Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД | Монголын Театрын музейн тухай сонирхолтой 10 баримт


"Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд бэлтгэж буй цуврал нийтлэлийн ээлжит дугаарыг уншигч танд хүргэж байна. Энэхүү нийтлэлээр Монголын Театрын музейтэй холбоотой сонирхолтой 10 баримтыг танилцуулж байна.   

1. Дэлхийд тайзны урлагийн чиглэлийн цөөнгүй музей байдаг боловч, яг Театрын музей хэмээх тодотголтой музей 10 улсад байдаг. Тодруулбал, Азид Монгол, Тайвань, Азербайжан улсад, Европд Австри, Герман, Орос, Польш, Финланд, Кипр улсад, Америк тивд Канад улсад байдаг аж. 

ЗурагТайлбар
 Монголын Театрын музей
Тайваний Театрын музей
Австрийн Театрын музей
Азербайжаны Театрын музей

2. Монгол Улсын анхны мэргэжлийн урлагийн театр 1927 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлжээ. Улмаар 1931 онд энэхүү театр Улсын Төв Театр нэртэйгээр шинэчлэгдсэн байна. Энэхүү театраас Монгол Улсын бүх мэргэжлийн театрууд улбаалжээ. Барилга нь одоогийн Засгийн газрын ордны баруун жигүүрийн суурин дээр байсан бөгөөд 1949 онд галд өртөн устсан түүхтэй.

ЗурагТайлбар




3. Говийн догшин хутагт Д.Данзанравжаа 1832 онд анхны Монголын уламжлалт тайзны урлагийн театрыг "Намтар дуулах дацан" нэртэйгээр байгуулжээ. Энэхүү театрт Монголын уламжлалт дуулалт жүжиг "Саран хөхөө" жүжиг анх удаагаа үзэгчдэд хүрсэн. 

4. Монголын анхны орчин цагийн драмын жүжгийг 1931 онд зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” хэмээх жүжгийн бяцхан үзэгдлийг дуу хөгжимтэй найруулж, Улсын төв театр буюу Бөмбөгөр ногооны тайзнаа тавив.

5. Дэлхий дахинаа хүүхэлдэйн кино хэлбэрээр анх 1998 онд үзэгчдэд хүрсэн Мулан охины түүхтэй монголчууд 1946 онд жүжгээр Улаанбаатар хотноо танилцаж байжээ. Улаанбаатар хотод тухайн үед Хятдын ший жүжиг “Хятад ажилчдын клуб”-д тогтмол тоглогддог байв. Уг түүхийг энэ онд олон улсад кино болгон олон нийтэд хүргэсэн билээ. 

6. Монголын анхны мэргэжлийн урлагийн театрын анхны зураачаар Оросын нэрт зураач, судлаач К.И. Померанцев ажиллаж байжээ. Манай музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Лувсан хуурч зураг нь Улсын Төв Театрын хөшигний гол зураг болж байв.

7. Нүүдэлчин монголчуудын үлгэрч, хуурчийн тоглолт нь театрын анхны хэлбэр юм. Мөн Монголын театрын урлагийн өвөрмөц нэгэн хэлбэр нь монголчуудын дунд өргөн дэлгэр байсан “хэсүүл жүжигчид” байлаа.

8. Монгол Улсын Хүүхэлдэйн Театр 1948 онд байгуулагдаж, монголчууд анх хүүхэлдэйн урлагтай танилцжээ. Хүүхэлдэй тоглуулах түлхүү хөгжсөн 4 хэлбэр байдаг бөгөөд үүнд, таягт хүүхэлдэй, утсан хүүхэлдэй, сүүдрийн хүүхэлдэй болон орчин цагт өргөн дэлгэрч буй оймсон хүүхэлдэй болно.

9. Монголын анхны дэлгэцийн бүтээл болох "Монгол хүү" уран сайхны кино 1936 онд гарсан юм. Монгол ардын үлгэрийн сэдвээр зохиомжилсон “Аршийн мод” зохиолоор бүтээсэн байна. Энэхүү кинонд Цэвээн хэмээх хөдөөгийн нэгэн цайлган сэтгэлт, итгэмтгий малчин эр өөрийн дурлалт бүсгүй Дулмаатай гэрлэн, аз жаргалтай амьдрахын тулд шидэт модны эрэлд харь газар аялан явж, зовлонд учирсан ч эцэст нь төрөлх Монгол нутагтаа эргэн ирж, аз жаргалыг мэдэрч буйг харуулсан байдаг.

10. Тайз дэлгэцийн урлагийн эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулсан Монголын Театрын музей нь Монгол Улсад цорын ганц байдаг бөгөөд Соёлын Төв Өргөөнд үйл ажиллагаагаа явуулдаг. Мянга сонсохоор нэг үз гэдгийн адилаар тус музейгээр заавал зочлоорой.   

Хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор танхимын үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа хэдий ч та гэрээсээ Театрын музейд зочлохыг хүсвэл ЭНД дарна уу. 


Уг төслийн хүрээнд Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ШУА-ын ООГСТ-ийн харьяа Сансар, од эрхсийн ордны онцлох танхим, үзвэрүүдийн талаарх цогц мэдээллийг цувралаар уншигчдадаа хүргэх юм. Төслийн тухай мэдээлийг ЭНД дарж сонирхох боломжтой. 

Энэхүү төсөлд дэмжлэг өгөхийг хүсвэл [email protected] имэйл хаягаар холбогдох боломжтой.  

Таныг хүндэтгэсэн, "Гэрээсээ Музейд" төслийн хамт олон

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.