Боловсрол эзэмшихээр харийн орныг зорьсон залуучуудын нэг хэсэг нь тэндээ ажиллаж, туршлага хуримтлуулах замыг сонгодог. Харин зорьсон эрдмээ өвөрлөсөн зарим нь эх орондоо эргэн ирж, сурсан мэдсэнээ ажил хэрэг болгож байна. Тэдний төлөөлөл болох Г.Нарантуяатай бид онлайнаар холбогдож, цөөн хором ярилцсан юм.
Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрж, өссөн тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалж улмаар Бразил, Израиль, Францад улсуудад сурч, ажиллаж байгаад өнгөрсөн жил эх орондоо эргэн иржээ. Г.Нарантуяа Израиль улсад Ойрхи Дорнод судлалаар гурван жил суралцаж магистрын зэргээ хамгаалсны дараа Францыг зорьж тэндээ хүмүүнлэгийн төслийн менежмент чиглэлээр хоёр дахь магистртаа сурч төгсөв. Ийнхүү тэрбээр сургуулиа төгсөнгүүтээ Монголдоо, тэр дундаа төрсөн сумандаа эргэн ирж, зорьж тэмүүлж байсан бүхнээ хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан байна.
Г.Нарантуяа 3200 орчим хүн амтай Хишиг-Өндөр сумаа тогтвортой хөгжлийг цогцлоосон жишиг сум болгохоор "Эко сум" ТББ-ыг байгуулж, нөхрийнхөө хамт бүтэн цагаар ажиллаж байгаа аж.
- Та олон жил гадаадад суралцаж, амьдарсан тул тэндээ үлдээд ажиллах боломж ч байсан болов уу. Монголдоо эргэн ирж, орон нутгийн хөгжлийг дэмжих ажил хийхэд юу хамгийн их нөлөөлөв?
Бид үүсэл рүүгээ үргэлж тэмүүлж байдаг шүү дээ. Өндөр хөгжилтэй орнуудад сурч, ажиллаж, амьдрах сайхан ч нутагтаа байхыг юутай ч зүйрлэшгүй. Сурч мэдсэнээ эх орондоо авчирч, хөгжил дэвшилд нь хувь нэмрээ оруулж, эх орондоо эзэн болохгүй бол монгол хүн гэж хөөрөөд яах билээ. Би өмнө нь Бразилд 6 сар, Израиль улсад бараг 3 жил, дараа нь Францад жил гаран амьдарсан. Ер нь сурч дуусаад Монголдоо ирж амьдарна гэж боддог байв. Харин төгсөнгүүтээ эргэж ирэхэд нөхөр маань их нөлөөлсөн. Манай хүн Монгол руу их тэмүүлж, “Хийх зүйл их байна. Бушуухан очиж ажлаа эхлүүлье” гэж шавдуулснаар намайг Парис дахь сургуулиа төгсөнгүүт бид буцахаар болсон юм.
Гэр бүлийн хүн маань байгаль орчны инженер мэргэжилтэй л дээ. Мөн миний төгссөн сургуулийг надтай адил хүмүүнлэгийн төслийн менежментийн чиглэлээр суралцаж дүүргэсэн. Бид хоёр хоёулаа олон улсын томоохон төрийн бус байгууллагуудад ажиллаж байсан. Хэтэрхий том байгууллагуудын ажил яаж явдаг, ямар их хөрөнгө зарлагаддагийг, хүч их зарцуулдаг ч үр дүн багатай байдгийг харсан. Хүмүүнлэгийн салбарын өнөөгийн төрх үнэндээ ийм л байна. Тиймээс бид орон нутагтаа, асуудлуудынхаа голомттой аль болох ойрхон ажиллаж байж л бага зардлаар богино хугацаанд үр дүнд хүрнэ гэдгийг ойлгож, зориг гарган нутагтаа ирсэн.
- "Эко сум" ТББ үйл ажиллагаагаа хэзээнээс эхлүүлэв?
Манай байгууллага 2018 оны аравдугаар сард албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнээс өмнө мэдээж бэлтгэл ажил урт хугацаанд үргэлжилсэн. Бид орон нутгийн хөгжлийг дэмжих, бие даасан, хөгжлийн тогтвортой бодлого бүхий хөдөөгийн хөгжлийн шийдлийг олох зорилготой байгууллага. Асуудалтайгаа бодитоор нүүр тулж, тухайн нутаг орон, нөхцөл байдлыг хэнээс ч илүү ойлгож, гарцыг нь ч мөн уугуул иргэдтэйгээ хамтарч олдог нь орон нутгийн ТББ байхын гол давуу тал юм. Мөн энэ олон төсөл, хөтөлбөрт цацагдаж буй их хөрөнгийг хэд дахин багасгаж, хавьгүй илүү үр дүнтэй ажиллах бүрэн боломжтой. Тухайн орон нутгийн нөөц бололцоог ашиглахад ч хамаагүй дөхөмтэй гэсэн үг юм.
