Хайх зүйлээ бичнэ үү

 “Боловсрол” телевизээр гарч буй “Бүтэн амьдрал” олон ангит уран сайхны кинонд Ундрамын дүрийг бүтээсэн жүжигчин Г.Золзаяатай ярилцлаа.

-Та “Бүтэн амьдрал” олон ангит кинонд тоглохоосоо өмнө нэлээн удаан хугацаанд уран бүтээлээсээ завсарлага авсан. Өнгөрсөн хугацаанд юу хийж байв?

- Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би гурван жил ямар ч уран бүтээлд оролцоогүй. Залуу байгаа дээрээ одоо байгаагаасаа шат ахих ёстой гэж бодоод зорилго тавьж, уран бүтээлээ түр завсарласан юм. Энэ хугацаанд би боловсролдоо анхаарч, хос мэргэжилтэй болохоор Хятад руу сурахаар явсан. Монголын анхны хятад хэлтэй жүжигчин болохоос гадна Өвөрмонгол, Хятадын урлагийнхантай хамтарч хятад хэлээр уран бүтээл хийх хүсэл эрмэлзэлтэй байна. Гадаад хэлний мэдлэг манай уран бүтээлчид төдийгүй нийт хүмүүст маш их хэрэгтэй. Гадаад хэл сурах нь боловсрол гэхээсээ илүү хэрэглээ болсон байна. Тиймээс бусад залуустай хөл нийлүүлэн алхахын тулд гадагшаа явж сурахаар шийдсэн. “Бүтэн амьдрал” кинонд тоглох гээд сургуулиасаа жилийн чөлөө авч, уран бүтээлдээ эргэн орчихсон байна. Хэлний бэлтгэлээ дуусгаад ирэх намраас үндсэн мэргэжлийнхээ ангид орно.  

-Кинонд тоглох саналыг анх хэрхэн хүлээж авсан бэ. Зохиол болон дүр ямар санагдав?

-Энэ их сонин. Би Хятад руу ганц хоёр хоногийн дараа буцах гэж байтал “Боловсрол” телевиз, “Хүлэгү пикчерс”-ээс нэг өдөр нэлээн орой яриад яг одоо л уулзъя гэсэн санал тавьсан. Тэгээд уулзсан чинь гэрээ хийгээд, хичээлээсээ жилийн чөлөө аваад үлдчих гэсэн л дээ. Би зохиолоо сонсоод тэр оройдоо шууд гэрээгээ хийгээд тохой хэртэй зузаан зохиолоо аваад харьсан. “Бүтэн амьдрал” киноны зохиол нь Өмнөд Солонгосын “KBS” телевизийн олон ангит киноны монгол хувилбар шүү дээ. Эх хувилбараас нь албан ёсны эрх авч, монголчилж хийсэн кино. Зохиолоо долоо хоногийн хугацаанд уншихдаа уйлж, инээж дуусгасан. Зохиол нь үнэхээр их таалагдсан. Ийм сайхан уран бүтээлд орсондоо харамсаагүй. Хэрвээ би кинондоо тоглоогүй, сургуульдаа явсан бол өвлийн амралтаар коронавирус гараад Монголдоо буцаад ирэх байсан юм байна лээ. Бүх зүйл цаанаасаа тохироо нь бүрдсэн. Үүнд би их баяртай байгаа.  

-Солонгос эх хувилбартаа гол дүрийн эмэгтэй нь нас бардаг юм билээ. Үзэгчид үүнд нэлээн эмзэглэж байгаа нь сошиал дахь сэтгэгдлээс харагдсан. “Бүтэн амьдрал” яаж дуусах бол. Эх хувилбарын дагуу л байх ёстой юу?

-Зохиолд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах боломжтой л доо. Гэхдээ кино гарч дуусаагүй учраас нарийн ширийн зүйлсийг нь нууцлах хэрэгтэй.

-Киноны зураг авалт хэр хугацаанд үргэлжилсэн бэ. Энэ хугацаанд киноноос суралцаж, амьдралдаа хэрэгжүүлмээр зүйл байсан уу?

