Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Гэрэг: Цохилох зүрх


“Гэрэг” сэтгүүл “The New York Times”-тай хамтарсан “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” тусгай дугаараа өнгөрсөн сард гаргасан билээ. Бид энэ дугаараар Улаанбаатарынхаа онцлогийг эргэн харахын зэрэгцээ дэлхийн хотуудад ч ямар асуудал тулгарч, тэд хэрхэн шийдэл эрж буйг зураглахыг зорьсон. Тэгвэл энэ долоо хоногт тус дугаарт багтсан нийтлэлүүдээ UB.LIFE сайтаараа уншигч Танд хүргэж байна.


Монгол хүн бүрийн сэтгэлд морин дөрөөнөө эрэлхэгээр зогсох жанжны хөшөө тод оршдог. Улс орны үүх түүх, үндэсний бахархал нь хөшөө дурсгалд шингэж, хойч үедээ баримт болон үлддэг билээ. “Аливаа орны нийслэлийн төв талбайд тухайн улсын тусгаар тогтнол, түүхийг илэрхийлдэг хөшөө баримал нь сүндэрлэдэг” гэж Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр хэллээ.

Улаанбаатарт 150 гаруй хөшөө баримал байдгаас 70 гаруйг нь соёлын өвд бүртгэн авчээ. Хөшөө, баримал хамгийн ихээр төвлөрсөн хэсэг нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Бага тойруу орчим юм байна. Энэ нь Их хүрээ 1778 онд суурьшсанаас хойш өнөөг хүртэл хотын яг энэ хэсэг хотын төвийн үүргээ гүйцэтгэж буйтай холбоотой аж. Мөн XX зууны Монгол Улсын Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан, Ардын засаглалыг тунхагласан, Ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг хийсэн төв юм. Ийм болохоор Бага тойрууд түүхэн үйл явдлууд, удирдагчдыг мөнхжүүлж, алдаршуулсан хөшөө дурсгалыг олноор босгожээ.

Нийслэлийг 1706-1911 онд Их хүрээ хэмээн нэрлэж байв. Монголчууд Манжийн эрхшээлд аж төрөн амьдарч байсан цаг. Их хүрээ гэхээс гадна Богдын хүрээ, Жавзандамбын хүрээ, Өргөө, Даа хүрээ зэргээр нэрлэдэг байв. Өдгөө Их хүрээний түүхэнд холбогдох 12 дурсгалт газар, 6 сүм хийд, 4 байшин, 3 хөшөө дурсгал Улаанбаатарт бий. Их хүрээнээс үлдсэн дурсгалуудын ихэнх нь тухайн цаг үеийн Монголын нийгмийн дээд давхарга болох хутагт, ноёд, сайд, баячууд, шашны байгууллагад зориулагдсанаараа онцлог аж.  

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомарал “Улаанбаатарт хүн чулуу олон байсан учир саяхныг хүртэл манай хотыг Хүн чулууны хонхор гэж нэрлэдэг байлаа. Нийслэлийн хөшөө дурсгалыг ярихын тулд өмнөх цаг үе рүү очих хэрэгтэй болно. Биднийг хэн байсныг хөшөө дурсгал л сануулдаг. Их хүрээ үүссэнээс хойш, эсвэл 1921 он гарснаар гэнэт манай нийслэл хөшөө дурсгалтай болоогүй. Монголчуудын эртний өвөг дээдсээ санах ой санамжуудыг хөшөө дурсгал илэрхийлдэг” гэв.


Эртний гурав

380 жилийн түүхтэй Улаанбаатар хотын хамгийн эртний хөшөө дурсгал бол Манжийн үеийн Их хүрээтэй холбогдох Арслантай гүүрний хоёр чулуун арслан, МУИС-ийн хичээлийн төв байр, Байгалийн түүхийн музейн өмнөх чулуун арслангууд юм байна. Арслантай гүүрний хоёр арслан нь хуучин Маймаа хот буюу одоогийн Амгаланд байсан хятад сүмийн үүдэнд байжээ. Хоёр арслангийн дээр нийт 7 гүег байдаг учир нийтдээ 9 арсланд тооцож болох юм. Дараагийнх нь Байгалийн түүхийн музейн өмнөх хоёр арслан аж. Жинхэнэ монгол арсланг энэ хөшөөгөөр дүрсэлсэн тул маш алдартай. Энэ хоёр арслан хуучин цагт Богдын шар ордны шүргэн хашааны урд буюу одоогийн Дөрөвдүгээр дэлгүүрийн урд байрлах дөрвөн замын уулзварын өмнө байрладаг байжээ. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд Богдыг хаан ширээнд залж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулав. Энэхүү ёслол Богдын шар ордны талбайд өрнөжээ. Ордны үүдэнд уг хоёр монгол арслангийн хөшөө байснаараа түүхэн үнэ цэнэтэйд тооцогдоно. Байгалийн түүхийн музейг барьсны дараа 1956 онд хоёр арсланг музейн урд шилжүүлэн байрлуулсан түүхтэй.

