Хайх зүйлээ бичнэ үү

21 мин

ГЭРЭГ АРХИВ | Аавын үгүйд нутгаа зорьсон тэмдэглэл


“Гэрэг” сэтгүүл эхний дугаараа гаргаад ТАВАН жил өнгөрчээ. Энэ хугацаанд “буцалж ноцсон”, нэгтгэж дүгнэсэн, асуудал хөндсөн гээд өөр өөр өнгө төрхтэй олон дугаарыг уншигчдадаа барьж, 2014,2015,2019 оны Монголын шилдэг сэтгүүлээр шалгарсан юм. Бидний бэлтгэсэн нийтлэл, сурвалжлага хэрхэн өсөж, өндийж энд ирснийг "Гэрэг: Архив" цувралаар хүргэж байна. 

Энэхүү нийтлэл 2014 оны Балдорж шагналын шилдэгт 10-т багтсан билээ. 


(Тэмдэглэл)

Долдугаар сар жилийн хамгийн дүйнгэ үе. Халуун бүгчимд гараас юм гарах янзгүй, тэгсхийж нозоорсоор хамаг цаг урссан байхдаа их. Тамир шавхсан энэ ноорхой өдрүүдийг барахын тулд жилийн яг энэ үед хаашаа ч хамаагүй явах л хэрэгтэй гэсэн хорьж дийлэмгүй нүүдэлчин араншин дотроос хатгаад, хэдийгээр хийх ажил их байсан ч хүчээр шахам чөлөө аваад нутгийн зүг зам шулуудав аа. Нутгийн зүг!

“Аль нутгийнх вэ?” гэж таарсан хүн ярианы далимд асуухад шууд хотынх гэж хариулах уг нь манай үеийнхний дунд догь сонсогддог л доо. Хөдөө гэхээр гадаадынханд унаган эрх чөлөө, уудам тал нутаг уужуу сэтгэлт хүмүүстэйгээ, байгалийн үзэсгэлэнт зураглалтайгаа буудаг бол өөрийгөө хотынх гээд байгаа манай үеийнхэнд бол шууд л мал, малчин, шулуухан хэлбэл нэг тийм маанагдуу хүний дүр зураг хамт буудаг учраас зугатаад байдаг талтай. Аав минь Говь-Алтай, ээж Сүхбаатарынх, товчхондоо хоёул хөдөөнийх боловч эндхийн уугуул иргэдээс дутахгүй соёл, боловсролтой хүмүүс болохоор уугуул нутаг, унагасан хүмүүсээсээ би ичдэггүй юм. Цагаан зээр, эм хүн нутаггүй гэдэг ардын үг үеээ элээж, дээр нь “шинэ үеийнхэн”-ийг нэмэх хэрэг гарсан энэ цагт над шиг хүмүүс “Би хотод төрсөн. Гэхдээ аавын минь нутаг Говь-Алтайн Чандмань” гэж дамжлаад хэлчих нь жаахан нуршуу боловч, хамгийн “аюулгүй” хариулт шиг санагддаг.

Багад очих газраасаа хүрэх зам зуур хамгийн сайхан санагддаг байлаа. Аав маань геологич хүн байсных, зун хичээл амармагц бүх гэрээрээ хөдөө дагаад явна. Ээж тогооч, хоёр ах маань туслах, авга ах жолооч, би харин эрхийн тэнэгийн үүрэгтэй, бас нэг шар үүргэвчтэй гарна. Тэрнийхээ ёроолд солих хэдэн хувцас хийгээд, үлдсэн зайг нь ундаа, чихрээр дүүргэчихнэ. Аяны замд энэ цүнх бас аавын шил юмны авдар, ээжид хэзээ ч харуулж болохгүй хориотой сэйф болж хувирна. Тэгээд л урд талын суудалд, аавын өвөр дээр тухалж аваад хөдөө замд гараад туучихна. Аль хүрэх, хаагуур дайрах, юу хийх тухай ямар ч бодолгүй, чихэр хүлхэх зуур жирэлзэн өнгөрөх уул толгодыг тоож харах ч сэхэлгүй, гагц аавын өврийг тулах цэгээ болгоод зоргоор тэнэглэхийн жаргалтай юу эгнэх билээ. Харин одоо очих газар ч, хүрэх зам зуур ч сэтгэл догдлуулахгүй байгаа нь хачин. Хэн ч намайг хүлээгээгүй газар руу, тэгээд бүр аавын нутаг руу аавгүй явахын гашууныг гарган дүрслэх үг энэ дэлхийн аль ч хэлэнд байдаггүй байх аа. Ийм доголхон аяны турш очих газар, очоод юу хийх тухай, үгүй дээ л замаар өнгөрөх бүхэнд санаа сэтгэл өөрийн эрхгүй торж, тээглээд бэрх аж.  

