Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ГЭРЭГ-NYT: Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар

The New York Times-ийн Монгол дахь хамтрагч "Гэрэг" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа.


Хотын хаа нэгтээ “Гэрэг”-ийн шинэ хуудсыг нээж буй танд баярлалаа. Сингапурт хоосон цаас дэлгээд дугаарынхаа санаа, төлөвлөгөөг гаргаж байсан тэр өдрөөс эхлэн хамт олны минь хоёр сарын хөдөлмөрийн дүнд шинэхэн дугаар маань таны гарт хүрч байна. Ухаалаг, аюулгүй, тайван, зөөлөн уур амьсгалтай Сингапурт хэсэгхэн зуур амьдрахдаа үлдчихмээр таашаалтай хэр нь хот, гэр лүүгээ яаран догдлох мэдрэмж салж байсангүй. Урьд нь зуу зуун жилийн түүхийн гэрч, хүн төрөлхтний соёлын өвөрмөц нэгэн төрх Лондонд амьдрахад бас л Улаанбаатартаа очихыг хүсэж, тэмүүлдэг байв. Утаатай, шороотой, хүйтэн гээд өөлбөл гарын арван хуруу ч цөөдөж мэдэх энэ хотыг орхих бүрдээ юунд нь автаж санаад байгаагаа тэрхэн үедээ гайхаж эргэлздэг ч дулаан болгодог, дүүргэж бүтээлцдэг хүмүүсээ юу юунаас илүү үгүйлдэгээ дараа нь мэдсэн. Даарсан ч хөтлөөд алхдаг, догдлоход тэврээд угтдаг, борооны дараах үнэрийг хамтдаа амьсгалдаг, Сүхбаатарын хөшөөг роликтой тойрч хөөцөлддөг, Дунд голын нугасыг улирал ээлжлэн хамтдаа тоолдог тэр л хүмүүс. Хот гэдэг тэгэхээр хүн, тийм л хүмүүсээр дүүрэн гэр минь ажээ.

Гэхдээ хамгаас дотно хүмүүстэйгээ тэр бүр ярилцаад байж чаддаггүй шигээ хотынхоо тухай ул суурьтай ярилцсан нь бидэнд цөөн шиг. Дөрвөн зууны тэртээгээс үзэхээс ихийг үзэж, туулсан замаа уян хатнаар шингээж ирсэн Улаанбаатарыг өнөөдөр нэг чагнавал асар сонирхолтой болохыг бид “Гэрэг”-ээ бэлдэхдээ “шинээр” олж нээлээ. Асуудал, бэрхшээлийг тоочиж хөндөхөөс илүүтэй хөгжилд яарч, ирээдүйд тэмүүлэх эрчмээс түр азнаад, байгаа төрхөө толидохыг зорьсон нь энэ. Хотын гудамжаар хүүхдүүд өдөр бүр хэрхэн зорчдогийг зураглаж, өргөн чөлөө холбосон хөшөө дурсгалууд юу илэрхийлдэгийг сонжиж, асуудал бүртэй холбогддог хэр нь эрхгүй бидний уламжлалт сууц, магад Улаанбаатарын хамгийн өвөрмөц чимэг гэр хорооллын төрхөө эргэн харж басхүү өдөр хоногуудын урсгалд хүмүүс юу бодож алхдагийг сонслоо.

Сэтгүүлийн маань нүүр зураг, дотор үргэлжлэх эдиториал бидний хувьд хамгийн их цаг хугацаа, бодол сэтгэлээ шингээсэн бүтээл болсныг энд уншигч танд онцлон дуулгамаар байна. Арт директор З.Энхмөнх, дизайнер Х.Сүрэн нар “Бидний сэтгэлд хамгийн ойр буудаг газруудын зургийг авч явахдаа зөвлөлтийн үеийн барилгууд, гэр хороолол, сүм дуган, хөшөө баримал, шинэ цагийн шилэн барилгууд гэсэн бүлэг хэсгээс хот маань бүрддэгийг анзаарлаа. Үүнийг мөнхүү үүл, уулс зэрэг түвэд, монгол зурагт түгээмэл хэрэглэдэг бүрдэлээр баяжуулж, Улаанбаатар гэх бичгийг хатгамлаар урлаж зургийг нь авснаа танд өргөн барьж байна” гэлээ.

Мөн гэрэл зурагчин Б.Долгорсүрэн Улаанбаатарын шинэ илэрхийлэл болсон граффит зургийг түүвэрлэлээ. Хүмүүс юу илэрхийлэхийг хүсдэг, уран бүтээлчид юу харуулахыг зорьдог, тэдний дуу хоолой юу байсныг гэрэл зурагчны сонирхолтой аяллаас та хараарай.

“Гэрэг” сэтгүүл тав дахь жилийн босгон дээрээ дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг The New York Times-ийн албан ёсны хамтрагч болсон билээ. Энэ ч утгаараа олон улсын мэргэжилтнүүд, редакторууд хотын амьдрал, тогтвортой хөгжлийн уялдааг хэрхэн хангаж, ирээдүй тийш харж байгааг бид уламжлахыг зорилоо. Сонирхолтой мэдээлэл, шинэ өнцгүүдээр баялаг шилдэг нийтлэлүүдийг бидэнтэй хамтран ажилладаг сэтгүүлч, орчуулагчид хөрвүүлэн буулгасан.

Эхэнд дурдсанчлан энэ сэтгүүлийн төлөвлөгөө хоосон цаас байхаас эхлээд чухам хот гэж ямар бүрдэл болох, түүнийг хэрхэн таньж, бичих чигийг хамтдаа гаргаж өгнө үү хэмээн бид гурван зөвлөхөд хандсан юм. Хот бүс нутгийн төлөвлөлтийн мэргэжилтэн Б.Дөлгөөн, хотын асуудлаарх “Эсгий хот” подкастаар танил болсон хот төлөвлөлтийн мэргэжилтэн Б.Энхжин, “Sustainable Mongol” тогтвортой хөгжлийн подкастын эрхлэгч Н.Энхзул нар бидний саналыг уриалгахан хүлээн авснаар манай редакци сурвалжлан бичих ажилдаа мэргэжлийн хандахыг зорьсон юм. Ийн нэгтгэх явцдаа хот гэдэг ямар өргөн сэдэв, хэчнээн уужуу аж төрөхүй гэдгийг мэдсэн билээ. Төлөвлөгөө буулгаж байхдаа “бүхий л асуудлыг хөндөнө дөө” гэж дэврүүн эхэлсэн бидний ажил адал явдал, олон талт, сонирхолтой түүхэнд шингэн танд хүрч буйг хүлээн авна уу. 

"Анлимитэд медиа групп"-ын Дэд захирал Ж.Хулан

холбоотой мэдээ
1
2020.08.19
The New York Times | Бидний сексийн амьдралын ирээдүй
2
2020.07.06
The New York Times | Гоо үзэсгэлэн яагаад чухал вэ?
3
2020.04.09
"Гэрэг" сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан дугаарыг онлайнаар уншаарай
санал болгох
1
1 цагийн өмнө
Дэлхийд гарцтай бизнесийн боломж
2
1 цагийн өмнө
Өндөрлөг бүхий 67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулж байна
3
2 цагийн өмнө
Инфографик: "40 жил 40 амжилт" буюу "Herbalife Nutrition" компанийн замнал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0