Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Гэрэг: Улаанбаатар ямар үнэтэй вэ?


“Гэрэг” сэтгүүл “The New York Times”-тай хамтарсан “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” тусгай дугаараа өнгөрсөн сард гаргасан билээ. Бид энэ дугаараар Улаанбаатарынхаа онцлогийг эргэн харахын зэрэгцээ дэлхийн хотуудад ч ямар асуудал тулгарч, тэд хэрхэн шийдэл эрж буйг зураглахыг зорьсон. Тэгвэл энэ долоо хоногт тус дугаарт багтсан нийтлэлүүдээ UB.LIFE сайтаараа уншигч Танд хүргэж байна.


Монгол Улсыг нэгэн айл гэж үзвэл энэ гэрт мөнгө олдог, гэр бүлээ тэжээдэг нэг л хүн бий. Тэр нь уул уурхай. Бусад нь түүний олж ирсэн мөнгөөр байшин барьж, гадаадаас бараа зөөж, найр наадам хэсэж, түрүүлсэн морь, бөхдөө бай өгдөг. Эдэн дунд хамгийн бүтээмжгүй ажилладаг нэгэн байгаа нь Улаанбаатар.
Өнөөдөр нийслэлд ДНБ-ий 60 гаруй хувь нь төвлөрч, хүн амын талаас илүү нь амьдарч, нийт улсын ажиллах хүчний 40 гаруй хувь нь цугларчээ. Хамгийн сайн боловсролтой, хамгийн их мөнгөтэй, хамгийн тохилог байшинтай хүмүүс Улаанбаатарт бий.

Зах зээлийн эдийн засгийн үүднээс аваад оюун мэдлэгийн ийм их төвлөрөлтэй газар хамгийн их бүтээлч байх учиртай ч Улаанбаатарын хувьд тийм биш. Эсрэгээрээ маш үрэлгэн, зүгээр л гаднаас ирсэн мөнгийг хэрэглээд дуусдаг хэрэглэгч хот (consumer city).

Өнөөдөр нийслэлд ДНБ-ий 60 гаруй хувь нь төвлөрч, хүн амын талаас илүү нь амьдарч, нийт улсын ажиллах хүчний 40 гаруй хувь нь цугларчээ. Хамгийн сайн боловсролтой, хамгийн их мөнгөтэй, хамгийн тохилог байшинтай хүмүүс Улаанбаатарт бий.

Оготны чинээ заан

Өнгөрөгч наймдугаар сард болсон “Улаанбаатарын Бага хурал” арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улаанбаатар нь тогтвортой хөгжил, амьдрахад таатай орчныг бий болгохын тулд ухаалаг технологид суурилсан шийдэлтэй... олон улсад өрсөлдөх чадвартай, дэд бүтэц хөгжсөн хүртээмжтэй, бизнес хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн, иргэд нь ажилтай орлоготой хот болж хөгжихөөр зорьж байна” гэж мэдэгдсэн. Гэхдээ энэ бүхэн “Улаанбаатар ямар үнэтэй байх ёстой вэ” гэдгийг тодорхойлохгүйгээр бүтэх боломжтой эсэх нь эргэлзээтэй.

Хэрэв Улаанбаатарыг банканд барьцаалж болохоор үл хөдлөх хөрөнгө гэж үзвэл хамгийн муу үнэлгээтэй хөрөнгө болно. Агаар, хөрс, ус бохирдуулж, хүн, машин чихэлдүүлэх чадалтай хот тэр хэрээрээ мөнгө олох боломжтой гэсэн үг. Газартай хүн баян гэдэг логикоор авч үзвэл нийслэл хот одоо байгаа газар, орон зайгаа ухаалаг ашиглаж маш их хэмжээний хөрөнгө оруулалт татах арга зам олон зуугаараа бий.