-Энэ бол хүнд жанрын драм. Зураг авалт намар эхэлж, 6-7 сарын хугацаанд үргэлжилсэн. Би анх удаа ийм хүнд жанрын драмд тоглолоо. Урьд нь инээдмийн, драм, романтик кинонд дүр бүтээж байсан. Урлагийнхан нэг уран бүтээлд тоглоход нэг их сургууль төгссөнтэй тэнцэнэ гэж ярьдаг. Тэгэхээр би хувьдаа 24 их сургууль төгссөн мэт туршлага хуримтлуулсан болох нь. Дандаа мундаг уран бүтээлчидтэй хамтарч ажилласан учраас цаг мөч бүхэнд суралцаж, жүжигчнийхээ мэргэжилд хайртай гэдгээ өдөр бүр мэдэрч байсан.  

-Ундрамын дүр өөрийн гэсэн онцлогтой. Тэр их дайчин, гоо үзэсгэлэнтэй, дотогшоогоо эмэгтэй. Энэ дүр таны хувь хүний зан чанартай хэр ижил төстэй байв?

-Хувь хүн болох Золоо Ундрамаас тэс өөр. Аливаад хүлээцтэй, тэсвэртэй зан чанарын хувьд төстэй гэж болно. Өмнө нь миний бүтээсэн дүрүүдээс маш өөр дүр байсан л даа. Манай найруулагч “Ундрам бол маш хүчтэй эмэгтэй. Урьд нь чи дандаа гэнэн цайлган охины дүр бүтээж байсан бол энэ дүр хэзээ ч тийм биш. Энэ дүр дээр тулж ажиллах хэрэгтэй” гэж байсан. Би ч энэ дүрээ сайн гаргахын тулд чадан ядан ажилласан. Үзэгчдэд энэ дүр маань таалагдсанд баяртай байгаа. Яагаад гэхээр уран бүтээлээ удаан хугацаанд завсарласны дараа бүтээсэн дүр минь шүү дээ.

“Хүн хэлэхээс, цаас чичихээс нааш” гэдэг шиг Номингийн дүрийг хараад зарим үзэгч гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө гэсээр өөртөө анхаарахаа больж, үзэл бодолдоо үнэнч байхаа больсноо ухаарч байгаа байх. Тиймээс Ундрамын дүрээр эмэгтэй хүн өөртөө илүү анхаарч, өөрийгөө хайрлах ёстой гэдгийг илэрхийлж, харуулж байгаа учраас олон эмэгтэй Ундрамаас үлгэрлэж байгаа болов уу.

-Бүтээсэн дүрийнхээ хувьд ч, Золзаяагийнхаа хувьд ч та сайхан эмэгтэй. Таныхаар эмэгтэй хүнийг юу чимдэг гэж боддог вэ?

-Эмэгтэй хүнийг инээд нь их чимдэг. Ер нь эмэгтэй гэлтгүй хүн хамгийн эхлээд өөртөө хайртай байх хэрэгтэй. Өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрлаж чаддаг гэж боддог. Зөв санаа бодолтой байж, зөв хооллохоос эхлээд л өөрийгөө хайрлах хайр бүрдэнэ гэж боддог доо.

-Кинонд тоглох шийдвэрээ гэнэт гаргасан гэсэн. Уран бүтээлд оролцолгүй чамгүй хугацаа өнгөрсний дараа 24 ангитай кинонд дүр бүтээнэ гэдэг амаргүй байх. Ингэж шийдэж, зориглоход юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Миний өмнө нь ажилласан уран бүтээлүүдээс тэс өөр байсан учраас намайг үзэгчдэд өөрөөр харуулах хурц дүр болж чадах юм байна гэж бодсон. Дээрээс нь киноны зохиолыг сонсож, уншихад “бүүм” болж чадна гэдэгт итгэлтэй байсан учраас шууд зөвшөөрсөн л дөө. Киноны жанр, дүр нь их онцгой. Үзэгчдийг дэлгэцийн урд “уяж” байгаа уран бүтээлүүдийн нэг болж чадсан. Үзэгчид гэлтгүй уран бүтээлчид бид нар ч киногоо дотор нь орж үзээд байгаа.

