Хайх зүйлээ бичнэ үү

22 мин

ГЭРЭГ АРХИВ: Монголын нэн шинэ үеийн НЭГ ӨДӨР


“Гэрэг” сэтгүүл эхний дугаараа гаргаад ТАВАН жил өнгөрчээ. Энэ хугацаанд “буцалж ноцсон”, нэгтгэж дүгнэсэн, асуудал хөндсөн гээд өөр өөр өнгө төрхтэй олон дугаарыг уншигчдадаа барьж, 2014,2015,2019 оны Монголын шилдэг сэтгүүлээр шалгарсан юм. Бидний бэлтгэсэн нийтлэл, сурвалжлага хэрхэн өсөж, өндийж энд ирснийг "Гэрэг: Архив" цувралаар хүргэж байна. 

Сэтгүүлч У.Бямбанямын энэхүү нийтлэл нь "Гэрэг" сэтгүүлийн 2015  оны зургаадугаар сарын дугаарт хэвлэгджээ. 


I. Нэг өдрийн төрх

Нэгэн цагт энэ зураг огт өөр хэлбэр дүрс, хил хязгаартай байжээ. Мандал бадралын хэмээн бардам тодорхойлдог тэр цагаас нааш хумигдаж, жижгэрсээр өнөөгийн төрхөө олсон нь энэ. Зуу ч хүрэхгүй жилийн өмнөх хэлбэрээсээ урд зүгийн шар, хойдын улбар өнгөнд уусган нэгтгэсний улбааг санаж яваа хүн цөөн. Магад үр хойчис маань энэ л хэлбэр дүрсийг тархи, зүрхэндээ буулгаж, ийм л байсан мэтээр бодно. Ханцуй шамлалдаж, хань нөхрийн ёс барилцаж явсаар өдийг хүрсэн “Russia”, “China” хэмээн томоор бичиж, өнгө ялгасан гүрнүүдийн завсарт ягаан өнгөөр тодотгосон эх орон минь байна. “Дэлгэсэн тэрлэг шиг” гэсэн халил ихтэй шүлгийн мөр шиг яг тийм гэж оноож хэлэхийн аргагүй хэлбэрт “эх орны минь зураг”.

Өрөөнийхөө хананд нааж тогтоосон дэлхийн улс төрийн газрын зургийг ширтэнгээ ийн бодлоо. Хөшиггүй өрөөнд өглөө эртийн нарны улбар туяа татаж, ажилдаа юм уу, эсвэл хаа нэг тийш яаран одох нэгний гутлын чимээ, бачимдсан шинжтэй ойр ойрхон дарах дуут дохио гээд нартай зэрэгцэн хотын амьдрал сэрж байна. Хүн босохоос өмнө төлөвлөснөө хийх бодол ч талаар болжээ. Магадгүй энэ хотын хамгийн их хөл хөдөлгөөн, залуу уур амьсгалтай газар амьдардаг болоод тэр биз. Оюутны хотхон гэж нэрийдсэн их сургуулийн дотуур байрнуудын дунд гэр минь байх. Юутай ч, энэ өдрийг газрын зургийн өмнө, хуурай газрын цээж, Төвдийн өндөрлөгийн хойд хормой, Төв Азийн хэсгийг анхааралтай ширтэн эхлүүлж байна. Цайны цагаар нь уулзахаар товлосон Америк залуугаас монголын тухай юу асуухаа бодож байсан минь ч ийм үйлдэл хийхэд хүргэсэн биз. Найм гаруй зууны өмнөх баатарлаг түүхээр, тэр түүхийн гол баатар Чингис хаанаар, эсвэл  дэлхий дээр ховордож буй нүүдлийн иргэншлээр л биднийг төсөөлдөг барууны зочноос юуг асуувал монголын нэг өдрийн талаар илүү ихийг мэдэж болохоо эргэцүүллээ.

II. Сибириэс өөр Монгол

Утсаар зааж өгсний нь дагуу Соёл Урлагийн Их Сургуулийн урд, замын эсрэг тал дахь “The Full Cup” кофений газарт яг цагтаа очлоо. Утасны цаанаас, өнөө өглөөхөн танилцсан Америк залуу Мэтт Хэглир. Мөлчийтөл хуссан толгой, цэнхэр нүд, шонхор хянган хамар, ер нь л нийтлэг европжуу төрх гээд хэлчихвэл илүү амар биз.

Гурван жил Монголд суусан Америкийн хувьд тэр монголоор тун муугүй ярина. Монголын талаар асуухаасаа өмнө өөр ямар нэг зүйлийг ярих учиртайгаа мэдэж байлаа.

