Хайх зүйлээ бичнэ үү

UBLIFE сайт арьс арчилгаа, нүүр будалтын тухай зөвлөгөөг нүүр хувиргагч Г.Нарангэрэлтэй хамтран бэлтгэн хүргэхээр боллоо. Салбарынхан нь түүнийг Каталяа нэрээр илүү таних биз ээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Анх хэрхэн нүүр будалт хийхээр болсон бэ?

-Би мэйкап хийгээд таван жил болж байна. Эдийн засагч мэргэжилтэй. Их сургуулиа төгссөнийхөө дараа өөрийгөө будаж сурахаар сургалтад явсан. Аливаа зүйлийг ул суурьтай сурах дуртай болохоор нүүр будалтын сургалтад суусан хэрэг л дээ. Тэнд сурах үедээ Шүрэнчимэг багштайгаа таарч, танилцаж байлаа. Багш маань Японд арваад жил нүүр хувиргалтаар суралцаж, ажиллаж байсан хүн. Багшийнхаа чадварыг хараад л надад нүүр будалтын урлаг үнэхээр их таалагдсан. Анх киноны зураг авалтад ажиллаж, нүүр хувиргалтаар хоёр жил дагалдан хийж байлаа.

-Нүүр хувиргалт хийхийн юу нь таны сэтгэлийг татаж, эдийн засагч мэргэжлээсээ өөр зүгт зориход  хүргэв?

-Их сургуулиа төгссөний дараа ажлын саналууд ирж байсан ч нүүр хувиргалтын чиглэлээр ажиллах нь илүү сонирхлыг минь татсан. Багш бийрээ бариад л багсаараа будгаа уусгаж байгаа нь уран зураг зурж байгаа юм шиг харагдсан юм. Олон гоё өнгө сонирхлыг минь татаж, миний эмэгтэйлэг шинж чанарыг сэрээж өгсөн. Би спортоор хичээллэдэг, эршүүд охин байсан л даа. Анх найз охиноо будаж өгтөл найз минь их баярласан. Надад ч их хөөрхөн харагдаад би догдлоод л. Түүнээс хойш олон хүнийг будаж өгсөн дөө.

-Та ямар кинонуудад нүүр хувиргагчаар ажилласан бэ. Нүүр хувиргагч байхын онцлог нь юу вэ?

-Багшийгаа дагаад олон кинонд нүүр хувиргагчаар ажилласан л даа. Жишээлбэл, “Босуул”, “Ларьдма-2”, “Үүр цайгаасай” болон Хятад руу түүхэн кинонд ажиллаж байлаа. Заримынх нь нэрийг одоо санахгүй байна. Баримтат кинонуудад ч ажилласан. Клип, реклам, загварын шоу зэрэгт олон будалт хийсэн.
Хийсэн нүүр хувиргалт, будалт бүхнээ олонд ярьж, таниулахыг хүсдэггүй. Нүүр будалт надад ариун санагддаг. Хясаа сувдаа нуудаг шиг нандин зүйл болохоор будсан бүсгүйчүүд, уран бүтээлчдээ ярихаас илүү гоё сайхныг нь тухайн хүндээ үлдээх нь гоё санагддаг. Намайг зорьж ирсэн үйлчлүүлэгчид дотоод нандин мэдрэмжээ аваад гарах нь чухал. Саяхан бодоод үзтэл давхардсан тоогоор хоёр мянгаад эмэгтэйг будсан юм билээ. Ихэнх нь уран бүтээлч, олны танил хүмүүс. Эмэгтэй хүний будаггүй царайг харна гэдэг яг л нуусан сувдыг нь харахтай ижил эмзэг зүйл шүү дээ. Тиймээс тэр олон хүний итгэлийг хүлээсэн хүн  байхгүй юу. Мөн эмэгтэйчүүд хэн нэгэн залууд будаггүй царайгаа харуулна гэдэг маш том шагнал, хүндлэл үзүүлж байна гэсэн үг. Эмэгтэйнхээ будаггүй төрхийг харсан эрчүүд хайр, халамжаа харамгүй өгөөсэй гэж хүсдэг.