МУИС-ийн өмнө байдаг хоёр арслан ч эртний хөшөө дурсгалуудын нэг. Энэ арсланг 1954 онд одоогийн байршилд нь авчирсан байна. Угтаа Баянхонгор аймгийн Галуут сумын Чин сүжигт номун ханы хүрээний үүдэнд байж л дээ. Дээр дурдсан Байгалийн түүхийн музейн өмнөх болон МУИС-ийн урд байрлах эдгээр арсланг монгол, Гүүрэн дээрхийг хятад арслан болохыг судлаачид тогтоожээ. Их хүрээний үед тухайн нийгмийнхээ дээд давхрагынханд зориулж сүм дуган, хөшөө дурсгал бүтээдэг байсан бөгөөд эдгээр арслан нэгээхэн хэсэг нь юм. Арслангийн хөшөө нь хос ёс буюу арга билэг, хамгаалагч, сүр хүчийг бэлгэддэг байна.

Нийслэлийн чимэг

Социалист нийгмийн үед хамгийн анх хөшөө барих талаар Сүхбаатар жанжныг 1923 онд таалал төгсөхөд яригджээ. Гэсэн ч тухайн цагт хөшөө хийх мэргэжлийн хүн байгаагүй учраас найман жилийн дараа буюу 1931 онд Сүхбаатарт зориулсан анхны хөшөөг босгосон байна. Хэн, хэрхэн, ямар үзэл санаагаар хийхээ тодорхой болгоогүй тул хөшөөг босготол нэлээд хугацаа шаардагдаж, хоёр ч ажлын комисс солигджээ. Ингээд 1931 онд Эрхүүд бүтээлээ туурвигч Оросын алдарт зураач К.И.Померанцевын зураг төслөөр хийж, одоогийн төв талбай орчимд байрлаж асан Бөмбөгөр ногоон театрын гадна босгосон түүхтэй. Энэ нь Монголын орчин цагийн хамгийн анхны хөшөө бөгөөд хамгийн анх нийтийн талбайд босгосон хөшөө гэдгээрээ онцлог. Уг хөшөөг “Сүхбаатарын анхны хөшөө” гэж нэрлэдэг байна. Одоо Батлан хамгаалах яамны хашаанд байрлаж буй.


