бичлэгийг харж байгаад дараагийн шалгаруулалтдаа өөрөө уулзъя гэсэн хүнээ авч уулзаж байсан. Үүний дараа л жинхэнэ шалгаруулалт эхэлсэн дээ.

-Шалгаруулалтын үеэр бэрхшээлтэй зүйл олон байсан уу. Гол дүрийг сонгоход урт хугацаа шаардагдсан гэж дуулсан.

-Найруулагч тодорхой даалгавар бэлдчихсэн, киноны багийн гол хүмүүс болох ерөнхий зураач, зураглаач, продакшн гээд бүх юмыг нь дүрсэлж бий болгох гэж байгаа хүмүүс бас хамт шалгаруулалтыг явуулдаг. 

Ингээд л бүх хүмүүс тал талаас чинь дээр дооргүй хараад л, нэг тийм ажиглалт дунд ороод явчихна даа. Би тийм шалгаруулалтад орж байгаагүй, өөрөө л юм хийх сонирхолдоо хөтлөгдчихсөн ороод ирсэн байсан болохоор эхэндээ эвгүй л байсан. Тэгээд найруулагчийн бэлдсэн, яг зохиолынх юм уу үгүй юм уу гэдэг нь үл мэдэгдэх харилцан яриаг өрнүүлнэ. “Үүнийг ингээд хэл дээ, энэ хэсэгт ингээд үз” гээд л. Зөвхөн ширээний наана цаанаас ярилцлага маягтай яриа өрнүүлээд, дараа нь тэр хүний дотоод мэдээллийг авдаг юм билээ. “Яг ямар хүн бэ. Юу идэж уудаг юм. Ямар хөгжим сонсдог. Хувь хүн нь яаж бүрэлдэн бий болсон юм. Үүнээс өмнө ямар туршлага байгаа вэ” гэдэг тал руу илүү ярилцана. Яг л дотоод ярилцлага шиг гэх юм уу даа. Үүний дараа “Дахин шаардлагатай гэх юм бол дуудна, ямар нэгэн юм хэрэгтэй болбол мэйлээр харилцъя” гэж хэлээд явуулсан. Ингээд дахиад л хүлээлт дунд байж байгаад дараагийн шалгаруулалтад орсон доо.

Дараагийн уулзалт дээр киноны яг бүтэн сцен, харилцан яриаг тайлбарлаж өгч, харилцах дүр нь эмэгтэй дүр, чиний хийх зүйл бол энэ, ийм ийм даалгавар гүйцэтгэнэ, ингэж бэлдээрэй гээд уулзах өдөр зааж өгсөн. Тэр шалгаруулалт дээр мэдээж харилцах дүртэй, үгтэй, өмнөхөөсөө хамаагүй бэлтгэлтэй очиж байгаа юм. Үүнээс цааш 3-4 удаагийн давтан уулзалт хийсэн. Ерөнхийдөө бол Бямбаа найруулагчийн хэлснээр дүр сонгон шалгаруулах энэ үйл явцыг чухалчилж, ач холбогдол өгөх хэрэгтэй. Ямар ч алдартай, туршлагатай жүжигчин байсан гэсэн заавал уулздаг, өөрийн хүсэж байгаа зүйлээ хайдаг. Бүтээгч өөрийнхөө бүтээх зүйлийг тэр хүнээс хайж, сонгох гэж байна шүү дээ. 

Дүр сонголт бол хамгийн чухал хэсгүүдийн нэг.

-Анх “Хэвтрийн хүн” зохиолыг уншсанаасаа хойш дүрдээ хэрхэн орж, бэлдсэн бэ?