- Одоо ямар чиглэлд ажиллаж байна вэ, хэрэгжүүлж буй төслүүдээсээ танилцуулаач?
Бид Хишиг-Өндөр суманд тулгарч буй гол гол асуудлуудыг тодорхойлсны үндсэн дээр нэн даруй шийдэх шаардлагатай байгаа таван үндсэн үйл ажиллагааны чиглэлийг гаргасан. Гэхдээ манай байгууллагын үйл ажиллагаа зөвхөн эдгээрээр хязгаарлагдана гэж ойлгож болохгүй. Ер нь сумынхаа, цаашлаад Монгол орны хөдөө орон нутгийн хөгжилд нэмэр болох, шаардлагатай ямар л төсөл байна тэр болгонд бид гар бие оролцоход бэлэн.
Яг одоогийн байдлаар хог хаягдлын менежментийн чиглэлд төвлөрөн ажиллаж байна. Хотод одооноос л хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах тухай ярьж байгаа боловч хөдөө орон нутагт энэ талын ойлголт бараг байхгүй гэж хэлж болно. Жишээ нь, манай суманд хог хаягдлыг цуглуулж ачих, хогийн цэгт системтэйгээр хүргэх гэх мэт хамгийн энгийн үйлчилгээ байдаггүй. Харин манай байгууллага нөлөөллийн ажил хийж эхэлснээс хойш хогоо ангилдаг айл өрх, албан байгууллагууд нэмэгдэж байна. Санхүүжилт хомс учраас өөрсдийн байгаа жаахан мөнгөөрөө чадах бүхнээ л хийж байна.
- Хог хаягдлын менежментийн хүрээнд хийж буй ажлуудаа дэлгэрэнгүй танилцуулбал?
Манай хог хаягдлын менежментийн төслийн зорилго нь хоггүй сум болох. Энэ зорилгын хүрээнд бид нэн тэргүүнд хогоо эх үүсвэр дээр нь ангилахын ач холбогдол, хог хаягдлыг ил задгай хаяснаар хүн амьтны эрүүл мэнд төдийгүй хүрээлэн буй орчинд ямар бохирдол, эрсдэлийг үүсгэж байгааг иргэдэд ойлгуулах, энэ талын мэдлэг, боловсрол олгох шаардлагатай гэж үзсэн. Тиймээс бид сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудтай ойр ажиллаж, боловсрол олгох, нөлөөллийн ажил түлхүү хийж байна. Тухайлбал, хогоо хэрхэн ангилах тухай бичлэг хийж сургуулийн хүүхдүүдэд үзүүлэх, хог хаягдлыг ангилах болон дахин боловсруулалтыг хэрхэн хийдгийг харуулсан мэдээллийн самбарууд гаргаж албан байгууллагуудад тараах зэрэг ажлуудыг хийсэн.
Үүнээс гадна санхүүжилтээ босгож чадвал сумандаа шаардлага хангасан хогийн цэгтэй болохоор зорьж байна. Одоогийн байдлаар хогийн цэг сумтайгаа тэнцэхүйц том талбайг хамарч байна. Бид үүнийг өөрчилж, талбайг нь хашиж багасгаад, ангилсан хогуудыг хүлээн авч дахин боловсруулдаг, стандарт хогийн цэг байгуулахаар төлөвлөж байгаа юм. Цаашид хогийг дахин боловсруулахаас гадна айл өрх бүр хог хаягдлаа багасгаж, худалдан авалт хийхдээ хүртэл "Үүнээс гарсан хаягдлыг дахин боловсруулж болох уу, үгүй юу" гэж асуудаг ухамсар, хандлагыг төлөвшүүлэх хүртэл ажиллана.
- Өөрсдөө хуванцар дахин боловсруулах жижиг оврын машин хийсэн гэж сонслоо. Машиныг хэрхэн бүтээсэн, хүчин чадал, ямар төрлийн хогийг дахин боловсруулах боломжтой талаар хуваалцаач?