Долоон жилийн дараа анх удаа гэр бүлээрээ аялах болоход надад хамт замд гарах боломж олдсонгүй. Товлосон өдөр нь гарцаагүй ажил гарсан учир ах нар ээжийг аваад түрүүлэн хөдөлж, би маргааш нь авгын машинтай явахаар болов. Амбаа маань ёстой л залуу насаа дуустал, залгаад өтөл насаа элтэл жолоо барьсан хүн. Багад, нэг өглөө сэрэхэд л ПАЗ дүүрэн танихгүй хүн газраар зулчихсан, “Амбаа нь ирсэн” гээд ээж цай цүү чанаж байдаг дүр зураг даанч тодхон. Тавьтайгаасаа хойш царай төрх нь хэвэндээ тогтчихсон аятай огтхон өөрчлөгдөхгүй байгаа Амбаа маань Чандмань Улаанбаатарын хооронд нүдээ аньж байгаад ч явж чадахаар хүн. Аян замд гарах нь ямар нэг ариул үйл, ёслол төгөлдөр арга хэмжээ мэт санагдахуйцаар бүхнийг бэлтгэдэг нь хэвээр. Өглөө ирж хэдэн цүнхийг маань аваад, ачаагаа жимбийтэл янзлаад орой ирж намайг авахаар тохироод явлаа.

Болзолт цаг болоход баахан ууртай хүн ирэв. Үг ч дуугарсангүй. Би ч бушуухан суугаад авлаа. Үнэндээ Амбаагаас өөр нутгийн замыг гаргаахгүй мэдэх хүнгүй, дээр нь хамаатны хэд маань “Таныг дагаад явна шүү” гэж яриан зуураа захьсан учраас мань хүн залгахыг нь хүлээгээд байж. Гэтэл хэн ч яриагүйн учраас л ийн уурласан болж таарлаа. “Та хэзээ гарах гэж байна, тэнд энд уулзаад хөдөлье” гэж ярьж болно оо доо. Ер байхгүй. Утас шөрмөс нь нэгжгүй байдаг юм байх даа. Тэгнэ гэж баймааргүй л юм” гээд замаа нэг, утсаа нэгэн харан дургүйхэн хөдлөв. Уг нь их тайван хүн шиг боловч уурлахаараа мөд тайвширдаггүйг нь бид бэлхнээ мэдэх хойно дуугүй л толгой дохин явна.  “Сэтгэлийн нэгж нь дуусчихсан амьтад” гэж сая нэг голыг нь олж хэлээд санаа нь амрав бололтой хэсэгтээ чимээгүй боллоо. Амьхандаа тэдэндээ туньж зөрүүдлээд, хол замд түрүүлээд гарсан боловч Лүн дээр ирмэгцээ “Нөгөө хэд рүү залга, гарсан эсэхийг нь мэдээдэх. Бид эндээ хүлээж байя гээд хэлчих” хэмээн үүрэгдлээ. Тэвчээр нь алдарчээ, янз нь. Ор сураггүй орхиод гартлаа “сэтгэлийн нэгж” нь дуусаагүй бололтой, авга минь.