-Дүрд сонгогдсоны дараа жүжигчдэд кино зохиол бүтнээрээ ирээгүй. Зөвхөн өөр өөрсдийн сцен дээрээ л ажилласан. Үндсэн зохиол болох “Хэвтрийн хүн” гэдэг романаа уншсан л даа. Тэгээд яг өөрт ирсэн сценүүд дээрээ бүрэн төвлөрч ажилласан. Өөрийнхөөсөө бусад үйл явдлыг би ерөөсөө мэдэхгүй. Үндсэн зохиолоос салбарлаж кино зохиол нь дахин нэг бүтээл болж гарсан байгаа. Энэ бол найруулагчийн арга барил байх.

Жүжигчид авсан дүрийнхээ бусад үйл явдалд төөрөх биш зөвхөн өөрийнхөө ертөнцөд анхаарахаас гадна төгсгөлөө мэдэхгүй байх нь жүжигчдэд сет дээрээ тэр дүрдээ тоглоход маш том нэмэр болдог. Тэгэхгүй төгсгөлөө мэдчих юм бол наанаа тэр мэдрэмжийг гаргахгүй байсан ч цаанаа ухамсар нь хийж байх ч юм уу, мэдрэгдэх ч юм уу дүр бүтээхэд сөргөөр нөлөөлөх тохиолдлууд бий. Зохиолыг уншаад дүр минь ийм юм байна гэж ойлгож аваад, тэр дотроос мэдрээгүй мэдэхгүй зүйл юу байна, мэдэх, ойлгох мэдрэмж нь юу байна, мэдэрч байгаагүй зүйлээ харин яаж мэдрэх бол гээд эрэл хайгуул хийж, анхаарсан.

-Хамгийн ихээр өөрчлөгдөх ёстой болсон үе?

-Миний анхаарах ёстой нэг зүйл бол жингийн хязгаар байсан. Хэвтрийн хүний харагдах байдал нь нэлээд туранхай. Тухайн үед би найруулагчийн тэр бодож байсан төсөөллөөс нь өөр байсан л даа. Тэгээд зураг авалт эхлэхээс өмнөх гол даалгавар нь жин хасах байлаа. Энэ даалгавар нь намайг дүрдээ улам ороход нөлөөлсөн.

Жин хасахаас үүдэж сэтгэл санаанд үүсэж байгаа өөрчлөлтөө анзаарч, яваандаа бодит нөхцөл байдал дээр би өөрөө хувиралд ороод эхэлсэн. Нийт 15кг хассан л даа. Өөрийгөө өдөр болгон харахад л нэг хувирал, өөрчлөлт үүсэж эхэлнэ гэсэн үг. 

Зураг авалт эхлэх үед зохиол, монолог гээд бүх юмаа өөрийн болгон суулгаж ажилласан байх ёстой болж байгаа юм. Учир нь Г.Аюурзана зохиолчийн бичсэн зохиолыг 2002 оноос хойш бүтэн кино зохиол болгож, жижигхэн зүйл дээр нь ч алдахгүйгээр ажилласан учир тэр хүн маш их зүйлийг бодож, сэтгэл шингээж ажилласан гэсэн үг. Түүнийг нь үрэн таран хийх эрх бид нарт байхгүй. Энэ бол маш хариуцлагатай ажил байсан.

-Туршлагатай жүжигчидтэй хамтран ажиллахад юуг хамгийн их анзаарч, сурч авсан бэ?

-Ерөөсөө тийм зүйл анзаарч хараагүй дээ.

-Тус тусдаа л байж, өөр өөрсдийн дүрдээ л орж байсан болохоор тэр болгон хамт байгаагүй юу?

-Тийм ээ. Би дүр дээрээ нэг хүнтэй харилцаж байлаа ч тэр хүнээ харж ажиглахаас илүүтэйгээр надад өөрт минь анхаарах олон ажил, бодох зүйлс байсан. Зураг авалтын үед яг өөртөө бүрэн уусах хэрэгтэй болж, өөр тийшээ анхаарал хандуулах завдал байхгүй болсон.