Эдгээр арга замыг судалж, тодорхойлж чадвал хотыг эдийн засгийн хувьд бие даан хөгжүүлэх хамгийн зөв бодлого болно. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Билэгсайханы үзэж буйгаар Улаанбаатар хотыг 2040 хүртэл хөгжүүлэх бодлого гэж байгаа ч энэ нь хот ирээдүйд ямар үнэтэй байх, хэн байхыг ойлгомжтой тодорхойлж чадахгүй байгаа аж. Орлогын хувьд нийслэл хүн амын орлогын албан татвар гэсэн ганцхан эх үүсвэрээс голдуу хараат байдалтай. Хүн амын талаас илүү нь амьдардаг хот гэхэд энэ нь бие даасан байдлын хувьд хэтэрхий сул дорой байгааг илтгэнэ. Зүйрлэвэл зааны чинээ биетэй ч оготны дайтай чадалтай байна. Хотыг сул дорой болгож буй хүчин зүйл нэлээдгүй. Нэгдүгээрт, Улаанбаатар Монгол Улсын эдийн засгийн хамгийн том соронзон болдог ч хөрөнгө мөнгөний эрх мэдлийн хувьд Сангийн яаманд төсөв бүрдүүлж өгдөг субъект төдий түвшинд ажилладаг.

Хоёрдугаарт, одоогийн хуулиар Улаанбаатар нь 18 мянган хүнтэй Говьсүмбэр аймагтай яг ижилхэн статустай. 2018 онд нийслэлийг эдийн засгийн хувьд бие даалгах Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яригдаж байсан ч одоог хүртэл хэлэлцэх гольдрилдоо орж чадаагүй л явна.

Хөгжингүй орнуудын жишгээр авч үзвэл хотын хөгжлийн түвшинг тодорхойлдог гол хүчин зүйл бол орон зайн ашиглалт. Үүнийг 2180 хавтгай дөрвөлжин км-т байрласан, 14 орчим сая хүн амтай Токио замын түгжрэлгүй ч, 4700 хавтгай дөрвөлжин км-т байрласан, 1.5 хүн амтай Улаанбаатарт энэ асуудал хямралын түвшинд очсон жишээнээс харж болно. Гудамжиндаа захирагдсан байшин, хашаа гэхээсээ байшин, хашаандаа зориулсан гудамжтай манай нийслэлд гэр хороолол, задгай захууд, хэтэрхий олон машин зэрэг Улаанбаатарыг эдийн засгийн хувьд хамгийн үр ашиггүй орон зайн нэгж болгон хувиргаж буй зүйл цөөнгүй.
Энэ санааг хүчтэй дэмждэг хүмүүсийн нэг нь Монголын нэртэй архитекторуудын нэг болох Б.Батжав. Тэрбээр “Хот өөрөө хөрөнгө оруулалт татах сонирхолтой орчин байх ёстой. Бид хотын эдийн засгаа эхэлж үнэлж, тэр тоонуудаа гаргаж ирж байж гаднын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Эдийн засгийн суурь ойлголтуудаа хоттой холбож, мэргэжлийн дүгнэлт гаргах цаг аль хэдийнэ болчихоод байна” гэж онцолж байна.

Бизнесмен хүний нүдээр харвал онгоцны билетээ хямдруулаад Хөшигийн хөндийд жуулчдыг хэдэн мянгаар нь “асгах” бололцоо бий. Хүй Долоон худагт морин тойруулгын орчин үеийн төв байгуулж, дэлхийн хамгийн хурдан морьдыг уралдуулах боломж байгаа. Зайсангийн аманд том казино байгуулан дэлхийн баячуудыг тоглуулж, түүнээс нь татвараа аваад суух гарц бий. Тэрэлжид маш том усан парк, наадам цэнгээний цогцолбор барьж жуулчдыг зугаацуулах потенциалтай. Энэ бол нэг талаар мөрөөдлийн жагсаалт нөгөө талаар зах зээлийн бодит боломж юм. Үүний тулд заанд заан шиг “тонгочих” боломжийг нь өгч, элдвийн чөдөр дөнгөнөөс нь салгах шаардлагатай.

