UBLife Logo
Newsfeed

Гэрэг: Амжилтын түүх

Гэрэг: Амжилтын түүх

Хувьсан өөрчлөгдсөөр буй нийгмийнхээ галзуу гэмээр хурдыг түр зогсооё. Бүсгүйчүүдээ анзаарч, тэдний түүхээс хуваалцъя. Эмэгтэйчүүд хөгжил дэвшлийг хэрхэн бүтээж, бусдыгаа манлайлан хамтдаа урагшилж амжилтад хүрснийг хийгээд гэрэл гэгээтэй ирээдүйд тэмүүлж байгааг нь гурван түүхээр уламжилъя.“LHAMOUR” ЗӨВ ЧИГТ ЯВЖ БАЙНА

Даваадоржийн ХУЛАН

Эмэгтэйчүүд “Юу өмсөх вэ” гэсэн асуултыг өөртөө байнга тавьдаг шиг хэт хуурай арьс, харшил, экземтэй хүмүүс “Юу хэрэглэх вэ” гэсэн болгоомжлолтой тулгардаг.  Түүнд ч бас эрүүл арьсны шийдэл олох шаардлага гарсан цагаас эхлэн тууштай оролдлогоор нэг л мэдэхэд хувьдаа байгалийн цэвэр түүхий эдээр хийсэн органик бүтээгдэхүүний талаар хангалттай судалгаа цуглуулчихсан байв. Эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх эрмэлзлээсээ бизнесийн алсын хараагаа олж, олон улсад таашаагдсан монгол брэндийн үйлдвэрлэгч болж яваа залуухан бүсгүй бол Д.Хулан. Монголчууд түүнийг үүсгэн байгуулсан “Lhamour” брэндээр нь эчнээ таних болсоор таван жил өнгөрөв. Түүний удирдсан хамт олон байгалийн гаралтай органик түүхий эд ашиглан эрс тэс уур амьсгал, агаарын бохирдолтой орчинд хэрэглэхэд нэн тааламжтай гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Кофе шопоор офислож, гэртээ анхны бүтээгдэхүүнүүдээ хийж, сав, баглаа боодлыг нь ч өөрийхөө гараар урлаж эхэлсэн түүний бизнес өдгөө Монголд төдийгүй олон улсад өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж амжжээ. “Lhamour”ын борлуулалт жилийн 200 хувийн өсөлттэй, үүний 10 хувийг гадаадын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн эзэлж байна. Д.Хулан экспортын хэмжээг энэ онд 15 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Санаа нь толгойд эргэлдэж, төлөвлөгөө нь цаасан дээр бууж байх үед таван жилийн өмнө тавигдсан алсын хараа нь л огт өөрчлөгдсөнгүй. Энэ бол өнөөдрийн “Lhamour”-ын амжилтыг бүтээсэн “эрүүл бүтээгдэхүүнээр илүү олон хүний хэрэглээг хангах үйлдвэрлэл”. “Lhamour” чадсан. Энэ хүртэлх таван жилийн эхний дөрвөн шинэ оныг тэр баяр ёслолын байдалтай угтсангүй, төрсөн өдрөө ч тэмдэглэж амжсангүй. Түүнд тийм зав гардаггүй байж. Шинэ, хуучин солигдож байхад ч “Lhamour”-ын хэрэглэгчдээ баярлуулахаар захиалсан бэлгийн багцыг нь хүргэхээр гарна.

“Lhamour” бусдаас шинэлэг, өвөрмөц байх зарчмаар брэндээ урладаг. Амжилтын нууц нь ч үүнтэй салшгүй холбоотой. Сарлагийн сүүтэй, ургамлын тосыг хонины сүүлтэй, чацарганы тосыг жамц давстай хольж гаргасан бүтээгдэхүүн өмнө нь дэлхийд байгаагүй юм. Эдгээр шинэлэг, өвөрмөц бүтээгдэхүүнүүдээр нь South morning China, олон улсын Forbes сэтгүүл Монгол Улсын “Lhamour” –ыг онцлон нийтэлжээ. Сэргээгдэх эрчим хүчний салбарт мэргэжлээрээ ажиллах карьераа орхиод “Lhamour”-ыг тэгээс эхлэхээр зогсож байсан Д.Хулан дараагийн хоёр жилд шантрах, няцах, буцах мөчүүд цөөнгүй тохиохыг төсөөлөө ч үгүй, зүгээр л сайхан санаа, гоё мөрөөдөлдөө үнэнч байв. Эхний жил бүх судалгаа, мэдээлэл, төслүүдээ хадгалсан компьютер болон эд зүйлсээ хулгайд алдаж, хоёр дахь жилд ажлын өрөө нь өвдгөөр татсан үерт автахад, хамт ажиллагсад нь ажлаасаа гарч ижил төстэй бизнес хийцгээхэд, зарим компани Хятадад үйлдвэрлэсэн бараа оруулж ирээд Монголынх гэж борлуулахад, асууж зөвлөх хүнгүйдэхэд түүний тэсгэл алдардаг байж. Харин гурав дахь жилээс тэр бусдаас хамааралтай иймэрхүү таагүй зүйлд тайван, хүлээцтэй хандаж сурсан байлаа. “Эхний хоёр жил тохиолдож байсан хямралуудаас намайг компанийн маань алсын хараа аварсан” гэж Д.Хулан захирал ярив. Тэр алсын хараагаа зөв тодорхойлж, “Lhamour” зөв чигт явж байна.    МОНГОЛ ЗӨГИЙН ЯПОН МЕНЕЖЕР