Учир нь миний мэдэх гадаадууд Монголын талаар ярьж эхлэнгүүт өөртөө тохиолдсон сайн сайхан бүхнийгээ бодож, түүнийгээ сайн сайхан тал руу татаж яриад байх шиг санагддаг учраас тэр.

Гурван жилийн өмнө “Энхтайваны корпус”-ын сайн дурын ажилтнаар Монголд томилогдсоноо сонсоод жаахан дурамжхан хүлээж авснаа ярианы эхэнд сонин болгон ярилаа. Учир нь тэр Якутад, цаатнуудын дунд жил гаран суужээ. Газрын зургаас хэдхэн бээрийн цаана юм шиг харагдах Монгол Улс тэндэхээс юугаараа ч ялгарахгүй бол яах вэ гэсэн эргэлзээ, айдас түүнийг зовоосон нь мэдээж. Монголтой танилцах гараа нь болсон хасах 40 хэмийн хүйтэнтэй Увс аймаг бүр л урмыг нь хугалжээ.

Сибирийн хөлдүү дурсамжийг санагдуулах монголын шуургатай өвөл, тооноор тэнгэр гялбалзах эсгий гэр, галлахгүй л бол хөлдөж мэдэх зуух гээд л ялгамжгүй олон зүйл түүнийг угтсан. Шуургатай шөнө морь харахаар яаран гарч гүйгээд чулуунд тээглэн шороодсоноос эхлүүлээд одоо санахад хөгжилтэй, тэр үедээ шантармаар зүйл олон байжээ. Хөдөөний хүмүүсийн чин сэтгэл, нөхөрсөг байдал, уужуу тайван зан гээд гурван жилийн хугацаа түүнд монгол хүмүүсийн талаар гүн сэтгэгдэл үлдээсэн. Харин энд амьдрал огт өөрөөр өрнөдөг.

“Улаанбаатар чамаас олон зүйлд бэлэн байхыг шаардана” гэсэн түүний үгнээс би ямар нэг сонирхолтой ярианы эхлэлийг олж харав. Гэлээ ч дутуу хусагдсан дээд уруулынх нь сахлаас яриагаа эхлэх нь зөв гэдгийг тэр доороо ойлголоо. Төв цэнгэлдэхийн хажууханд байрлалтай түрээсийн байрных нь тог тасраад хоёр хоносон. Тогны мөнгөө тушаах ёстой банк нээгээгүй учраас цахилгаанаас татгалзахаас өөр сонголт Мэттэд байсангүй. Үнэхээр ч, монголын албан газрууд цагийнхаа хуваариар ажилладдаггүй нь хааяа хүмүүсийн тэвчээрийг шалгах төхөөрөмж шиг санагддаг юм. Тиймээс ч угаалгын өрөөнийхөө толинд гар чийдэн тусгаж сахлаа хуссан Мэттийн аргыг ойлгохоос яахав. Улаанбаатар дахь Мэттийн нэг өдрийн амьдрал энэ мэтээр саад тотгортой ч харьцангуй уужуу тайван өрнөнө. Өглөө босоод хэсэг гүйснийхээ хойно цайгаа ууж, хувцсаа сольж өмсөөд аль чимээ шуугиан багатай кофены газрыг сонгон зорьдог гэнэ.  Тэнд, “Talk talk English” сургалтын төвд дөрвөөс есөн цаг хүртэл хичээл заах хичээлдээ бэлдэх хэрэгтэй байдаг. Ажлаа тараад найз нөхөдтэйгээ уулзах боломж гарвал 12 цагаас өмнө амжуулах шаардлагатай.  Улаанбаатарт 12 цагаас хамаг газрууд нь үүдээ барьдаг нь Мэттэд хамгийн ихээр таалагддаггүй. Үнэхээр ч түүний хэлснийг ургуулан бодвол соц үеийнх шиг тулган шаардагч ардчилсан нийгэмтэй улс манайхаас өөр байдаг болов уу гэхэрхүү юм санаанд бууна.  Хувийн машинтай ч унаж болдоггүй, 12 цагаас хойш гадуур гарахад суух газар олддоггүй гээд бидэнд хуучин нийгмээс халдварласан зүйл улам л олшроод байх шиг. Ярианы эхэнд дурдсан “бэлэн байдал”нь утсаа алдах, хэтэвчтэй мөнгөө бичиг баримттайгаа хулгайлуулах, таксинд илүү мөнгө төлөх, монгол залуусын өдөх хоргоохоос бултах гээд олон зүйлд хамаардаг. Үнэхээр ч тэдэн шиг шар царайтай, шонхор хамартай хүмүүс Улаанбаатар такси барих нь учирч болох бэрхшээлийн нэг гэж бусдынх нь хэлдэг ч үнэний ортой. Ямар сайндаа, циркээс 11 дүгээр хороолол хүрэх дөрвөн километрт замд 15000 төгрөг нэхэж зовоосон байх вэ. Үүнийг сонсохоор өөрөө гэм хийчихсэн шиг надад эвгүй санагдана. Ялангуяа монгол жолооч нар гэж ярих үед.