Зүгээр харилцан тоглоход мэдрэмжийн хувьд ч гэмээр юм уу их зөөлөн, хэлж байгаа үг нь ойр тусах зүйлс байсан. Миний ээжийн дүрд тоглож байгаа хүний хэлж буй үг надад ойр санагдаж, мэдрэмж төрүүлэх гэх зэргээр нөлөө үзүүлсэн. Түүнээс биш найруулагч юу хэлж байна, бид ямар байдал гаргах вэ гэх талаас өөрсөд дээрээ л их анхаарч байсан. Би тэр дүрийг бүтээхийн тулд нэг шинэ ертөнц үүсгэсэн. Энэ ертөнц болон миний амьдарч буй бодит ертөнц хоёр шал өөр хэлтэй, өөр дүрэм журамтай. Яг өөрийн бүтээсэн тэр ертөнцдөө орох нь л надад илүү чухал байсан юм уу гэж сая асуухад чинь бас бодогдлоо.

-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ. Урт удаан юм шиг санагдсан уу эсвэл богино байв уу?

Яг киноны зураг авах төлөвлөгөө 21 хоног гэж гарсан байсан. Яг тэр төлөвлөгөөндөө л зураг авсан. Нэг хоёр хоногийн ч юм уу наана цаана байсан байж магадгүй. Гэхдээ бүгдээрээ л цаг хугацаандаа амжихыг л хичээж байсан. Кино үзэгчдэд хүрэх гэж их хугацааг авлаа шүү дээ. Тиймээс бүгдээрээ яг цагтаа, бүгдийг сайн хийхийг хичээсэн.

-Дүр бүтээх явцад таны амьдаралд ямар өөрчлөлт оров. Таны өдрийн хэмнэл яаж хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Өдөрчилсөн төлөвлөгөөгөөр бол зураг авалтын баг эхлээд гадаах зургуудыг эхний 10 хоногтоо бүгдийг нь дуусгасан. Дараагийн 10 хоногт зөвхөн доторх зургаа авсан. Миний хувьд ихэнх нь доторх зураг байсан. Зураг авалт эхэлчихсэн байхад би наана нь өөрийнхөө бэлтгэлийг хийж байсан. Хэзээ ч дуудаж магадгүй шүү дээ. Тэгээд хоёрдугаар хагасаас яг миний сценүүдийг бичиж эхэлсэн. Өдрүүд яг нэг хэвийн давтамжтай өнгөрсөн. Өглөө бүгдээрээ маш эрт цуглана. Өдөр төлөвлөсөн олон сценүүдээ аваад дуусахад орой яг хариад амрах цаг хугацаа болно.

21 хоног дотор л бүх төлөвлөгөөгөө гүйцээж, цаг хугацаатай уралдаж байгаа учраас бидэнд хувийн гэх зүйл байхгүй. Ямар ч өөр ажил хажуугаар нь төлөвлөх боломжгүй. Тэр нь дүрдээ ороход ч их ашигтай болгож байгаа юм. Өглөө сэрэхдээ яг л орондоо сэрж байгаа юм шиг босох хэмжээний.

Найруулагч хэрхэн ажиллаж байна, зураглаач яаж дүрсийг авч байна гэх мэтээр намайг тойрон хүрээлж буй тэр зүйлсийг ажиглах нь би өөрөө кино үзэж байгаа юм шиг л байсан. Тэр хооронд би найруулагчийн арга барилыг анзаарч, хүмүүсээс их юм сурч байгаа юм.

-Кино урлагаар явахыг багаасаа мөрөөдөж бодсон уу?

-Бид өөрсдийн төсөөлөл дотроос ямар нэг хэлбэршил үүсгэж түүндээ ямар нэг нэр өгдөг байх. Тэр мэдэрсэн, мэдрүүлэхийг хүсэж буй зүйлийг хамгийн бодитоор, цаг хугацаатай нь хамт үлдээж болох урлаг бол кино урлаг юм шиг санагддаг. Тэгээд л сонгосон.