Цаг хэдийнэ шөнийн 03.00-ийг заах ч, Улаанбаатараас гарсан машины урсгал татарсангүй. Амралт зугаалгын цаг таарснаас гадна энэ жил улс даяар нийт 118 сумын тэгш ой тохиосноос, Говь-Алтай аймагт хамгийн олон буюу 14 сум 90 жилийн ойгоо тэмдэглэх болов. Гарахаас өмнө фэйсбүүкээ шалгаж суухдаа “Хотын хөдөлгөөн эрс багасчээ. Хөдөөнийхөн нутаг руугаа явж, уугуул хотынхон үлдлээ дээ” гэсэн зурвас олон удаа шэйрлэгдснийг харлаа. Хэрэв би ийн бичээд, эмээ, өвөө маань харсан бол, байг гэхэд авга ах маань үзсэн бол турсагаа нэг сайн хуулуулахгүй юу. Хүн ер нь аль зэлний унага гэдгээ хэзээ ч мартаж болохгүй юм шиг ээ.

Чандмань хүрэх замын урт (940 км) өөрчлөгдөөгүй ч танил дотно зүйл баахан алсарсан санагдав. Амбаа маань жолоогоо атган хоёр тийшээ найгасхийгээд, замын уртыг дуулсаар бардаг нь байж. Мань мэттэй юугаа л яриа аж гэхэд хамт яваа хоёр үеэлтэйгээ хөөрөх юм ч тэгсгээд татарчихдаг юм байна. Хамаатан, садан гэдэг ойлголт биднээс улам бүр холдсоор байгаагийн нэг жишээг ийн бүтээж, үг дуу, уур амьсгал муутайхан суух зуур өнөө хэд араас ирж, бидэнтэй нийлээд цааш явлаа.

“Нар жаргахаас өмнө шалын хоолойд хүрчих юмсан” гэж Амбаа маань аяны турш сая нэг ам нээлээ. Шалын хоолой! Яг тэр шүү. Чандмань руу дөхөөд ирмэгц хүмүүс ёс аятай Шалын хоолойн элдэв домог, жолооч нарын паян, төөрч будилснаа дэлгэдэг нь ер өөрчлөгдөөгүй аж. Багадаа би энэ газрыг дүүрэн устай, дээгүүр нь модон шал тавьчихсан, жолооч нар эмээгээд байдгийн учир нь живчих вий гэсэндээ байдаг байх гэж ургуулан боддог байв. Тэгээд учиргүй айна, тэгсэн мөртлөө бас тэр хоолойг нь харчих юмсан гэсэн хүсэл дотроос асна. Гэтэл яагаад ч юм, багадаа тэр айхтар хоолойгоор хоёр удаа явахдаа хоёуланд нь унтчихсан байж таараад, нэг сэрэхэд Чандманийн төв дээр ирчихсэн дуу шуугиан болоод явчихдаг байв. Ямартай ч аяны хүмүүс Шалын хоолойд нарны голтойд хүрэхийг хичээцгээдгийг л санаж үлджээ.

Цонхоор ширтэн, бодлоо тэнүүлж суутал Амбаа маань Хөх эргэний гарам руу дөхөж яваад ёрдойсон чулуунд машиныхаа касчерийг цохиж, дороо зогсов. Муу тэрлэгээ хэдрээд машиныхаа доогуур шургаад, гарч ирлээ. Засал авахгүй нь тодорхой болж, бүх тос асгарч дууссаны ул мөрийг янзгүйхэн заалаа. Тэр наадмын нээлтээс хоцрох нь ч дүүрч гэхэд 90 жилийн ойн концертод дуулах хөг өнгөрсөнд харамсна. Гэвч бас насаараа жолоо барьсан хүн нутгийнхаа барааг харах төдий болоод эзгүй талд таг зогсчихсондоо итгэж чадахгүй байгаа нь илт. Азаар удсан ч үгүй, замын машин хоёроороо гарч ирээд, нэг нь Амбаагийн машиныг Хөх эрэгний гарам хүртэл чирж, нөгөө нь үеэл бид хоёрыг суулгаад Чандмань орохоор болоод саллаа. Удаан саатсан учраас алдарт Шалын хоолойтойгоо аргагүй шөнө тулав шүү. Энэ удаа сэрүүн явсаар Шалын хоолойд хүрлээ. Ус гол, түүн дээр татсан модон шал юу байх билээ дээ, зүгээр л тал. Эргэн тойрон энгүй их талаас өөр юмгүй. Энэ хавьд айл бараг л үгүй, дээр нь салаалсан олон замтай учир шөнөдөө туршлагатай жолооч байтугай нутгийн иргэд ч төөрдөг гэнэ. Аяны хүмүүс Шалын хоолойд нарны голтойд хүрэхийг хичээдэг нь ийм учиртай аж. Харанхуй шөнө, жижиг машин тал дундуур шороон манаруулан хурдална. Жолооч нь нутгийн хүн учраас битгий л төөрчихөөсэй гэж зальбираад, өнөөх маань ч сурамгай янзтай шулуухан давхиад байсанд нь бас ч гэж итгэл төрж байтал гэнэт зогсоод, нэг явсан замаараа гурвантаа тойрчихлоо гэх нь тэр. Шалын хоолой барахгүй даваа гэдэг үнэн байж шүү. Бид хэд бууж нүдээ дасгаад айл харлаа, эргэн тойрон бөртийх юмгүй. Жолооч тамхиа баагиулаад үг дуугарах шинжгүй. Тэгсэн өнөөх маань гэнэт хөдөлье гээд ухасхийв. Замаас салж, айл таарч юуны магад гэсэн сохор азандаа найдаад хаашаа ч юм давхиад өглөө.