ТОМОКО Ибүкүро

Япон эзэгтэй нарыг гэртээ суудгаар төсөөлдөг монголчуудын хувьд “Михачи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Томоко Ибүкүро “өөр” хүн. Харин хөдөө аж ахуйн салбарт аж ахуй эрхлэгч олон монгол эмэгтэйн адил гүжирмэг, зоримог байдлыг нь харахад “өөрийн” хүн мэт. “Охин хүүхэд байж...” хэмээн хэзээ ч зэмлэж байгаагүй аавынхаа хүмүүжлээр Томоко охин Японы нийгэмд өсөхдөө хэрсүү, бас нэлээд шартай болж төлөвшжээ. Энэ нь ч түүхч мэргэжилтэй түүнийг Монголд суурьшин 22 дахь жилдээ амжилттай ажиллаж амьдрах шалтгаан болсон буй за. Томокогийн үйл ажиллагааг нь эрхлэн явуулдаг “Михачи” компани Сэлэнгэ аймагт зөгийн аж ахуй эрхэлдэг. Тэд Томокотой тавуулаа ажилладаг бөгөөд зөгийн 350 бүл өсгөн, бүл бүрээс 55 килограмм бал хураан авдаг. Эднийх зөгийн бал үйлдвэрлэлийн том компани биш хэдий ч зөгийн нэг бүлээс авч буй балны хэмжээгээрээ адил үйл ажиллагаа явуулдаг аж ахуйнуудаа тэргүүлдэг аж. “Михачи” энэ онд 500 бүл зөгийтэй болж жилд 27500 кг бал цуглуулахаар зорьжээ. Тэдний үйлдвэрлэж савласан “Михачи” нэрийн зөгийн бал Монголын супермаркетууд, сүлжээ дэлгүүрүүдийн лангуугаар борлогддог. Томоко зөгийчний хажуугаар компанийнхаа менежментийг хариуцдагийн хувьд 2-3 жилийн дараа гэхэд зөгийн балаа гадаадын зах зээлд гаргахаар төлөвлөжээ. “Зөгийн бал монголчуудын хэрэглээнд төдийлөн нэвтрээгүй хүнс. 2016 оны судалгаагаар, нэг хүнд ногдох зөгийн балны хэмжээ 100 гр орчим байсныг бодвол одоо харьцангуй өссөн. Их дэлгүүрийн зөгийн балны лангуу 50 орчим сантиметр урттай байсан бол саяхнаас 1 метр болсон гээд л бод. Эх орондоо гологдсон бараа дэлхийд гарна гэж байдаггүй учраас манайх зөгийн балаа эхний ээлжинд дотоодын зах зээлд танилцуулахаар нийлүүлж байгаа” хэмээн Томоко ярьсан. Монгол Улс жилд гадаадаас 300 тонн зөгийн бал худалдаж авдаг бол дотоодын үйлдвэрлэгчид ердөө 100 тонныг нийлүүлдэг учраас импортыг орлох орон зай хангалттай аж. Харин Томокогийн үзэж байгаагаар бол, Монголын зөгийчид хоорондоо тоо хэмжээгээр өрсөлдөх биш, стандартаа сайжруулах, дотоодын зах зээлээ хангах, цаашид гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд хамтарч ажиллах цаг болжээ. Монголын зөгийчид балны чанарыг балт ургамлын чанартай шууд холбон ойлгодогтой Томоко санал нийлдэггүй бөгөөд стандартад нийцсэн байх нь л зөгийн балны чанар чансааг илтгэх хамгийн чухал хэмжүүр гэж үздэг аж. “Михачи” компани зөгийн балаа олон улсын ISO чанарын стандартад нийцүүлэхээр яг одоо ид ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн үйлдвэрийн шинэ байр барьж, тоног төхөөрөмжөө шинэчилж байгаагаа ч хуваалцсан юм. Томоко Ибүкүрогоос яагаад зөгийн балны бизнес эрхлэхээр болсныг нь сонирхсон юм. “Зөгий зөвхөн цэцгээр хооллодог маш хөөрхөн, бас тархиндаа орон зай тогтоодог GPS шиг системтэй, гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж, бүхий л амьдралаа үнэнчээр зориулдаг маш ухаантай, сэтгэл татам амьтан. Японы телевизийнхэн “Дэлхийн зөгийчид” нэвтрүүлгийнхээ “Монгол зөгийчин” дугаарыг бэлтгэхээр энд ирэхэд нь би хамт явж, зөгий гэдэг амьтантай анх танилцаж, зөгийн аж ахуйг сонирхож эхэлсэн” гэж Томоко хариулсан. Томоко удалгүй Японд очиж зөгийн аж ахуйнуудаар явж судалгаахийн, зөгийн балны чанарын талаар хийгээд энэ бизнесийг хийх хүний мэдвэл зохих бүхий л мэдээллийг цуглуулан иржээ. Тэгээд нөхөр болон өөр нэг найзынх нь хөрөнгөөр “Михачи” компани байгуулагдсан байна. Ингэж Томоко зөгийгүйгээр амьдралаа төсөөлөхгүй болтлоо монгол зөгийн япон менежер болжээ.