-Уран бүтээлд оролцох, жүжиглэх урлагаа энэ хугацаанд санасан байна уу. Эргээд ажиллахад ямар мэдрэмж авч байна вэ?

-Урд сурч байхад Улаанбаатарынхаа амьдралыг их санана. Оюутны амьдрал заримдаа хэцүү ч юм шиг санагдаж, бодлогошрох үе бий. Буцаад ажилдаа ормоор, уран бүтээлээ хиймээр бодол төрдөг. Гэхдээ нэгэнт зорьсон учраас шантарч байгаагүй. Уран бүтээлдээ эргээд ороход санасан сэтгэлээ бүр их мэдэрсэн. Эхний зураг авалтын үеэр өөрийгөө ажлаасаа хөндийрөөд зэвэрчихсэн байхвий гэж санаа зовж байлаа. Гэсэн ч харилцан тоглож байгаа уран бүтээлчид нь сайн, найруулагчийн “замечан” анхааруулга сайн, мундаг хамт олон дунд орчхоор аяндаа биеэ барихгүй, жүжиглэхэд ч амар байсан. Мэргэжлээ санасных ч юм уу, би маш их хичээж ажилласан.  

-“Бүтэн амьдрал” киноны зураг авалтын үеийн хамгийн дурсамжтай, сэтгэлд тод үлдсэн хэсгээсээ хуваалцаач?

-Жүжигчин Г.Эрхэмбаяр ах, З.Онон эгч бид гурав энэ киноны гол дүр учраас байнгын зураг авалттай байлаа. Мундаг ах, эгч нартай хамтарч ажилласан болохоор их сайхан байсан. Хэчнээн ядарсан ч гэсэн зураг авалтын завсар өдөр бүхэн хөгжилтэй байж, бүгдээрээ инээж байсан учраас надад их эрч хүч өгсөн. 12 дугаар анги дээр байхаа Онон эгч надад өвчтэйгөө хэлдэг хүнд хэсгийн зургийг Хөвсгөлд авсан юм. Тэр сценийг авахаар кино группийнхэн нар мандахаас өмнө Хөвсгөл нуурын эрэгт очиход битүү манан буучихсан, яг л үлгэрийн оронд байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Одоо бодоход ч догдлоод нулимс гарах гээд байна. Бүгд уран бүтээлдээ анхаарч, найруулагч нар мандах үед зураг авалтаа амжуулна шүү гэж зааварчилж байлаа. Тийм хүнд хэсэг чинь уйлахаас эхлээд жүжигчдээс маш их чадвар шаарддаг. Найруулагчийн удирдлагаас гадна Онон эгч бид хоёрын сэтгэл байгалийн үзэмжийг хараад маш их хөдөлсөн учраас яг манан дунд нар мандаж байгаа агшинд зураг авалт маань амжсан. Одоо ч бодоход сэтгэл хөдөлдөг. Үүнийг би гэлтгүй “Бүтэн амьдрал”-ын групп бүгд мартдаггүй байх.

-Одоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Ямар дүр бүтээж байна вэ?

- “Бүтэн амьдрал” киноны зураг авалт дуусаад дараагийн шинэ уран бүтээлдээ орсон. Өсвөр насны болон залуучуудад зориулсан богино хэмжээний 10 ангитай “Галзуу дурла” кинонд охид, бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл болсон Уянга хэмээх туслах дүр бүтээж байна.

-Ундрамын дүрээс өөр дүр бололтой.

-Тийм. Дүрийн хувьд өөр. “Бүтэн амьдрал” үзэгчдэд хүрч дуусаагүй, одоо болтол гарч байгаа болохоор үсээ өөрчилсөн. Өмнө нь би хэзээ ч үсээ ингэж цайвар цагаан болгож байгаагүй. Үсэндээ эрс шинэчлэлт хийчихлээ.