Дэрстэй бутнаас өөр таарах юм алга. Хэр удаан явсан, ахиад бас хэр удаан явахыг бүү мэд. Ер нь бидэнд мэдэхгүй юм даанч их ажээ. Өдийг хүртэл юу тууллаа, урдах ирээдүйд намайг юу тосож байгаа тухайд хар таамаг, хий найдвараас өөр юу л хань болдог билээ дээ. Хотын цутгамал хэвнээс ховхроод хөдөөгийн дүрэмгүй энэ талаар яваа маань таалагдаж эхэлж, элдэв тэнэг бодолдоо эргэцэж суутал ашгүй нэг айлын бараа харагдав шүү. Шөнийн 03.30 цагт айлын гадаа бууж, ердөө зам асуухын тулд эздийг нь сэрээх, тэгмэгц дээл хэдэрсэн хүн гарч ирээд уйгагүй гэгч зам зааж, цай уугаад гар гэж уриалгахан загнах сэлт бүгд үзэгдээгүй юм шиг цоо шинэ санагдана. Айлын эзний буянаар Шалын хоолойг гатлах замаа олж, өглөөтэй уралдан Чандмань суманд ирлээ. Энд урд хоёр удаа ирэхдээ хагас сараас илүү удаагүй байх. Тэгсэн мөртлөө миний нутаг гэж өмчирхөнө. Аавын минь төрсөн газар гэх үг л алсаас тодрох жижигхэн сум, гайхуулах юмгүй бяцхан сууринтай намайг уяж байлаа. Өөр юм ч бас бий байх.

Сумыг ер нь юу сум болгодог юм бол оо. Чандманийг жишээлж үзье. Хөгжил дэвшлээс 1000 шахам км алслагдсан зай нь уу, нутагтаа аж төрж буйгаараа хөдөөнийх хэмээх агуулгад багтсан хүмүүс нь үү, интернэт кафе, кофе шоп, фитнесс, үгүй ядаж засмал зам, гэрлэн дохио байхгүй буурай хөгжил нь үү, эсвэл ердөө 90 жилийн өмнө хилийг нь зааглаж, Чандмань хэмээн нэрлэсэн тэр үйл явдлын үр дүн үү? Албан ёсны бичигт “Сум нь Монгол Улсын засаг захиргааны хоёрдугаар түвшний нэгж юм. Нэг сум дунджаар 4200 ам.км нутагтай, 3000 орчим хүн амтай, нийт 120 сая төгрөгийн орлоготой бөгөөд үүнээс 90 хувь нь улсын мөнгөн тэтгэмжээс гардаг”гэжээ. Чандмань бол 4600 ам.км газар нутагтай, 2200 орчим хүн амтай, ерөнхийдөө дундаж түвшний сум байж таарах нь. Сумын төвдөө хүн амынх нь 40 хүрэхгүй хувь нь буюу, 890 нь аж төрдөг. Чандманий 90 жилийн ойд оролцох гэж л ирсэн, хот газрын амьдралын хэв маягт нэгэнт дассан хүнд бол уйтгарын далай адил. “Unitel”-ээс өөр утасны сүлжээ барихгүй, фэйсбүүктээ зураг оруулах тухай бодоод ч хэрэггүй энэ газар Соёлын төв, халуун усны газар, зочид буудал, цайны газар, шатахуун түгээх газар, худаг, номын сан цорын ганц л бий. Гэвч тоо биш чанарыг, боломжийг бус хүртээмжийг тооцвол эндхийн иргэд тийм ч тарчиг амьдардаггүй аж.

