UBLife Logo
Авторын булан

Гэрэг: Улаанбаатар маань ийм амьд

Гэрэг: Улаанбаатар маань ийм амьд

“Гэрэг” сэтгүүл “The New York Times”-тай хамтарсан “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” тусгай дугаараа өнгөрсөн сард гаргасан билээ. Бид энэ дугаараар Улаанбаатарынхаа онцлогийг эргэн харахын зэрэгцээ дэлхийн хотуудад ч ямар асуудал тулгарч, тэд хэрхэн шийдэл эрж буйг зураглахыг зорьсон. Тэгвэл энэ долоо хоногт тус дугаарт багтсан нийтлэлүүдээ UB.LIFE сайтаараа уншигч Танд хүргэж байна.


Улаанбаатарыг юу Улаанбаатар болгодог вэ?

Наймдугаар сарын 31-нд болсон тэр нэг үйл явдлаас өмнө оршин буй хоттойгоо утга учиртай ярилцаж үзээгүй явсан мэт санагдана.

Тэр өдөр “UBPassport”-ийн залуучууд “Улаанбаатар пасспорт -2020”-ийнхоо нээлтийг “Мөнгөн завьяа”-гийн урд талын нүхэн гарцанд хийж байсан юм. Энэ гарцаар, түүний шатаар би хэчнээн зуун удаа зорчиход сэтгэлд торох юу ч санагдаж байсангүй. Харин энэ удаа мөнөөх л шатаар уруудан дотогш ороход залуус дүүрэн, тэнд хөгжим тоглож, наана нэг нь зураг зурж, кофе аягалж, дарс шимж, хачин өөдрөг уур амьсгал нүхэн гарцыг дүүргэсэн байж билээ. Яагаад ч юм тэгэхэд надад Улаанбаатарт байгаа юм шиг сэтгэгдэл төрөөгүй. Эсвэл би Улаанбаатарт маань ийм хөөрхөн тал бий шүү гэдгийг мартсан байсан байж ч мэднэ.Хотын онцлох газруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхүүдийг хавсаргасан “Ulaanbaatar Passport”-ийн энэ жилийнхийг шинэчлэн гаргахдаа “{Д}Улаанбаатар” гэх консепцийг бодож олжээ. Үүнийгээ илүү баялаг болгохын тулд Улаанбаатарын иргэдээс “Таньд хамгийн дулаан санагддаг цэгээ нэрлээч?” хэмээн асуусны зарим хариултыг пасспортынхоо дундуур хавсаргасан байв.

“Төмөр замын 11-р байрны урд хэсэг. Дүүрэн модтой ногоон хашаа хүүхэд насны минь дурсамжаар дүүрэн”, гэрэл зурагчин Төмөрбаатар

“Манай аав Найрамдал зуслангийн барилгыг барилцсан ахмад барилгачин. Түүнээс гадна би 2003 оноос хойш Найрамдалтай их зүйлээр холбоотой байсан болохоор сэтгэлд ойр, дулаан санагддаг”, хөтлөгч Х.Болорбат

“Пантам (Fountain). Хүн болгоны очдог дулаан мэдрэмж төрүүлдэг газар. Зуны орой очоод суугаад л гоё шүү дээ” модель Б.Ялгуун

“Буянт-Ухаагийн нисэх онгоцны зурвас. Яг голд нь машин зам байдаг юм. Тэнд түр зогсоод онгоц бууж байгаа, эсвэл хөөрч байгаа мөчийг харах үнэгүй хэр нь хамгийн дулаан мэдрэмж төрүүлдэг”, жүжигчин Г.Анхбаяр

Тэдний энэ хариултууд дулаанаас дулаан санагдсан. Улаанбаатар хотынхоо хамгийн дулаан цэгүүдийг нэрлэхдээ бүгд л өөр лүүгээ өнгийсөн, хүн хот хоёрын дурсамж огтолцсон тийм л байршилуудыг нэрлэсэн нь сонирхол татаж билээ.