Монголд удаан хугацаагаар суусан бусад гадаадуудын нэгэн адил түүнд цөөн монгол найз бий. Гэлээ ч Улаанбаатараас илүү Увсын монгол найзууд, хөдөөний зочломтгой зан таалагддаг. Цаг барьдаггүй, амьдрал нь ямар нэг зүйлд баригдаж яаруу сандруу байдаггүй монголын хөдөөд тэр дуртай. Гэхдээ гээд уруулаа хөдөлгөн бодолхийлснээ хөдөөний тэр завтай байдал хааяа сөрөг талтай гээд хэсэг чимээгүй болов. Би Мэттийн юу хэлэх гэснийг таамаглаж байлаа. Энэ оны байдлаар хөдөө орон нутгийн 17 орчим мянган залуу ажилгүйчүүдийн эгнээнд байгаагаас шалтгаалан сүүлийн жилүүдэд тэндхийн архидалтын түвшин өсөж буй гэсэн судалгаа бий. Мал маллахаас зугтаж, төв бараадсан тэдгээр залуусын завтай байдлын дутагдал архидалт болж буй нь хаа ч очсон харж болохоор дүр. Тэр ч гэсэн яг миний бодлыг таах юм шиг “архи уух” гэж сая хэлэв.

III. Ганц үг

Хэн байхаас шалтгаалан монголын нэг өдөр тийн өнгөрдөг ажээ. Нийтлэлийнхээ хоёр дахь баатартай уулзсаны дараа ийн бодлоо. Н.Яруу Өвөрмонголын Их Сургуулиас монголд магистрантаар суралцаж буй оюутан. Өвөрмонголчуудын монголын тухай төсөөлөл, бодит байдал хоёр амьдрал дээрхэрхэн зөрдгийг түүний яриа батална. Харь элгийн хүн биш дээ адилхан монгол гэсэн дэврүүн бодол нь ч тэгсхийгээд унтарчээ. Хамт хичээлд суудаг монгол оюутнууд нь хүртэл хужаа хэмээн даапаалж, хэл аялгаар нь баахан баалсны эцэст ярих хэлэхээ хүртэл цэнэхэд хүрснээ ярилаа. Энэ ганц түүний зовлон биш ээ. Ийм гомдол цөөнгүй Өвөрмонгол хүний амнаас сонссоноо санаж байна. Бидний амнаасаа санаандгүй алдсан “ганц үг” бусдын чихэнд яаж хүрдгийг хэн ч сонирхдоггүй.

Ийн бидний яриа эхлэв.

“Өнгөрсөн жил ирснийхээ дараа би 3.30 босдог байсан. Угийн урд байхдаа тэгж босдог байлаа. Гэтэл сүүлдээ нэг л мэдэхэд 5:30 болчихсон байсан”. Гадны зочдын ихэнх нь яг энэ байдлыг хэлдэг. Монголчуудын ажил есөөс эхэлж, нийгмийн сүлжээнүүдээ шалгасаар үдийн цайгаа дөхүүлж, цайгаа ууж мар мар хийсээр үдийн хойно хэдхэн цаг ажиллаад тарах цагт ирдэг гэх дэгс онигоо бий. Үнэхээр ч Улаанбаатар хотын нозооронги байдал бусдыг ч гэсэн тийм амьсгал руугаа татан оруулдаг байж болох юм. Ингэснийхээ дараа тэр биеийн тамир хийдэг. Бакалавраа цэргийн сургуульд дүүргэсэн болохоор бараг л хэвшсэн ажил нь гэнэ. Гүйлтээсээ ирээд цайгаа уугаад номоо жаал хараад сургууль руу явна. Хэрвээ чи сургууль дээр хөөцөлдөх ажилтай бол нэгээс хоёр цаг илүүчлэх хэрэгтэй гэлээ. Учрыг асуувал, нэг өдрийн төлөвлөсөн ажил нэг өдөртөө бүтнэ гэж хэзээ ч үгүй. Шалтгаан тоочиж, хоног хугацаа сунгаж, нэгээс нөгөө рүү явуулсаар цаг бардаг нь энэ хотын түүнд таалагдаагүй зүйлийн нэг нь. Гэвч хүлээж, хүлцэхээс өөр сонголт байхгүй нь мэдээж. Амралтаасаа саяхан ирээд сургалтынхаа төлбөрийг хийе гэтэл 2800 доллар нэхжээ. Угтаа нэг жилийн сургалтын төлбөр 1400 доллар байхыг хоёр нугалж хэлээд байгаагийн учрыг асууж цөхөөд шийдтэй хариу сонссож чадсангүй. Ингээд арга ядахдаа Улаанхадын Их Сургуулиас ирэх багшийгаа хүлээж байгаагаа хэлэв. Таксины жолоочийн явдал шиг ийм зүйл сонсох ч надад таатай биш.