Дээр дурдсан “ганцууд” сумын төв дэх мянга хүрэхгүй иргэндээ элбэг хүрэлцдэг. Дээр нь зурагтаар кабелийн сувгууд гарна. Хувьдаа музейтэй, тэнд нь XIII зууны үеийн эмээл хүртэл байдаг Соёлын төвд жилд 100 орчим соёл урлагийн арга хэмжээ болдог гэхээр сумынханд уйдах зав цөөхөн гардаг бололтой. Намайг Чандманьд хоцорч очсон орой 90 жилийн ойн нээлтийн концерт болох тухай зар элдэв сурталчилгааны хэрэггүй, ам дамжиж тарж, үдээс хойш гэхэд бүх хүн мэдсэн байлаа. Соёлын төвийн эрхлэгч нь манай авга ах Ц.Лханаажав. Манайхан Анаа гэж авгайлна. Концертийн бэлтгэл, наадмын нээлт, хаалт гээд ухаан сөхөөгүй хэд хоног гүйхдээ, намайг ирээд буцсаныг ер мэдээ болов уу, яагаа бол гэмээр л завгүй харагдсан. Улсын тэргүүний соёлын төвөөр шалгарах болзол хангасан Чандмань сумын соёлын төв 100 гаруй сандалтай. Гэтэл 90 жилийн ой гээд сумын суурин 2200 хүн дээр хотоос мөн дайны хүмүүс хүрээд ирж. Соёлын төвийн эрхлэгч санаа зовж буй нь илт. Гэвч концерт цагтаа эхэллээ. Бүх суудал дүүрч, зарим нь давхарлан сууж, завсар зайгаар нь хүмүүс зогсоод лав 220 орчим хүн эхний тоглолтыг үзэв. МУГЖ Том Жагаагаас эхлээд ардын авъяастан, сайн дурын уран сайханч хүртэл зуу шахам хүн концертийн багт багтжээ. Үзэгчид үнэлгээ, сэтгэгдлийг тайзан дээрх уран бүтээлчид сонсогдохоор дор дор нь хэлээд явчихдаг нь шударга санагдав. Тайзнаа гарсан хүн бүрийг эхлээд хэний хэн болохыг нь тодорхойлно. Залгаад зарим онцлог шинж, онцлох баримтуудыг хуучилна. Дуусмагц сайн муу, дутуу гүйцэдийг нь хэлээд туучихдаг нь хаа сайгүй нэвтрүүлмээр арга шиг санагдав. 19.00 цагаас эхэлсэн толголт зөвхөн тэр оройноо л гэхэд гурав дахиж, 02.00 цаг болоход арайхийн хөшгөө хаалаа. Дараа өдөр нь бас хоёр ч удаа тоглосноор, сумд ирсэн бараг бүх хүнд тоглолтоо хүргэж дөнгөв.