Төв талбай дээрх Сүхбаатар жанжны морьтой хөшөөг 1946 онд бүтээсэн учир анхны хөшөөг нь 1947 онд яам руу шилжүүлжээ. Улаанбаатарт 1946 онд монгол хүн бие даан урласан хэд хэдэн хөшөө сүндэрлэсний нэг нь уран барималч С.Чоймболын бүтээсэн Сүхбаатарын морьтой хөшөө аж. Уг хөшөөг хийх болсон түүх их сонирхолтой. Хэлмэгдүүлэлтийн үед Х.Чойбалсан нэг үзүүр нь улаан, нөгөөх нь цэнхэр өнгийн харандаагаар гарын үсэг зурдаг байжээ. Цэнхэр нь 10 жил хорих, улаан байвал хороох тушаал байсан гэдэг. Д.Сүхбаатарын хөшөөг барих тухай асуудал яригдах үед С.Чоймбол гуай “цэнхэр шийтгэл” авсан байж л дээ. Барилга чимэглэл, уран баримлын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарахад гарын эв дүй сайтай түүнийг ЗХУ руу  явуулж, Оросын алдарт барималч С.Д.Меркуровын урланд суралцуулахаар болсон байна. Тэрээр хоёр жилийн турш Зөвлөлтөд суралцаж нутагтаа ирээд Сүхбаатарын хөшөөний олон загвар гаргаснаас одоогийн хувилбарыг нь нам засгийнхан дэмжиж. Одоогийн Соёлын төв өргөөний суурин дээр байсан Урчуудын эвлэлийн хорооны жижиг байшинд С.Чоймбол Сүхбаатарын хөшөөг урласан бөгөөд хөшөө байшинд багтахгүй байхаар нь шалаа ухаж байгаад хийж дуусгасан түүхтэй. Энэ хөшөө нь монгол хүн урласан орчин цагийн анхны хөшөөнд тооцогдоно. 1946 оны долоодугаар сарын 8-нд Сүхбаатарын хөшөөний нээлт болж, тус оныхоо сүүлчээр Х.Чойбалсангийн хөшөөг мөн нээжээ. Уг хөшөөг мөн л С.Чоймбол урласан байна. Тэр жил Д.Чойдог, Н.Бельский нарын бүтээсэн “Ардын хувьсгалын 25 жилийн ойн өндөрлөг” хөшөөг ч нээв. Энэхүү хөшөө нь өдгөө Хан-Уул дүүрэгт бий. 1946 онд боссон эдгээр хөшөө монгол хүний ур ухаан шингэж, тэдний зураг төслөөр бүтсэн анхны хөшөө дурсгал гэдгээрээ онцгой бөгөөд Монголд мэргэжлийн уран барималч бий болох үндэс суурь нь болжээ. Дурдвал, С.Чоймбол, Н.Жамбаа, А.Даваацэрэн, Д.Дамдиймаа гээд л хөвөрнө.

ЗурагТайлбар





Монголын орчин цагийн хөшөө баримлууд ийн урлагдаж эхэлснээр 1940-өөд онд төв талбайг тойрсон неоклассизм загвартай барилгуудыг ч барьжээ. Ингэхдээ үндэсний хэлбэртэй, социалист агуулгатай байх зарчмыг төр засгаас чиглүүлж байлаа. Байгалийн түүхийн музейг өлзий хээгээр чимэглэсэн байдаг бол Драмын театрын баганы дээд хэсгийг морины толгойгоор урласан байх жишээний. Энэ дүрслэлийг зөвхөн Монголд харах боломжтойг Г.Очбаяр тайлбарлав. Ингэж л тухайн цаг үеийн уран барималчид хөшөө, барималдаа, архитекторууд нь байшин барилгадаа үндэсний хэлбэрээ агуулан урладаг байж.

“Уран баримал, хөшөө дурсгалыг орон зайн урлаг гэж үздэг. Орон зайн урлаг нь ойролцоох барилга байшин, дотоод засал чимэглэл болоод орчинтойгоо уялдаж, цогц байдлыг харуулдагаараа урлагийн бусад төрлөөс хамгийн онцгой нь юм. Манай уран барималчид хөшөө дурсгал бүтээхдээ уран сайхан, гоо зүйгээс илүүтэйгээр түүхэн ач холбогдлыг нь чухалчлан баримталж байв” хэмээн Д.Гоомарал онцоллоо. “Социалист нийгмийн үеийн хөшөө дурсгал, барилга байгууламжууд нь үндэсний хэв шинжээрээ тусгаар тогтносон улс гэдгээ илэрхийлсэн. Нөгөө талдаа социализмынхаа агуулгыг ч хадгалж байснаараа онцлог. Улаанбаатар хотын хамгийн сэтгэл татам, маш их урлаг шингэсэн барилгууд 1946-1961 онд л баригдсан” гэж Г.Очбаяр хэлэв.

Хөшөө дурсгалын сэдэвтэй уран бүтээл ч элбэг байжээ. Яруу найраг, дуу хууранд хэрхэн мөнхөрснийг өдгөө сонсож болно.  
“Эх орноо дайснаас хамгаалахаар
Эцсийн дусал цусаа зориулсан
Эрэлхэг дайчны сүрлэг хөшөөг
Эрсдсэн тэр газар нь босгожээ
Эв хамт нийгмийг байгуулсан
Ирээдүйн тэр сайхан цагт
Эрэлхэг хилчний энэ хөшөө л
Энхийн манаанд үлдэх болно” хэмээн 1974 онд “Үүрийн туяа” хамтлаг “Хилчний хөшөө” хэмээх дууг дуулжээ.