Хуванцар дахин боловсруулах жижиг оврын машиныг бүтээх үйл явц
Precious Plastic гээд олон улсад хэрэгждэг төсөл бий. Энэ төслийнхөн хуванцар дахин боловсруулах бага оврын машиныг бүтээхэд шаардлагатай бүх материалын жагсаалт, хэмжээ, хэрхэн хийх тухай зааварчилгааг онлайнд нээлттэй тавьчихсан байдаг. Манай инженерүүд энэ мэдээллийг ашиглаад хэрэгтэй багаж, тоног төхөөрөмж, материалуудаа хотоос авчирч, манай гэрийн гадаах жижиг амбаарыг ажлын өрөө болгоод эхнээс нь эцэс хүртэл өөрсдөө хийсэн. Мөн Азийн сан хуванцар дахин боловсруулах машин бүтээх болон хогны бүтцийн судалгаа хийхэд шаардлагатай санхүүжилтийг олгосон. Энэ дашрамд, Азийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.
- Та бүхэн хуванцар дахин боловсруулах машинаа ашиглаад нэг удаагийн шөлний савыг дахин боловсруулж, сандал хийсэн нь их сонирхолтой санагдсан?
Бидний сандалдаа хэрэглэсэн хуванцар бол хог биш, түүхийн эд. Хогийг эргэлтэд оруулж чадвал бүтээгдэхүүн болгох боломжтой гэдгийг харуулахыг зорьсон жишээ юм.
Бага зэрэг дэлгэрүүлж тайлбарлавал, хуванцрыг дотор нь 7 ангилдаг ба бидний бүтээсэн бага оврын машин нь 2,3,5 дугаар ангилалд багтах зөөлөн хуванцрыг боловсруулах хүчин чадалтай. Тухайлбал, сандал хийсэн шөлний сав нь тавдугаар ангилалд багтдаг. Боловсруулах машин маш энгийн, жижигхэн. Хэв нь жижиг учраас жижиг бүтээгдэхүүн гаргах боломжтой. Өөр бүтээгдэхүүн хийхийн тулд цаашид туршилтууд хийгдэнэ. Харин хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг ус, ундааны сав нь нэгдүгээр ангилалд багтдаг бөгөөд хатуу, өндөр температурт хайлдаг, ярвигтай учраас бага оврын машинаар дахин боловсруулах боломжгүй юм.
Хуванцар бүтээгдэхүүний ангилал
Гэхдээ энэ үйл ажиллагаа нь бидний хувьд бизнес биш гэдгийг дурдах нь зүйтэй. Хүнд хэрэгтэй зүйлийг хаягдал хуванцраар хийх нь л бидэнд чухал. Хамгийн гол нь хүмүүс хогоо ангилж, түүхий эд болох хуванцраа үйлдвэрлэл эрхлэгчдэд цэвэрхэн очих нөхцөлөөр нь хангах хэрэгтэй байна.
- "Эко сум" ТББ албан ёсоор байгуулагдаад дөнгөж нэг жилийн босгон дээрээ хүрч байгаа ч өнгөрсөн хугацаанд чамгүй олон ажил амжуулж, тодорхой үр дүнд хүрч чадсан байна шүү дээ. Та хоёроос гадна хэр олон хүн ажиллаж байна вэ?
Үүсгэн байгуулагдсанаас хойш нөхөр бид хоёр бүтэн цагаар, цалин хөлсгүйгээр ажиллаж байна. Мөн манай байгууллага Улаанбаатар хотод салбартай бөгөөд ихэнх нь Хишиг-Өндөр сумаас гаралтай, тэнд ажиллаж амьдардаг гишүүд маань сайн дураараа ажилладаг. Гадаадаас ирж буй сайн дурын ажилтнуудын хувьд бид зун календарьчилсан төлөвлөгөө гаргаад хэдий хугацаанд, ямар ур чадвартай хүмүүс хэрэгтэй байгаагаа зарладаг. Ингээд бидэнд хандсан хүмүүсээсээ ярилцлага авч, сайн дурын ажилчдаа сонгон шалгаруулдаг юм. Энэ зун манайд олон сайн дурын ажилтнууд ирсэн. Тэдний дундаас Англиас ирсэн Рохан Попат, Францаас ирсэн Бастиен Гайгниех, Симон гэсэн гурван механикийн инженер хуванцар дахин боловсруулах машиныг бүтээсэн.
- Гэр бүлээрээ бүтэн цагаар, тэгээд цалин хөлсгүй ажиллана гэдэг тун хэцүү шүү дээ. Өөрсдөө яахав гэхэд үйл ажиллагаагаа явуулахын тулд санхүүжилт зайлшгүй шаардлагатай. ТББ-ын үйл ажиллагааг явуулахад юу хамгийн сорилттой байна, санхүүжилтийн асуудлаа хэрхэн даван туулж байна вэ?