Маргааш өдрийн тоглолт эхлэхээс урьтаж, Соёлын төвөөр орсон нь аавын нэрэмжит шатрын клубээр орох ёстой байлаа. Багадаа өвөөгөөр шатар заалгасан аав маань уйгагүй хичээллэсээр цагтаа дэлхийн шатрын аварга Тигран Петрсиантай зэрэг тоглолтод оролцож, 28 нүүдлийн дараа хайнцах хүртлээ өсөж, 1985 онд ЗСБНХУ-ын дэд мастер цол хүртэж байсан юм. Хоёр ах ааваар шатар заалган, чамбай сурч, одоо ч хаа явсан газраа өрөг дэлгэдэг болсон. Харин яг ах нарт зааж байсан үед нь би тийм жаахан байсан уу, эсвэл огт сонирхоогүй юу бүү мэд, авъяасыг нь өвлөж үлдээгүй. Нэг удаа ах нараар шатар заалгая гэтэл “Муу хүнтэй тоглохоор муу болчихдог юм” гэж томроод хаалгаагаагүй юмдаг. Аль багын явдал л даа. Түүнээс хойш бүрмөсөн орхисон. Бага ахын маань хичээнгүйлэн тохижуулсан, аавын нэрэмжит шатрын клуб таван ширээтэй, ханандаа тойроод дэлхийн аварга шатарчдын намтарт зурагтай, цөөн хэдэн гарын авлагатай авсаархан өрөө байна. Сумын шатрын аварга шалгаруулах тэмцээн сүүлийн дөрвөн жилд энд зохиогдсон гэнэ. Соёлын төвийн өрөөнд, хүн бүрт нээлттэй учир хүүхдүүдээс гадна томчууд хүртэл зав зайгаараа шатар тоглож суудаг хэмээн Анаа ярианыхаа далимд хуучилсан нь сайхан санагдав.

Аавынхаа нутагт нэрийг нь гаргаж явах шиг бахархал хүү заяанд олдохгүй хувь байх. Намайг багаас л аавтайгаа усны дусал шиг адилхан гээд, эмээ маань бүр “Үхсэн бол эргээд төрлөө гэхсэн. Яахаараа ингэж ааш зан, царай зүс цөмийг нь дуурайдаг байна аа” гэж өхөөрддөгсөн. Удаан хараагүй авга эгчийнхээ гэрт ортол намайг харуут л уйлчихав. “Дүүгээ ороод ирлээ л гэж бодлоо шүү, миний хүү аавтайгаа яасан адилхан болоо вэ” гээд үнсэнэ. Нутгийн хөгшид, ангийнх нь хүүхдүүд, найзууд нь гээд миний танихгүй, царайг нь ч харж байгаагүй хүмүүс “Жамъян-Очирын хүүхэд мөн үү” гээд танимхайрч байсныг харахад би одоо ч аавтайгаа адилхан хэвээр аж гэж бодоод харц дээгүүрхэн явлаа.

Хотоос баахан хүн ирнэ гэсэн сургаар сумын төвийнхөн дээр дооргүй баахан сандарцгааж, удаан ирээгүй хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэндээ тэр үү наадмын хөтөлбөрийг тав хоногт тараан байршуулсан нь буруудав. Баярын өдрүүдэд нэг бол орой хүртэл хийх юмгүй, нөгөө бол хурдан морины уралдаанаас өөр арга хэмжээгүй байсан нь баахан цалгар цаг боллоо. Хотоос ирсэн хүмүүс хувь хувьдаа л хийх ажил бодож олохгүй бол болохоо больж эхлэхэд бид гэрээрээ аавын, өвөөгийн, өвөөгийн өвөөгийн амьдарч асан газар нь одоо хүртэл аж төрж буй авга ахынх руугаа явахаар шийдэв. Түмээ ахынх сумын төвөөс 50 км-ийн зайд, Найтаастын голд буй. Манай удмынхан хэдэн үеэрээ амьдарсан болохоор бараг чулуу болгон нь түүх өгүүлмээр дотно газар. Багадаа нэг ирэхэд хориглоод гаргадаггүй байсан нутгийн уулсаар өдөржин морьтой явлаа. Хүрэмтийн уул, Илийн овоо, Эхийн хэвлий өөд гарахад уулсын эрчим надад буй бүхнээ өгөх шиг, тэдгээрийн оройгоос эргэн тойрноо харахад аавыг минь, бас намайг бүтээлцсэн ертөнцийн ширхэг чулуу нь болсон адил санагдаж байлаа. Замын турш элдвийн л юм бодогдов. Аавыгаа ямар их санадгийг, байсан бол гэж хэчнээн их үгүйлдгийг хүрээлсэн их уулс мэдчихээд, энгэр нөмөртөө бөөцийлөн аргадах ч шиг болов. Амьдралын огцом эргэлттэй үеүүдэд, нэг их баярлахаараа, эсвэл их том алдаж бүдрэхдээ хүү хүн аавыгаа хамгийн их санадаг байх аа. Ээж минь анхны ачаа үнэрлэж, эмээ болсон тэр өдөр аавыгаа би хамгийн их санаж билээ.