Эмэгтэй хүний будагны цаана маш олон амьдрал нуугдаж байдаг. Ар гэртээ асуудалтай байгаа эмэгтэй нүүрээ будаж өөрийгөө жаргалтай болгодог гэдэг ч юм уу, будаг бол амьдралтай нь холбоотой том сэдэв байдаг л даа. Нүүр будах нь гоёж гоодох төдий хөнгөн зүйл хэзээ ч байдаггүй.

-Ийм олон хүнийг будах явцад эмэгтэй хүн, будаг хоёрын салшгүй холбоог яаж мэдэрсэн бэ?

-Хоёр мянган эмэгтэйн нүдийг харж, будсаных хүмүүсийн нүднээс тухайн хүний үзэл бодол, сэтгэл санааны байдлыг унших чадвар суучихсан байснаа анзаарсан. Хүний нүдийг сэтгэлийнх нь толь гэдэг шүү дээ. Би будалт хийхдээ тухайн хүний харцтай нь уялдуулж, шингээж өгөхийг хүсдэг.

Миний толины өмнө суусан эмэгтэй болгон нандин мэдрэмж аваад сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй гараасай гэж боддог. Түүнээс биш өөрийг нь танихгүй болтол будаж, өөрийнх нь хэв маягийг эвдэх дургүй. Рок хэв маягтай хүнд “бэйби” будалт хийчихвэл эвгүй шүү дээ. Дотор хүнийг нь гаргаж урлах сайхан байдаг. Дээрээс нь хүмүүсийг ганцаарчилж хүлээн авахыг илүүд үздэг. Олон хүний хажууд эмэгтэй хүнийг будах нь зохимжгүй санагддаг. Надаас хүмүүс “Чиний будсан хүмүүсийн зураг яагаад байдаггүй юм, яагаад лайв хийдэггүй юм бэ” гэж их асуудаг л даа. Би “Байдаггүй юм аа” л гэчихдэг.

Төмөр хатагтай ч байсан, эгэл жирийн эх хүн ч байсан будалт сэтгэлд нь хүрэхээр харц нь гэрэлтээд байн байн толинд хараад эхэлдэг. Эмэгтэй зан чанар, ааль нь өөрийн эрхгүй тодорч харагддаг. Үг хэлэхгүй байсан ч мэдрэгддэг юм. Ямар ч арьстай, ямар ч төрхтэй байсан хүн болгонд нандин хэсэг, хөөрхөн харагдуулдаг өнцөг байдаг. Царай муутай эмэгтэй гэж байдаггүй. Тиймээс тухайн хүний нандин зүйлийг тодруулж, будалт хийчихээр урам авч, итгэл дүүрэн болоод ирдэг нь сайхан шүү.

-Энэ хугацаанд олон хүнээс талархал, урмын үг сонссон байх. Сэтгэлд нь тод үлдсэн дурсамжаасаа хуваалцана уу?

-Би үйлчлүүлэгчдийнхээ хувийн нууцыг хадгалдаг болохоор ямар хүмүүст будалт хийснээ хэлдэггүй л дээ. Гэхдээ сэтгэлд тод үлдсэн нэг үйлчлүүлэгч байдаг юм. Тэр хүн нүүрээ буддаггүй, спортын хүн байсан. Маш гоё хөмсөг, нүүрний хэлбэртэй. Тэгэхээр нь би зөвхөн хацрыг нь өнгөлөөд жижигхэн гэрэл тавиад өгтөл “Хүүе ээ, чи намайг тавхан минутад ямар гоё болгочихов оо” гээд маш их баярлаж, гурав дахин их мөнгө өгсөн. Би татгалзаад та ямар ч мөнгө төлөх хэрэггүй ээ, та өөрийнхөө нүүрний хэлбэрийг тодотгоод будахад л болно гэж зөвлөж байсан. Тэр хүн өмнө нь нэг удаа  нүүрээ будуултал өөрт нь таалагдахгүй, нойлд орж уйлаад будгаа арилгасан тухайгаа хүртэл ярьж байлаа. Эмэгтэй хүн их будсанаараа хөөрхөн болдог биш донжоо олж будах нь чухал. Нүүр будалт хийхэд мэргэжлийнх байхаас илүү мэдрэмжтэй байх хэрэгтэй. Амьдралынхаа хамгийн сайхан мөч болох хуримаа хийх, гэр бүлийн зураг татуулах, онцгой өдрийг тэмдэглэх гэж байгаа хүмүүс зорьж ирдэг болохоор тэдэнд үнэ цэн бүтээж өгөх ёстой шүү дээ. Хүмүүсийн төрмөл өгөгдлийг тодруулж, дүрийг нь бүтээж өгөх нь миний үүрэг. Би хуримын будалт хийх дуртай. Олон будалт хийдэг болохоор тэр бүхнийг санахгүй ч үйлчлүүлэгчдээс ирсэн талархлын мессеж, чат намайг сэргээж, аз жаргалтай болгочихдог юм.