Аяга кофе, хүмүүсийн нэгэн хэмээр хүүрнэх ярианы дундуур бидний яриа хөвөрнө. Бидний хэл яриаг шоолох мөртлөө хотод өөрсдийнх нь яриа англи юмуу, орос юм уу хаанахтай хольж яриад байгаа нь ойлгогдохгүй гээд инээв. Гэхдээ энэ зөвхөн хотод л тохиолддог гэлээ. Хөдөөний хүмүүс харьцангуй монголоороо ярьдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хөгжлийн дайралтад өртсөн энэ үе монгол гэх бүгдээсээ улам дайжиж явааг мэдэхийн хувьд түүний өөдөөс тавих тайлбар байсангүй. Яруу хичээлийнхээ хажуугаар Монгол хүмүүст Хятад хэл заасны дүнд Ар Монголын талаарх олон бодол суужээ. Цуг ажиллагсад нь бүтэн сар ажиллаж олсон мөнгөө нэгхэн орой хоол, пивонд үрчих мөртлөө үлдсэн жаахныг нь нэг сарын хугацаанд хүргэхээр хэчнээн махардаг талаар. Амьдралынхаа түвшинг харгалзахгүй бүх баярыг тэмдэглэдэг. Тэр хэрээрээ үр ашиггүй зардлын хуудас хөвөрч байдгийг ч хэллээ. Би ч түүний шүүмжлэлтэй санал нэгдэж байгаагаа илэрхийлэн толгой дохин суулаа. Эмэгтэйчүүдийн баяр, шинэ жилийн маргааш байрны үүдээр үхсэн цэцгийн баглаа хөглөрч байдгаас эхлээд таваарыг шүтэх үзэл манай нийгмийн хамгийн том дутагдал ч байж мэднэ.

Тэр найзынхаа хүсэлтээр нэг удаа шашны цуглаанд очжээ. Танилынх нь хэлэхээр, “Энэ нь шашин ч биш, шашны урсгал ч биш” аж. Библийн талаар танилцуулах лекц уншиж, библид бичсэн зүйлийг шинжлэх ухааны үндсээр баталж буй нь таалагдсан учраас 6, 7 дахиа хүртэл очсон гэнэ. Харин түүнээс цааш очсонгүй.  Овоо тахилга зэрэг уламжлалт ёслолд оролцох, шарын шашны эд хэрэглэл биедээ авч явах, эмнэлэгт очихыг нь хүртэл хориглосон учраас. Ингээд л маргаашнаас нь явахаа байчихаж.  Түүний санаа зовж байгаа зүйлсийн нэг нь энэ. Монголд нэгдмэл итгэл үнэмшил байхгүйгээс шашны маш олон урсгал суурьшиж, тэднийг шүтэгчдийн нас залуужиж байгаа нь тоогүй хэрэг гэдгийг ч нуусангүй. Христийн шашны урсгалууд, буддын шашны хутагт хувилгаад, бөө мөргөлөөс тодорсон удган зайран гээд эх захгүй шашны сүлжээ ардчилсан хувьсгалаас хойшхи  20 гаруй жилийн дүр төрх болжээ. Нийгмийн хүч сулрахын хэрээр шашин хүчтэй болдог гэсэн гаргалгаа хаа нэгтэйгээс уншсан санагдлаа. Тэгээд ч Яруугийн учирсан явдал шиг эмнэлэгт очихыг нь хүртэл хорьдог мухар сүсгийн шүтлэг монголын нийгэмд хэдийн байр сууриа олчихсон нь сонин. Хамгийн сүүлийн тоон үзүүлэлтээр Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь будда, христ, лал, бөө мөргөл гэсэн шашин шүтлэг, тэр дундаас салбарласан урсгалуудыг шүтдэг гэсэн судалгаа гарчээ.