Хүн далай

Монгол Улсыг далайд гарцгүй орон, тодруулбал угаасаа гадаад зах зээлд амжилт олж чадахгүй орон гэж үзэх хандлага хүчтэй. Гэвч аж үйлдвэрт илүү хамаатай энэ үгийн хүч өнөөдөр улам бүр суларч, ямар ч далайд гарах гарц, хил гааль хэрэглэдэггүй экспортын төрлүүд нэмэгдсээр байна. Энэ бол оюуны бүтээл.
Монголын хамгийн ухаантай, авьяастай хүмүүсийн олонх нь цугларсан Улаанбаатар мэдлэгийн эдийн засгийн үүднээс аваад үзвэл бүс нутагтаа хамгийн том зангилаа цэгүүдийн нэг (hub) байх бололцоотой.
Улаанбаатар хотоос 2000-аад оны эхнээс хөгжингүй орнууд руу боловсрол эзэмшихээр гарсан залуусын түрүүч нь одоо дотоодод болон гадаадад мэдлэгийн эдийн засгийн чухал чиглэлүүдэд амжилттай ажиллаж байна. Сүүлийн хэдхэн жилд Туулын хөндийд мэдээллийн технологийн чиглэлээр цөөнгүй компаниуд төрөн гарч, бүс нутгийн зах зээлд гараад эхэлсэн. Энэ нь уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалаас гадна мэдээллийн технологи гэх маш ирээдүйтэй салбар байгаа гэдгийг тодорхой болгов. Тэгэхээр бид өөрийн “Tuul Valley” гэсэн брэнд үүсгэхийг үгүйсгэхгүй.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатарыг бид ирээдүйд авьяастай хүмүүс дүрвэдэг биш, харин татагддаг тийм л орчин болгох хэрэгтэй аж. Түүнээс биш Улаанбаатар гэж хэн бэ гэдгийг тодорхойлж чадахгүй бол Оюу толгойг 10 үржүүлсэн ч нийслэлчүүд урсгал зардлаасаа хэтэрдэггүй, гүүр нэмж барьсан ч түгжрээ багасдаггүй байдал хэвээр үргэлжлэх магадлал өндөр.

Улаанбаатарыг бүс нутгийн хамгийн үнэтэй зангилаа цэгүүдийн нэг болгох өөр нэг боломж бол манай нийслэл дэлхийн хоёр том зах зээлийн дунд оршдог явдал. Эдүгээ үүнийг Эдийн засгийн коридор, Торгоны зам гэх мэтээр нэрлэх болжээ. Ялангуяа аялал жуулчлалын салбарт ийм боломж хамгийн их.
Сүүлийн үед зарим судлаач улам бүр хэтэвч нь зузаарч буй Хятадын жуулчдыг хэрхэн Монголд авчирч мөнгийг нь үрүүлэх вэ гэдэг дээр сонирхолтой шийдлүүд санал болгож байна. Тухайлбал, Оросын судлаач В.Бережних “Цайны замыг сэргээх нь” төслийн хүрээнд Улаанбаатарыг, тодруулбал Тэрэлж орчмыг Хятадаас Оросыг, цаашлаад Европыг чиглэсэн жуулчдыг амраах, зугаацуулах зангилаа өртөө болгон хөгжүүлэх санал дэвшүүлжээ. Үүний тулд Монголын эрх баригчид Хятадын жуулчид Монголын нутаг дэвсгэр дээгүүр машинтайгаа явж Орос руу гарах бололцоог олгох хэрэгтэй болно гэв.

Улаанбаатарыг хүмүүс цуглаж, мөнгөө үрэх дуртай газар болгоё гэвэл энэ мэтээр хэдийнэ хоцрогдсон зарим явцуу бодлоосоо салж, зоригтой алхмууд хийх шаардлагатай. Монгол далайд гарцгүй орон биш. Бид хүн далайд маш том гарцтай. Энэ далайд том хөлөгтэй гарч арвин олз олох боломж бидэнд байгаа.

Нийтлэлийг бичсэн: Ганбаатарын Даваадорж

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.