ДӨЧИН ЖИЛИЙН ЖОР

Цэмбэлдоржийн ЭНХТУЯА

Монгол Улсын эрүүл мэндийн үйлчилгээний эм зүйн салбарын топ таван компанийн нэгд зүй ёсоор нэрлэгддэг “Тавин-Ус” ХХКийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ц.Энхтуяа “Бурхан намайг эм найруул гэж томилсон” гэлээ. Тэрбээр өөрт байгаа бүх үүргийн эхэнд эмзүйчийн ажлаа л төгс гүйцэтгэхийг хичээсээр ирснээ ярьсан юм.  Улаанбаатар хот даяар ердөө тавхан эмийн сан ажилладаг байсан 1996 онд Урт цагааны баруун булангийн 15 метр квадрат жижигхэн талбайд үүд хаалгаа нээсэн “Тавин-Ус” эмийн сангаас Ц.Энхтуяа захирлын бизнесийн түүх эхэлдэг. Тэрбээр бизнесийн түүхээ өгүүлэхдээ өөр нэгэн зүйлийг нандигнан онцолсон нь анхаарал эрхгүй татав. Эм найруулагчаар сурсан оюутан ахуй цагаасаа мэргэжилдээ дурлаж, 1981 онд ажлын гараагаа эхлүүлж байхдаа хожмын амжилт бүтээлийнхээ учир шалтгааныг Ц.Энхтуяа нээж илрүүлжээ. Хонон өнжин эм найруулж, маргааш нь дахиад л бүхнийг эхнээс нь эхэлж, дахиад л оролдож, туршиж, бүр илүү чамбайруулж, түүний барьсан жороор өвдөх зовлонгүй болсон хүмүүсийн талархлыг анх сонссон тэртээх он жилүүдэд эм найруулагч Ц.Энхтуяа хэзээ нэгэн цагт байгуулж, удирдах компаниараа овоглон гялалзах дөчин жилийн жороо бүтээж явсан байна. Нөхөр, дүүтэйгээ гурвуулхнаа эхлүүлсэн “ТавинУс” ХХК-ийн хамт олон өдгөө 130-уулаа болж, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа бүхий эмийн сангуудын сүлжээ, 60-аад нэр төрлийн эм, бэлдмэл үйлдвэрлэдэг “Тавин-Ус фарм” охин компаниар үйл ажиллагаа нь өргөжсөн байна. Ингэж өргөжин тэлэхэд зардал багатай, тогтвортой санхүүгийн эх үүсвэр чухал хэрэгцээтэй бөгөөд хамгийн сүүлд л гэхэд тэд “Тавин-Ус фарм” эм үйлдвэрлэлийнхээ орчныг сайжруулах зорилгоор ХасБанкнаас эко төслийн зээл авч, өмнө нь нүүрс түлж халаадаг байсан үйлдвэрийн 400 метр квадрат талбайн дулааныг агааржуулалтаар шийдсэний сацуу лабораториудыг шинээр байгуулсан нь чанар, аюулгүй байдлын хувьд томоохон дэвшил, маш том хувьсал болсныг Ц.Энхтуяа захирал олзуурхан өгүүлэв. “ХасБанкнаас зээл хүсэхэд богино хугацаанд, чирэгдэлгүй шийдсэнээс гадна хамгийн гол нь эко бизнесийн зээл гэдэг утгаараа зах зээлийн дундаж хүүнээс харьцангуй бага хүүтэй байсан нь хөрөнгө оруулалт амжилттай хэрэгжих хөшүүрэг болсон” гэж тэрбээр онцолсон.


"Гэрэг” сэтгүүл Олон улсын Эмэгтэйчүүдийн өдөрт зориулан "Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх нь" төслийн багтай хамтран бэлтгэсэн дугаараас хүргэж байна. Төслийн багтай холбоо барих бол:FB: WEE MongoliaE-mail: WEEMongolia@gmail.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.