Гурван хүүтэй байхын жаргал, зовлонг аав ээж хоёр минь ханатал мэдрээ байлгүй. Багахан амжилтыг минь хүртэл өөгшүүлэн дэвэргэж, гурван хүүгээрээ орсон гарсанд омгорхон бахрахдгийнхаа цаана тэр хоёр маань нууцхан охин хүүхдийн хүслэн болж явдгийг нь бид цөм гадарладаг байлаа. “Хүүтэй бол охинтой” гэдэг үгээр л хүслээ цайлгаж ярьдаг байсан нь санаанд бууна. Үнэхээр л ардын үгний шид биелэж, том ах маань нэг л өдөр найз бүсгүйгээ дагуулан орж ирж, хэвлийд нь шинэ амь бүрэлдэж эхэлснийг гэнэтхэн дуулгасан тэр өдөр аав, ээж хоёр маань лав “ниссэн” байх аа. Бараг маргаашнаас нь өвөө, эмээ болохдоо бэлдэж эхэлсэн дээ. Тэгэхэд шүлэг бичиж байна гэж үг сэглэдэг байсан би хүртэл хөөрөөд аавдаа зориулсан шүлэгнийхээ мөрийг өөрчилж,

"...Үрсээ өсгөх гэж зовсоныхоо жаргалыг

Өвөө болохоороо мэдэрнэ ээ, та...” гэж ч билүү солиод тавьчихаж билээ. Эхнэрийнх нь хэвлийд охин үр бүрэлдэж байгааг мэдсэн тэр өдрөө ах аав, ээжид хамгийн түрүүнд дуулгаж, баярын нулимсыг нь баахан шавхсан. Аав маань сэтгэл хөөрсөндөө найзуудаа цуглуулан хэдэн өдөр ууж, тэгэх тоолондоо миний өнөө муу шүлгийг дахиулсаар байтал хэвлий дэх ураг хэдийнэ долоон сартай болсон байв. Тэгэхэд аав гэнэт ходоод өвдлөө, эмчид үзүүлтэл гайгүй шиг гэнэ, хавар ажил эхлэхээс урьтаж ер нь эмчилгээнд явж, давхар сувилуулаад ч авъя гээд эмнэлэгт болов. Хүний тэнэг барагдах биш дээ, аавыгаа сувилуулж байгаа л гэж итгээд өглөө, өдөртөө хоол дөхүүлчихээд, тавтай суухын завдалгүй гараад гүйчихнэ, би. Ээж хэдэн өдөр дараалж эмнэлэгт нь цуг байгаад ядарсан уу, нэг орой намайг хамт хоно гэв. Хичээлээ тарж очоод эргэлтийн боов чихрийг нь хуурайлчихаад сууж байх зуур аав утсаар ажил ярина. Эмнэлгээс удахгүй гарах тухайгаа хэлээд, хаврын ажлаа төлөвлөж буйг нь чагналаа. Би л болсон хойно “За энэ зун аль аймаг руу явах бол оо. Урьд очиж байгаагүй шинэ газар руу явбал сайхан даа” ухааны л юм бодож байсан байх. Тэгэхэд би 15 байсан хэрнээ эрхийн тэнэг хэвээр л байв. Эргэлтээр ирсэн найзууд нь “Жааяагийн эрх шар” гээд толгой илнэ. Харин тэр орой яагаад ч юм аав маань надтай бараг анх удаа том хүний байрнаас ярьж, сургууль төгсмөгц “Сэтгүүлч” коллежид оруулахаар төлөвөлсөн учир одооноос сонин сэтгүүл уншиж бай гэхчлэн баахан сургав. Энэ жилээс геологийн ажилд явахдаа тоглож гүйдгээ болиод, уул ус нүдэлж, нутгийн хүн амьтантай яриа хөөрөө дэлгэж, учиртайхан явахыг ч захилаа.

