Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Гэрэг: Иргэнээс хот хүртэлх зам


“Гэрэг” сэтгүүл “The New York Times”-тай хамтарсан “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” тусгай дугаараа өнгөрсөн сард гаргасан билээ. Бид энэ дугаараар Улаанбаатарынхаа онцлогийг эргэн харахын зэрэгцээ дэлхийн хотуудад ч ямар асуудал тулгарч, тэд хэрхэн шийдэл эрж буйг зураглахыг зорьсон. Тэгвэл энэ долоо хоногт тус дугаарт багтсан нийтлэлүүдээ UB.LIFE сайтаараа уншигч танд хүргэж байна.


Би хотын хамгийн нягтшил ихтэй бүс болох 13 дугаар хорооллын оршин суугч. Орон сууцны дундуур тавьсан туслах зам ажил цуглах өглөөний оргил цагаас эхлэн үдэш оройг хүртэл түгжрэх нь элбэг. Бидний оршин суудаг “ширэнгэд” нийтийн талбай, ногоон байгууламж, явган хүний зам нэн хомс. Авто замын хоёр талаар явган хүн зорчих ёстой ч нэг талыг нь орон сууцны барилга таглан баригдаж, нөгөө тал нь машины зогсоол болоод уджээ.

Яг тэр замаар би багачуудаа сургууль, цэцэрлэгт зөөх өвөө эмээ, ээж аавуудтай зэрэгцэн өглөө бүр ажил руугаа явдаг. “Тэр зам” гэдэг нь явган хүний зам биш, авто зам. Бид бороотой өдөр ус туулж, цастай үед халтиргаатай замаар автомашинуудын завсар зайгаар сүлжин алхана. Нэгэн өглөө би ийн бухимдан явахдаа, хот, хотын иргэн, оролцоо гэх надад харь хол санагдах ойлголтуудын талаар эргэцүүлж эхэлсэн юм.

ИРГЭН БОЛ ХОТЫН ЗҮРХ

Нүүдэлчин соёл иргэншилтэй монголчууд суурин амьдраад 380 жил, хотод төвлөрөн дэд бүтэц бүрэлдээд ердөө 70 орчим жил болж байна. Тиймээс Улаанбаатар хотыг ч, оршин суугчдыг нь ч “залуу” хэмээн тодорхойлоход буруутахгүй. 5000 жилийн түүхтэй Венец, 2000 жилийн өмнөөс шав суурь нь тавигдсан Лондонтой харьцуулахад Улаанбаатар дөнгөж “хөлд орж” яваа. Бүр нарийн яривал, хотын эд эс болсон оршин суугчдынх нь 70 орчим хувийг 40-өөс доош насныхан эзэлдэг залуу суурин иргэншил билээ, бид. Иймд улаанбаатарчуудад суралцах зүйл, шийдвэрлэх бэрхшээл, хөгжих боломж аль аль нь бий.  
Хот төлөвлөгчдийн тайлбарлаж буйгаар хотыг дэд бүтэц, хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн, удирдлага менежментийн гэсэн дөрвөн төлөвлөлтөөр хослуулан хөгжүүлдэг аж. Гэтэл Улаанбаатарт өнгөрсөн жилүүдэд ихэвчлэн биет буюу дэд бүтцийн төлөвлөлтийг хийж ирснийг өдөр алгасалгүй шинээр босож буй барилга байгууламж, жил бүр өргөтгөл хийдэг атлаа машинаа шингээхээ байсан замаас харж болно. Биднээс ялгаатай нь “ах, эгч” хотууд асуудлаа шийдвэрлэхдээ оршин суугчдын саналыг харгалзан үздэг, үндэс суурь болгодог оролцоонд тулгуурласан хот төлөвлөлтийн бодлогыг баримталж эхэлснээр эдүгээ улаанбаатарчуудад нүүр тулж буй олон асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлбал, Сөүлийг “Ухаалаг хот”-ын хамгийн амжилттай жишээ гэж үздэгээ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн институтын захирал Л.Ану-Үжин ийн тайлбарлав.