Ер нь сургууль бидэнд “чиг нь ийм юм шүү, урлаг гэж ийм зүйл байдаг” гэж зааж, урлагт чиглэх сэтгэл, хайрыг л нэмж өгдөг шиг санагддаг. Энэ бүх сургууль, сургалт гэх зүйлийн дараа тэр хүн амьдарч, амьдрал дунд орж ирсэн цагаас авч буй мэдрэмжүүддээ үндэслээд яг юу хийх вэ, энэ мэдрэмжээрээ юуг хийж болох вэ, надад өгөгдөл нь байна уу үгүй юу гэдгийг олж мэднэ. Миний хийж буй зүйл зөв үү, буруу юу гэх бодол хүнд төрдөг шиг “энэ л миний хийх зүйл юм байна” гэдэг бодол төрдөг. Хүн амьдралдаа мод тарих, ном бичих ёстой гээд ярьдаг шиг “кино л хийх ёстой юм байна” гэж бодсон. Ийм тийм кино хийнэ гэхээс илүүтэй энэ бүхний төгсгөлд би өөрийгөө л бүтээж буй хэлбэр юм. Тэр бүтээсэн зүйл хүнд хэрэгтэй юу, өв болж үлдэж чадах уу, үнэхээр хэрэгцээтэй байх уу гэдэг талаас нь би боддог. 

-Өөрийн чинь хувьд кино бүтээлийн ертөнцөд ороход бэрхшээл хэр байна гэж харсан бэ?

-Би Хан Бён Чолийн “Тамирдсан нийгэм” номыг яг одоо уншиж байгаа. Түүн дээр гардаг үг байдаг л даа. Энэ нийгэм бол амжилтын нийгэм. Нийгэм хүмүүсийг шууд амжилттай байх ёстой гэдэг нийгэм рүү шахаж байна. Хэрэв энэ үгийг дагавал би яг нийгмийнхээ нэг хэсэг болно. Тэгэхгүй бол эндээс сугарч үлдээд нийгмээсээ гадуур үлдчихнэ. Өөр зүйлд санаархах юм бол үүнийхээ эсрэгцэлд ороод унана, бидэнд тэмцэхээс өөр арга байхгүй гэж байгаа юм. Тэр уналт гэдэг нь болохоор сэтгэл гутралын өвчин ч юм уу, хувь хүнийхээ хувьд тулгарч буй асуудлууд юм.

Кинон дээр ярихад одоо бүтээлээ эрх чөлөөтэй, шууд хийх боломж бололцоо, бидэнд өгч буй дэмжлэг хэр билээ? Тэгэхээр л шууд эхнээсээ тэмцэх хэрэгтэй болж байгаа юм. “Өдөр болгон баатар байх боломжгүй, хүн байх л боломжтой” гэдэг шиг өдөр болгон яг хүссэнээрээ бүх зүйлээ хийчихдэг байх боломжгүй л байна.

-”Хэвтрийн хүн” кино олон нийтэд хүрэх хугацаа ойртоод байна. Таны бодлоор хүмүүс энэ киног яагаад үзэх ёстой юм бэ. Юуны тухай өгүүлэх болохоор чухал вэ?

-Хүмүүс шахаад, бүр хариулт нэхээд байхад нь найруулагч “сонголтын тухай” гэж хэлсэн. Миний бодлоор хүн киноноос тусгал хардаг, хайдаг. Уран зохиолд ч адилхан, хүн ямар нэг ном уншихдаа тэгдэг. Жишээ нь Япон ахуй гардаг зохиол уншлаа гэж бодоход бид яаж ийгээд л тэр зохиолыг өөртөө татаж, холбоотой мэдрэмжүүд нь надад байна уу гэж тусгалаа хардаг. Хаягдсан бол тэр мэдрэмж, тэр дүр эмэгтэй хүнийг санаж байвал яг тэр санагалзсан мэдрэмж өөрт хэзээ төрж байсан тэр үедээ очдог ч юм уу. Ном, кинонд ч тийм тусгал хайсан мэдрэмжүүд зонхилдог. Хэн ч үзсэн өөрийгөө олж харж, өөрийгөө тэнд тавьж үзнэ шүү дээ. Тэгэхээр үзэгчид өөрсдөө дахиж киног бас бүтээж байгаа байх. Үзэгчгүй бол тэр зөвхөн найруулагчийн, уран бүтээлчдийн л хийсэн зүйл болоод тэндээ хаалттай үлдэнэ. Олон нийтэд үзүүлснээр үзэгчид тэр киноны олон хувилбарыг өөр өөрсдийн дотор бий болгож байгаа. Тэгэхээр өөрсдийгөө үзэх, тэндээс өөрийгөө олох, хайх мэдрэмж авах байх даа. Би өөрөө ч үнэндээ үзээгүй л байгаа.