Бидний бүхий л сэдвийг хамарсны дотор Монгол Улсын хөгжлийн хандлага хүртэл багтав.“Миний харж байгаагаар монгол 20 жилийн дараа аль ч улсыг гүйцэж хөгжих боломжтой. Учир нь хүн амынх нь ихэнх хувийг хүүхэд залуус эзэлж байна.” Үнэхээр ч түүний хэлсэн шиг өөдрөг сайхнаар харвал монгол маань өсөн дэвжиж л байна. Яриагаа билигээр төгсгөдөг нь монгол хүний ёс болохоор бидний яриа энэ мэт сайхнаар төгссөн гэдэгт эргэлзэх зүйлгүй ээ.

IV. 61 километр, 24 500 төгрөг

Улаанбаатар хотын халанги өдрүүдээр автобусанд чихэлдэж, эсвэл наранд шаруулан алхана гэдэг хааяа хэтэрхий төвөгтэй ажлын нэг. Бушуухан зам бараадаж, такси барихын түүс болох үе ч бий. Удалгүй ирж зогссон шар аксентын эзэн ах хаа хүрэхийг минь асууснаа, шийдмэгхэн дуугаар “суучих” гэлээ. Нийтлэлийн маань гуравдахь баатар, ажлын хамтрагч гэж болохоор түүнээс гэрт хүрэх хүртэл шалсаар шөнийн таксинд хамт явахыг зөвшөөрүүлсэн юм. Гэлээ ч түүнд татгалзах олон шалтгаан бий. Наанадаж л, шөнийн цагаар хоёр эрэгтэй хүн таксинд явахаар хүн суудаггүй гэх практик, сонсмогцоо сэрвэсхийн харсан сэтгүүлч хэмээх үг. Гэлээ ч би эргэлт буцалтгүй гуйсан хэвээр. Түүнийхээ үр дүнг ч үзэж, оройн есөн цагт уулзахаар тохиролцоод саллаа. Нэгэнтээ нэр, зургийг нь гаргахгүй гэдэг ам өчиг авснаас хойш анх таксинд гар өргөсөн газар Амарын гудамжны нэрээр “Амар” гэж дуудахаар шийдлээ.

Хэлцэж тохирсон газраа итгэлгүйхэн ирэхэд тэр хэдүйн ирчихсэн шар машиныхаа дотор талыг гялалзтал зүлгээд зогсож байв. Түүний шар тэрэг (өөрөө тэгж ярина) гаднаасаа нэлээд нэлээд эдэлгээ үзсэн харагдах ч дотроо цэвэрхэн нь олзуурхууштай. Ингээд хөдөллөө. “Шөнийн такси өдрийн такси шиг давхиад байвал бинзенээ дуусгаад өнгөрөхийн нэмэр, тэгээд ч бидэнд олуулаа эрэгтэйчүүд юм уу, согтуу хүмүүс л сууна. Тиймээс хэд хэдэн газраар орох хэрэгтэй” гэлээ. Өнгөрсөн долоо хоногт дугаарын хязгаарлалтаас болоод олигтой юм хийж чадаагүй учраас сүүлийн хэдэн өдөр шөнөөр гарч байгаагаа ч сонин болгон ярив.