“Хот болгонд өөрийн гэсэн характер байдаг. Яг л хүн шиг, хотод хүртэл дуртай хоол, давуу, сул тал, мөрөөдөл, дахин давтагдашгүй мөн чанар бий” хэмээн “Lab 2 Think Tank”-ийн үүсгэн байгуулагч Б.Дөлгөөн “Сайн байна уу, намайг хот гэдэг” илтгэлдээ дурдсан нь санаанд оров. Хүнийг бид өнгөц хараад, халитхан мэндлэхийн хооронд хэдийнэ анхан шатны мэдэгдэхүүнтэй болж амжсан байдаг шиг хоттой ч гэсэн бид өөрийн мэдэлгүй ийн харьдаг тухай тэр дурдаад “Гэхдээ анхны сэтгэгдэл бүрэн дүүрэн дүгнэлт болж чадахгүй. Хүнийг таньж, нээхийн тулд бид үг солих хэрэг гардаг шиг хоттой ч гэсэн ярилцаж байж л мэднэ” гэж байсан юм.

Хотыг хүншүүлэн авч үзсэн энэ хандлагаас Улаанбаатарыг юу Улаанбаатар болгодог вэ? гэсэн асуултын хариуг олсон билээ. Хүн л байж шүү дээ. Хүн нь гэхдээ хоттойгоо ямар нэг сэжмээр холбогдсон байж “хот, хотын иргэн” гэх үгс сая нэг биелэлээ олж, бие биеийнхээ бүрэн утга учрыг илтгэн товойлгодог байх нь.

@Berylluss

Улаанбаатарын иргэн

Хотын иргэдийг нэгтгэн нэрлэдэг демоним (demonym) гэх ойлголт байдаг. Нью-Йоркийнхныг нью-йоркер (New Yorker), москвачуудыг москвич, парисчуудыг парисиан (parisian) гэнэ. Зөвхөн нийслэл гэлтгүй дэлхийн томоохон хотууд өөрсдийн иргэдээ нэгтгэн нэршүүлсэн демоним Улаанбаатарт харин байдаггүй. Жагсаалтаас харвал нийслэл хотуудаас зөвхөн манайх л нэршилгүй тууж яваа харагдана.

Энд гэхдээ буруутгах, ийм нэршилгүй хэмээн бусдаас ичих, гомдох шалтаг үгүй. Хэдийгээр 380 жилийн түүхтэй хэмээвч хуучин сүнстэй шинэ хотын маань хот гэсэн төгөлдөр утга руугаа орсон түүх нь өөрөө залуухан. Судлаачид, болон мэргэжилтнүүд Улаанбаатарыг “залуу хот” гэж үздэг юм билээ. Залуу хотод жаргал нь ч, зовлон нь ч шинэ. 380 жилийн түүхийн хэдэд нь бид засмал замтай боллоо, хэдхэн жилийн өмнөөс л түгжрэл гэдэг асуудалтай боллоо, орсон сууц, өндөр барилгууд хэзээд нь боссоноо бодвол бүх асуудал шинэ. Хотын хүн байж хэвших, сурах нь хүртэл бидэнд шинэ байгаа шүү дээ.

Саяхнаас бид хотын иргэн болоод “орк” хэмээн нэр томьёо гаргаж, хотод аж төрөхөд зохисгүй, бүдүүлэг үйлдэл гаргаж буй хүмүүсийг “орк” гэж шоолох болсон. Гэтэл бид “орк” хэмээн шоолж буй хүмүүстээ хотын иргэн ийм байдаг гэж үлгэрлэсэн билүү, улаанбаатарын иргэн ийм байдаг юм аа гэдгийг нөхөрсгөөр зөвлөсөн билүү? Хот хүн бүхэнд хүртээлтэй байх ёстой. Хот хүн бүрийг өөрийн нэг хэсэг болох боломж олгох ёстой. Зөвхөн энд буй биеэрээ байгаад хотын иргэн болчихгүй, энд соёл, нийтээр мөрдөх дүрэм журам байдаг, хуулиар зохицуулахаас давсан хүн ёсны харилцаа үүсч, энэ хотын нэг хэсэг болж байж л тэд Улаанбаатарыг хайрладаг, ойлгодог болно.