Хүн киноноос тусгал хардаг, хайдаг.

-Яагаад өөрөө эхлээд үзээгүй юм бэ?

-Киног зайлшгүй үзэх ёстой хүмүүсийн үзвэр болсон л доо. Надад үзэх боломж бол байсан ч би үзээгүй ээ. Яг хамгийн сүүлд бүтэн дэлгэж үзүүлэхэд нь үзэх илүү сонирхолтой байх. Улаанбаатар кино наадмын нээлтийн киногоор тодорсон болохоор тэнд л үзэгчидтэй цуг үзнэ. Бямбаа ах “Алсын удирдлага” киноны араас “Хэвтрийн хүн” гэх дүүг нь бидэнд танилцуулах гэж байна. Тэр хүний киног үзэхэд л дүрслэлийн хэл маш өндөртэй найруулагч гэдэг нь шууд ажиглагддаг шүү дээ. Тэгэхээр тэр хүн яаж киног дүрсэлсэн бол гэж бодохоор сэтгэл хөдөлж байна. Эцсийн хувилбарыг нь үзэгчийн хувиар бүтнээр нь үзэхсэн гэхээс тэсэн ядаж байна.

-Дүрээсээ өөрийн тусгалыг, цэвэр мэдрэмжийг авсан үе олон байв уу. Зүгээр л дүр бүтээж байгаа биш 100 хувь өөрөөрөө байсан, кинонд байгаагаа ч мартсан тийм мөч хэр их байсан?

-Би их эрэл хайгуул хийж байгаа тухайгаа ярьсан даа? Надад төрж буй санаа, мэдрэмжийг би цаасан дээр буулгаж ажил болгох ёстой. Яг тэр үйл явцын эрэл хайгуул, ажиглалт, бүх зүйлийг анзаарах тэр бүх анзаарлууд нь миний бүтээсэн дүрийн дотоодтой их төсөөтэй ч юм шиг. Яг огт байхгүй хий хоосон юмыг хүчээр бодоод, тоглож гаргах гэсэн хүчилсэн мэдрэмж огт байгаагүй.

-Тус киног та Монголын кино бүтээлүүд дунд ямар өнгө төрх нэмэх вэ. Бүх бүтээлүүдийг, кино ертөнцийг нэг зүйлээр дүрсэллээ гэхэд “Хэвтрийн хүн” тэр дунд юугаар зүйрлэж болох бүтээл вэ?

-Сүнслэг шинж чанараараа илүү ялгарах байх. Илүү амьд, хувь тавилантай… Хүн ухамсаргүйгээр ямар нэг ертөнцөд буюу Бямбаа найруулагчийн бүтээсэн ертөнцөд ховсдуулж, оршихуйн утга учраа эрж хайсан мэдрэмж авах байх. Тэгэхээр ид шид шиг зүйлийг мэдрэх боломжтой болов уу.

-Кинонд дүр бүтээсний дараах өөрийгөө харахад хувь хүнд их өөрчлөлт орсон мэт санагдаж байна уу?

Мэдээж тэр дүрээр хэсэг хугацаанд мэдэрч, бодож, сэтгэж амьдарсан л бол тодорхой мэдрэмжүүд нь үлдэнэ. 