Бид хамгийн түрүүнд “Сансарын түнээл”-ийг зорилоо. Хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газруудын нэг. Цэнгээний газар, караоке олноор төвлөсөн энэ газарт шөнө оройхон ирвэл элдвийг үзэж болох талаар Амар ах ярина. Сургууль цуглаж, үйлчлүүлэгчийн тоо олширсон ч тарах цаг нь арай л болоогүй бололтой. Ингээд бид жаал холхихоор шийдэв. Энэ зуураа Амар ахын таксинд явсан дөрвөн жилийнх нь түүхийг сонсохоор шаллаа.“Анх эксилтэй хоёр жил орчим явсан. Сүүлдээ ч бараг тэрэнд маань суух хүн олдохоо байсандаа. Тэгээд энэ шарыг авсан юм.Гайгүй ээ хоёр л машин. Харин суусан хүний тоог алджээ.  Янз бүрийн л хүн сууна” гэхүл замын хажууд нэг хүн гараа өргөлөө. Амар ах ч самбаачлан өөр машин зогсохоос өмнө байраа эзлэв. Их сургуулийн гудамжнаас баруун дөрвөн зам хүрсэн дунд эргэм насны тэр хүн их л бухимдсан шинжтэй өдрийн явдлаа нэг бүрчлэн тоочино. Түүний хэлэхээр, энэ хот өөрийнх нь урт наслах боломжоос хумсалж байгаа аж. Түгжрэл, хүмүүсийн харилцаа, дээр нь энэ халуун нэмэгдээд даралт улам ихэсгэх юм гэхчилэн насаар ахаар нь Амар ах руу хандан ярина. Би ч суудалдаа шигдэн тэдний яриаг анхааралтай сонсож явлаа. Таксины жолооч гэдэг ганцхан машинаар үйлчлэхээс гадна зорчигчоо зугаацуулах, уйдаахгүй байх нэргүй үүрэг хүлээсэн үйлчлэгч ажээ. Түгжрэлийн цаг өнгөрсөн учраас удалгүй дөрвөн зам дээр давхиад ирлээ. 2000 төгрөг, баярлалаа, баяртай.
Ийн анхны үйлчлүүлэгчээ авлаа. Би ч түүнийг буухтай зэрэгцэн цаг алдалгүй түрүүний яриагаа үргэлжүүлж, хэрхсэн тухай шалгааж гарлаа.“Хүмүүс миний машинд цүнхтэй компьтерээ, гар утсаа, хувцас хунараа хүртэл мартаж буусан удаатай. Чадахаараа л эрэл сурал болсоор эргүүлж өгдөг. Зарим нь ч бүр хоорондоо хэрэлдэж зодолдоод, нүдэлцээд гарна. Зарим нь мөнгөгүй гээд суучихна. Бүр орж ирээд тасраад унах ч хүн бий. Хэцүү ажил шүү дээ. Тавдахь өдөр бол хамгийн хэцүү өдөр байдаг. Манайхан чинь эр эм, хөгшин залуугүй яасан ч их уудаг юм” гэж үглэх шинжтэй болж ирэв. Бид явсаар Баянбүрд рүү орж ирэхэд оюутан бололтой гурван хүүхэд гар өргөлөө. Доод курсийн л оюутнууд бололтой тэдний ярианаас хөдөөнөөс орж ирсэн, өнөөдөр ангиараа уулзацгаасан болохыг төвөггүйхэн олж мэдэв.Тэднийг Дарь-Эх рүү буулгаж өглөө. Хотын төвөөс холдох тусмаа гэрэл бүдгэрч ямар, гудамж нарийсан ямар нэг харанхуй руу шунган орох шиг сэтгэгдэл төрнө. Байрны үнэ тэнгэрт гарчихсан энэ үед гэр хорооллынхоо тохижилтод анхаарахад яадаг юм болоо гэх яриа Амар ах бидний дунд өрнөж,  амьхандаа нийгмийн шүүмж өрнүүлэв. Гэрэлгүй нарийн гудам, огцом булан тохой, эзэнгүй ноход гээд барагтайхан эр ч жийрхэм ийм газар луу би барагтай л явдаггүй. Харин чамтай болохоор санаа амар явлаа гээд инээнэ. Эндээс үүдээд, Баянхошууны гэр хороололд нэг бүсгүйг аварсан тухайгаа ярилаа. Гурван залуугийн гараас муу машиныхаа хүчээр аварсандаа. Хаазаа өндөрсгөөд ойртоод очсон цочсондоо жаахан цаашлах хооронд нь бүсгүйг суулгаж амжсан. Тэрнээс надаас юундаа айхавдээ гээд махлаг царайд үл мэдэг инээмсэглэл тодорсноо хөмсөг зангидлаа. Ер нь царай төрхийг дүрсэлбэл “Тунгалаг Тамир” киноны Төмөрт тоглодог Сандуйжав гуайрхуу л монгол төрхтэй эр л дээ.

Бид буцаж хотын төвийг чиглэн Туул рестароны үүд, Ялалтын талбайн гадна эгнэн зогссон таксинуудтай нэгдлээ. Энд хамгийн орой хаадаг цэнгээний газар байдгаас шөнөжин хүн тасардаггүй гэнэ. Гэвч энэ олон машинаас өрсөж хүн олох хэцүү учраас Сансарыг эргэх санал гаргав. Тэндээс бид харин овоо олзтой явлаа. Олуулоо суусныг эс тооцвол нэлээн хэдэн хүн суулгаж, орлогынхоо ихэнх хувийг хийсэн юм. Шөнийн үйлчлүүлэгчид ихэвчлэн спиртний төрлийн ундаа үнэртүүлсэн байх нь жам.  Бөөрөнхийдүү хэлээр очих газрынхаа нэрийг хэлээд очих хүртэл ам нээхгүй нь амарч юм шиг. Бараг л унтаж явдаг биз ээ.  Гэхдээ олуулаа бол шуугилдаж, чихэнд чийртэйг хэлэх юун. Ер нь тэгээд хэн ч суухгүй гэх газаргүй юмдаа.