Биднээс ялгаатай нь “ах, эгч” хотууд асуудлаа шийдвэрлэхдээ оршин суугчдын саналыг харгалзан үздэг, үндэс суурь болгодог оролцоонд тулгуурласан хот төлөвлөлтийн бодлогыг баримталж эхэлснээр эдүгээ улаанбаатарчуудад нүүр тулж буй олон асуудлыг шийдвэрлэжээ.

“Сөүлд БНСУ-ын нийт хүн амын 20 орчим хувь буюу 10 сая хүн амьдардаг. Бүх иргэдээ хотын вэб сайтад төвлөрүүлэх бодлого баримталсан нь хотын удирдлагууд иргэн бүрийн дуу хоолойг сонсож, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд чухал түлхэц болсон. Иргэд хот, оршин сууж буй бүс, амьдрах орчинтой холбоотой бүхий л асуудлыг уг сайтад бичиж, үзэл бодлоо илэрхийлдэг бөгөөд санал нийлж буй хүмүүс лайк дарж, дэмжлэг үзүүлдэг. Олон нийттэй харилцах алба иргэдийн санал тус бүрийг холбогдох алба, мэргэжилтэн рүү нь шилжүүлж, дараа нь уг санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг эргэж мэдээлдэг. Хамгийн гол нь Хотын захиргаа бүх иргэнээ ухаалаг гар утастай болгох, өндөр настнуудад утас, компьютер ашиглах тухай сургалт орох зэрэг төрөл бүрийн аргаар иргэдээ бэлдэж чадсан учраас технологид суурилсан оролцоог амжилттай нэвтрүүлсэн” гэв.

Хотын захиргаа бүх иргэнээ ухаалаг гар утастай болгох, өндөр настнуудад утас, компьютер ашиглах тухай сургалт орох зэрэг төрөл бүрийн аргаар иргэдээ бэлдэж чадсан учраас технологид суурилсан оролцоог амжилттай нэвтрүүлжээ.

Сөүл хот иргэддээ оролцох боломжийг нь нээж өгөөд зогсохгүй тэдний саналыг харгалзан үзэхдээ ч бусад хотуудад үлгэрлэдэг. Сөүлийн удирдлагууд 2009 онд 4000 орчим машин зогсоолыг ягаанаар будаж, эмэгтэйчүүдэд зориулсан зогсоол гаргаж байв. Автомашины зогсоолын хүрэлцээгүй байдлаас болж эмэгтэйчүүд гэрэлтүүлэг муутай, хүн багатай хэсэгт машинаа тавихдаа дээрэмдүүлэх, хүчирхийлүүлэх нь олонтоо. Нөгөөтэйгүүр өндөр өсгийт өмссөн эмэгтэйчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгээс авах, хүнсээ цуглуулах үед машинаа хол зогсоолд тавих нь ихээхэн хүндрэлтэй байдгийг Сөүлийн иргэд мэдээлж эхэлжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хотын захиргаа барилгад хамгийн ойр, гэрэлтүүлэг, хяналтын камертай зогсоолыг эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ашиглуулахаар болж, ягаан өнгөөр будаж тэмдэглэх шийдвэр гаргажээ. Энэ мэтчилэн хотын удир­длагуудын олж хараагүй ч бодитоор тулгамд­даг бэрхшээлийг иргэд л өөрсдөө илэр­хийлж, шаардлага тавьж, өөрчилж чаддаг ажээ.

ЭХЛЭЭД ЭРХЭЭ МЭДЬЕ

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 498 хуулиас 181-д нь иргэдийн оролцооны арга, хэлбэрийг тусгаж өгчээ. Иргэдийн оролцоо нь өдөр тутмын амьдралд тулгардаг жижиг хүндрэл, бэрхшээлээ илэрхийлэхээс эхлээд төрийн аливаа бодлого шийдвэрт өөрийн санаа бодлоо тусгуулах, хэрэгжүүлж буй арга хэмжээг хянаж, үнэлэлт, дүгнэлт өгөх, өөрийн эрх ашгийг хөндсөн аливаа захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд дуу хоолойгоо хүргэхийг хэлдэг. Энэ нь амаар болон бичгээр өргөдөл, гомдол гаргахаас эхлээд санал асуулга, зөвлөлдөх хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагад оролцох, холбогдох асуудлыг хариуцсан албан тушаалтантай биечлэн уулзах, төлөөлөгчөөрөө дамжуулах гээд олон төрөлтэй.