Миний хувьд хэвтрийн хүний дотоод хүслийн хэлтэрхийнүүд үлдсэн байж мэднэ. 

-Энэ аяллын туршид мэдэрсэн хамгийн сайхан зүйл юу байв?

-Кинонд тоглоно гэдэг өөрийгөө дэлгэж харуулж буй явдал. Алдартай зохиолчдын ярилцлага дундаас гарч ирдэг үг бий л дээ. Эхлээд би нэг зүйл бичих гэхэд юу бичихээ мэдэхээ байгаад төөрдөг. Гэтэл дотор минь нэг зүйл байсаар... Тэгээд л юу бичих тухай асуулт гарч ирэхэд “Чи хамгийн сайн мэддэг зүйлээ л бич” гэсэн. Тэгэхээр миний хамгийн сайн мэддэг зүйл юу билээ? Би өөрөө л болж таарсан. Тиймээс өөрийн ажигласан, мэдэрсэн зүйлсээс эхлэх нь хамгийн зөв. Тиймээс миний тусгал өөрөө тэр бүтээл бий болоход ямар нэг байдлаар хамаатай болж байгаа юм.

Киноны явцад чамайг тойруулаад бүхэлдээ сет-ап засчихсан. Хүн болгон чамайг ажиглаж, нэвт шувт харж байхад гаргах ёстой дүр чинь харин тэнд цор ганцаараа байгаа мэт, тэнд хана байгаа мэтээр өөрийнхөө хийх ёстой зүйлийг л хийж байгаа. Яг цаана нь болохоор бужигнаад л, арван хэдэн хүн хоорондоо ярилцаж, гүйж байхад би болохоор тэнд дараагийн хэсэг хүртэл тэр орон зайдаа ганцаараа л байгаа юм шиг. Мэдээж энэ хэцүү. Би өөрөө эргэн тойрны хүмүүс, аливаа зүйлд их анхаарал хандуулдаг, мэдрэмтгий хүн. Автобусанд чихдэлцээд явахад хурдан очих байлаа ч би алхаад л явдаг хүн байхгүй юу. Гэхдээ чи аливаа зүйлийг “хамаагүй” гэж бодвол юу ч чамд хамаагүй. Хамаатай гэвэл бүх зүйл маш хүчтэй мэдрэгдээд, мэдрэмж ихэсдэг. Энэ киноны явцад би тэр л дүрийнхээ ертөнцдөө ганцаараа байсан нь сайхан.

-Цаашид та жүжигчнээр ажиллах бодолтой байгаа юу?

Тэр дүрд л тоглох гэж оршиж байсан юм шиг мэдрэмж төрүүлдэг жүжигчид байдаг. Тэгэхээр хувь тавилантай холбоотой байж болохоор ч юм шиг. Тийм мэдрэмж авсан хүн сэтгэл ханамж бүрэн дүүрэн байх болов уу. Зогсолтгүй ажил болгоход хэтэрхий хайран мэргэжил ч юм шиг. Яг сонголт хийх болбол би камерны ард байхыг сонгоно оо.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
18
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сайн хариултууд байхын. За амжилт 2020.10.16 172.69.45.137

Ариун

0 Хариулах


Зочин 2020.10.13 162.158.91.152

Яг ийм баялаг дотоод ертөнцтэй жүжигчин гарч ирж буйд маш их баяртай байна.Нэг л тийм арзалзсан ямарч мэдлэггүй яриагүй хошин шог хавийхнаар л монголын жүжигчдийн төсөөлөл орж ирдэг нь харамсалтай

0 Хариулах


Зочин 2020.10.12 172.69.45.135

Сайхан ярилцлага болж. Таалан уншлаа. Амжилт залуу минь

0 Хариулах


Боро 2020.10.12 172.69.45.135

Үнэхээр философилог уран бүтээлч юм.

0 Хариулах


Уран 2020.10.12 162.158.118.213

Бас л гүн мэдрэмжтэй нэгэн юм аа

0 Хариулах