-Хэдэн жилийн өмнө бизнест хөл тавьж, өөрийн нэрийн “Zolo’s salon”-оо ажиллуулж эхэлсэн. Одоо энэ салоноо ажиллуулж байгаа юу?

-Би сурахаар явахдаа бизнесээ зогсоож, салоноо хаасан. Энэ бизнесийг хийгээд би өгөөжийг нь хүртэхээс гадна туршлага хуримтлуулж чадсан л даа. Уран бүтээлч хүн бизнес хийхэд давуу тал их юм билээ. Үйлчлүүлэгчид анх сонирхож ирэхээс гадна баг хамт олон маань чадварлаг болохоор байнгын үйлчлүүлэх жишээний. Одоогоор хичээл номдоо шамдаж, уран бүтээлдээ анхаарч байгаа.

-Золоо нэг хэсэг “Sound of kiss” хамтлагт дуулдаг байсан. Дахин дуулах уу?

-Огт тийм төлөвлөгөө байхгүй. Тэр яахав дээ, өсвөр насны охид болгон дуучин болох, хамтлагт орох, жүжиглэх, онгоцны үйлчлэгч, загвар өмсөгч болно гэж мөрөөддөг шүү дээ. Би яг л ийм мөрөөдлийнхөө дагуу охидын хамтлагт дуулсан. Тухайн үедээ рок попын тогоонд багтаж, ажилласандаа баярлаж явдаг. Миний амьдралын хамгийн том туршлага бас дурсамж болж үлдсэн.  

-Жүжигчин байхын жаргал бас зовлон нь юу вэ?

-Хүмүүс уран бүтээлчдийг их сайхан элгэмсүү хүлээж авдгаас эхлээд давуу тал зөндөө бий. Ар гэртээ зарцуулах цаг хомс байдаг нь л сул тал болох байх. Жирийн хүмүүс шиг зургаан цагтаа тараад гэртээ очиж, хоолоо хийж чадахгүй л дээ. Жишээлбэл, бид нар өнөөдөр өглөө нар мандаж байхад зураг авалтаа дуусгасан. Гэхдээ үзэгч, ард түмнээ баярлуулж, уран бүтээлээ туурвиж явах нь бидний жаргал байдаг шүү.

-Дэлхий нийтээр коронавирусийн халдвар тархаад цаг үе хэцүүхэн байна. Манай уран бүтээлчдэд энэ хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Олон нийтээрээ цугларах, олон нийтийн газраар явахыг хориглож байгаа шүү дээ. Тийм болохоор ихэнх ажил зогсчихсон. Би жүжгийн уран бүтээлд орсон байсан ч есдүгээр сар хүртэл шууд завсарлачихлаа. Гэрийн хорионд байгаа, гадагш гарч болохгүй байгаа энэ үед манай уран бүтээлчид ард иргэд, үзэгчдэдээ зориулаад дэлгэцийн уран бүтээл дээр  ажиллаж байна. Ингэхдээ мэдээж шаардлагатай дүрэм журмаа мөрдөж, ариун цэврээ сахин ажиллаж байна даа.

-Та уран бүтээлч бас эх хүн. Энэ цаг үед уран бүтээлч, оюутан байх болон ээж байх үүрэг, хариуцлагаа аль алиныг нь хэрхэн зохицуулж байна?