Б.Бөрт-Үжин: Иргэд ямар их эрхтэйгээ төдийлөн сайн ухаарахгүй байх явдал түгээмэл

“Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, санал, хүсэлтээ гаргах, оролцох боломжийг хууль эрхзүйн орчинд тусгасан нь зарим улс орнууд­тай харьцуулахад маш том давуу тал. Харин иргэд ямар их эрхтэйгээ төдийлөн сайн ухаарахгүй байх явдал түгээмэл. Жишээ нь, иргэд төрийн байгууллагаас мэдээлэл авахдаа хүнд түвэг чирэгдэл учруулж буй мэт гуйж гувших, зарим албан хаагчид нь ч хуулиа мэдэх­гүй, хүнд суртал гаргадаг. Гэтэл бидэнд Мэдээл­лийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай, Шилэн дансны тухай, Төсвийн тухай болон бусад хуулиуд бий шүү дээ. Бид улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг аливаа байгууллагын үйл ажиллагаа, төсөв санхүү, хүний нөөц, үйлчилгээний талаар мэдээлэл авах бүрэн эрхтэй. Товчхондоо, мэдээлэлтэй иргэн хүчирхэг болж, хуульд заасан эрхээ эдлэхэд хүндрэл бага учирна” гэж ардчил­лыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн­гийн Хөтөлбөрийн ахлах менежер Б.Бөрт-Үжин ярьсан юм.

ТООНООС ИЛҮҮ ЧАНАР

Сүүлийн жилүүдэд монголчуудын ухаалаг гар утас, интернэтийн хэрэглээ нэмэгдсэн нь дижитал технологид суурилсан иргэдийн оролцоог хөгжүүлэхэд чухал алхам болжээ.

Статистик мэдээллээс үзвэл, үүрэн холбооны хэрэглэгч давхардсан тоогоор 3,8 сая, ухаалаг утас хэрэглэгч 2,4 сая, интернэт хэрэглэгч 2,9 саяд хүрээд байна. Тэдний тодорхой хэсэг нь л сошиал платформыг нэгдэх, асуудлыг шийдвэрлэхийн тулд бодит алхам хийх, хотын хөгжилд хувь нэмрээ оруулах зэрэг үр дүнтэй хэрэгсэл болгон ашиглаж байна.

10 сая хүнтэй Сөүл, 21 сая оршин суугчтай Бээжинтэй харьцуулахад 1.5 сая хүн амьдардаг Улаанбаатар хотын хөрвөх чадвар, хотын удирдлагуудад нөлөөлөх боломж бидний төсөөлснөөс ч хялбар байж мэднэ.

10 сая хүнтэй Сөүл, 21 сая оршин суугчтай Бээжинтэй харьцуулахад 1.5 сая хүн амьдардаг Улаанбаатар хотын хөрвөх чадвар, хотын удирдлагуудад нөлөөлөх боломж бидний төсөөлснөөс ч хялбар байж мэднэ. Жишээ нь, 2017 онд явган зорчигчдын замыг хааж барьсан дэлгүүр, ресторан, аж ахуйн нэгжүүдийн хашаа, хайсыг буулгахыг шаардсан “Зам чөлөөл” хөдөлгөөн цахим орчинд эрчимжиж, улмаар нийслэлийн засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан авто зам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажлын хэсэг байгуулж, нийтийн зам, талбайг чөлөөлж байсан.
Олон жил яригдсан ч одоо ч бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа хог хаягдлын асуудал мөн иргэдийн санаачилгын ачаар “трэнд” болж буй. 

2018 оны наймдугаар сард Б.Мөнхзул хэмээх эмэгтэй “Хогоо багасгая” нэртэй фэйсбүүк группийг үүсгэж байсан нь эдүгээ 18 мянга гаруй гишүүнтэй болж өргөжжээ. Тус группт анхлан элссэн гишүүдийн нэг Б.Саруул хогийг ангилж ялгах, хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн талаар мэдээлэлтэй болсны үр дүнд өнгөрсөн хоёрдугаар сард “Царцаа ногоон” үйлчилгээг санаачилжээ. Тэрбээр хогоо ангилж хаях эрмэлзэлтэй хүмүүс болон түүхий эдийг дахин боловсруулах зорилготой үйлдвэрүүд байдаг ч тэднийг холбох гүүр дутагдаж байгааг анзаарч, айлуудаас ангилсан хогийг нь дуудлагаар очиж аваад, хаягдал дахин боловсруулах 10 гаруй үйлдвэрт хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлсэн байна. 