Мөн Ч.Чимидийн үг, Л.Мөрдоржийн аялгуугаар бүтсэн “Зөвлөлтийн дайчдын хөшөө” дууг дуучин Дашням олны хүртээл болгосон байна. Уг дуу нь
“Ханын хөндийн тулаан дунд
Халхын голын шуурган дунд… хэмээн эхэлж
Хорь хүрэлгүй зарим нь үрэгдсэн ч
Хотол олон ах минь ирдэг юм
Гэрэлт хөшөөний хүйтэн чулуу
Гэгээн наранд бүлээн байдаг юм” гэсэн дахилттай байх жишээтэй.

Олон нийтийн талбайд тавигдсан хамгийн анхны баримал нь 1948 онд алдарт барималч Н.Жамбаагийн урласан “Эмнэг сургагч” юм. Тус баримлыг 1948 онд Дуурийн театрын урд усан оргилуурын дэргэд байрлуулж байсан ч одоо “Central tower”-ын урд бий. “Эмнэг сургагч” баримал нь хийцийн хувьд гоёмсог төдийгүй монгол үндэсний ахуй төрхийг баримлаар дамжуулан олон нийтэд дэлгэснээрээ ач холбогдолтой.
Тухайн үеийн сүрлэг чимэглэл буюу монументалийн оргил бүтээл нь Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө. Энэхүү хөшөөг А.Хишигтийн удирдлагаар 7-8 хүн урлаж, 1969 онд байрлуулжээ. 1939, 1945 оны дайнд оролцсон хүмүүст зориулж, тусгаар тогтнолоо үргэлж мандан бадрахыг бэлгэдсэн тулгыг хүрээлсэн дугуй хэлбэртэйгээр шийдсэн байна. Үүний дотор талыг мозайк буюу шигтгэмэл урлалаар чимэглэж, гадна талд нь Монгол, Зөвлөлтийн ах дүүгийн найрамдлыг бэлгэдэж одон медалиудыг товойлгон урласан юм. Социализмын үеийн хамгийн сүүлчийн хөшөө нь Хан-Уул дүүрэгт байрлах “Ажилчны алдар” авангард хөшөө юм. Үүнийг 1989 онд барималч Б.Хийморь бүтээхдээ хөдөлмөрчид эв санаагаа нэгтгэвэл юуг ч бүтээж чадна гэсэн агуулгыг илэрхийлжээ. Хот тохижилтын баримлын чиглэлээр ЗХУ-д сурсан ганц хүн Б.Хийморь аж. Түүний хийсэн хэд хэдэн бүтээл нийслэл хотыг чимсээр буй. Тухайлбал, Төрийн ордны баруун талд байрлах Хуульчдын талбайд “Учрал”, “Central tower”-ын урд “Хургатай хүү”, “Тарагтай хүү”, “Эмээлтэй хүү”, “Барилдаан” хэмээх Айраг цогцолборын 4 баримлыг урлажээ. Социалист нийгэмд бүтээн босгосон хөшөө дурсгал, барилгууд нийслэл Улаанбаатарын чимэг, шигтгээ байсан гэхэд хилсдэхгүй.

Гэрэл ба сүүдэр

Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш бүтээсэн хамгийн алдартай хөшөө бол Монголын Үндэсний түүхийн музейн зүүн урд байх “Хэлмэгдэгсдэд  зориулсан дурсгалын хөшөө” юм. Энэ хөшөөг 1997 онд уран барималч Л.Болдын зураг төслөөр бүтээсэн байна. Дөрвөлжин хар өнгөтэй шоо нь хүний эрх чөлөөг хааж боосон нүсэр ханыг илэрхийлэх бол дотор нь эрх чөлөө өөд тэмүүлсэн хүний дүрийг бүтээжээ. Энэ хөшөөг зэс хөөмлийн аргаар урласан байна.