Баатар хотын шөнийн амьдрал. Бүлэмцүү залуус, тэнүүлчдийн хөл татраагүй шөнө дундын үес. Аливаа зүйлээс сайн сайхан, саар мууг зэрэг харах нүд хайрлагч бөглүү, бөгчим зуны хотын шөнө төгсөх дөхжээ. Монголын нэг шөнө. Амараа ахын шар тэрэгний милл 61 хэмээн зааж, хамтран ажиллагсад орлогоо тоолноо хэмээн ичингүйрэн хэлэх Амараа ахын гар дахь 24 мянга 500 төгрөг гээд бүхий л зүйл тооноос бүрдэх шиг.  Одоо ч гэсэн он цаг гэх тоо ээлжлэн улирсаар. Гэрт минь буулгаад дахин уулзахын ерөөл тавин эргэсэн Амараа ахтай ч ахин уулзах үгүйгээ мэдэхгүй. Он цагийн дундахь монголын нэг шөнө дуусч байна.

V. Малчинтай малчин, мотоциклтой хоньчин

Зуны өглөө нүдээ нээхэд тугалын зэлэн дээрх ээж, морины уяан дээрх аав, ус руу хонио туун одох ахын дүр харагддаг тэр хөдөөг хүүхэд настайгаа хамт орхин, зугтаж яваа юм шиг гэм сэтгэлд хургана. Гэгээтэй уралдан эхэлж, гэгээтэй уралдан дуусдаг малчдын амьдралд өссөн учраас тэдний хөдөлмөр хэчнээн хүнд болохыг ч гадарлах билээ. Хөл амар, гар хөсөр суух завгүй жилийн дөрвөн улиралд бөхийн байж өсгөж үржүүлдэг мал сүргээ даган хөдөө хөхөрсөн хөх өвгөд эмгэдийн зах зухыг ч санаж байна. Байгалийн хатуу ширүүнтэй тэмцэхэд хэзээд бэлхэн эгэл төрхнийхөө цаана асар их хүч тэнхээ тээсэн тэдгээр хүмүүс энэ үе дэх бидний дээд угсаа. Тэдний амьдралын давтамж нь нэгэн хэмээр өрнөх ч хөгжлийн давалгаанд арга буюу татагдан орохоос өөр замгүй байлаа. “Устаж буй соёлууд төсөл”-ийн 2012 оны арга хэмжээнд монголын нүүдлийн мал аж ахуйг оруулсан нь энэхүү соёл устаж буйг дэлхий нийтэд албан ёсоор зарласан үйлдэл болчих шиг санагдсан. Аажуухан хувьсан өөрчлөгдөх тэр ахуй соёлоос юуг ч юм бид алдсаар байна. Баруун, зүүний ялгалгүй малчдын амьдрал хөгжлийн нөлөөнд автан улам бүр сууринжих байдалд түрэгдсээр байгааг харлаа. Сүхбаатар аймгийн ахмад малчин Нанзад гуайн утасны цаадахь дуу хоолой ч ямар нэг зүйлд харуусаад байх шиг сонсогдсон. Сүхбаатар аймаг богийнхоо тоогоор улсдаа дээгүүр ордог. Таван төрлийн мал адгуулдаг, говь хээр хосолсон байгалийн тогтоцтой газар. Нанзад гуай эцэг өвгийн уламжлалаар мал дагаад 50 жилийн нүүр үзжээ. Төр засгаас авах шагналуудыг хүртэж, гурван хүүхдээ малчин болгосон ч орчин цагийн мал маллагаа нэг л таалагдахаа больсныг учирлан ярилаа. Отор нүүдэл, тарга тэвээрэг хөөхөө байж, сум аймгийн төвд аль ойр газрыг сонгон нутаглаж, зав зай л гарвал машин мотоцикл хөлөглөн төв рүү давхисан улс байдаг гэнэ. Хөсөг тэрэг, тэмээгээ эдлэхээ больж, оронд нь “Made in Korea” гэсэн бичигтэй цэнхэр, цагаан машинууд хөлөглөн, ойр зуурхан мордохдоо хүртэл моторт дугуй унасан орчин цагийн малчдын дүр төрх нэг талаараа егөөтэй санагдана.