-Яг үнэнийг хэлэхэд сүүлийн үед сайн ээж байж чадахгүй л явна. Сургуульд яваад л, ирэнгүүтээ шууд л уран бүтээлдээ орчихлоо. Зав зайгүй л ажиллаж байна. Мэдээж охиндоо цаг гаргалгүй яахав. Хамгийн гол нь аав ээж, гэр бүлийнхэн минь намайг ойлгож, дэмждэг болохоор сэтгэл амар ажлаа хийж байна. Охиныг минь эмээ өвөө нь маш сайн хардаг болохоор би ч санаа амар байх юм. Охин маань ч уран бүтээлийг маш сайн ойлгодог. Хүүхэд болсон хойно ээжийгээ “Гэртээ хурдан ирээрэй, хэзээ ирэх вэ” гэдэг ч “Зураг авалтынхаа үеэр даарваа, хоолоо сайн идээрэй” гээд л үргэлж санаа тавьдаг юм, охин минь. Уран бүтээлч хүний хүүхэд цаанаа өөр байдгийг ойлгож л явна.

-Намар хичээл нь эхлэх гэж байдаг гэтэл уран бүтээлийн олз омог арвин байх шиг байна. Уран бүтээлийн саналууд тасрахгүй бол яах вэ?

-Сурах зорилго тавьсан учраас заавал дуусгана. Уран бүтээлийн сайхан санал ирвэл мэдээж хүлээж авна. Хичээлээ ч, уран бүтээлээ ч аль алиныг нь амжуулах төлөвлөгөөтэй байгаа.

-Хэдэн жилийн өмнө хэвлэл мэдээллээр таны тухай их гарч, дуулиан тарьж байсан шүү дээ. Энэ бүхнээс ямар сургамж авсан бэ. Шинээр гарч ирж байгаа уран бүтээлчдэд энэ тухайд зөвлөгөө өгөөч. Сошиал мэдээллийн хэрэгслүүд ч нэмэгдэж байна.

-Уран бүтээлч болгон ард түмнээс сайн, муу үг сонсоно. Муу үгсийг сэтгэлийн хаттайгаар хүлээж авах хэрэгтэйг л ойлгосон. Хүн хэзээ ч бусдын хэлсэн шиг болохгүй учраас өөртөө үнэнч байх нь чухал. Өнөө маргаашдаа биш ч гэлээ хэзээ нэгэн цагт хүний үнэн төрх харагдана гэдэгт итгэдэг. Тийм болохоор тухайн үед би хүлээцтэй байж, өөрийнхөө байр сууринд бат зогсож хүлээж авч байсан.  

-Та 10 жилийн дараах Г.Золзаяаг хэрхэн төсөөлж байна вэ?

-Нэг гоё хүүхэн л байж байна даа (инээв). Амьдралын болоод мэргэжлийн хувьд ч ахиц дэвшилттэй байна гэж төлөвлөж байна.  

-Энэ хэцүүхэн цаг үед уншигчдадаа хандаж хэлэх үг байна уу?

-Өнөөдөр Монгол гэлтгүй дэлхий нийтээрээ аюулт өвчний эсрэг тэмцэж байна. Тийм учраас уншигчид маань аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаасай гэж хүсэж байна. Сөрөг мэдээлэл уншлаа гээд өөрийгөө л зовоож, дархлаагаа унагана шүү дээ. Аль болох гэгээлэг зүйлсийг бодож дотроосоо гэрэлтээсэй. Сөрөг, муу бүхнийг бодвол тархи дотоод эрхтэн рүүгээ тухайн мэдээллийг дамжуулж, өвчлөх эрсдэлтэй байдаг болохоор үргэлж эерэг байхыг хичээгээрэй.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
19
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.06.26 172.69.252.139

mundag huurhun jujigchin shuu rsaashdiin uran buteeld ni amjilt

0 Хариулах


Монголхүү 2020.05.04 162.158.7.124

Давгүй хүүхэн юм уу даа. Нэг ....

0 Хариулах


Тэргэл 2020.05.02 172.69.252.149

амжилт, хеерхен охинд, сайн жужиглэсэн унэхээр Ундрамын дурд гаргая гэсэн бух мэдрэмжийг нарийн гаргасан. Хятад хэлээ сайн сураарай! надад яагаад ч юм таалагддаг, сайхан сэтгэлтэй охин шиг санагддаг бас ухаалаг бас унэ цэнэтэй:)

0 Хариулах