Мөн 1989, 1990 оноос модерн урлагийг илэрхийлсэн, чөлөөт зохиомжтой хөшөө баримлууд хотын гудамжийг чимж эхэлсэн. Түүний нэг жишээ нь “Ажилчдын алдар”. Тогтонги, царцанги бус хөдөлгөөнтэй дүрсэлснээрээ Улаанбаатар дахь модерн баримлын эхлэлийг тавьсан гэж үздэг талаар Д.Гоомарал сонирхуулсан юм. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Угсаатны салбарын эрхлэгч, доктор Н.Маралмаа “1990 оноос хойш хөшөө дурсгалын хувьд шинэ үе эхэлсэн. Үндэсний үзэл сэргэж, Монгол Улсын тусгаар тогтнол хэдэн зуун жилийн өмнө ч байсан гэдгийг хөшөө дурсгалаараа илэрхийлэн шинэ уур амьсгал оруулах болсон. Үүний тод жишээ бол Төрийн ордны өмнөх Чингис, Хубилай, Өгөөдэй хааны цогцолбор хөшөө юм. Энэ цогцолбор хөшөөний нэг хэсэг нь ордны ард байрлуулсан Монгол төрийн тамганы хөшөө байдаг. Хүннү гүрэн н.т.ө 209 онд байгуулагдсан цагаас хойших Монгол туургатны тамгыг энэ хөшөөнд оруулснаараа онцгой. Цогцолбор хөшөө нь 2006 онд болсон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан томоохон ажлын нэг. Гадаад, дотоодын бүх хүн зорьж үзэхийг хичээдэг, монгол угсаатнууд сөгдөж мөргөөд маш хүндэтгэлтэй ханддагаас харахад үнэхээр хүмүүсийн хүсэн хүлээж байсан цогцолбор хөшөө болж чадсан” гэв.

Харин Г.Очбаяр “Ардчилсан нийгмийнхээ онцлог шинжийг харуулсан нь энэ гээд тодорхойлох бүтээл манайд бараг байхгүй. Социализмынхаа буурин дээр шинэ нийгмийнхээ төвийг байгуулсан нь барилга байгууламж, хөшөө дурсгалын орон зайд халдаж, холилдож байгаа тал бий. Ардчиллын үеийн хөшөөнүүд нь шинэ агуулга, хийц байхгүй, социалист хэв шинжээсээ салаагүй болохоор онцолж ярихад хэцүү” гэлээ.  
1990 оны дараа үндэсний үзэл эрчимжсэн тул баатрууддаа, түүхэн хүмүүст зориулсан хөшөө, дурсгал олширсон байна. Ж.Лхагвасүрэн жанжны хөшөөнөөс эхлээд Ж.Батмөнх, Б.Ринчен, С.Зориг гээд л үргэлжлэх бөгөөд Ю.Цэдэнбал даргын хөшөө гэхэд хэд хэд бий. Бурангуй, хаалттай, хуучин нийгмийг халах хүслээ хөшөөнд шингээх үзэл бий болсны гадна нөгөө талаас нийгмийн сэтгэл зүйн онцлогийг хөшөө дурсгалд хандах хандлагаас анзаарч болно. Жишээлбэл, Лениний хөшөө рүү будаг цацсан, Ж.Лхагвасүрэн жанжны хөшөөний гарыг тайрсан, зарим хөшөөг нүүлгэн шилжүүлсэн, бүр заримыг нураасан зэргээс энэ нь тод харагдана. Ор сураггүй алга болсон хөшөөд ч бий. Энэ тухай Д.Гоомарал “Соц нийгмийн хүмүүс хөшөө дурсгалдаа хүндэтгэлтэй ханддаг байж. Гэтэл 1990 оноос хойш хөшөөг гэмтээж, дээр нь сараачих болсон нь их сонин. Хүн чулуун хөшөө хэдэн зууныг үзэхдээ зөвхөн салхинд элэгдсэн байдгийг бодолцох л ёстой” гэлээ. Н.Маралмаа “Цаг үеэ илэрхийлж, хүндэтгэлтэйгээр босгосон хөшөө дурсгалыг олон зууны турш улируулан авч үлдсэнээр үнэ цэнэ нь оршдог. Манайхан шиг нэг нам, нэг даргын үзэл суртлаар хөшөө дурсгалаа буулгаж, үрэн таран хийдэг үзэгдэл томоохон хотуудад байдаггүй. Тэд хөшөө дурсгалынхаа үүх түүхийг маш сайн мэддэг. Төрийн албаны шалгалтад нь хүртэл энэ тухай асуулт багтах жишээтэй. Харин манайд иймэрхүү тогтолцоо алга байна” гэж хөшөө дурсгалын үнэ цэнийг онцолсон юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.