“Царцаа ногоон” үйлчилгээ хоёрдугаар сараас хойш 1000 орчим айлд хүрсэн гэв. Үүгээр зогсохгүй, илүү далайцтай үйл ажиллагаа явуулахыг хүссэн залуучууд төслөө бичиж, санхүүжилтээ бүрдүүлчихээд, хамтарч ажиллахаар ханддаг болсон тухай Б.Саруул ярилаа. Одоо тэд албан байгууллага, олон нийтийн үйлчилгээний газрууд цаашлаад ЕБС-иудад энэ жишгийг тогтоохоор ажиллаж байна. Энэ бол иргэдийн оролцоо, санаачилгаас үүдэлтэй олон эерэг өөрчлөлтүүдийн ердөө нэг хэсэг нь.

ХОТ ХҮРТЭЛХ АЯЛАЛ

Би нийтлэлийн эхэнд дурдсан асуудлыг өөрчлөхийн тулд алхам хийхээр шийдэв. Хаана хандахаа мэдэхгүй байсан тул интернэтээс судалгаа хийтэл Нийслэлийн мэдээлэл, лавлагааны 1800-1200 утас, Төрийн үйлчилгээний Check my service аппликэйшн, Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал болох Eservice.ulaanbaatar.mn сайт, “Нийслэлийн мэдээ” нэртэй фэйсбүүк хуудсаар дамжуулан тус тус санал, гомдлоо илэрхийлэх боломжтойг олж мэдэв. Үнэнийг хэлэхэд, төвлөрсөн нэг системгүй, энд тэнд салангид орших төрийн үйлчилгээний дижитал хэлбэрүүдийг олоход хүндрэлтэй, өмнө нь ашиглаж байгаад орхигдсон эх сурвалжуудтай хольж хутгах нь элбэг байв. Жишээ нь, Өмнөх хотын удирдлагууд “Ухаалаг хот” хөтөлбөрийн хүрээнд Smartcity.mn, ub1200.mn нэртэй вэб сайтыг ажиллуулж байсан бол одоо Eservice.ulaanbaatar.mn болж өөрчлөгджээ.

Нийслэлийн мэдээлэл, лавлагааны 1800-1200 утас, Төрийн үйлчилгээний Check my service аппликэйшн, Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал болох Eservice.ulaanbaatar.mn сайт, “Нийслэлийн мэдээ” нэртэй фэйсбүүк хуудсаар дамжуулан тус тус санал, гомдлоо илэрхийлэх боломжтой.

Мөн 2018 онд Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой E-police аппликэйшнийг ашиглалтад оруулсан. Гэтэл замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг мэдэхийн тулд Ub Traffic гэх өөр нэг аппликэйшн ашиглах хэрэгтэй болно. Эдгээр дижитал, цахим эх сурвалжууд цөм төрийн үйлчилгээг үзүүлэх, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээж авах зорилготой атал бүгд өөр өөр нэртэй, хоорондоо уялдаа холбоогүй байгаа нь гайхаш төрүүлсэн.

Ямартай ч, би вэб сайт тус бүрээр зочилж, Check my service аппликэйшнд бүртгүүлж, 1800-1200 утас руу хэд хэд утасдаж лавласны үр дүнд явган хүний замыг чөлөөлөх хүсэлтээ хүргүүллээ. Нийслэлийн мэргэжилтнүүд утсаар өгсөн өргөдлийг минь дугаарлан бүртгэж аваад, хариу гарахад эргэж холбогдоно, шийдвэрлэгдэх үйл явцын талаар энэ утаснаас лавлах боломжтой гэлээ. Хуульд зааснаар, 30 хоногийн дотор тухайн иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, хариу өгөх учиртай. 

Хуульд зааснаар, 30 хоногийн дотор тухайн иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, хариу өгөх учиртай.