“Бид нийгмийн хөгжлийг дагалгүй л яахав. Нэг үеэ бодвол өнгөт зурагт олон сувгаар үзэж, гэрээсээ утсаар ярьж, гаднаа ачаа суудлын машин, мотоцикл эгнүүлж орчин цагийн амьдралаас дутахааргүй л амьдарч байна. Гэвч энэ бүхэн ингээд зогсохгүй залуус тэр чигтээ суурин руу хошуурах боллоо. Жинхэнэ малчид бидний үеэр л дуусах юм шиг байна. Сум суурин сахисан, хүнээр малаа маллуулж, гавъяа шагнал хүртсэн айхавтар омог сүртэй улс байх юм” гэж Нанзад гуай ярина. Ганц мал аж ахуй ч биш үндэсний баяр наадам, уламжлал тэр чигтээ хувьсан өөрчлөгдсөнийг өдгөө бид харж л байна. Сумын төв нэг үеэ бодвол хөгжиж тэр хэрээрээ хүмүүсийн төвлөрөл ч их болжээ. Хүүхдүүдийн сургууль  соёлоор далимдуулан биеийн амрыг харагчдын (Нанзад гуайн хэлэхээр) хийдэг ажил нь айл хэсэх, архи уух, мөрийтэй тоглох, худлаа ярих гэнэ лээ. Багаасаа малын зах бараадсан Нанзад гуайн хэлсэн үг бүхэнд мөнөөх харуусал гомдол болон зангираад байх шиг.
Хүн төрөлхтөн түүхийнхээ явцад аль болох хөдөлмөрийг хөнгөвчлөх гэж зүтгэсээр өдийг хүрсэн. Хувьслын зарчмаараа бол залуусын зөв ч юм шиг. Гэлээ ч бууриа, сахиж голомтоо залгах хүнгүйгээр монголчуудын нүүдлийн аж ахуй хаа хүрэхийг хэлэх хүн үгүй. Тайгын цаатан, Америкийн индиан, Чукаткийн Чукча нар шиг улам бүр алсран холдох соёл иргэншлийн нэгэн болохыг бодохоор Нанзад уцаарлангуй, гомдонгуй үг зөвтгөмөөр үнэн шиг санагдана. 

Мотоциклоос биш морьноос үргэдэг малтай болсон гэх шог яриа шиг моторт дугуйгаар малаа элдэж яваа дүр зургийг монгол орны хаанаас ч үзэж болно. Монгол Улсын малын тоо толгой жилээс жилд өсөж малчдын тоо жилээс жилд цөөрч буй ялгаанаас нүүдлийн соёл иргэншлийн ирээдүй харагдана гэж дүгнэх Нанзад гуай шиг малчин хэд байгаа бол. Өглөө нарнаас үдшийн бүрий унах хүртэл малынхаа тухай бодол хийлж, бэлчээр ус, тарга тэвээрэг, тэнгэрийн янзыг шинждэг малч ухаан хэр олон бэ. Жилдээ ганц очих бүрийд хувьсан өөрчлөгдөж буй хөдөө намайг угтана. Уул ус, өвс ногоо нь хэвээрээ ч өөр нэг зүйлийг үгүйлдэг нь ийм учиртай билээ.

VI.

Хэдэн өдрийн өмнөх өглөө би яг ингээд газрын зураг ширтээд зогсож байлаа. Харин одоо энд, “Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей”-н хоёр давхрын хойд жигүүрийн “Монгол зураг”-ийн хэсэгт “Монголын нэг өдөр” зургийг ширтэн зогсоно. Даавуун дээр шороон будгаар урласан энэ бүтээлийг монголын алдарт зураач Б.Шарав 1912-1913 оны хооронд урласан юм. Энэ бүтээлийн дүрслэл шиг нямбайлан бичвэл зуун жилийн дараах өнөөгийн монголд ч олзуурхан бахадмаар, халаглан буруутгамаар үйл явдлын цуваа уртаас урт хөвөрнө. Найр наадмын гурван сараа үдээд намартай золголоо, хоёр хөршийн тэргүүнүүд түүхэн айлчлал хийж төрийн хэмжээний хөл хөөр болов. Ажил сургууль эхэлж хаа хаагүй л бужигнана. Амьдралыг баяр жаргал, хайр дурлал, зовлон гуниг, хүсэл шунал, хичээл зүтгэл гээд түмэн зүйлийн өнгө будгаар урласан монголын нэг өдрүүд урссаар байна. Яг л дээрх бүтээл шиг …


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.