Миний толины өмнө сууж, надтай ярилцсан эмэгтэй бүрийг өөрийгөө цор ганц, давтагдашгүй эрдэнэ гэдгээ мэдрээсэй гэж хүсдэг. Би энергийг чухалчилдаг болохоор миний толины өмнө нэг ч эмэгтэй бүү уурлаж, бухимдаасай гэж өглөө болгон бодож, арчдаг. Азаар ирсэн хүн болгон дандаа инээгээд гардаг. Гоё мэдрэмжийг аваад гарсан эмэгтэй цаашаа олон хүнд түгээх болохоор тэр хэрээр нийгэм гоё энергитэй болно шүү дээ. Үүнийг л чухалчилж будалт хийдэг.

-Охид таалагддаг залуудаа, эсвэл хэн нэгэнд зориулж, хөөрхөн харагдахын тулд будах тохиолдол цөөнгүй. Хүнд таалагдахын тулд нүүрээ будах тухайд та юу гэж боддог вэ?

-Нэг хэсэг би нэлээн олон будалтыг өөр дээрээ туршиж, төрөл бүрийн дүр бүтээж толины өмнөөс салдаггүй байлаа. Хамаатны эгч “Хөөх энэ хүүхэд чинь нүүрээ будахаас өөр юм хийддэггүй юм байна шүү дээ” гэж хэлж байсан удаатай. Жаахан байсан болохоор тухайн үед хүмүүст таалагдахын тулд будаж байна гэж бодоод “Ямар хөөрхөн юм бэ, яасан гоё будсан юм бэ” гэж хэлээсэй гэж хүсдэг байсан. Одоо бодоход эхлээд өөртөө таалагдахын тулд будаж, тухайн мэдрэмжээ бусдад өгөхийг хүсэж байснаа ойлгосон. Бүх цаг үеийн охид өөрийнхөө орон зайг бүрдүүлж, нийгэмд бие даасан хүчирхэг хүн болсноо бусдад зарлаж, мэдэгдэхийн тулд буддаг гэж боддог.

Эмэгтэйчүүд 25 наснаасаа хойш өмнө нь яагаад тэгж их будаж байснаа боддог л юм билээ. 40 нас гарахаараа бүр үл ялиг буддаг бол 30 настай эмэгтэй 25-тай харагдуулах хэмжээнд будуулахыг хүсдэг. Харин 18-25 настай охид өөрийгөө бие даасан эмэгтэй байлгахын тулд илүү хүчирхэг, зоримог шийдэлтэй будалт хийлгэдэг. Нас ахихын хэрээр эмэгтэйчүүд арьсаа байгалиар нь эрүүл байлгах хамгийн чухал гэдгийг ойлгодог. Мөн өөртөө тохирсон өнгө, өнцгөө олсон эмэгтэй гунигтай үедээ ямар өнгөөр нүдээ будвал сэтгэлээ сэргээж чадахаа мэднэ гэсэн үг л дээ. Ер нь арьсаа их хэмжээгээр будсан бол тэр хэрээр цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр арьс батгашиж, эмзэгших зэрэг ямар нэгэн асуудал үүсэхгүй. Би эмэгтэй хүн бүрийг толиныхоо өмнө суугаад арьсаа уншиж чаддаг, дүр төрхөө бүрдүүлж чаддаг болгохыг хүсдэг. Сүүлийн хоёр жил энэ чиглэл рүү анхаарч ажиллаж байна.  