Ээж өглөө эрт ирмэгц, зөрөөд би сургууль руугаа дэгдэв. Хичээлээ тараад гэртээ иртэл хэн ч алга. Ээж ажлаа тараад, гэрээр дайрах завдалгүй шууд аав руу явна гэдгийг нь мэдэж байсан учраас хоол, цай бэлдэх санаатай суутал том ах залгаж “Эмнэлэг дээр хүрээд ир” гэж байна. Би ч санаачлагатай, сайн дүү гэдгээ батлах гэж сүржигнэн, “Тийм тийм, би энд яг хоолоо хийгээд сууж байна” гэтэл “Хоол унд яах вэ, өөрөө хурдан хүрээд ир” гээд утсаа шууд таслахад байдал бишдсэнийг зөнгөөрөө ойлгох шиг болсон. Гэхдээ л тэгэхэд байж болох хамгийн муу хувилбарын тухай санаанд ер буугаагүй. Өглөөхөн үнсээд гарсан, удахгүй эмнэлгээс гарч хаврын ажлаа эхлүүлэхээр ярьж байсныг сонссон учир “Бие нь жаахан хүндрээ юм болов уу” л гэж хоосон таамаглаад яваад очсон хэрэг. Аав минь сэхээнд байлаа. Авга нараас зарим нь ирж. Авга эгч, ээж хоёр өрөөнд нь орсон, намайг бусдын хамт гадаа хүлээж бай гэв. Хөл хүндтэй бэр эгч хүртэл ирсэн харагдана. Цаг гаруй боллоо. Өдөр гэнэт бие нь муудаад сэхээнд орсон, тэрнээс хойш ухаан нь орж гараад байгаа тухай хоёр ах маань хэлэв. Би оръё гэтэл эмч халгаасангүй. Ахиад хэдэн минут өнгөрлөө. Тэгтэл ээж гэнэт уйлаад гарч ирэв. Гүйгээд очих зуур авга эгч араас нь бас гараад ирэв. Ээж юу ч хэлэлгүй уйлаад л... Авга эгч харин эмчтэй хэд гурван үг солиод, ах бид гурвыг дуудаж “Аав чинь бурхан боллоо” гэж ердөө дөрөвхөн үг л хэлсэн. Итгэж, хүлцэж, хүлээж авахад ухаан сэтгэл хүрэмгүй, гэвч итгэж, хүлцэж, хүлээж авахаас аргагүйд хүргэдэг үнэнийг өмнө минь шууд л босгоод тавьчихсан дөрвөн үг....

Алтайн уулстай хамт аавыгаа нэг дурслаа. Аав өөрөө уул болчихсон шиг санагдав. Буцаад ирэхэд авга ах маань тослоо. Инээсээр ирээд, үнсээд буулгав. Алтайн хөх харчуудын үггүй “яриа” ийм л байдаг даа.

Ээж дайнаас ирсэн хүүгээ угтах шиг сүржигнээд “Ядрав уу, өлсөв үү” гээд сүрхий.  Цай хоолоо идчихээд сумын төв рүү хөдөлье гэж байна. Цаанаас нь нугасны дэгдээхэй шиг хэдэн юм шаагилдан, гүйхээрээ ирээд тошлой нэхнэ. Тэдний хамгийн том нь аавыг бурхан болсноос ердөө хоёрхон сарын дараа мэндэлсэн Т.Одончимэг билээ. 

Наадам ч яахав болдгоороо болсоон. Бөх барилдаж, сур харваж, морь уралдаад дууссан. Ойн уртад залхсан гийчид хотын зүг цуваа болж, өчигдөрхөн хүний хөлд хөлчүүхэн дайвалзаж байсан сум урьдын хэвээрээ эл хульхан хоцорлоо. Хэзээд л ийм байсан сумын төв хэн ч ирээгүй юм шиг гунигтайхан үлдсэн тэр өдөр би ч бас гэрийнхээн зүг хөдөллөө. “Хаа нэгтээгээс буцах зам, тэр дундаа харанхуй шөнөөр буцах зам хэзээд гунигтай” нь үнэн ажгуу.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
3
2023.04.24
Шинэцог-Гени | Хэн нэгэн байх хангалтгүй
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
3
0
0
0