Энэ минийх, би нэг хэсэг нь гэж бодсон хүмүүс бухимдахдаа утга учиртайгаар шүүмжилж, шалтгаантайгаар шийдэл нэхэж, өөрсдөө бас хөгжлийн тоосгыг нь өрөлцөхийг илүүд үзнэ.Хотын характер

Улаанбаатарыг “минийх” гэж боддоггүй хүмүүст энэ бол зовлонгийн газар. Энэ хот сүнсээ гээсэн, энд гайхуулаад байх юм юу ч үгүй, итгэл найдварын оч үүрд унтарсан, хариугүй салж унахын даваан дээр сангичиж яваа балгасыг орхиод одохсон, эсвээс нүүгээд өөр газар барьчихъя гэх тухай тэр хүмүүс өвдөж, өрөвдөхгүйгээр бодож чадна. Үнэндээ Улаанбаатарт биднийг уурлуулах, урам хугарах шалтаг даанч олон. Утаа, түгжрэл, тоос тортог, замбараагүй барилгууд, замаас эхлээд цаанаас захирахын аргагүй байгалийн заяамал өгөгдөл, хүйтэн нь хүртэл хараал зүхэл бармаар. Гэвч…

Улаанбаатарыг “минийх” гэж бодож, өмчилдөг хүмүүст энэ бол асуудалтай ч, адармаатай ч, амьдрал буцалсан амьд газар. Энэ хотод хэтэрхий хайртайдаа ч биш, зүгээр л үзэн ядаж ч зүрхэлдэггүй хүн энд олон. Тэр хүмүүс Улаанбаатар дотор байдаг, тэдний дотор ч гэсэн энэ хот бүрнээ төвхнөсөн болохоор тэр. Тэд хүлцэнгүй, сул доройдоо биш чухам энэ л хотод хайрт нь, хайртай бүхэн нь байдаг болохоор, дурсамжийг нь нэхэн сануулах зуу зуун дуртгал бий учраас, буй бүхнээрээ энэ газартай салшгүй холбоотой болохоор Улаанбаатараа дэндүү сайн ойлгодог.

Яг л хүн шиг, бид хотдоо гомддог, бас туньдаг. Хот маань биднийг догдлуулдаг, баярлуулдаг. Сэтгэл доторх мэдрэмжийн долгионоор хот нэгэн мөчид жаргалын орон болж, нөгөө үед надтай хамт гуньж бас чадна. Хотын зарим хэсэг биднийг өвтгөдөг. Гашуун дурсамж, гунигт үйл явдлыг сануулах хана туурга, хашаа байшин, барилгууд нь биднийг зовоодог. Энэ хот оршихуйн маань салшгүй хэсэг, оршин байсны маань цөмийг гэрчлэх түүхэн газар. Улаанбаатарын тэмдэгт газруудын хажуугаар бид онцгой үйл явдал, сэтгэл догдлуулсан мөч, түүнийг, тэдгээрийг, тэр хүмүүсийг бодохгүй өнгөрч чаддаггүй. Ахыгаа алдсан Сансарын тюннелийн хавиар би доголон нулимстай зөрдөг нь одоо ч хэвээр. Анх удаа хүнд дурлаад усан борооноор гүйж очсон Явуугийн цэцэрлэгт хүрээлэн тэр мөчийн догдлолыг түүнтэй хамт одоо ч сануулдаг. Энэ нууцыг хот бид хоёр л мэддэг. Эндхийн 1.5 сая иргэний нууцыг энэ хот л сайн мэддэг, энэ хот л сайтар хадгалдаг.Ингэж бодохоор хүн, хот хоёрын хооронд нөхцөлгүй халуун дулаан чанар оршдог байх нь. Хот гээч нь бас амьд чанартай байх нь. Улаанбаатар минь ийм амьд...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.