-Нүүр будалт, арьс арчилгааны тухай уншигчдад ямар мэдээ мэдээлэл, зөвлөгөөг түлхүү хүргэхээр зорьж байгаа вэ?

-Хүн өөрөө өөртөө хамгийн мундаг нүүр будалт хийж чадна. Хүн өөрийнхөө онцлог, дутагдалтай талыг хамгийн сайн мэддэг шүү дээ. Тийм болохоор мэдрэмж, арьсныхаа онцлогт тохируулж гэрийн нөхцөлд хэрхэн арьсаа арчилж, будалт хийх тухай мэдээллийг хүргэх болно. Гар дорх гоо сайхны бүтээгдэхүүнээ ашиглаж, яаж гоё будалт хийх вэ гэдгийг зөвлөх юм. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрхэн таньж, ялгаж, сонгож худалдан авалт хийх тухай мэдээлэл өгнө. Эрчүүдийн арьс арчилгааны тухай мөн зөвлөнө.
Нүүрэндээ түрхсэн бүтээгдэхүүн хамгийн хурдан цусанд ордог. Химийн найрлага ихтэй бүтээгдэхүүн түрхвэл тэр хэрээр хор нь цусанд орно гэсэн үг. Тийм болохоор худалдааны зөвлөхийн үгэнд орж биш өөрөө мэдэж худалдан авалт хийж чаддаг болоосой гэж хүсэж байна. Дээрээс нь авсан бүтээгдэхүүнээ зөв хэрэглэж, дадах нь чухал.

Ялангуяа одоо цагт 14 наснаасаа эхлэн арьсаа цэвэрлэж, тохирсон будалт хийж арьсаа хамгаалах хэрэгтэй. Зовхи унжиж, арьс үрчлээтэхэд татуулж болдог ч бид нар арьсаа хэзээ ч солиулж чадахгүй шүү дээ. Тиймээс л арьсаа зөв арчилж, тордох нь чухал юм. Энэ бүхнийг л уншигчдадаа хүргэхийг зорьж байна.

-Үнэтэй гоо сайхны салонд очилгүйгээр толинд хараад л арьсаа уншдаг байхын тулд юу мэддэг байх хэрэгтэй вэ?

-Би эмэгтэйчүүдийг ямар нэгэн зүйлийн золиос битгий болоосой гэж хүсдэг. Зар сурталчилгаанд итгэж, хэн нэгнийг даган дууриаснаасаа болж алдах тохиолдол их. Ийм үед хэн ч нөхөн төлбөр олгож, арьсыг тань буцаад хэвийн байдалд нь оруулж чадахгүй. Тиймээс л өөрийнхөө арьсыг уншиж сурах хэрэгтэй. Бид нар шүдээ угаагаад дадал болгочихсонтой адил арьсаа яаж уншиж сурахыг чимх чимхээр зөвлөгөө болгон бэлтгэж байна. Тун тунгаар нь өгсөн зөвлөгөөг маань хэрэгжүүлээд явбал дараа нь дадал болох боломжтой. Арьсаа уншиж сурахын тулд эхлээд амьдралынхаа хэв маяг, хэвшлийг бодох хэрэгтэй. Би энэ тал дээр өөрөө туршиж үзсэн болохоор олж авсан мэдлэгээ бусадтай хуваалцах болно.

Мэйкап хийнэ гэдэг нь зөвхөн нүүрний өнгөн талыг гоё болгоно гэсэн үг биш. Хүний сэтгэл санаа, биеийн галбир, онцлог гээд л бүх зүйлтэй нь уялддаг. Хэзээ ч дуусахгүй том сэдэв. Өнөөдөр та хэн байхыг хүсэж байна түүнийгээ урлаж, дүр бүтээж чаддаг байх хэрэгтэй.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.05.06 172.69.252.149

Дүүдээ ажилын амжилт хүсье!

0 Хариулах