Бүх зүйлийг тэгээс эхлэх хамгийн хэцүү. Одоохондоо шинэ болохоор хүмүүс заримдаа эргэлзэж, тээнэгэлзсэн байдлаар хандах нь бий. Тиймээс энэ олон ТББ дундаас тууштай үйл ажиллагаа явуулахаар зорьж буй гэдгээ бодит үйлдлээр батлан харуулж, суман орон нутгийн иргэдээс эхлээд санхүүжүүлэгч байгууллагуудад танигдаж, хүлээн зөвшөөрөгдөхөд хугацаа хэрэгтэй шүү дээ. Энэ эхлэл хэсэг л хамгийн хүнд санагдаж байна.
Санхүүжилт олоход мэдээж амаргүй. Өнөөг хүртэл бид найз нөхөд, хамаатан садан, багш нар гэх мэт танил хүмүүсийн өгсөн хандиваар санхүүжилтээ бүрдүүлж ирсэн. Гэлээ ч бид ганцхан хандив, тусламжид найдалгүй шаардлагатай төслүүдээ бичиж санхүүжүүлэгч байгууллагууд руу илгээж байгаа. Удахгүй томоохон санхүүжилт орж ирж, бид хоёр цалинтай болно гэж найдаж л байна. (инээв)
- Та бүхэн цаашид ямар үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна вэ, ирээдүйн төлөвлөгөөгөө хуваалцвал?
Бид бүхэн үндсэн таван чиглэлийнхээ хүрээнд нэн даруй төслүүдээ хэрэгжүүлж эхлэхээр зорьж байна. Хогны менежментийн төслөөс гадна газар тариалангийн төсөлд түлхүү анхаарал хандуулж, төслөө бичиж дуусаад санхүүжилт бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ нь сумынхаа хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангах загвар тариалангийн талбайтай болох, тариалан эрхлэх сонирхолтой иргэдэд сургалт явуулж газар тариалан эрхлэлтийг дэмжих зорилготой төсөл юм. Одоогоор тариалангийн талбайгаа хашиж хамгаалахаар шонгийн нүхнүүдээ ухаж, хашааны материалуудаа бэлдээд байна.
Г.Нарантуяа нөхөр Пиэрийн хамт
Бид бусдын л адил иргэд. Хүрээлэн буй орчноо сайжруулж, тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг хүсдэг. Түнэр харанхуйг зүхэж суухаар ганц ч гэсэн лаа асаа гэдэг шиг хүн бүр нөөц боломжийн хэрээр, чадах зүйлээрээ эх орныхоо хөгжилд, үр хүүхдүүдийнхээ ирээдүйд хувь нэмрээ оруулах хэрэгтэй болов уу. Олон хүн хөдлөх тусам өөрчлөлт илүү хурдан ирнэ. Тийм болохоор цаг алдалгүй, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа барьж аваад эхлээсэй гэж хүсдэг. Бид ч гэсэн зорилгодоо хүрэхийн тулд тууштай зүтгэнэ ээ.
- Гэр бүлийн хүн тань гадаад улсын иргэн учраас Монголын уур амьсгал, орчин нөхцөлд дасан зохицоход хэр их хүндрэл тулгарч байна?
Нөхөр маань 2014 онд анх Монголд ирж байсан. Тэрнээс хойш жил бүр тасралтгүй ирж, өнгөрсөн өвөл энд өвөлжсөн. Монголд их элэгтэй хүн л дээ. Монголыг өөрийнхөө эх орон шиг санаж судалж, мэдэхийг хичээдэг юм. Миний мэдэхгүй зүйлсийг хүртэл судлаад мэдчихсэн байдаг. Нэгэнт л амьдарна гэж зориод ирсэн болохоор бага багаар дасан зохицож л байна. Бид хоёр өнгөрсөн жил гэрт өвөлжсөн. Нялх хүүхэдтэй учраас энэ жил байшин барьж оръё гэж шийдээд байшингаа барьж байна. Хотод ч, хөдөөд ч байшингаа сайн дулаалаагүйгээс болж нүүрс их түлж улмаар утаа ялгаруулалт нэмэгддэг. Тиймээс бид стандартын дагуу байшингаа сайн дулаалж, аль болох утаа бага ялгаруулахаар хичээж байна.
- Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
"Эко сум" ТББ-ын фэйбүүк хуудсыг дагах бол ЭНД дараарай. Вэб сайтаар нь зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.