Харин намайг хүсэлт гаргаснаас хойш тав хоногийн дараа холбогдох албаны хоёр ч мэргэжилтэн утасдав. Миний өргөдлийн агуулгад багтсан хүсэлтүүд нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн мэдээлэл технологийн газар гэсэн гурван өөр байгууллагад хамааралтай байж.

Нийслэлийн Авто замын хөгжлийн га­зрын мэр­гэжил­тэн явган хүний зам тавих төс­вийн талаар учир­лаж, зам чөлөө­лөхийн тулд иргэн өөрөө машин ачуу­лах үйлчил­гээг дуудах хэрэгтэй гэх “зөв­лөгөө” өгөв. Check my service апп­ликэйшн, Eser­vice.ulaan­baatar.mn сайтад бүртгүүлэхэд гарсан доголдлын талаар Нийслэ­лийн мэдээ­лэл технологийн газрын ажилтан мөн тайлбарлаж хэл­лээ. Тээв­рийн цаг­даа­гийн алба­наас хараа­хан холбогдоогүй байна. Долоо хоногийн турш судалж, өргөдөл гаргаж, холбогдох албаны хүмүүст хүсэлтээ хүргүүлсний үр дүн одоогоор ийм байна.

Иргэдийн дуу хоолойг сонсох, хүлээж авах олон төрлийн цонх нээгдэж, албан хаагчид санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг хариуцлагатайгаар эргэн мэдээлдэг болжээ.

Энэ “аяллын” төгсгөлд, төрийн албаныхан хүнд сурталтай, өргөдөл, хүсэлт гаргахын тулд өчнөөн бичиг цаас болдог, албан хаагчид нь ууртай, ширүүн гэх ойлголт өрөөсгөл болохыг өөрийн биеэр мэдрэв. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад иргэдийн дуу хоолойг сонсох, хүлээж авах олон төрлийн цонх нээгдэж, албан хаагчид санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг хариуцлагатайгаар эргэн мэдээлдэг болжээ. Гэвч асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд иргэнээс ихээхэн хүчин зүтгэл, цаг зарцуулах шаардлагатай болдгийг үгүйсгэх аргагүй байв.

Нэгэн жишээ дурдахад, Сингапурт “No Wrong Door” хэмээх бодлого хэрэгждэг. Хэдийгээр төрийн албанд төрөл бүрийн чиг үүрэг бүхий яам, агентлаг, хэлтсүүд байдаг ч иргэнийхээ өмнө тэд зөвхөн харьяа газраа бус, төрийг бүхэлд нь төлөөлдөг. Иймд иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг “бидэнд хамааралгүй” гэж түлхэх ёсгүй бөгөөд зохих мэргэжилтэнтэй нь холбож өгөх, уул­зуулах гэхчлэн асуудлыг бүрэн шийдвэрлэтэл санаа тавьдаг аж. Өөрөөр хэлбэл, Сингапурын иргэд төрийн нүсэр бүтэц, зохион байгуулалтыг ойлгох, тэр болгоныг нэг бүрчлэн судлах, хаалганаас хаалга дамжихгүйгээр үйлчилгээ авч, асуудлаа шийдвэрлүүлж чаддаг байна. 

Сингапурт төрийн албан хаагчид нь иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг “бидэнд хамааралгүй” гэж түлхэх ёсгүй бөгөөд зохих мэргэжилтэнтэй нь холбож өгөх, уул­зуулах гэхчлэн асуудлыг бүрэн шийдвэрлэтэл санаа тавьдаг аж.

Манайд иймэрхүү уялдаа холбоо дутагдаж байгаа нь анзаарагдсан бөгөөд ганцхан миний жишээн дээр гэхэд төрийн гурван байгууллагад асуудлаа хүргүүлсэн ч хүссэн үр дүндээ хүрээгүй, авто зам даган алхсаар л байна. Тиймээс төрийн салбар нэгжүүд өөр хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, иргэдийн хүсэлтэд хариу өгөх төдийхнөөр бус тодорхой үр дүнд хүрэхэд анхаарах, иргэд ч дуу хоолойгоо илэрхийлж, бага гэлтгүй бодит алхам хийх нь чухал гэдгийг эрхэм уншигчдад уламжлахыг хүслээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
11 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.